АНХНЫ ЦУГЛААН


1989 оны 12 дугаар сарын 10-ны өдөр үдийн алдад мань хэд анхны цуглаанаа зохиолоо. Эл цуглааны тухай тэртэй тэргүй нилээд цуу тарж амжсан байв. Үүнээс хоёр хоногийн өмнө Эрдэнэтэд, долоо хоногийн өмнө Ховд хотод цуглаан хийх гэсэн оролдлого гарч байсан байна. “Шинэ үе” бүлгийнхэн жилийн өмнөөс энд тэнд ухуулах хуудас нааж, тэр нь баригдсан намтартай. Цогтсайхан, Энхбаяр тэргүүтэй “Хонх” хамтлагийнхан өөрсдийн дуугаа нилээд тарааж амжсан, олны дунд их л моод болсон байлаа. Ингэхээр болох цуглааны тухай нэлээд хүмүүс сонсож мэдсэн аж. Цуглаан хийх зөвшөөрлийг Элбэгдорж, Сүхбаатар нар урд өдөр нь болсон “Залуу уран бүтээлчдийн 2-р зөвлөлгөөний үед Намын Төв хорооны нарийн бичгийн дарга Намсрайгаас коридорт амаар авсан аж. Нэгэнт хүний эрхийн өдрөөр залуучууд цуглаан зохиох нь ингэж дээрээс зөвшөөрөгдсөн тул цагдаагийн хүч хэрэглэж тараах тухай асуудал байсангүй.

Цуглаанд 300 гаруй хүн хүрэлцэн иржээ. Ирэгсэдийн ихэнхи нь хотын сэхээтнүүд, залуучууд байв. Цуглагсадын дунд НАХЯ-ы энгийн хувцастай хүмүүс хавьгүй олон байсныг дурдалгүй өнгөрч болохгүй. Тэд цуглааныг ажиглагсадын дунд байтугай зохион байгуулагч анхны 13 гурав дотор мэдээлэгч шургуулж амжсан байсан юм. Ийм учраас тэдэнд төдийлөн санаа зовох зүйл байсангүй. Нэг үгэндээ бүх зүйл окэй, бүх үйлдэл хяналтанд байгаа.

Цуглааны хамгийн гол зорилго “Монголын ардчилсан холбоо” хэмээх байгууллага байгуулагдсаныг зарлах ёстой аж. Урд өдөр нь Барилгын зургийн институд дээр болсон уулзалтад энэ байгууллагын тухай удтал маргалдсан юм. Бошгот, Нэргүй зэрэг ахимаг насны хүмүүс хуралдагсадын дунд байсан шалтгаанаар анхлан товлож байсан “Монголын ардчилсан залуучуудын холбоо” нэрнээс татгалзжээ. Гэвч ахмадууд шинэ байгууллагад анхдагч болж орохыг хүссэнгүй, араар байхыг дээрд үзсэн тул 25-30 насны 13 залуу Холбоог анх буй болгосон юм.

Цуглааныг Элбэгдорж хөтөллөө. Намхан нуруутай, хэл ам хурц, цээжээрээ тун цэгцтэй ярьж чаддаг энэ залуу ЗХУ-д цэргийн сургууль төгссөн, сэтгүүлч мэргэжилтэй, армид харъяалагддаг дэслэгч цолтой хүн юм. Цуглаан зохион байгуулагсад гар гараасаа барилцан дээш өргөж уухайлан өөрийн Холбоог байгуулсан шийдвэрээ баяр хөөртэй, сэтгэл дүүрэн уншиж сонсголоо. Зохион байгуулагчдын дунд одоохондоо тэргүүн гэдэг нь зарлагдаагүй боловч урьд өдөр нь товлон тогтсон Санжаасүрэнгийн Зориг гээд залуу байна. Тэрээр Москвагийн Их сургуульд Шинжлэх ухааны коммунизмын онол хэмээх нэлээд сонин мэргэжил эзэмшиж МУИС-д багшлах аж. Мөн лам хүн нэг байсан нь олны гайхлыг төрүүлэв. Залуу лам тун ховор байснаас болоод хүмүүсийн сэтгэлд энэ нь нилээд эерэг сэтгэгдэл төрүүлжээ.

Цуглаанд нэлээд хэдэн хүмүүс үг хэлж Ардчилсан холбооны үүрэг зорилгыг хүний эрхийг хамгаалах олон улсын өдөртэй холбогдуулан тайлбарлаж байлаа. Эцэст нь олны дунд хэдийнээ танил болсон “Хонхны дуу”-г Цогтсайхан гитартай дуулав. “Хонхны дуу бүхнийг сэрээлээ” гэсэн үгтэй энэ дууны үг аяыг ЗХУ-д сэтгүүлчийн мэргэжил эзэмшсэн Цогтсайхан өөрөө зохиосон юм.

Анхны цуглаан амжилттай боллоо. Хонхны дуу энэ өдөртөө багтаж бүхнийг сэрээгээгүй ч гэсэн нийгмийн тодорхой хэсэгт харанга болон дэндэв. Энэ дуу хэдхэн хоног сарын дараа уул ус, тал хээрийг дамжин нийт Монгол орныг сэрээсэн юм. Аанхны гэгдэх 13 залуус энэхүү хонхыг эхэлж нүдсэн билээ. Ийнхүү Монгол орон XX зууны гуравдахь нийгмийн хувьсгалтайгаа золгоход бэлэн болжээ. Чухам энэ хувьсгал л эцсийнх, хамгийн төгөлдөр нь, монголчуудыг хүнийх нь хувьд ч, нийгмийнх нь хувьд ч, үндэстнийх нь хувьд ч хүн төрөлхтний нийтлэг гольдролтой учруулах нигууртай ажгуу.

1993