Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой ярилцлаа.

-УИХ-ын намрын чуулганы нээлтэд Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлсэн үгийг олон нийт нэлээд таатай хүлээж авах шиг боллоо. Тэрээр эхлээд орлого, экспортын орлого, маш их орлого олох л чухал байна гэж дурдсан байсан. Энэ талаар ярилцлагаа эхлэх үү?

-Олзуурхам үг. Монголд шийдэх асуудал олон байгаа. Шийдэх асуудлаа эрэмбэлье. Эдийн засгаа хэд дахин нэмэгдүүлье. Иргэдийнхээ орлого, улс орныхоо эдийн засгийг томруулъя гэж хэлж. Зүгээр нэг өсөлт биш, тийрэлтэт өсөлт хэрэгтэй байна гэж хэлсэн байна лээ. Манай улс 10 тэрбум ам.долларын эдийн засагтай. Үүнийг 30 тэрбум руу аваачъя, цаашлаад 50, 100 тэрбумд хүргэе гэх санааг тийрэлтэт гэдгээр хэлсэн болов уу гэж бодож байна.

-Монгол Улс эдийн засгаа тийрэлтэт өсөлт рүү аваачихад ямар алхмууд хийх шаардлагатай вэ?

-Монголд хоёр хүнд байдал бий болсон. Нэгдүгээрт, хувийн хэвшлийнхэн болон улс төрийн шийдвэр гаргадаг түвшинд ч ажил хийвэл, эрсдэлтэй алхам хийвэл шоронд явдаг юм байна гэдэг ойлголт бий болчихлоо. Үүнийг засахад хамгийн хүндрэлтэй. Монголыг харж байгаа хөрөнгө оруулагчид ч энэ бүгдийг харж байгаа. Нэг үгээр хэлбэл, хийдэг гараа барьж аваад шоронгийн гаваар гавалчихаад юм хий гээд шаардахаар тэндээс юм гарахгүй л дээ. Ер нь бодлогыг сууриар нь өөрчлөх хэрэгтэй. Энэ чиглэл рүү шийдвэр гаргагчид анхаарах шаардлагатай.

Дээрх ойлголт хувийн хэвшлийнхэн, бүтээлч иргэдийн итгэлийг бас унагаж байна. Эдийн засаг, аж ахуйн үйл ажиллагааг, харилцааг тасдаад харахаар заримдаа буруу үйлдэл ч юм шиг харагддаг. Бүтнээр харах юм бол зөв байдаг. Зээл авангуут нь тасдчих юм бол тэр зээлээ бизнес болгож хувиргаад эргэж төлтөл нь хараагүй бол зарим талаараа үйл ажиллагаа буруу болно. Ер нь эдийн засгийг эрүүжүүлж хардаг энэ явдлаас холдох хэрэгтэй. Гэхдээ хамгийн гол нь дотооддоо ч, гадааддаа ч итгэлийг эргүүлж авчрах хэрэгтэй.

-Энэ жил төсвийг маш их хэмжээний алдагдалтай баталлаа. Төсөв алдагдалтай баталж байгаагийн цаана хэн хохирох вэ?

-Нэлээд олон жилийн өмнө Төсвийн тухай хууль, төсвийн сахилга батын тухай хууль баталсан.

ДНБ-ий тодорхой хувиас Монголын өр илүү гарч болохгүй. Төсвийн алдагдал ч тодорхой хувиас хэтэрч болохгүй гэсэн хуультай. Одоо бараг хуулийн босгогүй болсон байх. Энэ сахилга, тэр хуулиа эргүүлж хэрэгжүүлэх нь зөв.

Миний бодлоор төсвийг алдагдалгүй батлахын төлөө л явах ёстой. Төсвийг алдагдалтай оруулж ирвэл хариуцлага тооцдог хуулийг гаргаж, мөрдүүлж байж цаашаа явна. 2005 онд намайг Ерөнхий сайд байхад Монгол Улсын төсөв анх удаа ашигтай гарч байсан. 2005 оны төсөв яагаад ашигтай гарсан гэхээр тэр үед авлигатай хийх тэмцлийг эрчимжүүлсэн, нөгөө талаас татварыг их зөв болгож шийдсэн. Гол татваруудаа бүгдийг нь 10 хувь болгочихсон. Нэг л шатлалтай.

