УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр МАН-ын бүлэг өчигдөр /2017.02.16/ ээлжит бус хурал зарлаж нэлээд олон цаг хуралдсан. Бүлгээр Олон улсын валютын сан /ОУВС/-гийн тавьж буй саналыг авч хэлэлцжээ. Харин өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан зарлаж мөн энэ сэдвээр ярьж буй аж. Асуудлын гол нь алдарт 580 сая ам.долларын өрийг төлөх хугацаа тулж ямар ч хувилбаргүйгээр шахам ОУВС-гийн  хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс аргагүйд хүрээд байгаатай холбоотой. Үүнтэй зэрэгцэн “улс төр хийх” гэгч нь болж ОУВС айхтар хатуу болзол тулгаж, түүнийг нь дагах уу, байх уу гээд хуралдаад байгаа мэтээр ярих, бичих боллоо. Үнэн хэрэгтээ ОУВС-тай хийж буй хэлэлцээр, энэ үеэр тавьсан болзол гэгч нь “Зөвхөн Монголд” гэсэн ямар нэг онцгой өөрчлөлтгүй, бусад улс оронд хөтөлбөр хэрэгжүүлэхдээ ямар болзол тавьдаг вэ, түүнийгээ л тавьж байгаа юм билээ.

“Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн төвшин 1990-ээд оныхоос өөр болсон. Эдийн засгийн хөгжил, нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ өөрчлөгдсөн учраас “Стэнд бай”-аас арай өөр томьёололтой ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжих чиглэлтэй байна” гэсэн Д.Цогтбаатар гишүүний хариултыг УИХ дахь МАН-ын бүлгийн хэнээс нь ч асуусан хэлж байна. Харин ч их оройтож тус сангийн тусламжийг авлаа гэсэн зэмлэл сонсогдож байна билээ.

Учир нь Ж.Эрдэнэбатын тэргүүлж буй Засгийн газрын “хэтэвч” Н.Алтанхуягийн Засгийн газартай харьцуулахад тэнгэр, газар шиг хол зөрүүтэй. Ийм халаас нимгэн төрийг тэр хүлээж авсан гэдгийг дээр дурдсан. Монгол Улсын 18 дахь Ерөнхий сайд М.Энхсайхан “Үнэнийг хэлэхэд энэ Засгийн газарт өр, зээлээс өөр юу ч үлдээгээгүй” гэж бичсэн нь удаатай. Тэрбээр бараг хагас жилийн өмнө “Сонгуулийн дараа байгуулагдах Засгийн газар Монголын түүхэнд байгаагүй эдийн засгийн хүндрэлтэй тулгарна” гэж анхааруулж байлаа.

Үнэхээр АН-ын Засгийн газарт хөрөнгө санхүүгээ хүлээлгэн өгөх үед манай эдийн засаг 17.3 хувийн өсөлттэй, 4.1 тэрбум ам.долларын гадаад валютын албан нөөцтэй байсан. Гэтэл АН-ын Засгийн газар 1.3 хувийн өсөлттэй эдийн засаг, 1.2 гэсэн тоо харуулсан ч үнэн хэрэгтээ -429 сая ам.долларын нөөцийг МАН-ын Засгийн газарт хүлээлгэж өгсөн. Дээр нь “нийт гадаад өрийн хэмжээ 23.5 тэрбум ам.долларын буюу өнгөрсөн оны 6 дугаар сарын байдлаар 49.7 их наяд төгрөгт хүрч ДНБ-ий 210 хувийг давсан. Засгийн газрын өр энэ онд 17их наяд 311 тэрбум төгрөг байхаар батлагдсан ч, оны эцэст 21,3 их наяд төгрөгт хүрч, энэ оны хүлээгдэж буй ДНБ-ий 78 хувьтай тэнцэхээр байна” гэсэн мэдээллийг Сангийн сайд ажлаа хүлээн авсны дараахан буюу 2016 оны 8 дугаар сарын 9-нд дэлгэрэнгүй мэдээлсэн.

