“Хамааралтай” ардууд

Саяхан нэгэн уралдаанч хүн “Монголд хурдан мориноос хамааралтай хүн 400 мянга гаруй байгаа” гэж сонинд бичжээ. Тэр үнэн байхаа, илүү олон ч байж магадгүй. Лавтай архаг архичид, хар тамхинаас хамааралтай донтонгууд яавч энэ тоонд хүрэхгүй, тамхичид л илүү гарах байх. Өнөөдөр нүүдлийн мал аж ахуйгаар амьдарч байгаа иргэд хүүхэд хөгшдөө оруулаад 15% байгаа гээд бодохоор ийм тоо гарах ч, хамааралгүй ихэнх эмэгтэйчүүд, нялхсыг хасахаар тал нь болно. Үүн дээр нүүдлийн мал аж ахуйгаас хол, хот хүрээнд суудаг хамааралтангуудыг нэмэхээр мань уралдаанч барагцаатай тоо хэлж.

Бөхийн барилдаанаас хамааралтай хүн үүнээс лав хоёр дахин их гээд гөрдөхөд нэг их хол зөрөхгүй болов уу. Дуу хуураас хамааралтайчууд дахиад хоёр дахин олон ч байж болох. Мянга мянган жил үргэлжилсэн нүүдэлчин ард түмний соёл, үүнийг эгдүүцэх жигших муулах ямар ч шалтгаан байхгүй. Яагаад ийм болчихсон, нүүдлийн нийгмээс хэдийнээ холдсон ч энэ хобби яагаад тасардаггүй талаар ярьвал урт лекц болохоос гадна зөвхөн таамаглаж болохоос яг таг учрыг нь тас мэргэн хэлэх цэцэн бараг олдохгүй. Тэгээд ч тэрийг нь тодотгох гэж мэрийх нь тухайн асуудлаар мэргэшсэн хүнд хамаатай болохоос нийт ард түмэн үүнд хамааралгүй.

Хотжил, иргэншил, үйлдвэржилт Монголд нэвтрээд ердөө хүний хоёр үе л өнгөрч байна. Иймээс мянганы түүхтэй сэтгэлгээ, соёл, уламжлал шинэ ертөнцөө даган орчин үежих процесс удаан үргэлжлэнэ, дахиад хоёр үе өнгөрсөн ч байж л байх болов уу. Барилдах, дуулах, уралдах, шүлэглэх соёл аль ч ард түмэнд байсан ба хөгжлийн явцад өнгө төрх нь өөрчлөгдөж орчин үежих процесс үргэлж цагийн аяс, хөгжлийн хурдацаас хамаарч байсан. Үүнд захиргааны албадлага гэхээсээ цаг хугацаа л нөлөөлдөг байх.


Боловсролтой ардын хэрэгцээ

Атом цөмийг задалж, удамшлийн кодыг тайлж, нанометрийн хэмжээнд инжинерийн ажил үйлдэж, хүний сэтгэлгээний хурдаас давсан хиймэл оюун бүтээж, өөр гариг руу нисэн очдог болсон өдгөөгийн цаг үед бүх нийтэд хүртээлтэй болтлоо хавтгайрсан ертөнцөд хөл нийлүүлэн алхах нь аль ч ард түмний хүсэл. Хэдхэн зууны өмнө тэргүүний орноос мянганаар хоцорсон ч үл ажиглагддаг байсан бол өдгөө хэдэн жилээр хоцроход хойш шидэгдэх, магадгүй маргааш хэдхэн сараар хоцроход тэртээд хаягдан хорвоогоос тасран холдох болов уу. Ингэхийг аль ч ард түмэн хүсэхгүй, гэхдээ ард түмэн болгон хоцрохгүй явж бас бардаггүй. Иймээс л аль ч ард түмэнд орчин үеийн боловсролтой мянга мянган иргэн ус агаар мэт хэрэгтэй байдаг.

