2023.05.07.

Барагцаалбал гурваас дөрвөн жилийн давтамжтайгаар нэг сайн бужигнаад сэргэж авдаг уламжлал тасрах ёсгүй гэж Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийнхэн шийджээ. Ерөнхий захирал А.Бүрэнбаатар өөрийн хуудсанд “Миний талаар гүтгэлэгийн шинжтэй хэдэн материал бариад шүгэл үлээгч хайгаад энд тэнд хүмүүстэй уулзаад яваа хүмүүсийн талаар мэдлээ. Хэн хэн зохион байгуулж байгааг ч мэдэж байна. Ээлжит гүтгэлэг харлуулах ажиллагаа үүгээр эхэлж байгаа юм байна. Хэвлэлийн хурал хийж сошиалаар нүдэх юм байхаа... надтай холбоотой энэ мэт гүтгэлгийн шинжтэй зүйлсийг багцлан хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар шийдлээ. Ер нь МҮОНРТ-ийн өмч хөрөнгийг хувьдаа завшиж, шамшигдуулсан бүх хүний асуудлуудыг ч шалгуулах болно” гэсэн бол зэрэгцээд УИХ-ын гишүүн Бадарчийн Жаргалмаад хамт олны ямар нэгэн өргөх бичиг хүрснийг чуулганы хуралдаан дээр ишлэж цухалзуулав. Ийнхүү олон нийтийн телевизээр гардаг бараг бүх нэвтрүүлгээс хамаагүй сонирхолтой, зөвхөн үүгээрээ үзэгчдийг байлдан дагуулаад байж чадах ээлжит драм эхлэх өдөр, цагийг хараахан зарлаагүй ч хоёр тал тулаанд бэлэн болжээ.

Хэн нь ямар бөмбөг тэслэх бол? Урьд жилүүдийн жишгийг санаваас, уран бүтээлчдээр ийм тийм нэвтрүүлэг хийлгэхгүй байна, амыг боож цензурдсэн, эсвэл олон нийтийн нэрээр төсвөөс тэрбум тэрбумаар авдаг хэрнээ тийм байхаа больсон (байсан ч юм шиг), сайд дарга, албан тушаалтнуудын амаар дуугардаг, мөнгөнд хэт автаж арилжааны телевиз болж хувирсан тухай лав биш.

Энэ удаад бас л үр дүнгүй, олон түмнийг зугаацуулаад өнгөрөх биз. Өмнөх буюу 2021 оны бослогын дараа ажлын хэсэг оруулж баахан үүрэг даалгавар өгсөн, тэр нь огт хэрэгжээгүй УИХ яах ч үгүй. Тэгэхээр энэ бүхэн МҮОНРТ-ийн удирдлагыг томилдог, зохион байгуулалт, бодлого, төлөвлөгөө, тайланг хэлэлцэж баталдаг, өргөдөл гомдлыг шийддэг Үндэсний зөвлөл ажлаа хийж чаддаггүйн уршиг юм.

Нэг.

Нээрээ Үндэсний зөвлөл гэж байдаг билээ. Сүүлийн хэдэн жилийн турш 15 гишүүн бүгдээрээ таг дуугүй байснаа нэг нь гэнэт ам нээв.

“МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн хуралдаан болж байна. Ер нь ҮЗ хурлаа хийдэггүй гэх мэт яриа яваад байдаг. Гэтэл өнгөрсөн 2022 онд 12 удаа хуралдаж 70 асуудал хэлэлцэж шийдсэн, 2023 он гараад 4 дэх хурлаа хийж байна. Хуулиараа бол ҮЗ улиралд 1 удаа хуралдах ёстой. Хуралдаан бол мэдээж хурц ширүүн л болдог, гэхдээ нэгдсэн шийдэлд хүрч чаддаг. Хүмүүс сургаар их ярих юмаа” гэж Олон нийтийн зөвлөлийн гишүүн, түүхч Д.Өлзийбаатар фэйсбүүк хуудсандаа тэсрэх нь тэр.  

Хэн ямар сургаар юу ярьсныг бүү мэд, гарцаагүй сураг алдарч мартагдах шахсан Үндэсний зөвлөлийн төлөвлөгөө нормоо дөрөв дахин давуулсан нөр их хөдөлмөрийг МҮОНРТ-ийн хамт олон хүртэл мэдээгүй, босч тэмцэхдээ тулсныг бодоход тэд маш нууц байдалд хуралдаж ирснээс зайлахгүй.

