Засаглалыг сайжруулбал хөгжил хурдасахыг ухамсарлах юмсан.

Төрийн тогтолцоог өөрчлөх тухай санал.

Төр, засгийн удирдагч эрхэм нөхдөд бичсэн захидал.

Ардчилсан хувьсгалаас хойших гучин жилд Монгол Улс хөгжсөн, шинэчлэгдсэн. Ардчилалтай, зах зээлийн эдийн засагтай, хүн ам нь сая гаруйгаар нэмэгдсэн улс боллоо. Ард иргэд бэлэнчлэх биш өөрийн хөдөлмөрөөр амьдрах сэтгэлгээтэй, хувийн өмч хөрөнгөтэй болж байна. Гэвч бүх ард түмэн аз жаргалтай сэтгэл хангалуун амьдардаг боллоо гэж хэлэх хараахан болоогүй.Эдийн засгийн тамир тэнхээ нь иргэдийнхээ гуравны нэгийн амьдралын ядуурлыг арилгахад хүрэлцдэггүй, гадаад дотоодод төлөх өр ихтэй, хөгжлөөр хоцрогдсон улсын нэг байна. Манай улсын жилд үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг хүн амдаа хувааж үзвэл нэг хүнд оногддог хэмжээ 2019 оны дүнгээр хөрш БНХАУ-ынхаас 2,7 дахин, ОХУ-ынхаас 3 дахин бага байна.Статистикийн мэдээнээс харвал сүүлийн жилүүдэд эдийн засагт зогсонги байдал ажиглагдах боллоо. Дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хүнд оногдох хэмжээ зэрэгцүүлэх үнээр 2016 онд 3854 доллар байсан бол 2019 онд 3743 доллар болж буурчээ. Энэ үзүүлэлтийг 2020 онд 15 мянган долларт хүргэх зорилт байсныг одоо гучин жилийн дараа шийдэх зорилт болгосон шийдвэр гарч байна.

Байдал одоогоор ийм байгаа боловч бидэнд эх орныхоо хөгжлийг богино хугацаанд хурдасгаж аз жаргалтай амьдрах боломж байгаа. Гутрахгүй, өөрийгөө голохгүй, ирээдүйд итгэлтэй байж алдаа дутагдлаа ухаарч засаж хөгжлийн боломжоо ашиглах л чухал юм.

Манай улсын хөгжлийн хурд удаан байгаа нь юуны өмнө манай төр засаг үр ашигтай үйлдвэрлэл хөгжүүлэх бодлого хэрэгжүүлэхгүй байгаатай холбоотой. Монгол Улсын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж байх үүрэгтэй Засаг төрийн эрх баригчдад хоцрогдлын бодит шалтгааныг тодорхойлж, хурдтай хөгжих бодлого төлөвлөж хэрэгжүүлдэг болохыг шаардаж, хариуцлага хүлээлгэдэг байх эрх мэдлийг монголын ард түмэнд бодитой эдлүүлэх явдал маш чухал. Монгол Улсын Үндсэн хуулийн “Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна“ гэсэн суурь заалт бол тунхаглал төдий юм биш, харин төрийн зохистой тогтолцоо, төрийн эрх мэдлийн зөв хуваарилалтаар амьдралд бодитоор хэрэгжих ёстой хууль юм. Үүнийг ухамсарлахгүй бол хөгжил урагшлахгүй, иргэдийн бухимдал арилахгүй.

Ийм учраас би Улсынхаа төрийн тогтолцоо, төрийн эрх мэдлийн хуваарилалтад өөрчлөлт оруулах, Эдийн засаг нийгмийг хөгжлүүлэх ухаалаг бодлого төлөвлөгөөтэй болох хоёр гол асуудлыг нэн даруй шийдэе гэсэн санал дэвшүүлж байдаг юм.

Би саяхан Монгол Улсын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай \өнгөрсөн оны 5 дугаар сард УИХ-ын гаргасан\ хуулийг өөрчилж сайжруулах тодорхой саналаа бичиж УИХ-ын дарга, Ерөнхий сайдад өгсөн. Тэр санал маань УИХ, Засгийн газрын гишүүдэд хүрч хэрэгжвэл Хөгжлийн тодорхой зорилтууд дунд хугацааны буюу тав, таван жилийн төлөвлөгөөнд тусгагдан хэрэгждэг болж улс нийгмийн хөгжил түргэсэх болно.

