Трампаас бид юу хүснэ вэ?
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Д.Трамп ялах нь байна, бэлтгэлтэй байгаарай хэмээн бичиж ярьж байсан хүний нэг нь би байна. Сонгуулийн дүн ингэж гарчихна чинээ сэтгэсэн бодсон нь цөөнхи, харин бүү ялаасай гэсэн нь дэлхийд ч, АНУ-д ч, манай улсад ч олонхи нь байсан байх.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Д.Трамп ялах нь байна, бэлтгэлтэй байгаарай хэмээн бичиж ярьж байсан хүний нэг нь би байна. Сонгуулийн дүн ингэж гарчихна чинээ сэтгэсэн бодсон нь цөөнхи, харин бүү ялаасай гэсэн нь дэлхийд ч, АНУ-д ч, манай улсад ч олонхи нь байсан байх. Олонхид багтаж байсан хүн болгоныг зэмлэх нь энэ нийтлэлийн зорилго биш. Гэхдээ юундаа тэгтлээ сандарсан юм, Трамп яллаа гээд яачих гээд байгаа юм гэдэгт хариулт өгөхийг хичээе.
АНУ-ын улс төрийн тогтолцоо, институцийг сайтар ойлгож, түүнээсээ дүгнэлт гаргаад ирэх нь сэтгэдэг боддог хүнд тун энгийн үйлдэл юм. АНУ-д лидер төрдөггүй, Ерөнхийлөгч нь заавал харизматик лидер (Оросын Путин, Хятадын Си Жинпин шиг) байх албагүй гэдгийг энд юуны өмнө олж харахыг хүсье. АНУ, түүний ард түмэн лидерийн эрэлд хатаж яваагүй (дэлхийн II дайныг эс тооцвол), тийм байх боломж ч байхгүй гэдгийг бас нэмж хэлье.
Энэ бүхэнд улс төрийн тогтолцоо, улс төрийн намын тэр тогтолцоо нь хариу өгнө. Хоёр намын тогтолцоотой, парламентын хоёр танхимтай улсад гүйцэтгэх засаглалын тэргүүнээр сонгогдож, Засгийн газраа тэргүүлэх гэж байгаа хүнд ямар эрх мэдэл, үүрэг, хариуцлага, хязгаарлалт байдаг, тэр бүхнийг энд бодолцох учиртай юм.
Дональд Трамп бол бие дааж өрсөлдөөд ялаад гараад ирсэн, Ерөнхийлөгчийн хатуу засаглал бүхий тийм гүрний улс төрч биш. Тэрээр АНУ-ын Бүгд найрамдах намын төлөөлөл болон Цагаан ордонд залрах гэж байгаа. Хэрэв түүх хөөвөл БНН-ын 19 дэх Ерөнхийлөгч байх болно. БНН-ын үзэл суртал, эрх ашиг, намын аппарат, намын дэмжигчид, Төлөөлөгчдийн танхим, Сенат дахь БНН-ын олонхийн эрх ашиг, энэ бүгд Трампад хамаарна.
БНН-ын үзэл суртал гэдэг нь неоконсерватизм, америкийн национализм, эдийн засгийн либерализм, протестант шашны тулгуур үзэл, санхүүгийн ба нийгмийн консерватизм, республиканизм гээд намын баримт бичигт нь ярайтал биччихсэн байгаа. Дээр “19 дэх” гэж бичлээ. Энэ нь 1861-1865 онд засгийн эрх барьсан Авраам Линкольноос эхлэн тоолоод 2017 оны Д.Трамп хүртэл гэсэн үг. Энэ 19 улс төрч дотор Теодор Рузвельт, Херберт Хувер, Дуайт Эйзенхауэр, Ричард Никсон, Жеральд Форд, Рональд Рейган, эцэг хүү хоёр Жорж Буш гээд монголчуудын дуулсан, сонссон, мэддэг олон хүн бий.
