Сонгуулийн хуулийн согогтой талууд
Хэдийгээр тус хуулийг 2015 онд гар хүрэн сайжруулсан хэмээдэг ч нэг алхам урагшилж, хоёр алхам хойш ухарсан хууль болжээ.
Монгол Улсын бүрэн бүтэн, аюулгүй байдал хилээ манаад зогсож байгаа буутай цэргээс илүүтэй төрөө манах түшээдийн сонгуулиас хамаарах цаг үед бид амьдарч байна. УИХ-ын энэ хаврын чуулганаар Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар зэхэж буй. Хэдийгээр тус хуулийг 2015 онд гар хүрэн сайжруулсан хэмээдэг ч нэг алхам урагшилж, хоёр алхам хойш ухарсан хууль болжээ.
Сонгогчдын мэдэх эрх хэрэгжсэнгүй
Өнгөрсөн оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид ба улс төрийн намуудын зарцуулалтын тайлантай жирийн иргэдэд танилцах боломж олдсонгүй. Сонгуулийн санхүүжилтийн ил тод байдалд мониторинг хийсэн төрийн бус байгууллагууд ч шаардаад юу ч олж харсангүй. Товчоор хэлбэл сонгогчдын мэдэх бас хянах эрх хэрэгжсэнгүй.
Уул нь Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон нэр дэвшигч, намын сонгуулийн зардлын тайланг Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ) албан ёсны сайтдаа нийтэлдэг уламжлалтай байсан юм. Харин 2017 онд энэ мэдээлэл тавигдсангүй. Энэ талаар тэднээс лавлахад Сонгуулийн тухай шинэ хуулиар Үндэсний аудитын газар (ҮАГ) нам ба нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайланг хянаж 90 хоногийн дотор дүнг нийтэд мэдээлэх үүрэгтэй болсон тул манайд санхүүжилттэй холбоотой мэдээлэл байхгүй хэмээн хариу барив.
Өнгөрсөн 11 дүгээр сарын 17-ны өдөр ҮАГ-аас Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон нам, нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын дүн, хандивын талаарх мэдээллийг олон нийтэд хүргэсэн. Харамсалтай нь хоёрхон хуудас энэхүү тайлангийн дүн хэт ерөнхий бөгөөд бүх зүйлс хуулийн дагуу “сайн” байгааг батлан дүгнэжээ. Мониторинг хийж буй ТББ-уудаас удаа дараа намууд ба нэр дэвшигчдийн санхүүгийн тайланг бүрэн эхээр нь авах хүсэлтэд ҮАГ-аас татгалзаж байгаагаа мэдэгдэж, СЕХ-нд хандахыг зөвлөсөн байна. Тэд “аудитын явцад олж авсан мэдээллийг хөндлөнгийн этгээдэд амаар болон бичгээр дамжуулж болохгүй” гэж заасан ёс зүйн дүрмээ чанд мөрдөн ажиллана хэмээн ам таглав.
Улс төрийн авлига газар авсан улс орны сонгогч түмэнд аудитын хоёр хуудас ч хүрэхгүй тайлангийн дүн үнэхээр чамлалттай. Тайлангийн дүн ач холбогдол багатай тойм төдий тоо тул сонгуулийн зардлын талаарх мэдээлэл авах, хөндлөнгийн хяналт тавих ямар ч боломжгүй аж. Түүнчлэн ҮАГ-аас тайланг хянах явцад ямар нэгэн зөрчил бүртгэсэн, нэмэлт тайлбар гаргуулж авсан болон тайлангийн төрөл ба чанарыг сайжруулах арга зүйн зөвлөмж өгсөн эсэх тухай мэдэх хүн ч алга.
Хандивыг хянаж чадсангүй
Сонгуулийн тухай хуулиар иргэн 3 сая хүртэлх, хуулийн этгээд 15 сая хүртэлх хандив өгөх хязгаарыг тогтооосон байна. Түүнчлэн нэг сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн иргэн, хоёр сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн хуулийн этгээдийг зарладаг болсон нь сайн хэрэг. ҮАГ-аас хандивлагчдыг зарласан байдлаас харахад МАН-аас нэр дэвшигч М.Энхболдод 1269 иргэн хандив өгснөөс 34 иргэн 3,0 сая, АН-аас нэр дэвшигч Х.Баттулгад 1100 иргэн хандив өгснөөс 1066 иргэн 3,0 сая, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарт 1062 иргэн хандив өгснөөс 261 иргэн 3,0 саяыг тус тус өгчээ. Саяхан бидний санаачлан зохион байгуулсан “Шилэн нам” авлигын эсрэг түншлэлийн арга хэмжээнд оролцсон УИХ-ын гишүүдээс зарим нь “гурван саяын хандив өргөсөн гэх бүртгэлтэй хүмүүсийн ард дор хаяж арван сая төгрөг нуугдаж байгаа шүү” хэмээн анхааруулан хэлж байна билээ. Сонгуулийг зохион байгуулахад оролцож байсан туршлагатай хүмүүсийн хувьд тэд гарцаагүй мэдэж байгаа байх. Ард түмэн ч бас гадарлаж байгаа. Харин энэ тухай Үндэсний аудитын газар л мэдэхгүй үлдсэн бололтой.