Энэ удаа би Монгол Улсын төрийн тогтолцоонд, тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн гурав дугаар бүлгийн төрийн байгуулалын тухай заалтуудад өөрчлөлт оруулах саналаа тодотгон бичиж, та нөхөд, мэргэн түмнээ толилуулж байгаа юм. Энэ асуудлаар миний олон жил ярьж бичиж байгаа санал бол:

Монгол Улсын Парламентыг хоёр танхимтай болгох.

Төр засгийн эрх баригчид \улс төрийн намууд\ ухаалаг бодлогоор улс нийгмийг хөгжүүлж байх эрхэм үүргээ бүрэн ухамсарлаж хариуцлага хүлээж ажиллаж байгаа эсэхийг ард түмэн хянаж дүгнэдэг байх нөхцөлийг бүрдүүлж өгөх сонирхолоор парламентийг хоёр танхимтай болгох саналыг дэвшүүлээд байдаг юм.

Одоогийн Үндсэн Хуулийн дагуу төрийн ажлыг ХУУЛЬ ТОГТООХ, ГҮЙЦЭТГЭХ, ШҮҮХ гэсэн гурван бие даасан байгууллагад хуваарилан хариуцуулсан, тэдгээр нь харилцан хамааралтай, харилцан хяналттай, хоорондоо тэнцэлтэй байх ёстой гэж хуульчид сургадаг. Гэтэл Хууль тогтоох, Гүйцэтгэх, Шүүх гэдэг төрийн гурван институт ил далдаар бие биенийхээ хэрэгт дур мэдэн оролцдог, аль нэг нь илүү эрх дарх эдэлдэг гажуудал гарсаар, тэр бүхэн төрийн ажлын цэгц үр дүнд сөрөг нөлөөлсөөр байна. Олон түмэнд тэр болгон ажиглагдахгүй байж болох ч муу үр дагавар ихтэй ийм гажуудлыг арилгахын тулд парламентийн дээд танхимыг сэргээн байгуулж ард түмний хяналтыг бий болгохоос өөр арга үгүй.

Үндсэн хуулийн нэмэлтийн хууль1990 онд гарч парламентийг хоёр танхимтай болгож байсан нь Монгол Улсын нөхцөлд төрийн эрх барих дээд байгууллагын хамгийн тохиромжтой, амьдралаар туршигдсан зөв тогтолцоо болж байсан юм. Тэр үед “Ардын Их Хурал байгуулагдсанаар ард түмний эрхийг илэрхийлэгч, төрийн эрх барих төлөөллийн дээд байгууллага жинхэнэ утгаараа хэрэгжих үндсийг тавьлаа, Хууль тогтоох, хянан шалгах, зохион байгуулах эрх бүхий Улсын Бага хурал бий болсноор парламентат ёс жинхэнэ утгаар бүрдлээ“гэж хуульчид сурталчилж байсан.Сургаалийн номнууд нь дахин дахин хэвлэгдлээ.

Гэтэл Үндсэн Хууль боловсруулах ажлыг оройлон хариуцаж гүйцэтгэдэг хуульчид маань Монгол Улсын 1992 оны шинэ Үндсэн Хууль, түүнд 2019 онд оруулсан өөрчлөлтийг боловсруулж батлуулахдаа “Хоёр танхимтай парламент бий болсноор ард түмэн төрийн эрх барих эрх жинхэнэ утгаар хэрэгжих үндэс тавигддаг, парламентат ёс жинхэнэ утгаар бүрддэг“ гэж үздэг үзэл баримтлалыг үгүйсгээд, Парламентаа одоо хүртэл нэг танхимтай байлгалаа.

Парламентаа нэг танхимай болгосоны үр дагавар:

- Ардын Их Хурлаа үгүй болгосон харгайгаар хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалд ард түмний хяналт байхгүй болсон.

- Парламентийн нэг танхим - Улсын Их Хурлыг төрийн эрх барих дээд байгууллага гэж үзэх болсоноос ХУУЛЬ ТОГТООХ үндсэн үүрэгтэй байх ёстой институт нь нөгөө хоёр институтийнхээ хэрэгт хутгалдан оролцож байх нөхцөл бүрдсэн.