Д.Өлзийбаатар сайн түүхч, гэхдээ монголын олон нийтийг төлөөлөх үүрэг хүлээсэн Үндэсний зөвлөл хэрхэн яаж ажиллах ёстой тухай ойлголт нь түүний судалж олон сайхан бүтээл туурвисан XX зуунд гацчихсан мэт. Өнөөдөр УИХ-ын нэгдсэн ба байнгын хороодын хуралдаан хүртэл бүрэн тэмдэглэл, бичлэгтэйгээ нээлттэй байдаг, Засгийн газрын хуралдаан хүртэл гаргасан шийдвэрээ танилцуулж тайлбарладаг болоод гучин жил өнгөрчээ. Түүхийн урт хугацаа шүү. Тэр бээр яаж ийгээд зав гаргаж Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 25.9-д Үндэсний зөвлөлийн хуралдааны явц, шийдвэрийн талаар олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр тухай бүр мэдээлнэ гэж заасныг олж унших шаардлагатай. Өнгөрсөн хугацаанд нэг ч шийдвэрээ нийтэд танилцуулаагүй, ширхэг ч тэмдэглэлээ нээлттэй болгоогүй хэрнээ гомдоллох санаатай. Харин би mnb.mn сайтаар орж үзээд “Үндэсний зөвлөл”-ийн цэсэнд ганц үг биш юмаа гэхэд үсэг ч харагдаагүйд жинхэнээсээ гомдмоор санагдсан шүү.

Хоёр.

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл хэмээх хар нүх рүү ороод сураг тасарч мэдэх дараачийн хоёр эрхэм өнгөрсөн долоо хоногт бөөн сүр болж байж томилогдлоо.

Анх материалаа ирүүлсэн 9 хүнээс 5 хүнийг хуулийн шаардлага хангасан гэж үзсэн хэрнээ МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд Засгийн газраас нэр дэвшигчдийн талаархи УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны сонсголд зөвхөн Н.Монсор, Ж.Золзаяа хоёрыг оруулсан байх юм. Тэр таваас нөгөө гурвын ядахдаа нэр, шалтгааныг зарлахгүйгээр хөшигний цаана шийдэж хасчихаад үлдээсэн хоёр тэртээ тэргүй сонгогдох нь тодорхой болж, эрхэм гишүүд том том үг хэлж захиа даалгавар өгсөн нь ёс төдий байлаа. Намтрыг нь сайтад урьдчилж тавиад нэр дэвшигчдийн талаарх мэргэжлийн хараат бус дүгнэлт гаргах судлаач, мэргэжилтнүүдийг урьсан байсан ч сонсголын тухай мэдээнд алга. Сонсголын дүгнэлтийг бол хаалттай хэлэлцжээ.

Тэд хэн байв?

Нямдаваагийн Монсор яг одоо ямар ажилтайг сонирхвол “Юу Эм Си Альфа” ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Улаанбаатар Ассет Менежмент” ХХК-ийн захирал, “Мандал дижитал” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, “Мандал лайф” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, “Мандал ирээдүйн өсөлт” сан болон “Мандал хуримтлал хамтын сан”-гийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн аж. Мандал гэхлээр Голомтын угшилтай. Улс төрийн хувьд нийслэлийн сонгуулиар манайд (Сүхбаатар дүүргийн 8-р хороо) нэр дэвшиж байсан содон нэр. Харин 2005-2006 онд “Дэлхийн зөн” олон улсын байгууллагад ажилласан гэхлээр Л.Оюун-Эрдэнэ гэж хүнийг наад зах нь таньдаг байх...

Жаргалсайханы Золзаяаг “Дримерс нэгдэл” төрийн бус байгууллагын тэргүүн, “Стартап Маркетинг Спэйс” ХХК-ийг үүсгэн байгуулсан, ТУЗ-ийн даргын албан тушаалтай гэжээ. Харин сарын өмнө Мэдээллийн технологийн үндэсний паркийн захирлаар томилогдсоныг сонсгол, хэлэлцүүлэг дээр дурдалгүй өнгөрсөн нь сонин санагдаад ямар ид шидтэй учраас өөр дээрээ ийм олон ажил овоолж буйн учрыг хайж үзлээ. Тэрбээр 2020 онд УИХ-ын инновац, цахим бодлогын байнгын хорооны орон тооны бус зөвлөх байсан нь УИХ-ын гишүүн,одоо ЦХХХ-ны сайд Н.Учрал хэсэг зуур дэргэдээ авч хүмүүжүүлснийг нотолно. Үүгээр зогсохгүй 2018 онд Монгол Ардын Намын Энтрепренер Залуучуудын Холбоог байгуулж удирдах зөвлөлийн даргаар Н.Учрал, гишүүнээр Ж.Золзаяа сонгогдсон байна.

Ийм учраас чуулганы хуралдаан дээр УИХ-ын гишүүд залуу сайхныг нь ам уралдуулж магталгүй хаачихав. Олон нийтийн телевизийг бол шүүмжилсэн. Минийхээр бол шууд Үндэсний зөвлөлийг тарааж татан буулгавал таарна.

P.S:

Энэ хоёрын намтрыг цааш нь бага зэрэг үргэлжлүүлж судлах гэхлээр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн нээлттэй мэдээллийн сан – burtgel.mn ажиллахгүй байна, Цахим хөгжлийн сайд Учрал аа?!