БНН бол 1854 онд хоёр жижиг намын нэгдэл болон байгуулагдсан, түүний үндэслэгч ба анхны лидер нь яалт ч үгүй А.Линкольн. “Лидер” хэмээн нэрлэсэн нь тус улс иргэний дайны галд шатаж, умардынхан нь өмнөдийн газрын эздээ ялан дийлж байсан хүнд цаг үед иргэний дайныг эцэслүүлсэн гавьяатан, тэр хэрээрээ амиа золиослосон гэдгээр нь хэлж байна. Боолчлолыг устгасан түүхэн бие хүн гэдгээр нэрлэж байна. Иргэний дайнд ялснаас хойш БНН буюу бүгд найрамдахчууд бараг 50 жил Ерөнхийлөгчийн ба Конгрессын сонгуулиудад илт давамгай ялалт байгуулж байсныг 1912 онд Ардчилсан Намын Вудро Вильсон эцэслүүлсэн байдаг юм. Энэ ялагдал нь БНН-д хүнд цохилт, том сорилт болсон. Нам хагарч, Теодор Рузвельт Дэвшилт нам гэдгээ байгуулан салж одсон, түүнээс хойш БНН 50 гаран жил АН-ын сүр хүчин дор ялж ялагдаж явжээ. Энэ 50 гаран жилд БНН-аас гуравхан Ерөнхийлөгч (Кельвин Кулиж, Херберт Хувер, Дуайт Эйзенхауэр) сонгогдож, энэ 50 гаран жилийн түүхийг АН-ын суу билэгт Ерөнхийлөгч нар (Франклин Рузвельт, Харри Трумэн, Жон Кеннеди гэх мэт) бичилцсэн байдаг юм.
БНН-д шинэ гэрэл гэгээ, шинэ чиг шугам авчирсан гавьяатан бол Ричард Никсон билээ. Тэрээр 1968 оны сонгуульд гайхам ялалт байгуулж, 1969 оноос засгийн эрхээ хэрэгжүүлж, “Хүйтэн дайн”-ыг зөөлрүүлэх, коммунист хоёр их гүрэнтэй (СССР, БНХАУ) харилцаагаа сайжруулах их үйлсийг эхлүүлсэн, Вьетнамын дайныг зогсоосон. БНН-д туссан дараагийн гэрэл гэгээг авчирсан нь залуудаа Холливүдын од явсан Рональд Рейган байсан. Тэрээр дуулиантайгаар хоёр удаа ялсан ба эдийн засгийн либерализм, ультраконсерватизм, коммунизмын эсрэг үзлийнхээ хүчинд АНУ-ыг улам хүчирхэгжүүлж, СССР ба коммунист эвслийг нурааж, “Хүйтэн дайн”-ыг эцэслүүлсэн түүхэн гавьяаг үүрсэн юм. Энэ удаа Дональд Трампаар БНН-ын гурав дахь шатны шинэ гэрэл гэгээ, шинэ чиг шугам хэрэгжиж тун магадгүй юм. Трампын өнгөн дээр бараг 170 жил мөрдөж ирсэн БНН-ын хөдлөшгүй үзэл сурталд шинэчлэл хийгдэж тун мэднэ. Тэрээр тогтсон үзэл суртлыг эвддэггүй юм гэхэд үл дагах, прагматикчлах тал руу гуйвуулж болно. Улмаар АНУ-ын сонгуулийн тогтолцоонд шинэчлэл хийх эхлэл нь Трампын энэ дуулиант ялалт байхыг үгүйсгэхгүй
Ингэхэд Трамп БНН-д хэн бэ гэдэг асуулт зүй ёсоор тавигдана. БНН 2010 оноос АНУ-ын Конгрессын хоёр танхимын суудлын олонхийг аажим аажмаар бүрдүүлсэн, тэр хэрээрээ Трамп ардаа том дэмжлэгтэй ч БНН-ынх нь дотоодод үзэл бодлын ялгаа, фракц гэхээр бүлгүүд бас бий. Уламжлалт бүгд найрамдахчууд, консерватив бүгд найрамдахчууд, тэр нь дотроо санхүүгийн бүгд найрамдахчууд, нийгмийн бүгд найрамдахчууд, палеоконсервативчүүд, неоконсервативчүүд, аядуу бүгд найрамдахчууд, либертариан бүгд найрамдахчууд, либерал бүгд найрамдахчууд гээд олон салбарлана. Эдэн дотроо Трамп бол санхүүгийн бүгд найрамдахчууд гэх бүлэгт багтсан байж болно. Түүний дэмжигчид, фэнүүд, мөн өөрөө бизнес-консервативчүүд (business conservatives) гэх цөөнхид хамаарна. Энэ нь АНУ-ын хүн амын 10 орчим хувь, сонгуулийн насны санал өгөх эрхтэй иргэдийн 12 хувь, идэвхтэй сонгогчдын 17 хувь, харин БНН-ын гишүүн-дэмжигчдийн 49 хүртэл хувь, БНН-ыг талархагчдын 37 хувь байх магадлалтай хэмээн БНН-ын лавлах номд бичээстэй байна. Бизнес-консервативчүүдийн 85 хувийг цагаан арьстнууд бүрдүүлнэ, тэдний 77 хувь нь коллежийн боловсроьлтой, 43 хувь нь бакалаврын зэрэгтэй, эдийн засгийн хувьд нэн идэвхтэй хэсэг (68 хувь нь үнэт цаас эзэмшдэг) нь эд, 62 хувь нь эрчүүд, 54 хувь нь хотын оршин суугч, АНУ-даа үлэмж баян чинээлэг сонгогчдод тооцогдож ирсэн, тэдний 45 хувийнх нь жилийн орлого $75000-аас давсан, 28 хувийнх нь жилийн орлого $100000 ам.доллараас давсан гээд тоочвол Трампын ерөнхий дүр зураг, арын фон харагдах мэт.