- Төрийн эрх барих дээд байгууллагад \Ардын Их Хурал буюу парламентийн дээд танхимд\ байх ёстой эрх мэдэл Улсын Их Хурал ба Монгол Улсын Ерөнхийлөгч хоёрт хуваагдсан. Эв нэгдлийг эрхэмлэж, улс нийгмийн хөгжлийн асуудлыг зөвшилцөж оновчтой шийдэж байхад үлгэрлэх ёстой энэ хоёр институт хоорондоо сөргөлддөг.

– Монгол Улсыг хөгжүүлэх урт, дунд хугацааны бодлого төлөвлөгөө хэрэгжүүлж байгаа эсэхийг хянаж үр дүн шаардаж байх ёстой төрийн дээд удирдлага байхгүй үндсэн шалтгаанаар өнгөрсөн олон арван жилд эдийн засгийн тамир тэнхээ сайжраагүй, ядуурал арилаагүй, улс нийгэм өр зээлэнд баригдсан. УИХ-д олонх болж засаг төрийн эрх мэдлийг авсан улс төрийн нам түр хугацааныхаа ажлын бодит үр дүнгээр хариуцлага хүлээдэггүй. Үргэлжилбэл улс төрийн намд, засаг төрд ард иргэдийн итгэл алдарч болзошгүй болсон.

  • Төрийн эрх мэдлийн хуваарилалтын гажуудал, Засаг төрийн өндөр албан тушаалтан нарт тавих төрийн хяналт сулаас албан тушаалын сонирхолоор халамж амлах, өчүүхэн ололтыг өөртөө наах сурталчилгаа хийдэг ёс зүйгүй үйлдэл гарсаар байгаа.
  • Зарим эрх мэдэлтэн хууль бус зөвлөмж гаргаж шүүхэд нөлөөлсөн, шүүх шударга шүүдэггүй, авилга авдаг гэх яриа байгаа. Одоо гарч байгаа шүүхийн тухай хуулийн өөрчлөлтөөр шүүхийн гажуудал засагдаасай гэж иргэд хүсч байна.

- Хууль тогтоох институтийн ажлын чанар, хуулийн хэрэгжилт тун хангалтгүй. УИХ баталсан хуулийнхаа чанар, хэрэгжилтэд өөрөө шүүмжлэлтэй ханддаггүй.Сүүлчийн жишээнд “Алсын хараа 2050“ нэртэй хөгжлийн үзэл баримтлал, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг нэрлэж болно.

  • Гүйцэтгэх засаглал буюу Засгийн газрын зарим шийдвэр судалгаа тооцоо дутуу, тулгамдсан асуудлыг шийдэхгүй орхигдуулдаг дутагдалыг УИХ илрүүлж хариуцлага асуухгүй өнгөрөөдөг. Үүний жишээнд Оюу Толгой компанийн үйл ажилагааны өртөг зардалыг хянаж, улсад орвол зохих татвар, хувьцааны орлогоо бүрэн авч чадахгүй байгаа, Эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох, Боловсруулах үйлдвэр хөгжүүлж экспортын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, Зарим боловсруулах үйлдвэрээ түүхий эдээр хэрхэн хангах гэх мэт чухал асуудлууд шийдэгдэхгүй удаж байгааг хэлж болох.
  • Хамгийн ноцтой асуудал бол дахин хэлэхэд, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх үүрэг хүлээсэн төрийн гурван байгууллагын ажлын уялдаа, чанарт ард түмний хяналт байхгүй байгаа явдал.

Энэ бүхнээс парламентыг хоёр танхимтай болгож, ард түмний элч төлөөлөгчөөс бүрдсэн Ардын Их Хурал буюу Төрийн эрх барих дээд байгууллагатай байх зайлшгүй шаардлагайг ойлгож болно.

Парламентын хоёр танхимыг хэрхэн бүрдүүлэх тухайд.

Сум дүүргүүдээс сонгогдсон гишүүдтэй Ардын Их Хурал, Ардын Их Хурлаас сонгосон гишүүдтэй Улсын Бага Хурал гэсэн хоёр танхимтай байсан парламентаа сэргээх юм.Ингэснээр төрийн эрх мэдлийн зохистой хуваарилалттай, ард түмний хяналттай нэгдмэл төр цогцлох болно. Үр дүнд нь сахилга хариуцлага, дэг журам сайжрана. Ардчилал, хүний эрх, эрх чөлөөг туйлшруулах, Улс төрийн тогтвортой байдалд нөлөөлөх, Бүтээн байгуулалтын ажилд саад хийх зэрэг зохисгүй үйлдлийг хязгаарлана.