Боловсрол бол мэргэжлээс өөр зүйл. Боловсрол бол орчныхоо тухай шинжлэх ухааны үндэстэй онол практикийн зөв ойлголттой байхыг хэлнэ. Маш сайн дуулдаг мөртөө урлагийн боловсролгүй байж болно. Мундаг мэс заслалч байж мэргэжлээсээ өөр юу ч сонирхдоггүй байж болно. Ямар ч мэргэжил эзэмшээгүй мөртөө нэвтэрхий толь шиг өргөн мэдлэгтэй, гэхдээ тэрийгээ хэзээ ч ашигладаггүй паразит амьдралаар насыг бардаг нэгэн ч бий. Дээд сургуулийн болон доктор профессорын үнэмлэх бол тодорхой мэргэжлийн сургуульд явсныг нь л хүлээн зөвшөөрсөн батламж. Гэхдээ ямар ч мэргэжлийн сургуульд явалгүйгээр хавтастай үнэмлэх хэд хэдийг худалдаж аваад улс орноо, нам төрөө удирдаад явж болж байна. Ийм том орныг ингэж удирдахгүй ээ хөө!

Судлаачдын үзэж буйгаар тухайн нийгэм дахь боловсролтой хүмүүсийн эзлэх хувь 5-40% дотор эргэлддэг аж. 5% боловсролтонтой орны хувьд энэ нь гол баялаг нь. 40% боловсролтонтой бол асар их нөөцтэй гэсэн үг. Нийгэм өөрийн боловсролтой оюунлаг иргэдтэй болохын тулд асар их өртөг төлдөг. Бага дунд сургуулиас нь бэлдэн суурийг нь тавьдаг ба эндээс боловсролтой болох цөөн хэсэг нь аяндаа ялгаран тодроод ирнэ. Нэгэнт сайн суурьтай иргэн амьдралын практикаас асар ихийг олж мэдэн системчилж ойлгосоор нас явах тусам улам боловсронгуй болно. Боловсролтой болоход тухайн хүний байгалийн өгөгдөхүүн маш чухал нөлөөтэй. Боловсрол гэдэг бол мэдээллийн цуглуулга, уншсан номын овоолго ч биш. Сиситемчлэгдээгүй мэдлэг хэнд ч хэрэггүй, ердөө л овоолсон тоосго. Энэ тоосгоор ордон барьж чадаж байж боловсрол нийгэмд ач тусаа өгнө.


Оюунтныг үзэн ядахуй

Нийгэмд цөөн хувь эзэлдэг боловсролтой хэсэг бол улс гүрнийг залж авч явах тархи юм. Харанхуй бүдүүлэг олонх энэ тархиндаа дургүй, болбол үгүй хийх хандлагатай байдаг нь хүний түүхийн нэг сонин оньсого. Хаант төрийн нэг давуу тал нь нийгмийгжолоодох хүмүүсээ багаас нь бэлддэг. Харин ардчилсан төрд ард түмний тухайн үеийн үзэмжээр ямар ч бэлтгэлгүй тохиолдлын хүнд нийгмийн жолоог атгуулдаг нь тун таагүй үзэгдэл юм. Нийгэмд эзлэх харанхуй массын хувь процент их байх тусам үүн дээр зальт этгээдүүд манипуляц хийн популизмаар гул барин нийгмийн орой дээр амархан гарч ирнэ. Өөрөө харанхуй мунхаг олны төлөөлөл байсны хувьд нийгмийнхээ сор болсон цэцэгсийг дэвсэн устгасан тохиолдол хүний түүхэнд тун элбэг. Хамгийн ойрын жишээ гэхэд оросын бүдүүлэг тариачдыг мэхлэн төрийн эрхэнд гарсан Ленин тэр даруйдаа Орос орны үе уламжилсан хамаг оюуны сорыг хэдэн арван мянгаар нь эх орноос нь хөөн гаргасан. Үлдсэнийг нь Сталин буудаад дуусгасан.

Дундад зууны үед Эсэн тайш бүх Монголыг эзэлснийхээ дараа алтан ургийн бүх эрчүүдийг алж дуусгажээ. Тэд бол удам судраасаа төр улсыг жолоодоход бэлтгэгдсэн тухайн нийгмийнхээ сор хэсэг шүү дээ. Баянмөнх жонон ганцаар амь зулбан зугтахдаа ширээ залгамжлах ганц хүүгээ харц айлд нуусан аж. Нуугдсан тэр хүүг Батмөнх гэнэ, түүхэнд Даян хаан гэх.

