Египетийн Аялал жуулчлалын сайд Мунир Абдель Нуртэй уулзаж байхад тэрээр Шармэш-Шейхийн талаар сонирхолтой мэдээлэл өгч байсан санагдана. Сайдын хэлснээр Египет нь хэд хэдэн төрлийн жуулчлалаар алдартай гэнэ. Үүнд түүх археологийн (пирамид, сфинкс, муми гэх мэт); далайн (Шармэл-Шейх, Хургада); байгалийн адал явдалт; говь цөлийн буюу Сафари аялал; ногоон аялал гэж байх. Шармэш-Шейх бол далайн, мөн байгалийн адал явдалт жуулчлалаараа алдартай газар ажээ.


Өмнөх нийтлэлд “Нов ногоон талд нь гольф цохиж байхад цэв цэнхэр тэнгэрт нь онгоц газардахаар уруудаж байлаа. Бараг толгой дээгүүр онгоц нисээд өнгөрөх шиг боллоо” гэж бичсэнийг нотлох өөр нэгэн зураг. Ажаад байвал цагт 4-6 онгоц гарцаагүй бууж байх шиг. Бидний буусан буудал дээгүүр газардах маршрут нь байх бололтой. Хөөрөх маршрут нь цаашаа уулс руугаа чиглэсэн юм билээ.


Жилийн 360 өдөр шувтан нарлаг байдаг нь жуулчдыг татах нэг нөхцөл нь, цэнгэг далайг нь бол ярилтгүй, жилдээ 10 сая жуулчин аваад 9 тэрбум ам.долларын ашиг олж байгаа нь чухам Шармэш-Шейхийн нэг гавьяа гэж дээрх сайд ярьж байв. Энэ тоо ойрын жилүүдэд 20 сая жуулчин, тэднээс орж ирэх орлого 25 тэрбум ам.долларт хүрэх аж.


Манайхнаар жишээлбэл Шармэш-Шейхийн нисэх онгоцны буудлын “Нисэхийн цагаан хаалга” энэ харагдаж байна. Хаалга ч биш л дээ. Гэхдээ олон улсын нисэх онгоцны буудал энд байна, хүндэт зочид минь тавтай морилон саат гэдгийг бичсэн хаалга, хана, том самбар аль ч улсын нийслэл, том хотуудад байдгийг би хэлж байна. Тэдгээрийн нэг нь энэ байна.


Энэ бол нисэх онгоцны буудлаас хот руу ордог хурдны зам. Хааяа нэг машин явж харагдахыг эс тооцвол эл хуль. Байгаль нь онгон зэрлэг, зарим талаар манай говийн аймгууд руу явдаг зам санаанд буухаар. Ер нь Каираас өмнөшөө, зүүншээ  хурдны замаар хурдалж явахад Дорноговь аймгийн газрын хөрс, дов толгод, нүцгэн уулс санаанд буудаг юм.


Зочид буудлууд руу хурдны замаас салж иймэрхүү хөшөө дурсгал тойроод цаашаа давхина. Зочид буудал болгон өөрийн гэсэн имижийг илтгэх, эсвэл түүхэн онцлогийг харуулсан хөшөө дурсгалыг замынхаа эхний уулзвар дээр босгожээ. Бидний буусан Maritim Jolie Ville Golf & Resort зочид буудлын гол гудамжны аман дээр гольфчины хөшөө байсныг би өмнөх нийтлэлдээ харуулсан. Энэ бол Sheraton, Hyatt зэрэг томхон буудлууд руу очдог замын аман дээрх хөшөө.


