- Амьсгалд анхаарлаа төвлөрүүлэхээр өөр зүйл хийж чадахгүй. Өөр зүйл хийхээр амьсгалаа анзаарч чадахгүй юм, яах вэ?

- Ийм зүйл болдог. Тиймээс эхний үед өглөө, орой дурын үедээ тусгай цаг гаргаж бай. Нэг цагийн турш өөр юу ч хийхгүй, тухайн дасгалдаа зориул. Тэгэн тэгсээр арга эвээ нэгэнт олчихвол асуудалгүй болно. Гудамжаар явж байхдаа ч амьсгалаа ухамсарлаж чадна. 

Ухамсарлах, анхаарал төвлөрүүлэх хоёр ялгаатай. Анхаарлаа төвлөрүүлэх үед чи бусад зүйлийг орхиход хүрнэ. Тухайлбал, жолоо барьж байхдаа амьсгалд төвлөрөх гэж бүү хүчил. Хоёуланд нь зэрэг төвлөрөх боломжгүй. 

Ухамсар бол их ондоо чанар. Тэрээр юуг ч үл гадуурхдаг. Нэг зүйлд уягдах биш, зүгээр л сэргэг байхын нэр. Алхах үед ч амьсгал чинь ухамсрын агаарт хөвөрнө. Дэргэдүүр өнгөрөх хүн, замаар явах машин, энүүхэнд сонсогдох галт тэрэгний түчигнээн, тэртээд дүнгэнэх онгоцны дуу гээд бүх зүйл ухамсарт багтаастай. Энэ бол тэнгэр мэт тэнүүн оршихуй. 

Гэвч эхлээд төвлөрөлд шүтэхээс аргагүй. Амьсгалдаа нэг цагийн турш анхаарлаа чиглүүлж сур. Аажмаар анхаарал чинь ухамсарт хувирах учиртай. Тэгээд энгийн үйлийг анхааралтай хийхийн ялдамд амьсгалаа ухамсарла. Алхаж байхдаа алхаагаа ч, амьсгалаа ч зэрэг мэдрэх гэхчлэн. Энэ тийм хэцүү биш. 

Жишээ нь, одоо би хэн нэгний царайд төвлөрч болно. Тэгвэл бусад бүх царайг мартах болно. Хэрэв тухайн хүний хамарт анхаарлаа хандуулбал царайны бусад хэсэг ч анхаарлын гадна үлдэнэ. Тийнхүү ганцхан цэг төдийд анхаарлаа хумьж болно. Тэгвэл бас эсрэгээр байх боломжтой. Тухайн цэгийг биш, царайг бүхэлд нь анхаарч болно. Нүд, хамар гээд бүгд түүнд багтана. Анхаарлаа улам тэлээд ганц хүнийг биш, бүх бүлгэмийг хамарч болно. Хэрэв би та нарыг гадаах гудамжны чимээнээс тусгайлж үзэх юм бол гудамжны чимээнд хаалт тавина. Гэвч гадаах гудамж болоод дотор суугаа та нарыг нэг бүхэл гэж үзэх юм бол хамтад нь ухамсарлаж чадна. Тийнхүү тэлсээр орчлон ертөнцийг бүхэлд нь агуулах боломжтой. 

Төвлөрлөөс эхлээд аажмаар ухамсар сэрэхүйд суралц. Тусгай цаг гаргах хэрэгтэй. Өглөө эрт илүү тохиромжтой. Бүх зүйл шинэ сэргэг, чи өөрөө ч илүү амьдлаг шижирхэн байна. Өдрийн төлөвлөгөөндөө бясалгалыг хамгийн эхэнд тавьж бай. 