Хятадын гамин цэргээс улс орноо чөлөөлөх гэсэн Богд хаан нийгмийнхээ аль ухамсартай хэсгийг цуглуулан тал тал тийш нь гаднаас тусламж гуйлгуулахаар илгээжээ. Түүхийн ээдрээт үйл явцын буянаар ч юмуу гайгаар ч юмуу нэг түрэмгийлэгч нөгөөгөөр солигдсон. Тусгаар тогтнолын төлөө тэмцсэн тэр хэсэг бол тухайн үеийнхээ нийгмийн сор байсан. Бүгдийг нь алсан даа. Хачирхалтай нь тэднийг төр, ард түмний дайснаар зарлахад нийгмийн “хамааралтай” хэсэг үнэмшсэн.

Зуун мянган ламтай байсан гэх авч тэдэн дундаа боловсролтой оюунлаг хэсэг нь их бодож арван мянга л байсан байх. Тэднийг толгой дараалан устгасан. Алтан ургийнхан болон ноёд тайж, язгууртан, сурвалж угсаатнууд бол мөн л тухайн нийгмийнхээ хамгийн боловсорсон сэхээтнүүд, оюунтнууд байлаа. Тэднийг гучаад оны эхнээс нэг бүрчлэн бүртгэж аваад дараа нь ганцыг нь ч үлдээлгүй буудан хороосон. Нам төрийн ажилтан мянга гаруй хүнийг буудан хороосон, харин тэд тухайн үеийнхээ орчин үеийн төрийн мэнэжмэнтэд дөнгөж суралцан гаршиж эхэлж байсан шинэ боловсон хүчний хамгийн авъяаслаг хэсэг нь байлаа. Тэднийг шоглоомтой юм шиг эх орноосоо уравсан, худалдсан, дайсанд барьцаалагдсан гэж зарлажээ. Ингээд ХХ зууны дунд гэхэд монголчууд мөнөөх дээр өгүүлсэн “хамааралтай” ардуутай нүцгэн хоцорч билээ. Хачирхалтай нь нийгмийн “хамааралтай” хэсэг айсандаа хүлцэнгүйгээр дуугаа хураан зөвшөөрсөн.

Дөнгөж иргэншиж, хотжиж эхэлж байсан тавиад оны үед хоосорсон талбай дээр анхны сэхээтэн буй болж дөнгөж соёолж эхэлж байлаа. Мянган жилийн хоцрогдолтой энэ үндэстэн нийгмийг жолоодох оюунтнаар цангаж байсан тул хурдан төлжиж эхэлсэн. Харин нийгмийн сороо хяхан гадуурхадаг хууч өвчин нь хөдөлж “сэхээтний төөрөгдөл” гэгч кампанит ажлаар бүгдийг нь нэг мөсөн айлгаад авчээ. Гэвч хоцрогдлоо аль болох хурдан нөхөх гэж тэмүүлэх нь улс орны амин шаардлага байсан. Үзэл суртлын хүлээс, гадны шахалт тулгалтаас болоод янз бүрийн сайн дунд муу мэргэжилтнийг олноор бэлтгэж байсан боловч боловсролтой хэсгээс үргэлж болгоомжилж явсаар бараг шинэ зуунтай золгосон билээ. Нийгмийн оюунлаг хэсгийг бүлэг бүлгээр нь тодруулан шившиглэж, тэднийг үзэн ядах хамт олны цуглаан тогтмол зохиож, “хамааралтай” ардуудаар жигшүүлэн нулимуулдаг нэг ёсны наадам цэнгээн тогтмолжсон. Хачирхалтай нь “хамааралтай” хэсэг энэ цэнгээнд идэвхитэй оролцон дуу хоолойгоо нэмэрлээд бүүр дасчихсан.


