Алагчлал улсын эдийн засгийг алдаг!
Алагчлал л хүний аминд хүрч байна, гэр хорооллыг ядууруулсаар байна, улсын эдийн засгийг алсаар байна, нийгмийн хөгжил дэвшлийг саатуулсаар байгаа билээ! Үүнийг ойлгох хэмжээний боловсрол дарга нарт хэрэгтэй байна! Соён гэгээрэл хэрэгтэй байна!
Нэг их урт нэртэй франц хүн байсан; Мари Жан Антуан Николя де Карита маркиз де Кондорсе (Marie Jean Antoine Nicolas de Caritat, marquis de Condorcet) гэдэг. Энэ хүн хожим нь “Соён гэгээрэл” хэмээн нэрлэгдэх болсон түүхийн эрин үеийг эхлүүлсэн манлайлагчдын нэг.
Эхлүүлсэн эрин үеийнхээ анхны золиос болсон хүн. Соён гэгээрлийн эрин үеийг хүчирхийллээр эхлүүлчихсэн Францын хувьсгалд, тэрбээр оролцож явтлаа хувьсгалын эсэргүү гэгдэн толгойгоо авахуулах болж, эрхэмлэж явдаг тэргүүнээ яргачны гарт өгөхгүй гэхдээ хор ууж амиа хорложээ.
Товчоор Николя де Кондорсе гэгддэг энэ эрхэм, хүн төрөлхтөн оюун ухааныхаа хүчээр хөгжиж дэвших болно хэмээх өөдрөг үзлийг тунхаглаад, түүнийгээ түгээж байсан юм.
Одооны сэхээтнүүдэд энэ үзэл санаа мэдээжийн байдаг л зүйл мэт санагдах байх л даа. Харин тухайн үедээ, өдгөө Илон Маск “Гариг хоорондын хүн төрөлхтөн бий болно” хэмээн зарлаж байгаатай адилхан Кондорсегийн үзэл санаа олныг гайхуулж байжээ.
Кондорсе, хүн төрөлхтөн хөгжил дэвшилд хүрэхэд оюун ухааны хүчээс гадна бас нэг чухал хүчин зүйл нь; хүмүүн бие биеэ алагчлахгүй, ялгаварлахгүй байх ёстой, хүн бүр тэгш ижил эрхтэй байх ёстой гэсэн. Уг нь тэр өөрөө бусад шигээ ихэрхвэл ихэрхэж болохоор язгууртан гаралтай “жинхэнэ дээдэс” байсан юм шүү!
Ангийнх нь язгууртнууд, доодсыг дээдэстэй адилхан ухаантай, чадвартай гэх түүний үзлийг ихэд тохуурхдаг байв. Францын хувьсгалаар боссон ”доодос”- ын хүчирхийлэл цадигаа алдахад тэд түүнээс ёстой нэг амыг нь асуусан гэдэг.
Гэсэн хэдий ч Кондорсе, өөрийг нь хүчирхийлж буй хэрэг явдлыг уужим сэтгэлээр тунгаан бодож, “доодос”-ын хөөрөл цаг зуурын үзэгдэл төдий, урт хугацаандаа хүний оюун ухаан аливаа хэлбэрийн мунхаглалыг дийлж таараа хэмээн итгэсээр нас нөхчсөн.
Түүний зөв байсныг өнөөгийн баруун Европын хөгжил дэвшил харуулдаг. Баруун Европ,н ийтийн өмнө хүн цаазалж “зугаацдаг” байсан “талибан” маягийн Европтой харьцуулахын аргагүй хүмүүнлэг, дэлхийн зовж зүдрэгсэд тэнд цагаачлан очиж амьдрахыг хүсдэг газар болжээ.
Иргэдээ алагчлан үздэг, ялгаварлан гадуурхдаг улс хөгжиж чаддаггүй. Түүнийг ухаарсан Авраам Линкольн өмнөдийн боолчлох ёсны эсрэг дайн зарласан, Жон Кеннеди арьс өнгөөр ялгаварлах ёсыг халсан. Эдгээр алхам бүр АНУ-ын эдийн засгийн өсөлтөд сайнаар нөлөөлж байсан юм.