Тэр үед би хуучин дүрэм журмыг устгах хэрэгтэй гэж үзсэн. УИХ руу оруулаад хүчингүй болгох гэхээр удсан учир тэр дүрэм журмыг урж үзүүлж байсан. Иймэрхүү алхмууд өнөөдөр хэрэгтэй л байх. Төсөв алдагдалгүй гарч болдог гэдгийг Монгол Улс үзчихсэн.

-Төрөөс хувийн компаниудаа хэр дэмжиж ирсэн юм бэ?

-Ер нь эдийн засгаа өсгөж тэлэхэд хоёр нууц байдаг. Нэгдүгээрт, Монголд хамгийн их татвар төлдөг зуун аж ахуйн ч юмуу тэдний бизнесийг дор хаяж хоёр дахин том болгох. Хувийн аж ахуйн нэгжээ л томруул. Тэгэхгүй бол хэн нэг дарга гарч ирээд эдийн засгаа томруулна гэж хэлээд явахгүй. Хувийн ААН-ээ томруулбал Монголын эдийн засаг түүнийгээ дагаад томорно.

Хоёрт нь, Монгол үнэхээр баялагтай юм бол тэр боломжуудыг иргэддээ, үндэсний баялаг бүтээгчиддээ өгөх хэрэгтэй. Уул уурхайн лицензийг гадагш юу нь мэдэгдэхгүй юмнуудад өгдөг биш хувийн хэвшилдээ өгөөд, хөрөнгө олж ирэх ажлыг үндэсний аж ахуй хариуцаад явбал их зөв. Засгийн газар өрөнд орох биш. Бүрэн хариуцлагаа хувийн ААН хариуцдаг болно. Үүний тулд Засгаас гаднаас орж ирж байгаа бондын мөнгийг хувийнхан хэрэгжүүлэх төсөлд тодорхой хэсгийг гаргаж өгөх хэрэгтэй. Ингэхээр хувийн хэвшил гаднаас үлдсэн мөнгөө хурдан босгодог. Иймэрхүү маягаар хувийн хэвшлээ томруулж байж л эдийн засаг тэлнэ.

-Хоёр дах нууц нь?

-Хоёр дахийг нь түрүүн хэлсэн. Гэхдээ бүр том нууцыг нь хэлье. Манайд эдийн засаг томрохгүй удаж байгаагийн гол шалтгаан бол хувийн хэвшил тухайн эзэн, эзэмшигч гэр бүлээс хараат байгаад л оршино. Гэр бүлийн компаниудаасаа салж чадахгүй. Тиймээс ААН-үүдийг болж өгвөл олон нийтийн хувьцаат компани болох руу шахах хэрэгтэй. Хувьцаагаа ард иргэддээ зар. Бид үнэхээр ард түмнийхээ амьдралыг дээшлүүлье гэж байгаа бол бүгдээрээ баяжих тэр боломжийг нээх ёстой. Нэг том компанийн цаана 100 мянган хувьцаа эзэмшигч байх юм бол тэр хүн төрөөс айдаг, шоронгоос айдаг биш 100 мянган хувьцаа эзэмшигчдийнхээ төлөө явна. Тэд тухайн компанийг хамгаална. Тэр хувьцаа нь хоорондоо зарагддаг ил тод, олон нийтийн болоод ирэхээр хариуцлага нь нэмэгддэг. Манайд том компаниудын үйл ажиллагаа ил тод биш явсаар ирлээ шүү дээ.

-Хувьцаа, хөрөнгийн бирж гэхээр иргэдийн чихнээс хол сонсогдоод байдаг тал бий...

-Хол сонсогддог тэр зүйлийг л амьдралд нь ойртуулах хэрэгтэй. Таван толгойгоос эхлээд хувьцаа гаргах гээд оролдоод байгаа юм. 10 гаруй жилийн өмнө би Таван толгойн тодорхой хувийг хувьцаа болгож амилуулъя гэж “Өдрийн сонин”-д нийтлэл бичиж байсан. Хүмүүс өөрийнхөө мөнгөөр хувьцаа худалдаж аваагүй учраас сонирхдоггүй, мэдэрдэггүй.

