Хашгирахаа больж хариуцлага тооцьё!

Мөнгийг мөшгиж, төсвийг хянах иргэдийн санаачилга хөгжиж буй орнуудад хүчтэй өрнөж эхэллээ. Гол зорилго нь Засгийн газраасаа хариуцлага нэхэх явдал. Жагсан тэмцэн байж Засгийн газраа огцорууллаа гэхэд нэг хэсэг авлигачдыг нөгөө хэсгээр солихоос өөрцгүй. Төр засгаа хараан зүхлээ гээд юу ч өөрчлөгддөггүй. Эх орончдыг дагалаа, хууртлаа! Ялгаа алга. Улс төрчдийн мөнхөд үргэлжлэх үлгэрийн амлалтад залхсан иргэд хүчээ нэгтгэн хяналтын тогтолцоог хөгжүүлж эхэлсэн учир энэ.

Аргентин Улсад Лупа Фискал буюу “Санхүүгийн дуран” санаачилга орон нутгийн жижигхэн ТББ-аас эхэлсэн ч үндэсний хэмжээний “Төсөв хянах” хөтөлбөр болтлоо тэлж чаджээ. 

Энэтхэгт “Иргэдийн аудит” байгуулагдаж орон нутгийнхаа төсөвт шинжилгээ хийж эхэлсэн байна. Захиргааны зардал үргэлж хэтэрдэг байсны шалтгаан нь “бурхан бологсод” ба “хий үзэгдэл”-үүдэд цалин бичдэг байсныг илрүүлжээ. 

Уганда Улсад тосгоны сургуулийн нэг сурагчид ногдох хувьсах зардлын дөнгөж 2 хувь л эзэндээ очдог байсныг эцэг эхийн хяналтаар илчилсэн аж.

Бразилийн өмнө хэсэгт орших Порто Алегре хотын иргэд жил бүр хотынхоо хөрөнгө оруулалт болох 600 сая орчим ам.долларын зарцуулалтыг шийдвэрлэх эрхтэй. Энэ хотод бүтээн байгуулалтыг иргэд мэдэж шийдэх тул “намайг сонговол тойрогтоо цэцэрлэг, сургууль барьж, зам засаж, ус татна” хэмээн амлах нэр дэвшигчид алга болжээ. Хотын захиргааны Мэдээллийн хэлтэс хотынхоо нийгэм, эдийн засгийн хөгжлийн амьдралын чанарын судалгааг 180 шалгуур үзүүлэлттэй жил бүр гаргана. Дүүрэг бүрээр харьцуулан гаргах энэ судалгаанаас хаана цэвэр усны хангамж дутуу, сургууль завсардалт, ажилгүй, орон байргүй иргэдийн тоо их байгааг мэдэж болох тул судалгаанд суурилсан иргэдийн шийдвэр ч оновчтой болдог гэнэ. 

“Хашгирч шаардахаас илүү хариуцлага тооцдог больё! Хараан зүхэхээс илүүтэй хяналт тавьж эхлэе!” 

Энэхүү уриан дор нэгдсэн иргэд нийгмийн эргэх хариуцлагын тогтолцоог 2000 оноос хойш идэвхжүүлж байна. Энэ бол Иргэдийн оролцооны засаглал бөгөөд НҮБ ба Дэлхийн банкнаас сайшаагдаад байгаа “Эрхэд суурилсан хөгжил”-ийн шинэ хандлага мөн. 


Эрх чөлөө хариуцлага нэхдэг

Төсөв бол эрх мэдэл. Монгол Улсад 2012 онд батлагдсан “Төсвийн тухай хууль”-аар орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлсэн. Гэхдээ энэ эрх мэдлийг дарга нарт биш харин иргэдэд олгосноороо бюрократ тогтолцоонд эргэлт хийсэн юм. 

Иргэд төсвөө мэдэж шийддэг болсон нь төрөлх нутгийнхаа асуудлыг шийдвэрлэх иргэдийн язгуур сонирхлыг баталгаажуулсан “эрхийн хувьсгал” болсноороо үнэ цэнэтэй. 

Хууль хэрэгжиж эхэлсэн даруй 2013 онд гэхэд орон нутгийн төсөв өмнөх оныхоос 2.5 дахин тэлжээ. Орон нутгийн хөгжлийн индекс, хүн амын тоо ба нягтрал, алслалт, нутаг дэвсгэрийн хэмжээ, орон нутгийн татварын идэвх санаачилга зэрэг итгэлцүүрүүдийг харгалзан үзэх тул нэг аймагт 3- 5 тэрбум, Улаанбаатар хотод 16 тэрбум төгрөгийн санхүүжилт очно. 330 суманд нийт 16.3 тэрбум төгрөгийн дэмжлэгийг олгож байгаа. 2018 онд Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан147 тэрбумын санхүүжилттэй байгаа нь чамлахаар мөнгө биш шүү! 