Майкл Жексон боол байсан бол, арьсны өнгөөрөө гадуурхагддаг байсан бол Америкийн экспортыг нэмэгдүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж чадахгүй байсан билээ.
Ялгаварлан гадуурхах явдал эдийн засагт муугаар нөлөөлдгийг, даацтай судалгаа хийн нотолсон хүн бол Перугийн эдийн засагч Эрнандо де Сото юм.
Нийгмийн нэг хэсэг гишүүдээ дорд үзэн ялгаварлан гадуурхсан улс ядуурлын гинжинд хүлэгддэг. Яагаад гэхээр ялгаварлан гадуурхахуйд өртсөн иргэд нь “сүүдрийн эдийн засаг дор нуугдаж” хөрөнгийн чөлөөт урсгалыг боодог. Түүнээс болоод байнгын хөрөнгө оруулалтын хомсдолд орох тул улсын эдийн засгийн өсөлт зогсож архаг ядууралд нэрвэгддэг. Үүнийг л “ядуурлын гинж” гээд байгаа юм.
Эрнандо де Сотогийн онолыг Монголын хөрсөн дээр буулгаж хөрвүүлэх аваас хашааны газрын эзэд болох гэр хорооллыхныг дорд үзсэнээс асар их хэмжээний активийн “зээлжих зэрэглэл” унаж эдийн засгийн эргэлтэд орох чадвараа алдсан. Үүнийг дагаад хүн амын бараг 60 хувь нь байнгын орлогын хомсдолд автахуйд эдийн засаг дахь нийт эрэлт тэнцвэрийн цэгээсээ ямагт доор байхад хүрсэн. Монголын эдийн засаг Хятадын зүгээс авах нүүрс, зэс, төмрийн хүдрийн үнээс дүүжигнэн амь зогоодог учир ийм бөлгөө.
Ийнхүү ялгаварлан гадуурхах “индекс” нь өндөр байх тусмаа тухайн улсууд ядуу байдаг зүй тогтолыг нээсэн Сотогийн нээлт Кондорсегийн зөв болохыг дахин нотолсон. Ялгаварлалыг арилгаснаар үндэсний баялгаа аривжуулан эдийн засаг, улмаар нийгмийн хөгжил дэвшилд хүрдэг тухай үзэл санаа хөгжлийн эдийн засгийн онолын гол суурь болоод буй.
Капитализм ялгаварлан гадуурхах явдлыг зайлуулсаар урагшилж чадсан цорын ганц нийгмийн тогтолцоо. Бизнест халтай учраас капитализм ялгаварлан гадуурхахыг тэвчдэггүй юм. Америкийн капитализм боолчлол, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдал бизнест нь хортой байгааг ухаарсан учраас л халсан юм.
Капитализмаас бусад бүх нийгмийн хэлбэрүүд алагчлал, ялгаварлан гадуурхалт дээр тогтдог. Социализм чинээлэг иргэдээ ялгаварлан гадуурхаж устгадаг, фашизм бусад үндэстнийг дорд үздэг, нацизм еврейчүүдийг дайсагнадаг, феодализм тариачдыг мөлждөг, хожуу үеийн боолын нийгэм (Америк,Өмнөд Африк гэх мэт) хар арьст иргэдээ арьс өнгөөр нь ялгаварлан дарангуйлдаг юм.
Эдгээр нийгмүүд бол Айн Рэндийн нэрлэсэнчлэн омогчлох төрлийн нийгмүүд. Ийм нийгэм гишүүдээ, оногдож буй эрх мэдлээр нь эрэмбэлдэг. Хэн их эрх мэдэлтэй нь дээдэс гэгдэж, эрх мэдэлгүй бусад нь доодос болдог ёстой.