Ардын Их Хурлыг парламентийн Дээд танхим, Улсын Бага Хурлыг парламентийн Доод танхим гэж нэрлэж болно.

Парламентын Дээд танхим буюу Ардын Их Хурлын тухайд:

- Ардын Их Хурал нь төрийн эрх барих дээд байгууллага байх бөгөөд эрх мэдэлд нь юуны өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, Төрийн дотоод гадаад бодлогын үндсийг тодорхойлох, Улсын эдийн засаг нийгмийн хөгжлийн урт дунд хугацааны бодлого төлөвлөгөөг батлах, Татварын хууль болон улсын нэгдсэн төсвийг батлах, Нутгийн өөрөө удирдах байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсийг тогтоох, Улсын цол, одон медаль, цэргийн дээд цол, төрийн албаны зарим албан тушаалын зэрэг дэв тогтоох, Өршөөл үзүүлэх шийдвэр гаргах зэрэг асуудал хуваарилагдсан байх нь зүйтэй.

- Ардын Их Хурлын эрх мэдэлд байх үндсэн асуудал бол Хууль боловсруулж баталж байх үндсэн үүрэгтэй Улсын Бага Хурал, Гүйцэтгэх засаг буюу Засгийн газар, Шүүхийн үйл ажиллагаанд тавих хяналт юм.Өөрөөр хэлбэл: Ардын Их Хурал бол Улсын Бага Хурлаас баталсан хууль Үндсэн хуулийн үзэл санаанд нийцээгүй, Улс нийгмийн ашиг сонирхолд хохирол учруулах байвал УБХ-ын удирдлага, буруутай гишүүнийг огцруулах хүртэл хариуцлага хүлээлгэж холбогдох хууль журмыг нь өөрчлүүлэх эрх мэдэлтэй, Засгийн газрын үйл ажиллагаа Үндсэн Хууль зөрчсөн,улс нийгэмд хохирол учруулсан байвал Ерөнхий сайдыг огцруулах хүртэл харуцлага хүлээлгэх эрх мэдэлтэй, Шүүгч нар эрх мэдлээ урвуулж ашигласан, шударга биш шийдвэр гаргасан байвал томилсон дээд шатны шүүхтэй ч огцруулах эрх мэдэлтэй байх ёстой. Үүнийг Үндсэн Хуульд тодотгож тусгах хэрэгтэй.

- Бүх шатны шүүгч нар ард түмний хараа хяналтын гадна байх ёсгүйг, АИХ-ын хараа хяналтад байх ёстойг Үндсэн Хуульд онцолж тусгамаар байна.Шүүгдэгч хүссэн тохиолдолд иргэдийн төлөөлөгчдийг шүүх ажиллагаанд заавал оролцуулж Шүүх хэрэг маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэдэг байх чиглэлээр үндсэн хуулийн 52 дугаар зүйлд өөрчлөлт оруулах нь зүйтэй байх.

- Төрийн эрх барих дээд байгууллага - Ардын Их Хуралд дээр дурьдсан эрх мэдлүүд төвлөрснөөр Үндсэн хуулийн суурь заалтын дагуу Засгийн бүх эрх ард түмний мэдэлд ойртож, хуулийн хэрэгжүүлэлт сахилга хариуцлага, дэг журам сайжрах, нийгэм эдийн засаг цэгцтэй бодлогоор хөгжих ач холбогдолтойг давтаж хэлэе.

- Ардын Их Хурлын чуулган жилд 1-2 удаа, шаардлага гарвал түүнээс илүү хуралдаж шийдвэрээ гаргаж байх бөгөөд гишүүд нь Засгийн газрын гишүүн, аймаг нийслэлийн болон сум дүүргийн засаг дарга, Шүүх прокуророос бусад төрлийн ажил эрхлэх эрхтэй байх нь зүйтэй.

- Ардын Их Хурал дотроосоо сонгогдсон тэргүүлэгчидтэй, Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн даргыг сонгодог байна.

- Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн дарга бол Монгол Улсын төрийн тэргүүн байх болно.Монгол Улсын төрийн тэргүүн - АИХ-ын тэргүүлэгчдийн даргын эрх мэдлийг тодорхойлохдоо Ардын Их Хурлын эрх мэдлийнхээ хүрээнд гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлэх эрх үүрэг, мөн одоогийн Үндсэн Хуульд байгаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх үүргийн талаархи заалтуудыг тусгах нь зүйтэй.