Түүнчлэн манайд Хөрөнгийн бирж жинхэнэ утгаараа огт ажиллаж чадахгүй байна. Үзүүлэнгийн түвшинд л явж байна. Лондонгийн хөрөнгийн бирж, Сингапурын хөрөнгийн биржээс яг яаж ажилладаг хууль дүрэм журам удирдлага менежмэнт системийг Монголд хуулж авчирч тавих хэрэгтэй. Нэг хэсэгтээ гадны захирлууд урьж ажиллуулж болно. Ингэж л энэ ажил бизнес, баялаг амь орно. Энэ чиглэл рүү онцгой анхаармаар байгаа юм. Дээр нь бас нэг хүндрэл үүсч байна.

-Ямар хүндрэл?

-Гучин жил хувийн хэвшлийг үүсгэж, нуруундаа үүрч ирсэн хүмүүс бүгд хөгширч тамирдаж байна. Захаасаа жагсаалаас гарч байна. Их гээд 10 жилээс илүү гүрийж урьдынх шигээ зүтгэж чадахгүй. Нэгдүгээр үе нь босгодог. Хоёр дахь нь нураадаг гэж ярьдаг. Энэ бас том асуудал шүү.

-Зээлжих зэрэглэл манайх ямар байсаар ирэв ээ. Энэ үгийг хэрэглэхээ бараг больж байх шиг. Одоо хар, саарал жагсаалтаасаа хэрхэн гарах вэ л гэж ярьдаг болж....

-Аливаа шударга ёс гэдэг эдийн засгийн агуулгатай. Шударга ёсны эдийн засгийн агуулгын тухай хүмүүс огт ярихгүй байна. Яагаад эдийн засгийн хувьд шударга ёс буруу явж байна гэхээр хэдэн жилийн өмнө 500 мянган төгрөг 300 ам.доллартай тэнцэж байсан бол одоо 160 ам.доллартай тэнцэж байна. Хэрвээ шударга ёсны агуулга нь эдийн засагт байсан бол манай эдийн засаг энэ хугацаанд хоёр дахин томрох ёстой байсан. Нэг үгээр хэлбэл, 20 тэрбумын эдийн засагтай болчихсон байх ёстой. Гэтэл 10 тэрбум дээрээ байсаар. 100 хувь манай эдийн засгийн шударга ёс хангагдахгүй байгаа юм.

Зээлжих зэрэглэл бол аливаа улсад хамгийн чухал, тухайн улсын нэр хүндийн асуудал. Тухайн улсын улс төрийн бодлого, эдийн засгийн бодлого нь зөв явж байгаа эсэхийг эндээс хардаг. Монгол Улсын зээлжих зэрэглэл нэг үе B+, BB болж байсан удаатай. B+ доошоо унах юм бол Засгийн газар, хариуцсан албан тушаалтан хариуцлагаа хүлээдэг хэлбэр лүү ормоор байгаа юм. Шударга ёс гэдэг улс төрийн агуулгатай. Улс төрийн агуулга нь огт хэрэгжихгүй байна. Манайд шоронгийн хэмжээнд хэдэн хүнийг муу хэлж, тархи угааж хорих байдлаар л шударга ёс гээд байдаг. Гэтэл улс төрийн агуулгаараа шударга ёс алга. Эдийн засгийн агуулгаараа бүр ч алга.

-Яаж улс төр, эдийн засгийн шударга ёсыг тогтоох вэ?

-Энэ асуудлыг манай шийдвэр гаргагчид 76 гишүүний олонх нь ойлгоосой гэж боддог. УИХ дотор эдийн засаг ярьдаг гарын таван хуруунд багтах гишүүд байна. Наад зах нь энэ тоо шийдвэр гаргах түвшинд 40-д хүрчих юм бол манай олон бодлого зөв болно. Манай улс төрийн бодлого, шийдвэр гаргаж байгаа байдал яг л илбэдүүлчихсэн юм шиг байна даа. Иргэд нь эрхгүй, тэдэндээ эрх өгдөггүй, эрхийг нь эдлүүлдэггүй, хуваалцдаггүй улс төр, эдийн засаг аль аль нь шударга биш.

