Даржин даруу байдлыг номлосон мэт энэ сургаал хуурамч хээнцэрлэл, цаасан цэцэг шиг үзмэрийн амьдралыг биш, харин хээр талын үнэр анхилам агь ганга шиг жинхэнэ амьдралын гоо сайхан, төгс таашаалыг нээжээ.

Хүйтэн цэвдэг байдлыг номлосон мэт энэ сургаал адгуусны зөнгөөс давж чадаагүй өмчирхлөө хайр гэж боддог тэнэглэлийг биш, харин тэр бэртэгчин үзлийн манан дундаас гарч чадсан тулдаа л хэнд, хэзээ, яаж туслахаа зөв ойлгосон, өөрийгөө огоорсон тэнгэрлэг хайрыг сургажээ.

Уйтгартай, идэвхгүй байдлыг хамгаалсан мэт энэ сургаал уулын орой руу хүр чулуу зовж зүдэн гаргаад, эргээд өнхрөхөд нь дахиад эхэлдэг дуусашгүй тамын ял – Сизифийн хөдөлмөрт биш, харин дотоод хөгжил дэвшлийн утга учир төгс ирмүүн үйлст уриалжээ.

Хүлцэнгүй, дорой байдлыг номлосон мэт энэ сургаал дайсан бүхнээ алах тангараг тавиад, эцэстээ өөрийгөө хөнөөж дуусдаг Антираксын тэнэг омгорхлыг биш, харин би гэгчийн боолчлолоос ангижирсан эрх чөлөөний суу залийг магтан дуулжээ.

- Уялга үгээс


Чөлөө учралт хүний биеийг олсон энэ л цаг мөчдөө үр шимийг нь хүртэхгүй бол гаслантай яа. Өөрсдийнхөө ухамсрыг адгуус малтай харьцуулж, ялгаа юу байна ажиглаад үз. Адгуус ч гэсэн даарч бээрэхгүй, өлсч цангахгүй өег амар байхыг л боддог. Бидэнд үүнээс арай дээр ухаан байхгүй бол адгууснаас ялгаагүй болно. Тиймээс жинхэнэ үр шимийг нь амсагтун...

Бодова гэгээн ёгт үлгэрээр сургамжилсан нь: Голын наад эрэгт нэгэн солонго (чоно оготно) сойр шувууны хүзүүнээс зуурч авчээ. Тэр сойр цаад эрэг рүү нисэн гарахад чоно оготно “Ээ хөөрхий байдсан үнээ шиг сойрыг авлах нь ч авлалаа. Эцэг өвгөдийнхөө нутгаас л үүрд хагацлаа даа” гэж сүүрс алджээ. Түүнчлэн энэ ертөнцийн шунаг сэтгэлээр олз омгийг нэгэнтээ эдлэвч өндөр язгуур, гэгээрлийн хутгаас өнө холдох болно.

Эндээс Энэтхэг орох гэж зуун бээрийн цаадах халил хавцлыг нэгд нэггүй асууж сурагласан хүн босгоныхоо дэргэд ухсан нүхийг анзааралгүй унаж үхсэн үлгэр бий. Дээд төвшний эрдэм мэдлэгийг нарийн судалсан ч энэ ертөнцийн шуналын ангалаас болгоомжлоогүйн гайгаар түүнд унаж, гурван муу заяаны гутамшиг зовлон амсана. Тэгэхлээр шанаганы гүехэнд санаа зовохоосоо түрүүнд бариул бөхөд анхаар.

Үнэг бултахдаа эрэмгий, жижиг чулууны араар ч бултаж чадна. Хярс ороохдоо сурамгай, дэрс төдийхнийг ч ороож дөнгөнө. Шилүүс хярахдаа гарамгай, морин сүүлний чинээ нүхэнд ч хярж чадна. Тэгвэл энэ ертөнцийн шунал хүсэл нь бултахдаа гаргуун, ороохдоо ч овжин, хярахдаа ч чадмаг болохоор дуулсан номтой, бясалгасан эрдэмтэй буянч, даяанч нарын дотор ч нуугдаж байдаг юм...

“Хамуугаа маажих нь таашаал гэж үү? Хамуугүй байх нь түүнээс ч таатай. Эмгэг шуналын өчүүхэн ханамж эрүүл сэтгэлийн амар амгалантай тэнцэхгүй. Явцуу шуналын хүлээсэнд оролгүй ялгуусан үнэний сургаалаар та төрийг жолоодвол шимийг хүртэнэ. Түүнээс өөрөөр тусыг үзэхгүй” хэмээн Нагажуна багш эзэн хаанд сургасан нь ариун номын ёсыг дагавал өөртөө ч буян, өрөөлд ч ивээл болохыг өгүүлжээ. Үнэний замаас гажиж, зүрхний гадсаа шуналд хадвал төрийн жолоо атгавч гай болохоос гавъяа болохгүй гэсэн үг...