Өөр гаригт хөл тавьсан хамааралгүй хүмүүсийн зовлон

Шинэ зуун эхлэхийн өмнөхөн Монголын нийгэм нээлттэй болж, хүний нийгмийн ердийн харилцаа болох зах зээлийн тогтолцоонд дахин хөл тавьлаа. Хүмүүс ч баяжив, төр ч цүдийв. Бүх нийтээр өнөөгийн хорвоотой танилцлаа. Атаархал, хорсол, шунал тэр л хэрээр нэмэгдэв. Биеэ даахгүй болтлоо мяраалсан хамааралтай хамааралгүйчүүд байгаагаа голж хэрүүлийн илд зөрүүлэх болов. Түр зуурын бүлэглэлүүд үүсэн биендээ элдэв нэр хоч өгөхөөс өгсүүлээд, гүтгэж гүжирдэх, шорон гяндангаар айлгах нь нийгмийн ердийн хэмнэл болж нэг ёсны үүрэгт ажил нь боллоо. Бүлэглэл хоорондын тэмцэл гэж хэн нэг нь сонинд бичсэн, тэр нь ч үнэн байх. Үүнд хамаарагсад болон хөгжөөн дэмжигчид нийт үндэстнийг “хамааралтай” болгожээ. Ийм том улсыг ингэж удирдахгүй ээ, хөө!

Өнгөрсөн зууны дунд үе хүртэлх сэхээтнүүд гол төлөв шашны боловсролтой хүмүүс байлаа. Зууны сүүлийн хагасын сэхээтнүүд хаалттай нийгмийнхээ зөвшөөрөгдсөн хүрээнд өндөр боловсрол олсон хүмүүс байв. Аль аль тохиолдолд хүрээнээсээ хальсан цөөн сэхээтэн байсан нь байнгын дарамтанд амьдарч байсан. Тэгвэл шинэ зууны оюунтнууд хорио цээргүйгээр энэ ертөнцтэй танилцаж, өнөөгийн орчин үеийн дэлхийтэй танилцсан хүмүүс. Манайдаа л өөр гариг дээр анхлан хөл тавьсан сэхээтнүүд. Тэдний өвөг дээдэст хэзээ ч ийм боломж бололцоо олдоогүй юм. 

Казахстаныг оруулаад өнөөдөр 160 мянга орчим Монгол улсын иргэд дэлхийн өнцөг булан бүрд байнга амьдарч байна. Хүн амын гуравны нэг нь жил бүр хилийн дээс алхаж байна. Монголчуудын өмнө дэлхий нээлттэй болжээ. Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөртлөн ирэх нь мөрөөдөл биш бодит зүйл болжээ. Эдэн дунд орчин үеийн дэлхий ертөнцийн тухай зөв ойлголттой анхны монгол боловсролтой хүмүүс төрөн гарсаар. 

Харин Монголын нийгэм, түүнийгээ дагаад “хамааралтай” Монгол төр уламжлал ёсоороо боловсролтой шинэ боловсон хүчнээ хялайх, үл тоох, хажиглах, ялгаварлах тэгээд болохгүй бол нэр хоч өгөхөөс эхлээд ял зэмд унагах сонирхлоор дүүрэн. Зуун зууны хоцрогдлоо арилгахаар Япон, Солонгос, Хятад, Тайвань зэрэг орнууд орчин үеийн ертөнцтэй танилцуулахаар мянган мянган залуусыг Өрнөд рүү илгээсэн, тэд нар нь ч эргэж ирээд улс орноо гүн хоцрогдлоос чирэн гаргаж тэргүүлэх хөгжлийг буй болгосон. Монгол залуус ч хөгжингүй орнуудад эрдэм өвөрлөн өнөөгийн ертөнцийн тухай зөв ойлголттой болж, дээрх орнуудын жишээгээр эх орноо өөд татах эрмэлзлэлтэй. Харин тэднийг эргээд ирэхэд нь аймшгийн сюрреалист ертөнц угтаж байгаа юм даа. Хачирхалтай нь “хамааралтай” ардууд үүнийгээ огт хачирхахгүй.