-Манай улс Хятадаас эдийн засгийн 90 хувийн хамааралтай болжээ. Бидэнд бусад улс оронтой эдийн засгийн харилцаанд орж, идэвхүүжүүлэх боломж хэр байдаг юм бэ?

-Монгол Улс 1990 оноос дотроо ардчилалтай, гадагшаа хэлхээ холбоотой болсон боловч яг хоёр хөршийнхөө зүгээс эдийн засаг, улс төрийн хоригт 30 жил амьдарсаар явна. Тэр хориг нь Оросын зүгээс татвараар, Хятадын зүгээс эдийн засаг дагасан улс төрийн бодлогоор илэрдэг. Үүнийг давахад маш хүнд. Даван туулахад хоёр юмыг ойлгох хэрэгтэй.

Нэгдүгээрт, бид яавал бие дааж болох уу. Хоёрдугаарт, яавал олон улсын зах зээлтэй бүх талаараа холбогдож болох уу гэж. Жишээ хэлэхэд, технологийн боломж сүүлийн үеийн нээлтүүд Монголд асар их боломж өгч байгаа. Сонгуулийн өмнө би “Их Монгол” гэж нийтлэл бичсэн. Нийтлэл дотроо энэ санааг оруулсан юм. Хоёр хөршөөс хараат энэ асуудлыг шийдэхийн тулд технологийн боломжийг бид ашиглая. Технологийн хувьд дэлхийд гаръя гэх санааг гаргасан.

Авууштай нь технологи цахим чиглэлд энэ асуудлыг хариуцсан агентлаг нэлээд санаачилгатай ажиллаж байх шиг. Үүнээс илүү Засгийн газрын түвшинд, олон улсын түвшинд санаачилгатай ажиллаж болно. Дижитал-8 гээд санаачилга бий. Үүн рүү Монгол нэгдэж ороод тэдний хийж байгааг хийвэл зөвхөн энэ салбарын өсөлтөөр манай эдийн засаг дахин тэлнэ.

-ОХУ манайхыг татвараар далайлгадаг, татварын өндөр босго тавьсаар өдийг хүрлээ. Энэ асуудлыг яаж шийдвэрлэх ёстой юм бэ?

-Нэг талаас их зөв асуулт. Нөгөө талаас шийдэл нь нэлээд хүнд байдаг. Хоёр талаасаа шийдье гэхээр ОХУ-аас Ази Европын эдийн засгийн холбоондоо татварын асуудлаа ярьдаг гэх хариу өгдөг. Оросын засгийн газар дангаараа шийддэггүй гэж хэлдэг. Дангаараа энэ том гүрэн хүсвэл юуг ч шийдэж чадна. Монголчуудын сонгож авсан зам бидэнд таалагдахгүй байна гэж хэлж байгаа нь тэр. Хоёр талаас эв гаваа олохгүй л яваад байна. Ямар ч асуудлыг бид Оростой яриад шийдчих боломжтой.

-Ярилцлагаа Ардчилсан нам руу шилжүүлье. Та бол ардчиллын эцэг. Хоёр удаагийн УИХ-ын сонгуульд АН ялагдал хүлээлээ. Одоо бүр АН орох байр ч үгүй болж. АН-ын нэр хүнд шалан дээр уначихжээ. Энэ уналтыг яаж харж, хүлээж авав?

-Ардчилсан намын үйл ажиллагаа, хуучин эзэлж байсан жин хэмжээндээ эргэж сэргэх боломжтой гэж бодож байгаа. Мэдээж энэ чиглэлд хийх ажил их бий. Өрсөлдөөн дунд хөгжил явдаг гэдэг утгаараа нэг өрсөлдөгч нь хэтэрхий сульдах нь эргээд улс төр, эдийн засаг, улс оронд ч хүндрэлтэй байдал бий болдог гэдгийг хүмүүс ойлгож байна.

