Баатар эр үхэхийн тулд төрдөг...
“Махабхарата” хөлгөн туульсаас


Баярцагааны Баатар хэмээх хүний тухай би үнэндээ юу бичиж чадах билээ. Түүнтэй театрын дотоод хяналтын хуралд нэг удаа хамт сууснаас өөрөөр нэг үг ч сольж байсангүй. 

“Уул хэчнээн цэнхэртэнэ,
Төчнөөн хол.
Хэдий чинээ гэрэлтэнэ,
Төдий чинээ хүйтэн”
хэмээх Г.Аюурзана найрагчийн мөрүүд түүнийг санагдуулна. Тэр бол над мэтийн залуусын хувьд холын том уул байв.

Холоос бараадаж явсан тэр уул мэт хүний тухай хоёр гурван үг цээжинд гэвч үлдсэн л байна.


“Амин сүнс”-ийг нээгч

2015 онд найруулагч Н.Болд Монголд орчуулагдсан жүжгийн зохиолууд болон монгол жүжгийн зохиолуудыг эмхэтгэн 11 боть ном хэвлүүлж, асар буянтай ажил хийсэн билээ. Тэрхүү 11 ботийн урд Монголын театрын зүтгэлтнүүд драмын урлаг, жүжгийн зохиолын тухай айхтар мэргэн цэцэн үгс хэлсэн нь бичээтэй бий. Тэдгээр цэцэн мэргэн үгсийн дотор “Хүмүүсийн амьдралыг өөрчилж байгаа тэр мөчийг жүжгийн зохиолын амин сүнс гэнэ” хэмээх даруухан ганц өгүүлбэр бий. Энэ бол Б.Баатар найруулагчийн үг юм. Үнэндээ драмын мөн чанар гэдэг “хүмүүсийн амьдрал өөрчлөгдөж байгаа мөч” юм. Дүр нь ямар ч өөрчлөлт туулдаггүй, эсхүл тэр өөрчлөлт нь хэт зохиомол байгаа бол жүжгийн зохиол амин сүнсгүй гэсэн санаа л даа. Гэхдээ хэчнээн сайн зохиол байлаа гээд түүний амин сүнсийг нээж олно гэдэг бэрх ажил. Үнэндээ жүжгийн зохиол унших шиг үйлтэй, уйтгартай ажил ховор. Роман, яруу найргаас тэс өмнөө ажлын хар материалтай харьцаж байгаа хэрэг шүү дээ. 

1995 оны “Ил товчоо” сонинд нэг айхтар магтаал бий. Харамсалтай нь сонины зах сэмрээд сэтгүүлчийн нэр баларчээ. Тэнд өгүүлэх нь, “Найруулагч хүн зохиолчоо мэдрэх гэдэг аугаа юм. Тэр дундаа жирийн найруулагч байтугай, найрагчид ч, найзууд нь таньж чадаагүй Д.Урианхайг ойлгож мэдэрнэ гэхэд бэрх”. Энэ бол Д.Урианхайн зохиол “Хүн бүгд-Би” жүжгийн Б.Баатар найруулагч хэрхэн тайзнаа тавьсан тухай шүүмжийн хэсэг.

“Би уг нь олон жүжиг бичсэн л дээ. Даан ч манайхан ойлгодоггүй, тоож тавьдаггүй” гэж амьдралдаа ганц гомдлын үг унагаж үзсэн Д.Урианхайн бах тавыг Б.Баатар энэ жүжгээрээ чухам нэг хангасан гэх.