Бүтэн цагийн турш зөвхөн амьсгалдаа уусч, ямар ч хүчлэлгүйгээр ухамсарлаж, амарч тавирдаг болтлоо дадуул. Тэгсэн хойноо алхах жишээтэй өөр үйлдлийг нэм. Аль алийг нь ухамсарладаг болчихоод бусдаар баяжуул. Тодорхой үе шатыг туулаад чи нойрон дундаа ч амьсгалаа ухамсарладаг болно. Нойрондоо ухамсарлахгүйгээр түүний гүн оёорт хүрэхгүй. Гэхдээ түүнд алхам алхмаар хүрнэ. Хүлээцтэй бай. Гол нь зөв эхлэх хэрэгтэй. Эс бөгөөс зальжин сэтгэл чинь буруу замаар будаа тээлгэнэ шүү. Хоёр, гурван өдөр мачийснаа “Ямар ч найдлага алга” гээд шантрахад хүрнэ. Тиймээс зөв эхлэх ёстойг үргэлж сана. Зөв гараа замын хагасыг туулсантай тэнцүү. Даанч хүмүүс буруу эхэлж, зөрүү явдаг. 

Анхаарал маш хэцүү гэдгийг чи сайн мэднэ. Учир нь, өөрөө бүрэн унтаа төлөвт байдаг. Тиймдээ л өөр зүйл хийж байхдаа амьсгалаа анхаарангуут үйлээ хийж чадахгүйд хүрнэ. Үйлээ үргэлжлүүлье гэвэл амьсгалаа мартахаас аргагүй болно. Тийм хойно дэмий ядаргаа өөртөө ачаалах хэрэггүй. Хоногийн хорин дөрвөн цагаас зав зай олдож таарна. Адаглаад дөчин минут яг түүндээ орш. Сэтгэл чинь олон шалтаг тоочих вий. “Өч төчнөөн хийх ажил байна. Илүү цаг алга” гэнэ. Түүнд бүү итгэ. 

Чамд ямар ч цаг зав алга гэж үү? Бясалгалд зориулах ганц цаг шүү дээ! Сэтгэлээсээ ахин дахин лавла. Хүмүүс бясалгал хийх завгүй амьдардаг гэж би үзэхгүй байна. Өчнөөн цагаар дэлгэц ширтээд л, хөзөрдөөд л, уншсан сонингоо ахин дахин эргүүлээд л, улиг болсон хов жив, дэвэн дэлхийн шалдар булдрыг эргүүлдэж насыг элээх мөртлөө “Бидэнд бясалгал хийх цаг зав алга” гэцгээдэг. Дэмий балай юмст болохоор хангалттай их цаг завтай болчихдог. Яагаад вэ?

Дэмий юмсын хувьд дадал болсон сэтгэл аюулгүй тайван байдаг. Бясалгалын тухай санангуут чинь тэр түгшинэ. Бясалгал бол түүний хувьд аюул занал юм. Бясалгал руу гүн орох юм бол хий үзэгдэл гарцаагүй замхрах болно. Тиймээс л түгшүүр зарлаж, чамайг хорьж саатуулах арга хэмжээ авна. “Юун бясалгал вэ? Тэгж суух зав хаа байна? Цаг зав байгаа бол илүү чухал зүйлд зориул. Бясалгал энэ тэрээ дараа болно биз. Эхлээд мөнгө хэрэгтэй. Мөнгөгүй бол яаж тайван бясалгах юм бэ?” гэнэ. 

Бясалгалыг хойшлуулахад амархан. Чиний хувьд амьд үлдэх, эсэхийн асуудал биш санагдана. Харин идэх талхыг хойшлуулж болшгүй. Тэгвэл чи үхнэ. Мөнгийг хойшлуулж болшгүй. Амьдрал мөнгөн дээр тогтдог. Энэ хорвоод бүх юм түүгээр хэмжигдэнэ. Тиймээс л бясалгалыг хамгийн сүүл рүү чихэж орхидог. 

Бясалгалд гүн умбах агшинд хүн энэ хорвоогоос хальдаг. Бясалгал үхэл шиг учраас сэтгэл чинь айж сандарч, булзааруулах арга бүхнийг сүвэгчилнэ. Би мундаг оюунлаг хүмүүстэй зөндөө таардаг. Сүнслэг амьдрал, бясалгалын тухай сүүрс алдан ярьж, шимтэх. Тэр нь угтаа бясалгалаас зугтах далим болчихсон явдаг. 