Энд өөр нэг буудал ийм сонин хөшөөг сэдсэн байна. Далайн морь гэдэг байх аа. Морин толгойт далайн амьтан. Энэ хүргээд хөшөө дурсгал, далай тэнгисийн яриагаа орхиё. Дараагийн зурагнаас үндсэн сэдэвтээ орно. Шармэл-Шейхэд дандаа нүцгэн жуулчид  цуглардаг бус дэлхийн 120 улс гишүүн нь болж байдаг олон улсын чухал форумын нээлтэд дэлхийн улс төрийн нэрт зүтгэлтнүүд, тухайлбал Хосни Мубарак, Рауль Кастро, Муаммар Каддафи, Роберт Мугабе, Аббас, Ким Ён Нам, Аль Башир, Бан Ки Мүн нар оролцож байснаас сэдэвлэн бичих гэж байна.


Шармэл-Шейхийн Олон улсын хурлын ордон хөл хөдөлгөөнтэй, харуул хамгаалалт нэн чанга байлаа. Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний Зохицуулах товчооны ахлах албан тушаалтны ба Сайд нарын уулзалт энэ 5 дугаар сарын 6–10-нд тэнд болж өнгөрлөө. Уулзалтад тус хөдөлгөөний гишүүн 120 орны төлөөлөгчид оролцож, “Шармэл-Шейхийн Төгсгөлийн баримт бичиг”, “Африкийн үндэсний конгрессын 50 жилийн ойн Тунхаглал”, “Палестиний улс төрийн хоригдлуудын тухай Тунхаглал”-ыг хэлэлцэж баталлаа.


Эл уулзалтад манай улсаас ГХЯ-ны Олон улсын байгууллагын газрын захирал хатагтай С.Онон тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо. Манай улс хөгжиж байгаа орнуудтай найрсаг харилцаатай байж, нийтлэг зорилтоо шийдвэрлэх үүднээс Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн, “77”-гийн бүлэг, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бүлгийн хүрээнд хамтран ажиллаж ирсэн билээ. Түүний үргэлжлэл саяхан Шармэл-Шейхэд тохиолоо.


Каир дахь манай Элчин сайдын яамны консулын ажилтан Б.Нямдаваг бид дөрөв эх орноо төлөөлөн энэ хуралд оролцлоо. Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн бол өөрийн гишүүн хөгжиж буй 120 улсын ашиг сонирхлыг төлөөлж, хамгаалахад чиглэсэн улс төрийн хамтын ажиллагааны гол механизм юм.


Энэ бол 2009 оны зураг. Мөн л Шармэл-Шейхийн Олон улсын хурлын ордны гадна талын талбайд Шадар сайд М.Энхболд тэргүүтэй Монголын төлөөлөгчид зогсож байна.Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний дээд хэмжээний XV уулзалт Шармэл-Шейх хотноо тэр үед болсон юм.


Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний дээд хэмжээний XV уулзалтын өмнөх 4 өдөр нь явагдсан ахлах албан тушаалтны ба Сайд нарын уулзалтад би Элчин сайдын хувиар улсаа төлөөлөн оролцож байв. Хөгжиж байгаа орнуудын өмнө тулгарч байгаа нийтлэг асуудлуудаар өөр хоорондоо болон өрнийн орнуудтай хамтарч ажиллах, гадаад бодлогын бие даасан байдлыг бататгах, олон улсын байр суурийг нь бэхжүүлэхэд Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн ач холбогдолтой хэвээр байгааг тэр уулзалт олон талаас нь тайлбарлан таниулж нотолж өгсөн билээ.


2009 оны тэр зун, дээд хэмжээний тэрхүү уулзалтад хөдөлгөөний гишүүн 80 гаруй улсын төр, засгийн тэргүүн, 30 орчим улсын Дэд ерөнхийлөгч, Угсаа залгамжлагч ханхүү, Ерөнхий сайдын орлогч болон Гадаад хэргийн сайд, мөн Элчин сайд нар оролцжээ. Мөн 18 улс, 9 байгууллага ажиглагчаар, 30 улс, 26 байгууллага зочноор оролцож байлаа. Шадар сайд М.Энхболд дээд хэмжээний уулзалтын ерөнхий санал шүүмжлэлд үг хэлж, Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний эрхэмлэдэг үзэл санаа, зарчмуудыг Монгол Улс тууштай дэмжиж байгааг нотолж, үйл ажиллагааг нь эрчимжүүлэх асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлсэн юм.