Трамп БНН-даа хэн бэ гэдэг дээр дөрөөлөөд түүний улс төрийн баг, бодлого, менежмент ямар байх вэ гэдгийг өлхөн тодорхойлчихож болмоор санагдана. Тэрээр лав “Trump Organization”, “Trump Entertainment Resorts” компаниудаасаа баахан бизнесч авчраад Цагаан ордныг дүүргэчихгүй нь мэдээж. Тэгэх эрх, боломж түүнд байхгүй. Өөрөөр нь овоглосон маш олон компани энд ямар ч хүртээлгүй. Тэгвэл Вашингтонд Засгийн газарт хэн хэн байх вэ гэдгийг БНН нь шийднэ.
Үнэндээ Трампад өөрийн команд гэж байхгүй. Харин боломжит кандидатууд намд нь хангалттай байна. Гэвч ихдээ гэхэд л Трамп 4000 гаран албан тушаалд өөрийн талынхнаа дэвшүүлэх бололцоотой. Энэ нь ирэх оны нэгдүгээр сарын 20-ноос ажиллаж эхлэх шинэ Засгийн газрын гол гол албан тушаалууд. ТНБД, батлан хамгаалахын, дотоод аюулгүй байдлын сайд нар, Засгийн газрын гишүүд, тэдний орлогчид, яамдын дээд тушаалын дарга нар, хууль прокурорын дээд тушаалтан гэх мэт.
Дэд ерөнхийлөгч бөгөөд Сенатын спикерээр ажиллах 57 настай Майкл Ричард Пенс нь Трампад том өмөг түшиг болно. Тэрээр 48 дахь Дэд ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Өмнө нь Төлөөлөгчдийн танхимд муж улсаа төлөөлөн ажилласан, одоо Индиана муж улсын губернатор, мэргэжсэн улс төрч. Одоо шилжилтийн багаа тэрээр тэргүүлж байна. Энэ баг нь 2017.01.20-нд засгийн эрх шилжүүлэх авах бүх бэлтгэлийг хариуцна. Ньют Гингрич гэж бас нэг өмөг түшиг Трампад бий. Түүнийг “Хатаагдсан бүгд найрамдахч” хэмээн нэрлэсэн нь ч байх шиг. Тэрээр 1979-1999 онд 20 жил Конгрессын гишүүнээр ажилласан, 1994-1999 онд бүр Төлөөлөгчдийн танхимын спикер явсан туршлагатай улс төрч, 2011 онд БНН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр праймеризэд оролцож явсан. Гингрич болон Стивен Бэннон гэдэг хоёр нөхрийг Цагаан ордны “гол стратегич” байх болно гэсэн мэдээлэл цацагдлаа.