Парламентын доод танхим буюу Улсын Бага хурлын тухайд:

- Ардын Их Хурлын эрх үүрэгт хамаарахаас бусад төрийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж байх, үүний дотор Монгол Улсад дагаж мөрдөх төрийн хуулийн төслийг боловсруулан баталж байх үндсэн эрх үүрэгтэй, АИХ-ын өмнө ажлаа хариуцдаг Улсын Бага хуралтай байна.УБХ-ыг бий болгосноор парламентат ёс жинхэнэ утгаар бүрдэнэ гэж хуульчдын хэлдэг зөв сургааль жинхэнэ утгаар хэрэгжинэ.

- Улсын Бага Хурал 50 орчим гишүүнтэй, байнгын ажиллагаатай байна. УБХ-ын гишүүдийг Ардын Их Хурал сонгоно. Гишүүдийг хууль эрх зүй, эдийн засаг санхүү, техник технолог, олон улсын харилцааны зэрэг мэрэгжилтэй, төрийн ажлын туршлагатай, гэмт хэрэгт холбогдож байгаагүй, шударга ажилсаг чанараар олонд үнэлэгдсэн нэр төртэй чадварлаг хүмүүсээс бүрдүүлнэ. УБХ-ын гишүүнд сонгуулах хүний нэрийг үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй Улс төрийн намуудаас дэвшүүлнэ.

- УБХ дарга, орлогч даргатай байна.Тэдгээрийг АИХ томилно

- Улсын Бага Хурал нь Монгол Улсад дагаж мөрдөх хуулиудыг Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын ашиг сонирхол, эдийн засаг нийгмийн хөгжлийн шаардлагад нийцүүлэн боловсруулж батлах, хуулийн хэрэгжилтэд байнгын хяналт тавьж ажиллах эрхэм үүрэгтэй.

- УБХ боловсруулсан хуулиа батлаад АИХ-ын тэргүүлэгчдийн газарт өргөн барина. Уг хуулийг АИХ-ын тэргүүлэгчдийн газар 7 хоног дотор хэлэлцээгүй, дэмжихгүй гэсэн шийдвэр гаргаж ирүүлээгүй бол зөвшөөрөгдсөнд тооцогдоно. УБХ-ын баталж хэрэгжүүлж байгаа хууль амьдралд хэрхэн зохицож байгааг АИХ-ын гишүүд судалж, засах сайжруулах шаардлагатай зүйл илэрсэн тохиолдолд сонгогчидтойгоо зөвшилцөн саналаа АИХ-ын тэргүүлэгчдийн газарт албан ёсоор ирүүлж байна.

- Төрийн тэргүүн, Ардын Их Хурлын тэргүүлэгчид, УБХ ба Засгийн газрын гишүүд хууль санаачлах эрхтэй байна. УБХ хуулийн төслийг холбогдох байгууллага, мэрэгжлийн хүмүүсийн санал авч боловсруулна

Сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох асуудлын тухайд:

Монгол Улс парламентийн засаглалтай байх сонголт хийсэн нь зөв юм. Харин одоо төрийн эрх барих дээд байгууллага гэж үздэг УИХ-ын гишүүдийг тойргуудаас сонгодог, Улсын Их Хуралд ажлаа хариуцах ёстой Ерөнхийлөгчийг бүх ард түмний санал авч сонгож байгаа нь зохимжгүй байдаг.Ер нь сонгуулийн эрхтэй бүх иргэдээс санал цуглуулж төрийн өндөр албан тушаалтныг зөв сонгох магадлал бараг байдаггүй. Сонгогч иргэн бүр нэр дэвшсэн хүнийг судалсан байдаггүй, сургаар, бодит биш мэдээлэл, сурталчилгааны мөчид төрсөн сэтгэгдэлээр, авилга хахуульд автагдах зэргээс буруу сонголт хийх магадлал их байдаг. Мэдээлэлийн хэрэгсэлд гэмт хэрэгтэн мэтээр шүүмжлэгдэж байсан хүн өндөр албан тушаалд сонгогдчихвол түүнээс сайн хүн байхгүй мэт болж магтагддаг, халагдсан хойно нь бол дутагдал зөрчлийг нь илчилж харааж зүхсэн нийтлэл цувардаг. Хойдох урдах эрхэмүүд хоорондоо шөргөөлцөж шившиг болж ч байдаг.Манайд зуршил шахам болж байгаа ийм зохисгүй үзэгдэлүүд бүх ард түмний саналаар зөв хүнийг онож сонгодоггүйтэй холбоотой. Ийм учраас Монгол Улсад Төрийн тэргүүн мэт өндөр албан тушаалтныг бүх ард түмний саналаар сонгодог байхаас татгалзах нь зүйтэй юм.