Сүүлийн 3 жил дараалан Нэгдсэн төсвийн орлого 1 их наяд гаруй төгрөгөөр тасарч, жил бүр  2-3 удаа тодотгол хийж ирсэн. Монгол Улсын нэгдсэн төсөв 4 жил дараалан их хэмжээний алдагдалтай гарч байгаа нь нэг талаас манай улсын эдийн засаг хямарсантай, нөгөө талаас татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй, үрэлгэн зарлагадаж ирсэнтэй шууд холбоотой. 

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд зааснаар нэгдсэн төсвийн алдагдал энэ онд ДНБ-ий 4 хувиас буюу 974,9 тэрбум төгрөгөөс хэтэрч болохгүй. Гэтэл 2016 оны эхний 7 сарын байдлаар нэгдсэн төсвийн алдагдал 2 их наяд төгрөгт хүрээд байв. Үүний дараа шинэ парламент 2017 оны төсвийг батлахдаа нэгдсэн төсвийн нийт алдагдал 2.4 их наяд тэрбум төгрөг буюу ДНБ-ий 9.1 хувьтай тэнцэж Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагын зорилтот түвшнээс 0.8 хувиар багаар батлагдлаа.

Ийм нөхцөлд ОУВС-тай хамтрах уу, өөр гарц байна уу гэдгийг эрэлхийлж эхэлсэн. Гэтэл БНХАУ-аас 4.2 тэрбум ам.долларын зээл Далай ламаас болж салхинд хийссэн, үүнээс болоод Монголын эдийн засаг ганхаж баларсан гэх мэтийн ичгүүрт мэдээ дэлхий дахинд цацагдсан билээ. Хятадын тал тэр зээлээ өгөх, эсэх тухай эцсийн хариу хэлээгүй. Өгсөн ч хэрэгтэй. Магадгүй, өгөхгүй бол илүү хэрэгтэй ч байж мэднэ. Учир нь тэд барьцаа лавшруулна уу гэхээс ОУВС-ийн шаардлагаас “зөөлөн”, гоё нөхцөл бэлэглэх нь юу л бол.

Тиймээс ОУВС-ийн “хатуу нөхцөлтэй” болзлыг хүлээн зөвшөөрөхөөр нэгэнт шийдчихэж. Энд хатуу гэхээр болзол байхгүй. Тэр тусмаа аль нэг орны өмч рүү өнгөлздөггүй, өмчлөхийг санаархдаггүй. ОУВС-гийн тавьсан шаардлага нь ямар нэг ордын үр ашиг, “Эрдэнэт” үйлдвэр зэрэгтэй огт хамааралгүй ерөөсөө л “үрэлгэн зардлаа багасга, байгаа нөөц боломжийнхоо хэмжээнд халамж, популист амлалтаа нийцүүлж ажилла” гэсэн товч санааг агуулсан. Харин ч манай Засгийн газрын хэрэгжүүлж буй төслүүдээс хамгийн өгөөжтэй, иргэдийн хуримтлалыг дэмжсэн зөв төсөл гэж ипотекийн зээлийн хөтөлбөрийг үнэлж дэмждэгт нь талархах хэрэгтэй.

Монголын талыг амласандаа хэр хүрч сахилга баттайгаар өмнөх Засгийн газрын алдааг дараагийн Засгийн газар нь засаж, “алдарт залгамж чанараа” хадгалахыг нь шаталсан зээлийнхээ зөвшөөрлөөр тэд хязгаарлана. Магадгүй үүнээс илүү эмчилгээ, бас гарц даанч алга. Сонголтгүй сонголтоо ийнхүү хийлээ. Үүний төлөө эмчилж буй арга хэлбэрийг болон эмчийг нь хэчнээн шүүмжлээд нэмэргүй. Монголын төрд одоо ОУВС-гийн тавьсан болзлын дагуу ажиллах, тэр хугацааг ашиглан гадаад өрөө багасгаж хамгийн гол нь бидний хөл дээрээ зогсох үндэслэл болсон хувийн хэвшлийнхнээ дэмжих, эдийн засгийн салбарын ололт амжилттай холбоотой өчүүхэн ч атугай гэгээтэй мэдээг баяртайгаар хүлээн авч гадаадын хөрөнгө оруулагчдад хаалгаа цэлийтэл нээх л зам үлдсэн.