Хожим 2001 онд Б.Баатар амьдралынхаа хамгийн чухал жүжгүүдийн нэгийг тавьсан нь А.П.Чеховын “Цахлай” юм. А.П.Чехов шиг алдартай хэрнээ, адармаатай жүжигтэй зохиолч ховор. Чин үнэнийг хэлэхэд манайд цөөнгүй найруулагч түүний жүжгүүдийг огтоос ойлгоогүй хэрнээ нэрэнд нь болоод тавьж байгаа нь харагддаг. Энэ нь ч аргагүй. Олонд алдартай “Интоорын цэцэрлэг”-ийг уншсан жүжгийн зохиолчийн ангийн оюутнуудтай хэлэлцэхэд хүн бүр жүжгийн оргил хэсгийг өөр өөр үзэгдэл дээр харсан байдаг. Бүр жүжгийн нэвтрэх шугам, үндсэн зөрчлийг маш олон янзаар тайлбарлахыг оролдоно. Энэ олон талт нөхцөлд магадгүй А.П.Чеховын суут чанар оршдог биз. Гэтэл Монголд Чеховыг хар залуудаа бичсэн хэдэн ёгт өгүүллэгүүдийнх нь хэмжээнд баримжаалан тавьсаар л байгаа. Хөөрхий Чехов. Гэтэл өнөөх гайхал Б.Баатар нь шинэ зууны эхний онд А.П.Чеховыг тавьж, баахан шагнал, магтаал түүв. Үнэндээ монголчууд Б.Баатарын “Цахлай” шиг хүнд өгүүлэмж бүхий, ойлгомжгүй жүжигтэй ховор таарсан байх. Гүн ухаантан Д.Урианхай энэ талаар алд дэлэм шүүмж бичсэн нь УДЭТ-ын 80 жилийн ойн номонд оржээ. Тэр шүүмжид ийм хэдэн өгүүлбэр бий: 

“Анхны сэтгэгдлээр найруулагчийн стиль нэг л буруу санагдаад байсан. Юу гэвэл жүжгийн найруулгын шугам, шийдэл ерөөсөө А.П.Чеховт тохирох бус харин Н.В.Гоголийн бүтээлд ( Жишээлбэл, “Байцаагч түшмэл”, “Амьгүй албат” гэх мэт) илүү дүйх юм шиг бодогдоод байсан. Гэтэл Б.Баатарын найруулга, зориудын “гажилт” “Цахлай”-г үзээд дууссаны дараа их зөв юм шиг санагдаад явчихсан. Эмгэнэл, инээдэм хоёр ерөөсөө нэг тэрэгний хоёр дугуй, цахилгаан соронзон орны хуваагдал бүгд дээрх нэмэх (+), хасах (-) туулиуд шиг хам шинжит хүний амьдралын үзэгдэл ч байж мэдэх юм. Тэгэхээр эмгэнэлийг инээдмээр, хөнгөн хошигнолоор дамжуулан гаргах нь үзэгчдэд хүргэх А.П.Чеховын далд гуниг, сэтгэлийн эмзэглэл, Оросын нийгмийн харанхуйг шүүмжилсэн уран сайхны философийг таниулахад дөт зам гэж үзсэн нь стилийн алдаа биш олз мэт ойлгогдоод явчихсан...”.

Найруулагч Б.Баатар харин өөрөө, “Залуус” хэмээх сонинд ийм сонин прадокс айлджээ:

“...Зохиолд тусгагдсан олон юмнаас би зугатсан. Тайзан дээр худлаа тавьж байж энэ нь зрителд үнэн бууж ирээд байгаа юм...”

Б.Баатар найруулагч тайзан дээр олон удаа “худлаа тавьсан” даа. Гэхдээ энэ нь үзэгчдэд хачин үнэмшилтэй, тайзны харанхуй мухарт суугаа алсуур холын бодолтой хүнтэй ярилцаад байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлдэг байв.


Б.Баатарын бэлэгдлийн театр

2016 онд Хүүхэлдэйн театрт Б.Баатар найруулагчийн тавьсан “Монгол ардын суут” гэж аль ч аймгийн театрт зөөж аваачаад тоглуулчихаж болмоор төсөрхөн жүжиг байна. Их найрагч Д.Нацагдоржийн амьдралын сүүлийн шөнийг хүүрнэх төсөрхөн шугам дээр зохиолч Ц.Хулангийн нийгмийг бүрхсэн оюуны хоосролын эсрэг зориудаар хурцлан бичсэн, сонин нийтлэлийн санаануудыг овоолж орхисноос жүжгийн зохиолыг хавьгүй ярвигтай, үнэмшил муутай болгосон. Эл жүжгийг Б.Баатар найруулагч тайз руу хөрвүүлэхдээ маш минималист арга барилаар ажиллажээ.