Нэгэн хотод байхад минь хотын түшмэл орой арван нэг цагт над дээр ирлээ. Би орондоо орох гэж байсан юм. 

- Та надад цаг зав гаргаач. Би амьдрал, үхлийн зааг дээр ирчихээд байна. Миний хувьд хорвоо ертөнц утгаа алдчихлаа. Одоо ганцхан дотоод ертөнц үлдлээ. Надад бясалгал зааж өгөөч гэлээ.

- Өглөө таван цагт хүрээд ир гэтэл,

- Өө, би тийм эрт босч чадахгүй л болов уу гэв.

Амьдрал, үхэл дээрээ тулсан гэх мөртлөө шүү!

- Тэгвэл арван цагт ирээрэй гэсэн чинь,

- Тэгэхээр бас хэцүү байна аа. Арав хагаст би ажил дээрээ байх ёстой гэдэг юм даа. 

Чиний ухаан ч ийм маягаар булзаж зальддаг. Миний бодол, миний ухаан гэж өөрөө итгэж, мэх гохонд нь автаж явдаг. Үнэндээ чинийх биш. Бусдаас нөхцөлдөж бүтсэн эд. Хүүхэд байхаас чинь эцэг эх, сургууль соёл, эргэн тойрон нийгмээс суулгасан зүйл. Өнгөрсөн цаг чиний сэтгэхүйг бүтээсэн. “Би Хиндү”, “Би Мусульман” гэхчлэн хэлэхдээ дахиад жаахан тунгаагаад үз. Чи цав цагаахан төрсөн шүү дээ. Хиндү, Лал үзэл санааг чам руу хэн юүлсэн билээ? Амьдрал турш тэр мэтчилэн гадны хорвоотой нөхцөлдсөөр “Миний бодол”, “Миний ухаан” гэж итгэсэн бусдын шоронд хоригдож, цэвэр мөн чанар руугаа орох чөлөө завгүй болдог. 

Бие цогцсоо хар. Эцэг, эхээс авсан махбод дээр нэмж гаднаас юүлсэн хоол шүү дээ. Бодол сэтгэхүй ч түүнтэй адил чинийх биш гэдгийг санаж бай. Эсвэл биетэйгээ ижилсэж, өөрийгөө хөгшин, залуу, сайхан, муухай гэхчлэн бодно. Эсвэл сэтгэхүйтэй ижилсэж, өөрийгөө Хиндү, Лал, Жайн гэхчлэн бодно. Чи тэр биш. Чи бол цэвэр ухамсар. Өнгөрсөн балраас нөхцөлдсөн үзэл бодол чинь чамайг үргэлж хэв загварт хашиж, өнөө цагийг чинь гутаадаг учраас сэрэмжтэй бай. Дадал болсон сэтгэхүйдээ л үл итгэгч бай. Тэгсэн цагт эдгээр арга тун хялбархан болоод гайхамшгийг бүтээнэ. Олныг мэдэх нь сайн биш. Жаахныг мэдээд л, түүнийгээ хэрэгжүүлэх нь чухал. Хэрэгжүүлэх юм бол ганц арга ч хангалттай. Хэрэгжүүлэхэд юу садаа болдог вэ?

Дотоод гүнд чинь айдас бий. Үнэхээр жигтэй шүү. Эрик Фром “Эрх чөлөөнөөс айхуй” гэдэг ном бичсэн. Хүн бүхэн эрх чөлөөг эрхэмлэдэг, түүний төлөө тэмцдэг гэж өөрийгөө боддог. Энэ ертөнцийн төдийгүй чанагуух ертөнцийн эрх чөлөө. “Бид сансрын хүрднээс гэтэлмээр байна. Үйлийн хүлээснээс ангижирмаар байна. Үнэмлэхүй эрх чөлөөг хүсч байна” гэж хэлдэг. Үнэндээ хүн эрх чөлөөнөөс айдаг гэж Эрик Фром хэлжээ. Хүсдэг мөртлөө хүсдэггүй. Юуны учир ийм хоёрдмол байна вэ?