Монголын төр тэднийг хамгийн амжилттай ашиглаж буй хэлбэр нь гадаад хэлийг нь ашиглахын тулд аль нэг феодал хулгайчийн цүнхийг бариулчихана. Баруунд очиж гахай шувууны мах идэнгээ ямар нэг хавтас өвөртлөөд ирсэн болгон боловсролтой нэгэн гэсэн үг биш шүү дээ. Цөөнгүй тийм хэсэг буй нь орчин үеийн иргэншил соёл боловсролын нэрийг гутаан цүнхчингээс төрийн жолоо хүртэл дэвшин хамааралтай бүлгийн ахлагч болдог. Дээр үед цэрэгт яваад ирсэн гэх сагсуу залуучууд “ну”, “и”, “хоршоо” гэсэн хэдэн гадаад үг тогтоочихсон халимаг үс сэгсэлзүүлэн хөдөөгийн уул талаар соёлын үр тарьж байна хэмээн хөгийг нь хутгаж явсантай яг адилхан. Монголын 800 шахам сүм хийдийг өөрийн биеэр гардан галдаж устгасан улс чинь яг тэд нар шүү дээ. Ийм том улсыг ингэж удирдахгүй ээ, хөө!

Гэвч олон олон залуус орчин үеийн ертөнцийг зөвөөр ойлгоод, үнэхээр эрдмийг өвөрлөн эх орноо өөд татах ариун хүсэлдээ хөтлөгдөн ирсэн ч тэднийг хүлээж авах хамааралгүй нийгэм угтсангүй. Тэдний ихэнх ньой нь гутаад эргээд “нутаг” буцсан. Юм үзэж нүд тайлж боловсрол олсон тэдэнд дундад зууны ёс дэглэм ноёрхсон газар амьдрах орон зай олсонгүй. Тэдэнтэй хэн ч хүн ёсоор шударга харилцсанүй, сурсан мэдсэнийг нь үнэлж үзэх байтугай хэн ч сонирхсонгүй. Цүнх бариад, гадаадаар худлаа яриад, бүлэгт элсээд бөгс долоогоод өөдлөх замаа бод, эсвэл зайл. Эх оронд нь баримталдаг дэг журам ердөө л энэ.

Бямбасайхан гээд залууг баривчлаад шоронд хийчихжээ. Тэр бол жолоочийн хүүхэд. XXI зууны монголчуудын хамгийн холдсон нь л гэхэд гурван үе хүргэж тоолоход XIII зууны нүүдэлчин малчин. Тэрээр МУИС төгсөгчдийн зөвлөлийн тэргүүн. Энэ сургууль бол Монголд анх удаа орчин үеийн сэхээтэн бэлдэж эхэлсэн газар. Тэрээр Америкт өндөр боловсрол эзэмшсэн. Тэрээр бизнис худалдааны харилцааг өнөөгийн олон улсын төвшинд ойлгож, цаадах тогтсон дэг жаягийг нь мэдэн харилцаж чадах цөөхөн монгол хүний нэг. Тэрээр орчин үеийн боловсрол эзэмшсэн анхдагч цөөн монголчуудын нэг. Монголын төр ийм хүмүүс бэлдэж хараахан амжаагүй ба бэлтгэгдсэн нэг нь ой нь гутаад харьд гараад явчихсан. Өнөөгийн иргэншиж боловсронгуйжсан дэлхий нэг дэг журам, нэг хэл, нэг ойлголцлоор харилцан стандартчилагдсан. Өөр гаригаас ирсэн бид үүнд дөнгөж суралцаж эхэлж байна. Дэлхийн хэлээр нэгдсэн ойлголцлолоор харилцаж эхэлсэн түүнийг шоронд хорьж шонд дүүжлэхийг нийтээр шаардана. Хачирхалтай нь энэхүү нийтийг хамарсан хийрхэл дайрлагад нийгмийг тэр чигээр нь бүрдүүлсэн “хамааралтай” ардууд албадах байтугай гуйгаагүй байхад өөрийн хүсэл тачъяалаар шумбан орж дуу нийлүүлэн “цаазалъя, цаазалъя” хэмээн улаан хоолойгоо сөөнгөттөл орилолдоно.


2018.4.13