Монголчуудад өнөөдөр өр ч байна, түүнийг төлж барагдуулах боломж ч байна, тэсвэр тэвчээр ч байна. Харин эв нэгдэл л хамгаас илүү хэрэгтэй байна. Дунд болон урт хугацаанд харвал Монголын өрийг зохицуулж болохоор харагдаж буй. Ойрын жилүүдэд түүхий эдийн үнэ сэргэж байгаа нь тус улс руу чиглэх мөнгөний урсгалыг нэмэгдүүлнэ. Олон жилийн уналтын дараа зөвхөн 2016 онд гэхэд нүүрсний үнэ 150 хувиар нэмэгдэж, зэсийн үнэ тогтворжих замдаа орлоо. Зэсийн үнэ азаар өссөөр байна.

Одоо угтаж буй 580 сая ам.долларыг төлсний дараа 2018 оны тавдугаар сард дахин $500 саяыг Чингис бондын төлбөрт төлөх ёстой. Яг үнэндээ Хятадын Засгийн газраас манайхыг “сөхрөхөөр” олгохоор төлөвлөсөн зээлийн хэмжээ, ОУВС-ийн одоо олгох санхүүжилттэй дүйх боловч аюулын хэмжээгээрээ ОУВС-ийнх арай бага төдийгүй эрүүл арга зам. Биднийг өнгөрсөн дөрвөн жилийн алдаа ийм л нөхцөлд авчраад хаячихаж. Хэн алдсан нь бус хэн залруулах нь чухал бол улстөржүүлэлгүй зүтгээд үзэцгээе.

Хэрэв Хятадын тал зээл олгохоор болж, судлаачдын таамаглаж сэрэмжлүүлээд байгаачлан  “Нэг бүс, Нэг зам” санаачилгын хүрээнд болзлоо тавьснаар Хятадаас ирэх ямар ч санхүүжилт эргээд Хятадын эдийн засагт үйлчлэхээр зориулагдах нь тодорхой. Тухайлбал Хятадын бараа бүтээгдэхүүнийг дамжуулах транзит корридорыг байгуулах ажлыг зөвхөн Хятадын компаниуд гүйцэтгэх гэх мэт. Тэр ч байтугай алга ташаад байгаа зэсээ ч борлуулахдаа хүртэл Хятадаас асууна. Учир нь тэд стратегийн болзол тавих учир Монголын эрдэс баялгийн нөөцөд Хятадын төрийн эзэмшлийн компаниуд ноёрхлоо тогтоож АНУ, Европтой харилцах харилцаанд хязгаар тавьж ч мэдэх билээ. Үүнийгээ заавал бичиг цаасан дээр үлдээхгүй хийхээ тэд бас мэднэ.  Харин ОУВС-ын туслалцаа нь Монголын өнөөгийн нөхцөл байдалд хамгийн тохиромжтой. Тэртэй тэргүй Монголын Засгийн газрын гарцаагүй хийх алхам нь “бүсээ чангалах” явдал. Мөн ОУВС тусалж байгаа орон бусад орныхонд ч эерэг дохио өгч, хөрөнгө оруулагчид Монголын эдийн засаг илаарших нь, санхүү нь сахилга баттай болох нь гэсэн итгэл төрүүлэх нь дамжиггүй. Тэд ОУВС-д Монгол атгуулчихлаа гэж айхгүй. Харин Хятадуудад атгуулаагүйд нь талархах болно.