Бясалгал бол байж болох хамгийн гүн эрх чөлөө. Чи гадаад хашилт төдийгөөс биш, дотоод хүлээс буюу боолчлолын үндэс болсон бодол сэтгэлийн хүлээснээс гардаг. Өнгөрсөн бүхнээс чөлөөлөгддөг. Бодол арилах агшинд бүх өнгөрсөн замхардаг. Чи түүхийн тэртээд гардаг. Тэнд нийгэм, шашин, ёс уламжлал, ном суртал үгүй. Тэр бүхэн бодол сэтгэлд л үүрлэдэг юм. Өнгөрсөн төдийгүй ирээдүй ч алга болно. Аль аль нь бодол төсөөллийн сүүдэр. Тэгээд чи зөвхөн энд-одоо байна. Үргэлж одоо, одоо л байх болно. Тийм хил хязгааргүйн дунд өчүүхэн эго яаж орших билээ?

Өнгө хэлбэр, нэр дүр нь ямар ч байсан бүх айдас үхэлтэй холбогддог. Гүнзгий магадлах юм бол чи үхлээс айж байгаагаа л ойлгоно. “Би чухамдаа үхлээс айж байгаагаа мэдлээ” гэж хэлсэн хүнд Будда “Тийм бол оршуулгын газарт оч. Хүний цогцос галд хэрхэн шатаж, нурам болохыг ажигла. Өөр юунд ч сатааралгүй, зөвхөн түүн дээр төвлөрч гурван сар, зургаан сар, эсвэл есөн сар суу. Үхэл зайлшгүйг ухаарч, угаасаа чи түүн дотор оршдогоо ойлгосон цагт эргэж ирээрэй” гэж хэлнэ. 

Өдөр бүр хүний цогцос үнс чандар болон хувирахыг ажин суусаар хэдэн сарын дараа тов тодорхой хараа ургана. Энэ хорвоод бүх юм магадгүй ч гагцхүү үхэл магадтай. Амьдралд орохтой л хамт үхэл рүү орсноо ойлгоно. Түүнээс зайлж бултах арга үгүй. Үхлийн зайлшгүйг сэхээрсэн цагт айдас арилдаг. Айдас түгшүүр яаж ч магадгүй тохиолдолд оршдог. Нэгэнт тодорхой нөхцөлд айж түгшихээ болино. Тийнхүү үхлийн айдсаас гэтэлсэн хойно Будда бясалгалд орохыг зөвшөөрнө. 

Бясалгал дундаа ч нөгчих зүрхтэй болсон цагт чи пуужингийн хурдаар сүнгэнэх болно. Энэ бол цаг зарцуулах алс холын юм биш. Зүгээр бартаанаас болж тэгж санагддаг. Бартаа арилах юм бол хормын зуур хүрэх боломжтой. Чи угаасаа тэнд байгаа. Даанч өөрөө өөртөө саад бүтээж, улам улмаар түүнийгээ нэмж явдаг. Саад өөдөө авирч мацаж, гулсаж унасаар бахь байдагтаа үлддэг. Бодол сэтгэл чинь саад бүтээхдээ гарамгай. Бясалгалаас зайлсхийх өч төчнөөн шалтаг тайлбар чамд гаргаж өгнө. Түүнд нь бүү итгэ. Харин гүн рүү нь орж, уг үндсийг нь илрүүл. Өлсөж үхэх гэж байгаагаа гайхах мөртлөө өмнөх хоолоо идэхгүй нь ямар учиртай вэ? Хайр ярих мөртлөө хайрлан жаргахаасаа цэрвэдэг хүн солио өвчтөнөөс ялгаа юун? Энэ бол зугтаж булзах арга саам. Тойрч гүйгээд байхаас төв рүү орохгүй байх мэх гох. Тийшээ ороогүй ч би тэр тухай ярьж, уншиж, сонсож байна шүү дээ, ямар нэг юм хийж л байна гэж өөрийгөө хуурдаг. Ийм эргүүтэлд бүү авт. Өөр лүүгээ зориглон орох юм бол яг одоо ч хүртэх боломжтой шүү. 


- Ошо “Үхэлгүй үүд” (АГНИСТЫН ГЭГЭЭ)