Төрийн “хар” хүн
Ардчилсан Монгол Улсын шударга иргэдийн дотроос ардчиллын үр шимийг жинхэнэ утгаар нь хүртэж яваа хүнийг нэрлэ гэвэл Ц.Даваасүрэн гуайг давын өмнө нэрлэж болохоор байна.
Яамны хүн
Ардчилсан хувьсгалын үед шинэхэн төгсөж ирсэн автоматикийн инженер Ц.Даваасүрэн Төвийн эрчим хүчний системд ажиллаж байв. Харин нийгэм эргэснээс хэдэн жилийн дараа тэр Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийг Бизнесийн удирдлагийн менежер мэргэжлээр төгсчээ. Эдийн засгийн чиглэлээр мэргэжил эзэмшүүтээ тэрээр Сангийн яамны Валютын харилцааны газарт мэргэжилтнээр оржээ. Үүнээс хойш Сангийн яамны хэд хэдэн чухал газруудыг дараалан удирдаж, Н.Энхбаяр Ерөнхий сайдын кабинетэд Төрийн сангийн газрын даргаар ажилласан байна. Үүний дараа хамтарсан Засгийн газрын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд Санхүү эдийн засгийн газрын даргаар ажилласаар 2008 онтой золгосон. 10 жил үргэлжилсэн Газрын даргын карьертаа тэрээр 2008 онд огцом өөрчлөлт оруулсан нь УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлсэн явдал байв.
“Тендер” Ц.Даваасүрэн
Сангийн яам болон Боловсролын яаманд ажиллаж байхдаа Ц.Даваасүрэн цөөнгүй олон тендерийн комисст ажиллаж байсан. Ер нь тэрээр ухамсарт амьдралынхаа 10 гаруй жилийг Монгол төрийн тендерийг шударга, шуурхай болгоход зориулсан гэхэд буруудахгүй. Ямар сайндаа л “Тендер” Ц.Даваасүрэн гэж хочтой болохов. Ч.Улаан сайдын удирдлагад ажиллаж байх үе буюу 2000-аад оноос түүнийг “10 хувийн Ц.Даваасүрэн” гэсэн хоч ч бас дагадаг байсан нь өдгөө мартагджээ.
Төрийн “хар” хүний бизнес
Малын эм тариа оруулж ирж худалдаалдаг “Цолмон хээр” дэлгүүрийн 50 хувь нь Ц.Даваасүрэн сайдынх ажээ. Мөн 50 хувийг нь эзэмшдэг “Өег мебель” компани нь Боловсролын яаманд тавилга сэлтийг хариуцлагатайгаар нийлүүлж байсан билээ. АТГ-д өгсөн ХОМ-ээс нь харахад “Ээж мадам” эмэгтэйчүүдийн эмнэлгийн эзэн ажээ.
Популист улстөрч
Түүнийг уг нь МСДН-ын гишүүн байсан. Нам нь нүд анихтай уралдан МАН-д дагаар орсон гэсэн хов байдаг ч нэгэнт 20 гаруй жил өнгөрчихөөд байхад энэ төдий л чухал биш. Угаасаа Монголд газрын даргаас дээших төрийн албан хаагч ажилтайгаа үлдье гэвэл эрх баригч намыг дагахаас ч аргагүй. 2008 онд төрсөн нутаг Хөвсгөл аймгаасаа УИХ-д сонгогдсон Ц.Даваасүрэн гишүүн парламентад шинэков царайлж суусангүй. Төрийн албаны туршлагатай хүн гэдэг нь төсвийн хэлэлцүүлэг зэрэг дээр тодорхой харагддаг байлаа. Энэ үед тэрээр Оюутолгойн гэрээн дээр эсрэг байр суурь баримталж, Б.Бат-Эрдэнэ, Д.Ганхуяг нарын гишүүдтэй холбоолон эх орончийн дүрд тоглосон. Тэрээр одоо ч энэ байр суурь дээрээ зогсдог. “Үндэсний шуудан” сонинд саявтархан өгсөн ярилцлагадаа тэрээр, “ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ ХИЙСЭН ХҮМҮҮС МОНГОЛД АМЬДРАХАД Ч ХҮНД БОЛНО” гэсэн хурц байр суурь илэрхийлжээ.
Бие даагчийн нүүдэл
2012 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламентын анхны хуралдаанд МАН-ын гишүүд сурсан зангаараа бойкот хийж орж ирээгүй. Энэ үед Хөвсгөл аймгаас бие даан нэр дэвшсэн Ц.Даваасүрэн чуулганы танхимд орж ирэхэд АН-ын гишүүд алга ташин угтаж билээ. АН-ынхыг ийн баярлуулсныхаа хишгийг Ц.Даваасүрэн гишүүн чамгүй хүртсэн. ИНЕГ-аас эхлээд одоо ч шуугиан нь замхраагүй асуудлууд бий. Ямар сайндаа л хэлэмгий доломгой Ц.Нямдорж гишүүн тэр үед “Бие даагчдын бүлэг гэж биеэ үнэлэгчдийн бүлэг” гэж хэлж байхав.
Сонгогчдын захиалга
2016 оны сонгуулийн өмнө Ц.Даваасүрэн МАН-даа эргэн ирэв. Үүнээс өмнөхөн тэрээр МАН-д эргэн очих эсэхээ сонгогчдоосоо асууна, “Тэд намаас дэвш гэвэл дэвшинэ. Хэрэггүй гэж үзвэл албагүй” хэмээн ярьж байв. Ц.Даваасүрэн гишүүн энэ талаар Хөвсгөлчүүдээс санал асуулга авсан тухай мэдээлэл үгүй. Ямартай ч эрхэм гишүүн МАН-даа эргэн ирээд зогсохгүй, Намын удирдах зөвлөлд сонгогдож, Хөвсгөлийн тойргоо ч эргүүлэн авч чадсан.
Гялалзаж яваа хүн
Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагах операцид оролцсон хамгийн туршлагатай гишүүн бол Ц.Даваасүрэн байв. Энэ хөдөлмөрийнхөө үр шимийг ч үзэж У.Хүрэлсүхийн Засгийн газарт Эрчим хүчний сайдаар томилогдов. Ийнхүү тэрээр Монгол Улсын Засгийн газарт мэргэжилтнээс нь сайд хүртэл хийж үзсэн ховор амжилтын эзэн болов. Саявтар тэрээр өөрийн зангаргаа зах зухаас нь мэдрүүлж, МАН-ын нэрэн дээр гарсан хатиг болчихоод буй Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугарын бүрэн эрхийн хугацаа дуусангуут АТГ-т хандан шалгуулахаа мэдэгдлээ. Энэ зөвхөн Д.Сугарт хаягласан дайралт биш гэдэг нь тодорхой. Яг одоогоор бол намынхаа УЗ-ийн гишүүн, давхар дээлтэн гээд Ц.Даваасүрэнгийн улс төрийн замнал ид гялалзаж байна. Ардчилсан Монгол Улсын шударга иргэдийн дотроос ардчиллын үр шимийг жинхэнэ утгаар нь хүртэж яваа хүнийг нэрлэ гэвэл Ц.Даваасүрэн гуайг давын өмнө нэрлэж болохоор байна.
Тоймч Я.Баяраа
Үндэстний ТОЙМ №362
Иргэн хүн байнаа
Зочин
зочин
Зочин
Даваасүрэн
Зочин
Зочин
эрдэнэ