Цагдаа нь нотолж чаддаггүй сонгуулийн хэргүүд
Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр сонгогчдын саналыг худалдан авах зорилгоор бэлэн мөнгө тараасан болон түүнийг нь авсан тухай амтай болгон ярьцгааж байсан даа. Энэ тухай хэвлэлээр ч мэдээлж, бичлэгүүд ч сошиал ертөнцөөр битүү цацагдаж байсныг олон хүн санаж буй биз. Харамсалтай нь ЦЕГ маань мөнгө, эд зүйл тараасан тухай гомдол 184 хүнээс ирүүлснийг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгахад нэг нь ч нотлогдоогүй гэсэн хариу өгсөн байх юм. Хүн бүхэн мэдээд байхад цагдаа нь нотолж чаддаггүй сонгуулийн хэргүүдээс “улс төр” ханхалж байна уу гэлтэй.
Шүгэл үлээгчийг хамгаалахгүй бол хэн ч мэдээлэхгүй
Сонгуулийн тухай хуульд “Мөнгө, эд зүйл тараасан этгээд захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээсэн бол тухайн зөрчлийг мэдээлсэн иргэнд сонгуулийн төв байгууллага тараасан бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэсэн заалт байдаг. Энэ бол мөнгөн урамшуулалтай холбох аргаар сонгуулийн луйврыг илчлэх маш чухал зохицуулалт л даа уул нь. Даанч мөнгө, эд зүйлс тараасан нөхдийг илчлээд байхад цагдаа маань нотолж чадахгүй болохоор хэн дахин мэдээлэх билээ. Тэгээд ч мэдээлсэн нь хөөрхий Доржзодов шиг гадаадын иргэний гэрт олон сараар амь дүйн нуугдах нигууртай тул амь насаараа дэнчих тавихыг хэн хүсэх вэ дээ. Авлигын эсрэг хэрэг тэр дундаа сонгуулийн луйврыг илчлэх гэдэг бол эрх мэдэл, бохир мөнгө, улс төрийн бүлэглэлийн сонирхлын эсрэг өөрийгөө зулын гол болгон шатаахтай ижил үйл явц. Тэгэхлээр шүгэл үлээгчийг нууцалж, төр нь иргэнийхээ амь насыг хамгаалах эрхзүйн орчинг бүрдүүлж байж сонгуулийн хуульд орсон энэ чухал заалт хэрэгжих биз ээ.
Улс төрийн хариуцлага
Сонгуулийн хэрэгт хүлээлгэх үндсэн гурван төрлийн хариуцлага бий. Үүнд: Захиргааны буюу мөнгөн торгууль, улс төрийн, эрүүгийн хариуцлага юм. Харин манайд мөнгөн торгууль илүүтэй зонхилж байна. Тухайлбал: Сонгуулиар бэлэн мөнгө, эд зүйлс тараасан иргэнд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний, хуулийн этгээдэд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван нэгээс арван зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгууль оногдуулна гэжээ. Өнөөгийн байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төгрөг байгаа. Тэгэхлээр иргэнийг 240 мянга, харин улс төрийн намыг 2-3 сая гаруй төгрөгийн хооронд хэлбэлзүүлэн торгох юм байна. Энэ бол намд юу ч биш. Толгой илээд өнгөрөх торгуультай байхад баруун солгойгүй мөнгө тараагаад байхаас өөр яахав гэлтэй.
Харин Эрүүгийн хуульд торгох, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялаар шийтгэх гэсэн чамгүй чанга заалттай ч эрүүгийн хэрэг үүсээд байдаггүй бололтой.