Билигт дулдуйдсан амьдрал, бясалгалд шүтсэн цэнгэл нь гадаад ахуйн хүсэл шуналаар эдлэх жаргалтай харьцуулшгүй тансаг. Учир нь, ахуйн таашаал нь бие цогцын зарим хэсэгт хүртэгдэхээс бүх оршихуйд түгэн дэлгэрдэггүй. Гадаад нөхцөл болзлоос хараат учир хэзээд хүссэн зөнгөөр эдлэх боломжгүй. Гурван сансрын нийт төвшинд оршдоггүй. Сансраас хэтийдсэн хутагтын баялаг болж хувирахгүй. Эдлэх тусам хоосордог. Бусдын зүгээс ирэх атаа жөтөө, хорон үйлийн нөлөөгөөр тасалддаг. Энэ амьдралд олсноо хойд төрөл рүүгээ зөөх боломжгүй. Эцэст нь хүртэл эдэллээ гээд төгс ханамж авдаггүй. Энэ болон хойт насанд эргээд зовлон шаналгааг нөхцөлдүүлдэг. Уяман өвчний загатнааг маажих мэт зовлон түр намдсаныг жаргал таашаал гэж нэр зүүсэн төдий. Таатайд шунах, таагүйд хорсох зэргээр урхаг сэтгэлийн өвчнийг улам нэмдэг. Хүсэл шуналаа хангахын тулд бусдыг хөнөөх, хүчирхийлэх мэтийн нүгэл хилэнц бүхнийг өдөөдөг шинж чанартай.

Тэгвэл бясалгал, гэгээрлийн жаргал нь бүх бие, сэтгэлд түгэн дэлгэрдэг. Гадаад нөхцлөөс хамаардаггүй дотоод мөн чанар тул хэзээд хүссэн зөнгөөр ундардаг. Гурван сансрын бүх төвшинд оршдог. Өөрөө орчлонгоос гэтэлж, өрөөл бусдыг аврах хутагтын баялгийг соёрхдог. Хэдий чинээ эдлэнэ, төдий чинээ арвижин дэлгэрдэг. Бусдын хорлол, гадны нөлөөгөөр устаж арилдаггүй. Энэ амьдрал дууслаа ч дараахь амьдралд залган үргэлжлэх. Эцэс туйлд нь хүрэх аваас мөнхөд амарлих төгс ханамж хүртдэг. Энэ болон хойт насад ямарваа зовлон шаналал нөхцөлдүүлэхгүй. Нэр зүүсэн төдий биш, үнэн утгат жаргал таашаал бөгөөд хорт сэтгэл, гэмт үйл бүгдийн ерөндөг тул үлэмж илүү. Ийм тансаг жаргалыг гагцхүү цэвэр ариун сэтгэлээр эдлэх боломжтой. Жаргалаа шинжье гэвэл сэтгэлээ шинж.

Харагва гэвш эдээр баян, эрдмээр ч арвин нэгэн байлаа. Гэтэл уяман өвчин тусаад арга чарга бүгдийг хэрэглэвч тусыг эс олов. “Энэ өвчнөөр тэртэй тэргүй хүний сүргээс мултрах хойно одоо юундаа хоргодох вэ. Эд хөрөнгө байгаа бүхнээ буянд зориулчихаад аглагт сууж, хором тасралгүй Хоншим бодьсадын зүрхийг бясалгая” гэж нэгэн шөнө сэтгэл шийджээ. Тэр шөнө өөрийг нь живж байхад цагаан гэрэл цацарсан нэг хүн уснаас татаж гаргаад, хадан дээр өргөж тавихад биеэс нь их ус цутгалан гоожиж байна гэж зүүдлэв. Зүүднээс сэртэл цэврүү хагарсан усанд ор дэвсгэр нь нэвчтэлээ норсон байжээ. Энэ явдлаас хойш түүний уяман өвчин эдгэсэн гэдэг. ...

Үхэл, мөнх бусыг ухаараагүй үед Нууцын хураангуй судар ч гүехэн санагдана. Үхэл, мөнх бусыг ухаарсан үед Итгэлийн гурван үг ч гүнзгий болно.


“Амьдралын хүлээснээс ангижрахуй” (АГНИСТЫН ГЭГЭЭ цуврал -1)