Ер нь түүний гарын үсэг бол минимализм гээд хэлчихэд нэг их буруудахгүй. “Цахлай” дээр ч, “Кихот ноён” дээр ч, “Ану хатан” дээр ч, “Монгол ардын суут” дээр ч Б.Баатар найруулагч минималист зарчимд бүх шийдлээ зангидсан. Минимализм ч гэж дээ, А.П.Чеховын “Эмгэнэлт жүжгийн тайзны хананд байгаа буу ямар ч байсан дуугарах ёстой” гэсэн зарчмыг л мөрдөхийг хичээж байгаа нь тэр шүү дээ.

“Монгол ардын суут” жүжгийн эхэнд Д.Нацагдорж өөрийг нь авч явахаар ирсэн үхэл буюу “Хар хүн”-тэй биеэр учирна. Нэгэн шаналгаат шөнийн турш үхэл нь түүнийг мөрдөн дагана. Хэзээ л их зохиолчийг маань үхэл аваад явах бол гэж хүлээж суусан үзэгчдийн хувьд жүжгийн туйл буюу эргэлтийн цэг тааварлахааргүй байв. Төгсгөл хэсэгт Хар хүний зүгээс Д.Нацагдоржид анх учрахдаа л амийг нь авсанаа мэдэгдэх ба жүжгийн турш гол дүр, үзэгчдийн хамт бэдэрч туулсан бүхэн түүний амьдралын замналыг ёгтлон харуулсан тохиолдлууд болох нь үзэгчдэд тодорхой болно. Зохиолч Ц.Хулангийн бичсэн, унших явцад бол тун энгийн санагдах эргэлтийг Б.Баатар найруулагч ухаалгаар шийдэж, үзэгчдийг гайхашруулж чадсан.

Ганц аяган дээр туссан ташуу гэрэл хэчнээн ихийг өгүүлж болдгийг, зохиолч найруулагчийн ойлголцол драмд ямар чухлыг, бага тайзнаас том санааг хэрхэн чулуудаж болохыг,

Б.Баатар найруулагчийн жүжгийнхээ алхам бүрийг нь яв цав тооцоолж, жижиг хэрэглэлдээ хүртэл бэлгэдэл шингээхийг хичээдэг “метафорлог” чанарыг “Монгол ардын суут” жүжгээс хялбаршуулсан хувилбараар нь тодорхой харчихаж болно. 

Тээр жилийн “Гэгээн муза”-гаар Б.Баатар найруулагч жүжигчин, загвар өмсөгч Н.Оргилд айхавтар “долигонож” билээ.

Хүмүүс Б.Баатар найруулагч яаж байгаа нь энэ вэ гэж хачирхацгааж л байсан. Олон жил бодож, дотроо өрсөн “Кихот ноён” жүжгийг тавих санхүүжилтээ тухайн үеийн Соёлын яамны газрын дарга байсан жүжигчин Н.Оргилоор дэмжүүлчихээд л тэгтлээ баярлаж, сэтгэлийн үг дэлгэж байсныг хожим нь л хүмүүс ойлгосон.

“Кихот ноён” жүжгээс асар нүсэр гүйцэтгэл хүлээж байсан үзэгчид гонсгор гэртээ харьсан нь лав. Энэ жүжиг тавигдсан цаг үе бол Ч.Түвшин найруулагчийн “Эдип хаан”-ыг эс тооцвол найруулагч Н.Наранбаатарын асар нүсэр гүйцэтгэл, тайзтай “Гамлет”, “Ромео Жульетта”, “Тэнгэрийн хүү” зэрэг жүжгүүд театрын чиг хандлагыг тодорхойлж байсан үе л дээ. Гэтэл 35 дүртэй “Кихот ноён” хэмээх том жүжгийг Б.Баатар тун төсөрхөн тавьж орхив.