Феодализмын үед эрх мэдэлтэй дээдсээ “язгууртан”, эрх мэдэлгүйгээ “харц албат” гэнэ. Социализмын үед дарга нар, хөдөлмөрчид гэж хуваагдана. Нийгмийн шатлахуйн жагсаалтын тэргүүнд намын ерөнхий нарийн бичгийн дарга, удаад нь улстөрийн товчооны гишүүд, тэгээд төв хорооны гишүүд гэх мэт доошилсоор хөдөлмөрчин ангид хүрнэ.
Харин капитализм, зөвхөн капитализмын ноён нуруу нь нийгмийн гишүүдээ үндэсний баялаг бий болгоход оруулсан хувь нэмрээр нь эрэмблэн жагсаадаг. Билл Гейтс,Стив Жобс...Стивен Спилберг, Майкл Жексон гэж эрэмблэгдэн жагсахдаа үндэсний орлогод оруулсан хувь нэмрээрээ жагсаж байгаа юм.
Эрх мэдлээр эрэмбэлдэг нийгэмд албан тушаалын түвшин, түүний сүр хүч чухал байдаг бол орлогоор нь эрэмбэлдэг нийгэмд нийгмийн баялгийг бүтээхэд оруулсан хувь хэмжээ, түүний үр ашиг гол нь аж. Тийм учраас социализм зэрэг омогчлох төрлийн нийгмээс капитализм хол илүү рационал байдаг.
Эрх мэдлээр эрэмблэх нийгэм дэх хамгийн золгүй явдал нь эрх мэдлийн шатлал хэчнээн дээшлэх тусам тэр этгээд өөрийгөө “ухаантай” гээд бодчихдог. Үнэнхүү тэнэг атлаа өөрийгөө “ухаантай” хэмээн итгэчихсэн язгууртан, дарга нараар тийм нийгэм дүүрчихсэн байдаг. Өнөөдөр манайд яг л ийм байна.
Сая УИХ-аар, гэр хорооллын иргэд угаартсан хэрэг явдлыг хэлэлцэх үед, манай дээдсийн тэнэглэл, мунхаглал эрээ цээрээгээ алдах түвшинд хүрчихжээ гэдэг нь их тодорхой харагдлаа.
Төрийн зүгээс иргэддээ сайжруулсан түлш тараахдаа уутан дээр нь “шахмал түлш нь бүх төрлийн зууханд таарна” хэмээн тодоор биччихсэн, өөр ямар нэгэн заавар, анхааруулга өгөөгүй байдаг. Тэгээд л иргэд шууд хэрэглэсэн. Гэтэл осол болсон.
Тэгтэл шадар сайд Ө.Энхтүвшин хэзээний л догь, ухаантай царайлан “...тархин дахь утаагаа арилга...” гэж лүндэгнэж байх юм. Өгсөн заавраар нь хэрэглэсэн гэмгүй хүүхэд, томчууд амиа алдчихсан байгаа юм шүү дээ!
“Ийм “ухаантай” дээдсийг харахад л доодсын бослогыг ойлгож болно” хэмээн Кондорсе хэлсэн гэдэг. Үнэндээ ангийн тэмцэл мэмцэл ч биш, дээдсийн харанхуй байдал, мунхаг ихэрхэл нийгмийг хагаралд хүргэж байдаг.
Шадар сайд Ө.Энхтүвшин ганцаараа ч гэр хорооллыг дорд үзээд байгаа юм биш. Бидний социализмын үеэсээ өвлөж авсан соёл юм. Ангич үзлийн “үр төл” явж байгаа нь энэ. Энэ алагчлал л хүний аминд хүрч байна, гэр хорооллыг ядууруулсаар байна, улсын эдийн засгийг алсаар байна, нийгмийн хөгжил дэвшлийг саатуулсаар байгаа билээ! Үүнийг ойлгох хэмжээний боловсрол дарга нарт хэрэгтэй байна! Соён гэгээрэл хэрэгтэй байна!