Зарим хөгжилтэй улсад боловсрол чадвартай, ажил амьдралын туршлагатай, шударга, хүн чанараар танигдаж үнэлэгдсэн цөөн тооны хүмүүсээс бүрдсэн сонгогчдын төлөөлөлөөс төрийн тэргүүн зэрэг өндөр албан тушаалтныг сонгодог байна. Саяхан Америкийн Нэгдсэн Улсад болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар бүх ард түмний санал цуглуулсан боловч мужуудаас сонгогдсон \electoral college\ сонгогчдын коллег гэж нэрлэсэн 539 гишүүдтэй сонгогчдын төлөөлөлийн олонхийн саналаар Ерөнхийлөгчөө сонгож байна.

Энэ бүхнээс үндэслэж Монгол Улсад төрийн өндөр албан тушаалтай удирдагчийг бүх ард түмний санал авч сонгодог журмаас татгалзаад, сонгогч иргэдийг төлөөлж чадах сонгогчдын төлөөлөлтэй болж тэдгээрт ард түмний нэрийн өмнөөс төрийн өндөр албан тушаалтныг сонгох эрх олгох төдийгүй төр засгийн эрх барих дээд байгууллагын гишүүд болгох нь зохимжтой байна.

Манай Улсын хувьд \Electoral college\ сонгогчдын төлөөлөлтэй байх асуудлыг парламентийн дээд танхим буюу АИХ-тай болох замаар шийдэх ийм боломж байгаа юм. Тухайлбал: Сум дүүрэг бүрийн иргэдээс боловсрол, чадвар, туршлага, хүн чанар, шударга зэрэг бүх талаар шилдэг гэж үнэлэгдэн Ардын Их Хуралд сонгогдсон 450 орчим гишүүд бол төрийн эрх барих дээд байгууллагын гишүүд бөгөөд, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх байгууллага, тэдгээрийг удирдах төрийн өндөр албан тушаалтнуудыг оновчтой сонгон, үйл ажилд нь ард түмний нэрийн өмнөөс хяналт тавьж ажиллах үүрэг хүлээсэн, ард түмний элч буюу сонгогчдын төлөөлөл болж байгаа юм.

Ардын Их Хурлын гишүүд буюу сонгогчдын төлөөлөл, тэдгээрийг сонгох сонгуулийн журмын тухайд.

Ардын Их Хурлын гишүүд бол ард түмний элч бөгөөд тэднийг төлөөлж төрийн эрхийг барих эрхэм чухал үүрэг хүлээсэн хүмүүс. АИХ-ын гишүүд Монгол Улсыг хүчирхэг эдийн засагтай, ард түмэн нь аз жаргалтай сэтгэл хангалуун амьдардаг, дэлхийн хөгжилтэй улс орнуудын эгнээнд хүртэл хөгжсөн улс болгох, үүний тулд нийгэм эдийн засгийг алсыг харсан ухаалаг бодлого төлөвлөгөөний үндсэн дээр хөгжүүлэхтэй холбогдсон бүх асуудлыг шийдэж байх үүрэгтэй, өндөр хариуцлага хүлээж байгаа хүмүүс. Ийм учраас Ардын Их Хурлын гишүүнд дээр дурьдсан үүргийг биелүүлэх чадвар, ухамсар, найдвартай хүний нэрийг дэвшүүлж сонгодог байхад онц анхаарах ёстой. Миний санал бол:

