УИХ-ын даргын захирамжаар Үндсэн хуулийн өөрчлөлт, сонгуулийн шинэ тогтолцооны тухай иргэдэд танилцуулахаар тойрогтоо ажиллаад ирсэн гишүүдийн ажлын үр дүнг УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр ерөнхийд нь танилцуулчихлаа. Гишүүдийн тоог 152 болгохыг иргэд дэмжихгүй байгаа тул энэ тоог бууруулна. Улс төрийн бусад намуудтай зөвшилцөнө гэдгээ УИХ-ын дарга хэлэв.

Ямартай ч сонгуулийн тогтолцоог өөрчлөх, мажоритари, пропорциональ хосолсон холимог системийг Үндсэн хуульд хийх нь хэвээр үлдлээ гэсэн үг. Харин гишүүдийн тоог 152 болгох Засгийн газрын санал унаж байгаа юм байна. Буугаад хэд дээр очих вэ? гэдэг ганц “бодлого” үлдэж байна. Хуулийн төсөлд байгаа 152 гэдэг тоог бууруулахаар бол мажоритари 76-гаасаа хасах уу, эсвэл намын жагсаалтаас хасах уу?

Өмнө хэлсэнчлэн одоо байгаа мажоритари тойргоос сонгогддог 76 мандатыг лав хасах боломжгүй. Үүнийг хадгалахгүйгээр сонгуулийн тогтолцоог өөрчлөх боломжгүй, эрх баригч намын авч үлдэхийг хүсч байгаа ганц зүйл энэ. Харин пропорциональ буюу жагсаалтаар сонгогдох гишүүдийн тоог хэд л бол хэд болгож бууруулж чадна. 

Ер нь бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой болсон эхний шалтгаан нь гишүүдийн тоог нэмэгдүүлэх байсан. Үүнийг дагуулж сонгуулийн тогтолцоогоо ярьж байгаа. Тийм учраас анхнаасаа Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг бичихдээ тогтолцоо, гишүүдийн тоо хоёрыг салгалгүйгээр нэг заалтад багтаасан хэрэг. 

Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл нь “Улсын Их Хурал нэг танхимтай байна. Улсын Их Хурлын гишүүдийн далан зургааг мажоритар аргаар, далан зургааг пропорциональ аргаар сонгоно” гэсэн ганцхан заалт явж байгаа. Тогтолцоо, тоо хоёрыг нэг заалт болгож бичсэн учраас нэг нь унавал, нөгөө нь дагаад унана гэсэн үг. 

Товчхондоо, Засгийн газраас оруулж ирсэн төсөл нь өөрөө “Тоогоо нэмэгдүүлэхгүй бол тогтолцоо ч гэсэн явахгүй шүү” гэсэн нэг төрлийн тулгалт юм. Тиймээс тогтолцоогоо өөрчилье гэвэл гишүүдийн тоог нэмэгдүүлэх, гишүүдийн тоог нэмэгдүүлэхгүй гэвэл тогтолцоо ч гэсэн хэвээр үлдэх аюултай. Тэгэхээр гишүүдийн тоог хэд болгож нэмэгдүүлэх вэ? Аль нам ямар байр суурь илэрхийлсэн бэ?

АН-ын ҮБХ-наас гарсан шийдвэрээр тус нам 60:40 гэсэн харьцааг дэвшүүлсэн байдаг. МАН-ын зүгээс 50:50 буюу мажоритари 76, пропорциональ 76 мандаттай байна гэсэн бол АН мажоритари нь 60 хувь, пропорциональ нь 40 хувь байх ёстой гэж үзсэн. Хэдийгээр гишүүдийн тоог заагаагүй боловч тойргийн төлөөлөл нь намын жагсаалтаас давуу байх ёстой гэдэг байр суурьтай байгаа. Намын дарга Л.Гантөмөр "Гишүүдийн тоог нэмэгдүүлэхийг дэмжиж байгаа ч 152 гэдэг тоо их байна" гэж хэлсэн. 

Ерөнхийдөө тус намын зүгээс Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал дээр идэвхийлэн оролцохгүй, намынхаа байр сууриа хэлчихээд хойш суугаад байгаа харагддаг. Учир нь, энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлт нь МАН дангаараа эрх барьж байхдаа хийж байгаа гурав дахь том өөрчлөлт. Өмнө нь 2015 онд хоёр нам парламентад тэнцвэртэй суудалтай (38:36) байх үедээ нэг удаа Үндсэн хуульд томоохон хэмжээний өөрчлөлт оруулахаар зөвшилцөлд хүрсэн боловч МАН замын дундаас буцсан. Тиймээс АН-ын зүгээс энэ удаад болгоомжтой хандах нь аргагүй.

Тэгэхээр эрх баригч МАН парламент дахь сөрөг хүчнийхээ дэмжлэгийг авъя гэвэл АН-ын дэвшүүлсэн 60:40 гэдэг хувилбар луу явж магадгүй. Хэрвээ мажоритари тойргоос сонгогддог 76 мандатыг хэвээр үлдээнэ гэж үзвэл үүнийг нийт мандатын 60 хувь гэж тооцоод үлдсэн 40 хувь буюу 50 гишүүнийг пропорциональ буюу намын жагсаалтаар сонгох хоёр дахь хувилбар байна. Тэгвэл гишүүдийн тоо одоо байгаагаасаа 40 орчим хувиар нэмэгдэнэ. Нэгэнт гишүүдийн тоог нэмэгдүүлье гэж зориод Үндсэн хуулийг өөрчлөх хэмжээнд хүрсэн юм бол үүнээс бага байх ч боломжгүй юм. 

Нэгдүгээрт, одоо байгаа мажоритари 76 мандатыг хэвээр авч үлдэх нь эрх баригч намын бодлого. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн энэ удаагийн өөрчлөлт иргэдийн эсэргүүцэлтэй тулгарахгүй байх, намын жагсаалт буюу пропорциональ сонгуулийг дэмжүүлэх арга зам ч байж магадгүй.  

inews.mn