-Та анзаарч л байгаа байх. Өнөөдөр орон нутгийн сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүс АН-ын логог тавихаасаа эмээж байна. Ардчилсан үзэл санаа их бүдгэрч байна. Та хэдийг ардчилсан үзэл санааг бүдгэрүүлчихлээ гэж харах хэсэг байна...

-Ардчилсан үзэл санаа алга болно гэж байхгүй. Тийм түрэлтэд автах нь байдаг. Социализмын үед социализм буруу гэдгийг хэлдэг байсан хүн маш цөөхөн байсан. Ардчиллын үед ардчилал их зөв юм аа гэдгийг ярьдаг хүн цөөхөн болжээ. Тэгэхээр яг энэ ардчилсан үзэл санааг ойлгодог, дэмждэг байдал тэнцвэржихгүйгээр Монголд цаашаа ардчиллын тухай ярихад үнэхээр бэрх болж байна.

Миний бодлоор үзэл санаа Монголд ерөөсөө хуваагдаагүй байна л даа. Хэвлэл мэдээллийг аваад үзэхэд хэвлэл мэдээллийн зах зээл 90 хувь нь эрх мэдэлтэй байгаа хүмүүсээс эсвэл тодорхой мөнгө санхүүг нь өгдөг хэсгээс хараат байна. Мөнгөнөөс биш үзэл санаанаас хараат байж үзэл санааныхаа төлөө хуваагдаж явдаг.

Ардчилал, эрх чөлөө гэх имижээ Монгол Улс алдаж байгаагийн үндсэн шалтгаан гэвэл энэ гол хоёр эрэгтэй байх ёстой бол нэг эрэг нь бүрэлдэхгүй гол урсах биш намаг шалбааг адил болсонд. Тэгэхээр эргүүлж хоёр эргийг бий болгоход бизнес, улс төрийн салбар гээд бүхий л салбар үзлийн баганадаа суурилахгүй бол болохгүй болжээ. Үзэл санаа хуваагдахгүй бол улс орон нэгдмэл хүчээр хөгжлийнхөө төлөө өрсөлдөж зүтгэж чадахгүй. Үүнээс үүдээд улс орны тусгаар тогтнол, бие даасан байдал, сонгосон зам, олон намын тогтолцоо, ардчилал утга учраа бүрэн алдаж байгаа юм.

-Ардчиллаа сайжруулахын тулд юу хийх ёстой юм?

-Ардчиллын хамгаалалтыг иргэд л хийдэг. Манай улс төрд байгаа хамгийн том дутагдал бол иргэддээ ардчиллаа хамгаалах боломжийг нь олгохгүй байна. Иргэддээ улс төрийн эрхийг нь олгоогүй. Иргэддээ улс төрийн эрхээ хэрэгжүүлэх хууль гаргаж өгөөгүй. Иргэд хоорондоо ярьж байгаад хэдэн мянгаараа гарын үсэг зураад тодорхой асуудлыг Их хурлаар хэлэлцүүлж болдог. Их хурлын гишүүнээрээ дамжуулж тавьдаг энэ эрхийг хуулиар нээж өгөх ёстой. 1990 онд авчирсан ардчиллынхаа боломжийг улс төрийн хувьд иргэддээ өгөөгүй.

Олон улсын гэрээгээр ч Монголын хүлээсэн үүрэг. Иргэний улс төрийн эрхийн олон улсын гэрээнд Монгол Улс элсэж орсон. Энэ хуулийг бид ерөөсөө гаргаагүй. 20 мянган хүн гарын үсэг зураад зөв асуудал дэмжээд гараад ирвэл энэ дээр их хурлын хоёр гишүүн нэмэгдэж гарын үсэг зурж нэгдээд тэр асуудлыг шууд хэлэлцэж болно. Тэр хоёр гишүүн хууль санаачлах эрхээрээ Их Хурал руу ороод хэлэлцүүлчихнэ.