Олон улсын туршлагаас харахад хамгийн үр дүнтэй хариуцлага бол улс төрийн хариуцлага байдаг. Өөрөөр хэлбэл сонгуулийн бүртгэлээс нэрийг хасах, цаашид сонгуульд оролцох эрхийг хязгаарлах бол улс төрчдийг ниргэхтэй адил. Цаашид захиргааны, улс төрийн ба эрүүгийн хариуцлагуудыг оновчтой хослуулж байж гэмээнэ сонгуулийн элдэв луйвраас сэргийлж, таслан зогсоох боломжтой болно. Бас нэг чухал санаа бол сонгуулийн зөрчил өдүүлсэн нэр дэвшигчийг шийтгэх төдийгүй нэрийг нь дэвшүүлж байгаа улс төрийн намд давхар хариуцлага тооцдог болох хэрэгтэй. Эс бөгөөс намууд хэзээ ч хамтын хариуцлагатай байгууллага болж төлөвшихгүй биз ээ.
Сонгууль бол тусгаар улсын баталгаа мөн
Ардчилсан сонгуулийн мөн чанар нэр дэвшигчдийн тэгш гарааг хангаж, тэгш эрхийн зарчмыг хэрэгжүүлэхэд оршино. Тийм ч учраас хандив ба зардлын хязгаарлалтыг тогтоож өгдөг. 2017 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн зардлын дээд хязгаар нэр дэвшүүлэгч намын хувьд 6,8 тэрбум, нэр дэвшигчийн хувьд 3,9 тэрбум төгрөгөөр тогтоожээ. Энэ нь нэр дэвшигч бүр намын ба өөрийн хөрөнгө, хандиваас бүрдсэн 10,7 тэрбум төгрөгийн зардлыг сонгуульд зарцуулах эрхтэй гэсэн үг юм. Монгол шиг ядуурал, ажилгүйдэл их, хүн ам цөөтэй, эдийн засгийн хямралтай улс оронд энэ бол асар их хөрөнгө. Зөвхөн баячууд эсвэл төрөөс төрсөн тэрбумтнууд сонгуульд оролцох боломжтой болжээ. Энэ их хөрөнгийг бүрдүүлэхийн тулд бусдын нөлөөнд автаж “бие үнэлэх”-ээс буцахгүй болох эрсдэлтэй. Нөгөө талаар баялаг ихтэй улс орны төрд нөлөөллөө тогтоох сонирхол гадныханд төрдөг гэхийг үгүйсгэхийн аргагүй. Нэр дэвшигчдийг мөнгөөр цаламдаад Монголын төрийг хямдхан худалдаад авчих эрсдэлтэй. Ийм л учраас үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолоо хамгаалъя гэвэл сонгуулиа манах шаардлагатай болдог.
Төрт улсынхаа язгуур эрх ашгийг манан зогсох үүрэгтэй СЕХ, ҮАГ, АТГ, ТЕГ, ЦЕГ зэрэг хараат бус болон хууль, хяналтын байгууллагуудын чиг үүрэг бүрхэг, уялдаа холбоо сул байна. Ялангуяа хяналтын байгууллагуудыг сонгуулийн луйвар, санал худалдан авах, мөнгө угаах гэмт хэргийг илрүүлэхэд мэргэшүүлэн сонгуулийн үеэр багаар ажиллах менежментэд шилжих шаардлагатай харагдана. Цаашид эдгээр байгууллагуудын томилгооны болон үйл ажиллагаа, санхүүгийн хараат бус байдлыг хангаж өгөхгүй бол авлигын тухай мэдээгүй, хараагүй, сонсоогүй, эсвэл нотолж чадахгүй өнгөрсөөр байх болов уу.
Авлигатай тэмцэх мандаттай АТГ сонгуулийн луйвруудад ус балгасан мэт таг чиг өнгөрөөсөөр байгаа. Тэд авлигын эсрэг тэмцлээ сонгуулийн хэргүүдээс эхлүүлэхгүй бол төрд шургалсан авлигачдын араас хөөцөлдөөд дуусна гэж үү. Цоргыг хаахгүй бол усыг шавхаад ч барахгүйтэй адил санагдана.
Сонгуулийн ба Улс төрийн намын санхүүжилтийг нэгтгэн улс төрийн санхүүжилт хэмээн олон улсад томъёолдог. Тиймээс Сонгуулийн ба Улс төрийн намын тухай хуулийг нэг цонхоор харж, санхүүжилт, хариуцлага, хяналт, мэдээллийн ил тод байдлын харилцан уялдаанд авч үзэхгүй л бол асуудлыг ул суурьтай шийдвэрлэж чадахгүй л болов уу. Сахил хүртээд шал дордов гэгчээр Сонгуулийн хуулийг засамжлах гээд бас дордуулчих вий.
MONGOLIA NEWS
Зочин