Ламанчийн Кихот ноён ном унасаар тайзан дээр гарч ирсэн мөчийг монгол үзэгчид хэсэгтээ мартахгүй биз ээ.

Кихот ноёнд олны мэдэх Хасар Жагаа, Пансын Санчод Г.Амгаланбаатар нар “зүгээр л наадав”. Дүрээ онож сонгох гэдэг чухам энэ юм. Б.Жаргалсайхан дэлгэцнээс эрэлхэг баатар, төгс эр хүний дүрд хувирч харагддаг болов ч тайзан дээр яагаад ч юм инээдмийн жүжигчнийг санагдуулаад байдаг онцлогтой жүжигчин. Нас ахиж, хөдөлгөөн нь удаашрах тусмаа энэ чанар нь улам тодорч байгааг Ульям Шекспирийн “Гамлет” жүжгийн Полони, эсвэл “Эсрэг дурлал” жүжгийн хааны догшин дүрд гарч ирэхэд нь инээлдээд байгаа үзэгчдийн хандлагаас бэлээхнээ харчихад болно. Найруулагч Б.Баатар жүжигчний энэ чанарыг гярхай анзаарсан. Гэхдээ эсрэг нь бас эмгэнэлт жүжигтээ хэрхэн ашиглахаа ч тооцоолчихоод байв.

“Кихот ноён” жүжгийн ээлжит тавилтын дараа үзэгчидтэй хийсэн уулзалтын үеэр тэрээр Ульям Шекспирийн “Лир ван” жүжгийг тайзнаа тавихаар төлөвлөж буйгаа хэлээд, Б.Жаргалсайханыг “Лир ван”-д онилсноо зарласан юм.


Манай үеийн баатар

Б.Баатар бол дутуухан, гуцуухан, дундууртаа сэтгэл нь ханасан манай цаг үеийн, манай урлагийн баатар байлаа. Үүний гэрч нь эхлэлээсээ төгсгөл хүртэл бүхий л алхам, эргэлтийг нь яв цав тооцоолсон, үйлдэл бүхэн нь зорилгод зангидагдаж, зорилго бүхэн нь тайлалаа хурцалсан түүний жүжгүүд. 

“Өнөөдөр дэлхий даяаршиж байна гэж байна. Бүх юм уусаад алга болоход урлаг л Монголыг авч үлдэнэ” гэж тэр ярьдаг байлаа. Түүний амьдрал товчхондоо урлаглаг шийдлийн төлөөх эрэл хайгуулууд байжээ. 

ЮНЕСКО-гийн театрын хорооны даргаар насан турхруу ажилласан, театрын домогт найруулагч, Станиславский, Мейерхольд нарын системийг орчин үед судлан дэлгэрүүлсэн инжаануудын нэг Питер Брук “Хоосон орон зай” хэмээх ном бичсэн нь театрын ертөнцийн тухай хамгийн алдартай эх бүтээлүүдийн нэг билээ. Уг номдоо ноён Брук театрыг амьгүй театр, ариун театр, бүдүүн бааз театр, нэг тийм театр хэмээн ангилсан нь чин үнэндээ урлагийн бусад салбарын ч хөгжил, төлөвийг жинлэж үзсэн мэт санагддаг юм. 

“Хоосон орон зай” номонд ичиж улаймаар нэг өгүүлбэр бий: “Хүмүүс үзчихээд “амьдралд өдөр тутам тохиолддогоос юуг нь илүү гэх вэ” гэдэгт хариу эрж, бас “соёлтой хүн” болж харагдах гэхдээ гадаад өнгө үзэмжийн талаар хольж хутган домоглож, дотоод агуулгын хувьд санаа бодлоо илэрхийлэхгүй байхыг илүүд үзээд байгаа учраас амьгүй театр амьдарч, дулихан жүжиг ч амжилт оллоо хэмээн өөрсдийгөө эмгэнэлтэйгээр хөөргөн хуурч амь зогоох боломж нээгдээд байна”. Энэ өгүүлбэрийг уншаад миний нүүр улайх шиг болж билээ. Учир нь яг л ийм байдал өнөөдөр манай урлагт, ялангуяа тайз, дэлгэцийн урлагт нүүрлэчихээд байна. 