147 тэрбумын хөрөнгийг нутгийн иргэд лзөвхөн мэдэж, хэрхэн зарцуулахаа шийдвэрлэх учиртай. 

Харамсалтай нь хууль хэрэгжиж эхэлснээс хойш таван жил гаруй болоод байхад төсвийн эрх амьдралд бодитоор хэрэгжихгүй байна. 

Төсвийн тухай хуульд “Орон нутгийн төсөвт иргэдийн оролцоог хангах” гэсэн бүлэг бий. Орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээний талаар баг, хороодод нээлттэй санал асуулга явуулах ба иргэдийн саналыг тоолон эрэмбэлж олон санал авсан асуудлуудыг санхүүжүүлдэг журамтай. 

Гэсэн хэдий ч өрх бүрээс санал авч чадаж байгаа эсэх, ирсэн саналуудыг хэрхэн эрэмбэлж байгаа, эрэмбийг засаг захиргаа ба ИТХ-аас хэрхэн өөрчилж байгааг хянах “эзэн”-гүй орхижээ. Баг, хорооны Засаг дарга нар өрх бүрээс санал авах хүн хүч, хөрөнгийн нөөц хүрэлцэхгүй зэргээс оромдоод орхичихдог болж. Зарим газар иргэдийн өмнөөс саналыг бөглөж, хэдэн зуун цаас өөрсдөө үйлдвэрлэн суудаг ажилтнууд байгааг ч гэрчлэх хүмүүс бий. Иргэдийн саналыг няц дэвсээд тэдний өмнөөс шийдвэр гарган баяр наадам тэмдэглэчихдэг сумууд ч цөөнгүй. Саналаа өгөөд байхад дэмжлэг авахгүй тул хүмүүсийн итгэл алдарч, жилээс жилд оролцоо нь буурах төлөвтэй. Дээр нь иргэдийн саналыг аваагүй төсөл, хөтөлбөрийгсанхүүжүүлж хууль зөрчинө. Тухайлбал: ИТХ-ын тавилга авах, ЗДТГ-ын авто гарааш байгуулах, Засаг даргынхаа өрөөг засварлах, сумын албан хаагчдын орон сууц барих зэрэгт орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө сая саяараа урсаж байгааг нутгийн зон олон тэр бүр мэдэхгүй л явна. Олон нийттэй ажиллах менежментэд суралцаагүйгээс гадна Орон нутгийн хөгжлийн сангийн зорилгыг ойлгохгүй байгаагаас нутгийн удирдлагуудын дунд иргэдээсээ асууж шийдвэрлэхийг тээршаах үзэгдэл газар авч эхэлсэнд харуусал төрөм. 

Эрх чөлөө хариуцлага нэхдэг. Хариуцлагатай иргэд л эрх чөлөөгөө эдэлж чадна. Төсвийн тухай хуулиар орон нутгийн иргэдэд эрх олгосон нь үнэн. Харин олдсон эрхээ хэрэгжүүлж бас хамгаалж эхлэхгүй бол эргээд алдах аюултай болоод байна.


Иргэний хяналт бол эрх чөлөөний хамгаалалт мөн

Гадаадад зөвхөн сайн туршлага байдаг ч юм биш л дээ. Манайд ч нийгмийн хариуцлагыг нэхсэн санал санаачилга олон бий. Орон нутгийн төсвийг ил тод, оролцоотой болгох “Шилэн түрийвч” аян анх 2008 онд Багануур дүүрэгт гараагаа эхэлсэн байдаг. Эхэндээ иргэдэд ойлгуулахын тулд “Аавын түрийвчинд байгаа мөнгийг юунд зарцуулахыг гэр бүлээрээ хэлэлцэж шийдвэл хэний ч эрх ашиг хохирохгүйтэй адил Засаг даргынхаа мэдлийн төсвийг оролцож шийдэх хэрэгтэй” хэмээн зүйрлэн хэлдэг байсан бол өнөө бид “Шилэн дансны тухай” хуультай болчихсон сууж байна. 