Манай улс Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний зорилго, зарчмуудыг хүндэтгэн олон улсын харилцаанд  гүйцэтгэх үүрэг ролийг нь бэхжүүлэх талаар гишүүн бусад орноос гаргаж буй хүч чармайлтыг дэмжиж, хамтран ажиллаж ирсний илэрхийлэл болгожэнэ удаа, 2012 онд төлөөлөгчдийн тэргүүн ГХЯ-ны газрын захирал хатагтай С.Онон үг хэллээ. Хөдөлгөөний үйл ажиллагааг эрчимжүүлэх, түүнийг хөгжиж буй орнуудын улс төр, аюулгүй байдлын нийтлэг эрх ашгийг тууштай хамгаалах, тулгамдсан асуудлыг шийдэх эерэг улс төрийн хүч болгон төлөвшүүлэх, Монгол Улсын цөмийн зэвсэггүй статус, Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн байдал, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн үйл ажиллагаа, нүүдэлчдийн иргэншил соёлыг хамгаалах зэрэг асуудлаар байр сууриа ийнхүү илэрхийллээ.


Гадаа +35 хэм, дотор +19 хэм, даармаар. Хурлын ордны дотроос гадагшаа тольдлоо. Бид дулаацах гэж, нарны илчинд ээх гэж гадагш гарч байлаа. Манай төрийн далбаа тэр цаана Шармэш-Шейхийн хөх тэнгэрт намирч байна.


Ер нь манай улс гадаад бодлогын зорилтуудаа урагшлуулахад Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний зүгээс дэмжлэг туслалцаа авч ирсэн. Тухайлбал, цөмийн зэвсэггүй статусаа бататган бэхжүүлэх, далайд гарцгүй орны хувьд хөгжиж буй ижил байршилтай орнуудын байр суурийг урагшлуулах чиглэлээр холбогдох заалтуудыг дээд болон бусад хэмжээний хурлын төгсгөлийн баримт бичгүүдэд тусгаж, хамтран ажиллаж ирсэн билээ.


Миний бие Монгол Улсаас ЛБНИУ-д хавсран суугаа Элчин сайдын хувиар Ираны Гадаад хэргийн сайд Аль-Акбар Салейхтэй найрсгаар уулзаж ярилцлаа. Хоёр талын харилцааг хөгжүүлэх, Тегеранд болох Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний дээд хэмжээний дараагийн XVI уулзалтад амжилттай оролцох гээд ярьж хөөрөх асуудал бишгүй байлаа.


Энэ бол 2009 оны зураг. ЛБНИУ-д хавсран суугаа Элчин сайдын хувиар Ираны Гадаад хэргийн сайд Манучехр Моттакитай мөн тэр танхимд уулзаж байна. Перс хэл, соёл, түүх архивын чиглэлээр монгол оюутнуудад их сургуулийн тэтгэлэг хүсч байгаагаа би энэ үеэр илэрхийлж, хүсэлтийг маань тэд хүлээн авч байгаагаа хариу илэрхийлж байв.


Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний дээд хэмжээний уулзалтуудад манай улс 2003 оноос дээд хэмжээнд төлөөлөгчөө оролцуулж байна.Куала-Лумпур хотноо 2003 онд болсонгишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарын XIII  уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд, 2005 онд Жакарта хотноо болсон Ази, Африкийн дээд хэмжээний уулзалт, Бандунгийн бага хурлын 50 жилийн ойн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, 2006 онд Гавана хотноо болсон төр, засгийн тэргүүн нарын XIV  уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч, 2009 онд энд Шадар сайд оролцжээ.


Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний ахлах албан тушаалтны уулзалт хоёр салбар хорооны (улс төрийн, эдийн засаг-нийгмийн) хурлаар үргэлжлэв. Эдийн засаг-нийгмийн хорооны хуралд улсаа төлөөлөн оролцсон ГХЯ-ны зөвлөх П.Гансүх, манай Б.Нямдаваг бид гурав хурлын үеэр. Манай төлөөлөгчид олон улсын санхүү, эдийн засгийн хямралаас сэргийлэх, сөрөг нөлөөг нь сааруулахад Монгол Улсын Засгийн газраас авч буй арга хэмжээний талаар мэдээлж,  НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас баталсан “Эх дэлхийн олон улсын өдөр зарлах тухай” тогтоолыг эш татан, нүүдэлчдийн соёл, уламжлалыг орчин үед хадгалан хөгжүүлэх, байгаль дэлхийтэйгээ эв зохицолтой амьдрах хэв маягийг дэлгэрүүлэхэд олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг хандуулах, хувь нэмрээ оруулах үүднээс өргөн хүрээтэй арга хэмжээ зохион байгуулахыг гишүүн орнууддаа бид уриалав.


Шармэл-Шейхийн Олон улсын хурлын энэ томордон4 өдрийн турш өглөөнөөс үдшийн бүрий хүртэл хөл хөдөлгөөнд дарагдаж байлаа. Сири дэх дотоодын хямрал, иргэний дайны асуудлаар, мөн Нагорно-Карабахын асуудлаар холбогдох талууд ширүүхэн маргаж мэтгэлцэн ихээхэн цаг авч байв.


Ардчилсан шилжилтийн үеийн Египет олон улсын энэ чухал хурлыг зохион байгууллаа. Каирт хэдэн өдөр ширүүн мөргөлдөөн болж олон хүний цус урссан, Синайн хойгт зэвсэгт дээрэмчид террористууд идэвхжсэн (Египетийн талын өөрсдийнх нь мэдээлэл) зэргээс үүдэн аюулгүй байдлыг дээд зэргээр сахиулж, нэг үгээр бол дэлхийн 120 гаруй улсын төлөөлөгчид бид “бууны гохон дор” хуралдлаа.


2006–2009 онд Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөнийдаргаар ажилласан Кубын даргалагч улсын үүргийг Египетийн талд 2009 онд энд Шарм эл-Шейхэд албан ёсоор шилжүүлсэн бол 2012 оны намар болох дараагийн XVI дээд хэмжээний уулзалтыг ЛБНИУ-д зохион байгуулж, Иран дараагийн даргалагч улс болох юм.


Ер нь түүх сөхвөл АБНЕУнь Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөнийдаргаар хоёрудаа ажиллаж байна. Элхөдөлгөөний дээд хэмжээний 2 дугаар уулзалт 1964 онд Каир хотод болж байжээ.


Энэ удаагийн уулзалтад үг хэлсэн нийт төлөөлөгчид дэлхийг хамарсан санхүү, эдийн засгийн хямрал, түүний үр дагавар, эдийн засгийн хөгжил, нийгмийн дэвшилд учирч буй хүндрэл зэрэг олон улсын харилцааны тулгамдсан асуудлуудаар өөрсдийн байр суурийг илэн далангүй илэрхийлж байв.


Сайд нарын чөлөөт хэлэлцүүлэгт тэр өдөр нийт 90 улсын төлөөлөгч бүртгэгдсэнээс манай улс 40 дүгээрт бичигдсэн, үг хэлсэн төлөөлөгчид цагаа барихгүй байснаас манай төлөөлөгчийн үг хэлэх хугацаа хойшилж Каир руу буцах нислэгтэй давхцахаар байсныг бид Египетийн Гадаад хэргийн сайд, хурлын дарга нартай ярилцан байж зохицуулав. Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний гүйцэтгэх үүрэг, ач холбогдол улам бүр өсөн нэмэгдэж байгааг хурлын нийт төлөөлөгчид нийтээр цохон тэмдэглэж, түүнийг хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалдаг улс төрийн гол хүчин хэмээн хүлээн зөвшөөрч байлаа.