Би энэ талаар сүүлийн 10 жил ярьж байна. Энэ талаарх хууль санаачилж оруулж, зүтгүүлсэн. Байнгын хороон дээр дэмжлэг аваад Их Хурал дээр дэмжлэг аваагүй. Хуулийн төсөл нь бэлэн байгаа. Иймэрхүү маягаар ардчиллын хамгаалалтыг иргэддээ өгөх хэрэгтэй. Иргэний мэдэх эрхийн хуулийг Их хурлаар батлуулахыг шаардах ёстой.

-Таны яриад байгаа мэдэх эрхийн хууль чихэр шиг сонсогдоод байгаа юм даа.

-Өглөө босоод, орой унтах хүртэл дарга нарын хийсэн ажил, уулзалт цаг минуттайгаа маргааш нь зарлагддаг хуультай бол энэ хууль шиг сайн хэрэгждэг хууль ховор болно. Иргэд шаардана, хянана. Ямар ажил, ямар хугацаанд амжуулсныг мэддэг болно. Эрх баригчдаас юу хийж байгааг нь та цаг минуттай нь мэдэхгүй бол тэд таны төлөө юу ч хийхгүй. Байж, байж байгаад тэнгэрийн дүлий хагарна гэдэг шиг л сүрхий юм түхийж гарч ирээд, та нарт нэг номер үзүүлчихээд л алга болчихно. Иймээс Төрийн ордонд тамхины өрөөнөөс гадна, иргэд олонд тэдний мэдэх эрхийн хууль хэрэгтэй байгаа юм.

-Төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс тэр тусмаа АН-ын лидерүүд толгой дараалан шоронгийн хаалга татаж байна. Амтай болгон одоо таныг араас нь явна гэх юм...

-Миний хамгийн их шүүмжлэлтэй хандаж байгаа зүйл бол ард түмнээс итгэл аваад тодорхой түвшинд ажиллаж байсан хүмүүс яг ямар хэрэг үйлдсэн гэдгийг нийтээрээ мэдэх ёстой. Гэтэл тэд муу хүмүүс байсан тухай, хэрэг үйлдсэн гэх тархи угаалтаас өөр ажил алга. Энэ тархи угаалтад бүх талаараа автсаны үр дүн. Нөгөө талд нь зэрэгцүүлж ярих байсан тэр бүх зүйл яригдаагүй.

Хуулийн байгууллагынханд нэг алтан зарчим байдаг. Хэргийг хоёр цаасан дээр бүрдүүлж явдаг. Нэг цаасан дээр нь энэ хүн энэ хэргийг үйлдээгүй байх, нөгөө цаасан дээр нь энэ хүн энэ хэргийг хийсэн гэж бичдэг. Цагаатгах талаа хаядаг. Гэтэл манайд бүх түвшинд ганц л цаас нь яваад байгаа. Нөгөө цаас нь харагддаггүй. Тэр цаасаа энэ хүмүүс тэртэй тэргүй өөрсдөө гаргаж ирнэ.

Тэр хүмүүсийн шүүх хурал дээр хэлсэн үгийг нь харахад нэлээд зүйлс ойлгогдож байгаа. Ер нь улс төртэй холбоотой, олон нийт тодорхой итгэл өгч байсан хүмүүсийг шүүхдээ нээлттэй шүүх нь зүйд нийцнэ. Цагаатгах, яллах тал нь ижил байх ёстой. Нүдээ боосон шүүхийн бурхны хос дэнсэнд хэн ч бай гэм буруу нь, эсвэл гэм буруугүй нь адил жинтэй жигнэгдэх ёстой. Тиймгүй учраас цагаатгах тал нь хожим илүү тодорч хэлмэгдүүлэлт байсан нь тогтоно. Түүхийн уртад тэд цагаадана гэж хардаг.

-Тэгвэл тэр хүмүүс сэтгэл санаа, эрүүл мэнд, магадгүй амь насаараа хэлмэгдээд өнгөрөх нь зөв болж байна уу. Ерөнхий сайд асан С.Баяр, Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр гээд хэн ч өмгөөлж, бүр намын нөхөд нь огт дуугарахгүй байгаад гайхал төрөх юм. Та юу гэж бодож байна?