Б.Баатарыг “Гэгээн муза” цомоо мартаад явчихсан талаар шуугиж байлаа. Түүнд хүртэх шагнал нь биш, бүтээх үйл явцаас авдаг таашаал нь чухал байсан. Үнэндээ уран бүтээлч бүхэн ингэж ярьдаг ч, үйлдэл нь эсрэгээр байх нь олонтаа. Б.Баатар найруулагч Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоосоо татгалзсан.

2009 онд хийсэн хэвлэлийн хурлын үеэр тэрбээр, “Дуртай бүхэн гавьяат авдаг болчихсонд урлагийн үнэлэмж, уран бүтээлчдийн нэр төрийн өмнөөс эмзэглэж эсэргүүцэл илэрхийлж” буйгаа мэдэгдсэн.

Б.Баатар найруулагчийг нэг ийм адайр хүн байсан гэж хэн хүнгүй мэднэ. УДЭТ-ын Ерөнхий найруулагч байхдаа, “Драмд хэн дарлуулаад байгаа юм, тэр хүн нь гарч ирээд үгээ хэл” гэж өдөр тутмын сониноор данхалзаж байсан хүнтэй юу ярихав. Гэхдээ түүний энэ адайрлалын цаана бидний залхаг байдлаас залхсан их уцаар нуугдаж байсныг үгүй болсон хойно нь үнэндээ ухаарцгааж эхэлж байна.

Дутуу сэтгэл, зэлгээн итгэл, бүтэн шуналаар урлаг бүтээх гэж оролдож, юмны дөр суучих гэж зүдэж яваа дүү нарынхаа хувьд Б.Баатар найруулагч ийм л нэг холын уул байлаа.


Эмгэнэл

Б.Баатар найруулагч уг нь Донровын Намдагийн “Хөгшин чоно ульсан нь” туужаар кино хийсэн. Д.Намдаг гуайн шавь Дарамын Батбаяр зохиолчоор кино зохиолыг бичүүлж, кино үйлдвэрийн Цэдэн-Иш гуайгаар чоныг нь бэлдүүлж, Угтаалд зургийг нь авсан уг киноны ажил ивээн тэтгэгч компанийх нь захирал солигдсоны улмаас зогсчээ. “Одоо киноны хальс лабораторид байгаа. Уг нь зураг нэмж авахгүй болохоор жаахан юм хийхэд л болчих кино бий” хэмээн тэрээр “Өдрийн сонин”-д ярьж байв. Б.Баатар найруулагч “Лир ван”-г тавина гэж ярьдаг байв. Гэвч хийж амжсангүй. Б.Баатар найруулагч Лев Толстойн зохиолоос сэдэвлэсэн “Адууны түүх” жүжиг дээрээ бүтэн ажиллаж чадаагүй. Тийм ч учраас жүжгээс бидний тархийг бөмбөрдсөн адууны төвөргөөн дуулдаагүй. Гол дүр нь түүхий текст үглэсээр, том шагнал авсан.

Энэ мэт дуусгаагүй ажил найруулагч Баярцагааны Баатарт их байсан нь мэдээж. Тэр бол ажлаа дутуу орхиод явсан хүн. Эмгэнэлтэй биш гэж үү? Б.Баатар бол гарцаагүй эмгэнэлт баатар. Хувь хүний амьдралын эмгэнэл, бүхэл бүтэн цаг үеийн эмгэнэл болох, тэр нь хачин гэгээн хүлээлтээс үүдсэн байх нь өдрийн од мэт ховор билээ. 


Нийтлэлч Я.Баяраа Үндэстний ТОЙМ №369