- АИХ аймаг, хот, сум, дүүрэг бүрээс сонгогдсон 450 орчим гишүүдээс бүрдэнэ. Сум бүрээс иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нэр дэвшиж сонгогдсон тус бүр нэг, Аймаг бүрээс иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нэр дэвшиж сонгогдсон 2-3, Нийслэлийн дүүргүүд, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нэр дэвшигдэж сонгогдсон 70 орчим хүн байхаар тооцоно. Сум, дүүрэг, аймаг, нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа хүмүүсээс АИХ-ын гишүүнд сонгогдсон хүмүүс аль болох олон байвал зохимжтой. Сум, дүүрэг, аймаг, хотдоо үнэлэгдэж АИХ-д иргэдийнхээ элч төлөөлөгч болсон хүмүүс сонгогчдын төлөөлөл бөгөөд Төрийн эрх барих дээд байгууллага АИХ-ын гишүүний хувьд Монгол Улсын хууль шийдвэрийг амьдралд нийцүүлж гаргах болон улс орон даяр хэрэгжүүлэх ажлыг манлайлан зохион байгуулах үүрэгтэй, боломжтой.

- Ардын Их Хурал, түүний гишүүдийг таван жилийн хугацаагаар сонгоно. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжүүдийн удирдлагыг таван жилийн хугацаагаар сонгодог, мөн Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжлийн дунд хугацааны бодлого төлөвлөөг таван жилээр зохиож хэрэгжүүлдэг болох асуудлыг шийдэх нь зүйтэй.

- АИХ-ын гүшүүнд сонгож болох хүний нэрийг тухайн сум, дүүрэг, аймаг, нийслэл дэх улс төрийн намуудаас гадна зарим мэрэгжлийн холбоод, олон нийтийн байгууллага, иргэд дэвшүүлэх эрхтэй байвал зохино.

- АИХ-ын гишүүнд нэр дэвшиж байгаа хүн Монгол Улс, монгол иргэдийн амьдрал ахуйг сайн мэддэг, эрдэм боловсролтой, ажил амьдралын арвин туршлагатай, ажилсаг, шударга хөдөлмөрөөр амьдардаг, авилга ашиглалын зэрэг гэмт хэрэгт холбогдож байгаагүй, монголын түүх, зан заншил өв соёлын мэдлэгтэй, хүний мөс чанар хүмүүжил зэргээр ард олонд үнэлэгдэж хүндлэгдсэн, төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсоноор хүлээх үүрэг хариуцлагаа ухамсарласан байх зэрэг шалгуурыг даасан байх ёстой.

Нэр дэвшсэн хүмүүс дотроос чухам хэнийг нэрсийн жагсаалтад үлдээн сонголтод оруулахыг тухайн сум дүүрэг болон тухайн аймаг хотын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хүн нэг бүрээр хэлэлцээд нууцаар санал хурааж шийддэг журам тогтоовол зөв. Нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцэх иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр хүнд, ажил амьдралын туршлагатай хүмүүс, залуучууд ахмадуудын төлөөлөл, эрдэмтэд, хөдөлмөрийн алдартан нарыг оролцуулна.

Ардын Их Хурлын удирдлага ба түүнийг сонгох журам.

АИХ-ын чуулганыг удирдан хуралдуулах дарга, хоёр орлогч байх бөгөөд тэд нарыг байнга, эсвэл ээлжээр ажиллуулах, яаж сонгохыг АИХ-ын тухай хуулиар зохицуулна.

Ардын Их Хуралын тэргүүлэгч нар АИХ-ын чуулганы хуралдаан хооронд түүний үүргийг гүйцэтгэж, ажлынхаа тайланг хуралдаа тавьдаг байна. АИХ-ын тэргүүлэгчдийн тоо 9-11 байх бөгөөд түүнийг төрийн албаны туршлагатай, өндөр боловсрол эрдэмтэй, улс ард түмний амьдрал ахуй, монгол зан заншил, өв соёл, улс үндэснийхээ түүх, олон улсын харилцаа дипломат ёс журмаар мэдлэгтэй, эдийн засаг санхүү техник технологийн салбарт ажилласан, хөгжлийн бодлого төлөвлөлтийн ажлын туршлагатай хүмүүсээс бүрдүүлсэн байна.

АИХ-ын тэргүүлэгчдийн дарга бөгөөд Монгол Улсын төрийн тэргүүнийг АИХ-аас сонгох журам, түүний эрх үүргийн хуваарийг тусгай хуулиар тодотгож тогтооно.

АИХ-ын тэргүүлэгчдийн дарга - Төрийн тэргүүн нь Монгол Улсаа гэсэн үзэл бодол, ариун сэтгэлтэй хүмүүсээр бүрдсэн АИХ-ын тэргүүлэгчидтэйгээ АИХ-ын хуралдааны чөлөө цагт түүний үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэн явуулж байх төрийн удирдлагын төв мөн. АИХ-ын тэргүүлэгчдийн газар байнгын ажиллагаатай байна.