Нээлттэй Нийгэм Форумын дэргэд ажилладаг “Иргэд Төсвөө Хянана” ИНБ-уудын сүлжээнээс жил бүр улсын ба орон нутгийн төсөвт мониторинг хийж, эрх мэдэлтнүүдэд нөлөөлөн ажилладаг болж. Иргэдийн үнэлгээгээр төрийн үйлчилгээг сайжруулах “Check my service” үйлчлүүлэгчийн онооны картыг “Ардчиллын боловсролын төв” ТББ-аас нэвтрүүлж “Нээлттэй засаглалын түншлэл”-ийн Олон улсын шагналыг ч хүртээд байна. 

Орон нутгаас төрсөн нийгмийг шинэчлэх санаачилга хамгийн үр дүнтэй байдаг. Нутгийн иргэд асуудлаа хэнээс ч илүү мэдэх бөгөөд шийдвэрлэх аргаа ч олж чаддаг нь үнэн. 

“Бид иргэдийнхээ нүдийг нээсэн” хэмээн ярих Дорнод аймгийн Хэрлэн сумын “Хяналт үнэлгээний олон нийтийн зөвлөл”-ийн туршлага үүний нэг жишээ.

2013 онд төрийн болон орон нутгийн төсвийн гүйцэтгэлд иргэдийн оролцоотой хяналт тавьж 7.2 тэрбум төгрөгийн санхүүжилттэй 61 ажлын чанар, үр дүнгийн талаар хяналт үнэлгээний ажлыг зохион байгуулж, олон зөрчлүүдийг илрүүлсэн байна.

Нутагтаа барьж байгуулсан сургууль, цэцэрлэг, эмнэлгийн засвар, спорт цогцолбор, усан сан, зам засварын ажилд 1326 хүнээссэтгэл ханамжийн үнэлгээг давхар авч хэрэглэгчдээр үнэлүүлж байжээ. Ажлынхаа дүнг ИТХ-д танилцуулж, ЗДТГ-т ажлаа чанаргүй гүйцэтгэсэн компаниудад хариуцлага тооцон, засаж залруулах чиглэл өгүүлсэн бөгөөд олон нийтийн анхаарлыг хандуулж чадсан аж. Нутгийн олны хяналт өөриймсөг хэрэгждэг. Өөрсдийнхөө ундны усны чанар, хүүхдийнхээ цэцэрлэг, сургууль, хэвтэх эмнэлгээ тэд л хамгийн шударга үнэлж чадна. Хүн бүхэн чанар нэхээд эхлэхээр компаниуд ч богино хугацаанд нийгмийн хариуцлагад суралцдаг байна. Хэрэглэгчдэд тайлагнах тогтолцоо хөгжих тусам түшмэдэд өгөх авлигын хэмжээ буурдаг хамааралтайг тэд нотолж байна. Иргэдийн нүд нээгдэж байж төр түмэн нүдтэй болдог учиртай нь энэ аж.

Яг ийм зарчимд суурилсан Хяналтын зөвлөлүүд Баянзүрх, Хан-Уул, Баянгол дүүргийн зарим хороодын ИНХ-ын дэргэд байгуулагдан амжилттай ажиллаж байсан жишээ бий. 

Цаашид Иргэний хяналтыг орон даяар институцлэх их ажил биднийг хүлээж байна. Эхлээд баг, хороо ба сум, дүүрэгтээ дараа нь аймаг, нийслэлд улмаар УИХ-ын дэргэд Иргэний хяналтыг шатлан бүрдүүлж төсөв, хөрөнгө, зээл тусламжийн хэрэгжилтийг хянах тогтолцоотой болж гэмээнэ орон нутагт хариуцлага хэрэгжинэ. 

Өнөөдөр орон нутгийнхаа төсвийг шийдвэрлэхэд суралцаж буй иргэд маргааш улсынхаа төсвийг мэдэх бас хянах чадвартай болно. 

Ийм иргэдтэй улс оронд Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, УБТЗ-аа барьцаанд өгчихгүй, газар нутгаа гадныханд алдчих эрсдэлгүй, хувьчлал нэрээр төрийн өмчийг хэдэн нөхдүүд хүртээд баяжчихгүй л болов уу.

Бидэнд арга туршлага байна. Орон нутагтаа иргэдийн хяналтын санаачилга өрнүүлэх чинхүү хүсэл эрмэлзэлтэй хүн бүхэнтэй хамтран ажиллах болно. 

Эрх чөлөө бол өөрийнхөө төлөө, үр хүүхдийнхээ төлөө, нийгмийнхээ төлөө хүлээх хариуцлага мөн. Ардчиллын үр шимийг хариуцлага хүлээж чаддаг иргэд л хүртдэг.