Төрийн нарийн бичгийн даргаар хэн ажиллах вэ гэдэг таавар, таамаглал, хэвлэлийн мэдээ бараг өдөр бүр цацагдаж байна. Дэлхийн бодлогыг тодорхойлдог глобал гүрний гадаад бодлого хаашаа эргэх вэ гэдгээс түүний залуурч хэн байхав гэсэн элдэв хувилбар ургуулж гаргаж ирээд байх шиг. Эхэндээ Ньют Гингричийг нэрлэх нь түгээмэл байсан бол ойрмогхноос Нью-Йорк хотын мэр асан Рудольф Жулиани яригдаж байлаа. Р.Жулианигаас гадна Өмнөд Каролина муж улсын губернатор Никки Хейли, НҮБ-д АНУ-ыг төлөөлөн Элчин сайдаар ажиллаж байсан Жон Болтон, Массачусетс муж улсын губернатор асан, 2012 оны сонгуульд Обамад ялагдсан Митт Ромни, сенатч Боб Коркер гээд хэд хэдэн хүний нэр дуулдаж байна.
Нью-Йорк хотын мэр асан тэрхүү Рудольф Жулиани бол нийтэд танигдсан, мөн л хатаагдсан улс төрч гэдгээрээ алдартай. Түүнийг Хууль зүйн сайдаар ажиллах бүрэн магадлалтай хэмээн бас үзэж байна. БНН-ын Үндэсний хорооны дарга (намын лидер гэх үү дээ) 44 настай цэл залуу Райнс Прибусыг Цагаан ордны засаг захиргааны тэргүүн буюу ЕТГ-ын даргаар нэрлэж байна. Тэрээр өөрийн намын улс төрийн элит хэсэг ба тэрбумтан Трамп нарын хооронд гүүр болж ажиллаж чадсан, мөн Төлөөлөгчдийн танхимын спикер Пол Райны ойрын найз гэдгээр онцлон үзэж байна. Батлан хамгаалахын сайдад сенатч Жеф Сешнс гэдэг хүний нэр дуулдлаа. Тэрээр Сенатын зэвсэгт хүчин, шүүхийн систем, төсвийн байнгын хорооны гишүүн гэдгээрээ Батлан хамгаалахын сайдад тохирохгүй гэх нөхцөл байхгүй. Мөн бэлтгэл генерал Майкл Флинн ч энэ тушаалд яригдаж болно.
АНУ-ын Ерөнхийлөгчийн дэргэд нэн чухал нэгэн албан тушаал байдаг нь Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх. Энэ тушаалд Майкл Флинн гэх дээрхи цэргийн эрхмийн нэр тодорч байна. Тэрээр АНУ-ын БХЯ-нд 2012-2014 онд Цэргийн тагнуулын газрын захирал явсан. Радикал исламын талаар эрс хатуу байр суурь баримтлагч, энэ талаар Обамагийн хоёрдмол бодлогыг шүүмжлэгч нэгэн аж. Сангийн сайдад Стивен Мнучин гэдэг нөхрийг нэрлэж байна. Трамп ч өөрөө тэгж айлдсан. Энэ хүн дэлхийн эдийн засаг-санхүүгийн гайгүй судлаач, Goldman Sachs хөрөнгө оруулалтын банкинд 17 жилийг өнгөрүүлсэн хүн юм байна. JP Morgan банкны захирал Жейм Даймон мөн Трампын багт өндөр албанд томилогдож болзошгүй гэх мэтээр жагсаавал БНН-ын элитын төлөөлөл олныг нэрлэж болно. Гэхдээ эдгээр нэрс ирэх хоёр сарын хугацаанд олонтаа солигдохыг үгүйсгэж болохгүй. Бараг өдөр бүр “тэр нөхрийг тэгэх нь” гэсэн мэдээлэл хөвөрч өгнө.
Ингэхэд АНУ-ын БНН засгийн эрхийн авлаа гэхэд Монгол-Америкийн харилцаанд тусгал нь ямар байх бол гэсэн хүлээлт битүүхэн байх шиг. Түүнд хариулт өгөхдөө “Санаа бүү зов!” гэдэг ганц үгээр таглахыг би хүсч байна. БНН-ын өнгөн дээр (Р.Рейган) хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосон, АНУ-ын ТНБД (Ж.Бейкер) хоёр удаа анхлан айлчлахад тэр нь БНН-ын Ерөнхийлөгчийн үед, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч АНУ-д БНН-ын төлөөлөл Ерөнхийлөгч Ж.Бушийн үед, Мянганы сорилын сан БНН-ын үед, БНН-аас сонгогдсон Ерөнхийлөгч Ж.Буш анхлан 2005 онд Монголд айлчилсан гээд баримт хангалттай бий шүү.
“Засгийн газрын мэдээ”, 2016.11.16 № 239 (517)