Монгол Улсын Үндсэн Хуульд тусгагдвал зохих улс төрийн намын холбогдолтой заалт:

Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжлийн гол үзүүлэлтээр Урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал болон дунд хугацааны төлөвлөгөөнд тусгагдсан зорилтуудыг хүлээн зөвшөөрсөн, тэдгээр зорилтуудыг хэрэгжүүлэх тодорхой төсөл, арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж үйл ажиллагааныхаа хөтөлбөрт тусгаж хэрэгжүүлдэг, Нийслэл, аймаг, зарим сум дүүрэгт төлөөлөлтэй улс төрийн намыг үйл ажиллагаа явуулах, АИХ, УБХ-ын болон орон нутгийн сонгуульд оролцохыг зөвшөөрдөг байх тухай заалтыг Үндсэн хуульд тусгах хэрэгтэй.

Улс төрийн нам болгон дээрх шаардлагыг хангаж байгаа эсэхийг нарийн шалгаж бодит дүгнэлт гаргаж өгч байх үүргийг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн асуудлыг хариуцдаг төрийн захиргааны төв байгууллагад хүлээлгэх ёстой.Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд энэ чигээр өөрчлөлт оруулбал зохино.

Эдгээр нь Улс төрийн намыг өндөр үүрэг хариуцлагатай байлгах зорилготой санал юм. Улс төрийн нам Монгол Улсын төрийн эрхийг барих эрх мэдлийг хуулийн дагуу олж авах, оролцох зорилготой байгуулагддаг байх ёстой. Монгол Улсын нийгэм эдийн засгийг хөгжүүлэх ухаалаг бодлого төлөвлөгөө боловсруулсан, чадвартай боловсон хүчний нөөцтэй улс төрийн нам л үйл ажиллагаа явуулах боломжтой байх ёстой. Улс нийгмийн хөгжлийн асуудлаар мэдлэг хомс, боловсрол хүмүүжил ёс суртахуун тааруу этгээдүүд зөвхөн эрх мэдэл албан тушаалтай болж ашиглах завших сонирхолдоо Улс төрийн намын нэр ашиглах оролдлогыг таслан зогсоодог байх ёстой. Одоогийн гуч гаруй улс төрийн нам дотор улс орны биш, хэсэг хүний хувийн ашиг сонирхолоор эрх мэдэл албан тушаал олж авах гэж улайрагсад байдаг.

Бусад асуудал:

Төрийн тогтолцоог өөрчлөх, төрийн эрх мэдлийн хуваарилалтыг боловсронгуй болгох дээр дурьдсан зарчимын саналыг тусгаж Үндсэн Хуулийн холбогдох заалтуудад оруулах өөрчлөлтийн төслийг нарийвчлан боловсруулах, үг найруулгыг Үндсэн Хуулийн хэлбэрт оруулж бичих ажлын хэсэг байгуулахыг хүсч байна.

Үндсэн Хуульд оруулах өөрчлөлтийг ойрын 2-3 жилийн хугацаанд боловсруулж, 2023 онд багтааж шийдвэрлээд, 2024 оны сонгуулийг өөрчлөгдсөн Үндсэн хууль, Сонгуулийн хуулийн дагуу явуулах шийдвэр гаргахыг санал болгож байна. Манай улсын төрийн тогтолцоо эдгээр санал дагуу өөрчлөгдвөл төр төвтэй засаглал бүрдэж, төр ард түмний итгэлцэл бэхжинэ. Эв нэгдэлд, улс төрийн тогтвортой байдалд, үйлдвэрлэх хүчний хөгжилд тус хүргэх ач холбогдолтой.

Эрхэм та нөхдөд толилуулж байгаа эдгээр санал зөв эсэхийг шүүн хэлэлцэж шийдэхийг хүсье.Ард олны сонорт хүргэж санал бодлыг нь сонсох зорилгоор сонин хэвлэлд ярилцлага хэлбэрээр нийтлүүлэх бодолтой байгаа.

Хүндэтгэсэн,

Ерөнхий сайд асан, Гавьяат эдийн засагч

Алтан Чой овогт Думаагийн Содном

2021 – 01 – 20