-За даа, цаг хугацаа илүү оновчтой хариулт өгөх байх. Би нийтлэг утгаар нь хариулъя. Миний харсан мэдсэн нэг юм бол улс төрийн бодлогыг шоронгоор залруулдаггүй юм билээ. Улс төрд хатаагдсан хүнийг ч шорон хүмүүжүүлдэггүй юм билээ. Мөн манайд хоёр зүйлийг маш их хольж байна. Юу нь улс төрийн шийдвэр, юу нь эрүүгийн гэмт хэрэг гэдгийг ялгахгүй байна. Энэ бол маш тодорхой хилтэй заагтай зүйл. Улс төрийн шийдвэрийг шүүх шүүдэггүй, түүх цаг хугацаа шүүдэг. Үнэхээр буруу байсан бол залгамжилж байгаа хүмүүс зөв болгоод аваад явдаг. Зөв болгож авч явдаг болохоос энэ буруу гэж ялтан болгодоггүй.

Миний өмнө ажиллаж байсан Ерөнхийлөгч хоригдож байсан. Шүүхийн шийдвэр гарсны дараа тэр хүнд уучлал үзүүлж байлаа. Нөгөөтэйгүүр улс төрийн албан тушаалтанд ёс зүй, улс төрийн хариуцлага тооцдог орон зай манайд хов хоосноороо байгаа. Бидний өвөг дээдэс улс гэрээ засаж, хууль шударга ёсыг тогтоож явахдаа, хайран гэж үзсэн нэгэндээ есөн ялаас хэлтрүүлэх хүртэл өршөөл уучлалыг хэрэглэдэг байсан. Үүнийг одоо ч тэгш хэрэглэх эрх манай хууль цаазанд бий. Зөвхөн шоронгоор асуудал шийдэх гэж үздэг. Эндээс нэг хэсэг хүн бах таваа хангадаг. Эргээд тэдний ээлж болдог. Энэ бол ерөөсөө шийдэл биш гэдгийг би бүрэн ойлгосон.

Монгол Улсыг хорлоё гэвэл Монголын төлөө сэтгэл зүрхтэй хүмүүсийн итгэлийг унтраах явдал. Монголыг өөд татахын төлөө зоригтой шийдвэр гаргаж чаддаг, эр зориг заавал байх ёстой. Хэрвээ эр зориггүй төр бий болчихвол төвөгтэй асуудлаа шийдэж чадахгүй улс болж хувирна. Ийм төртэй улсыг утгагүй улс гэдэг.

-Таныг одоогийн эрх баригчид өршөөх болов уу?

-Харин шорондоо хийхгүй удаад байгааг би ч гайхаж байна. Наадуул чинь намайг хайрласандаа биш, олны аяыг л хараад байгаа юм. Бас өөрсдөд дээр нь юу ирэхийг ч тооцож байгаа. Хорьж дарах гэж оролдвол монгол бичиг шигээ босоод ирнэ гэж болгоомжлоод байгаа юм болов уу. Бүү мэд. Монголын эсрэг хийсэн буруу юм надад байхгүй.

-Бүх зүйлийн бурууг ардчилал руу чихдэг. Яагаад юм бол?

-Энэ бол өнөөгийн зовлон бэршээлд олдож байгаа хамгийн хялбархан хариулт. Улстөрчид ийм хялбархан хариултын хойноос явбал цагийн салхи даахгүй гундана. Алив нэг улстөрч намирч байгаа дарцаг бүхнийг хөөж давхих гэвэл тэгээд л дуусна. Улс төрийг өөртөө, хүмүүжил, итгэл үнэмшилдээ тулгуурлаж хийх ёстой. Гэтэл дарцаг бүхний хойноос хөөцөлдөж давхиад. Ялангуяа шийдвэр гаргаж байгаа улстөрчид, нам, засаг төр тийм үйлдэл гаргаж болмооргүй байгаа юм.

-ҮАБЗ гэж ямар учраас гурван хүн Монголыг мэддэг болчихов оо. Энэ танаас эхтэй юү?

-ҮАБЗ-ийн хамгийн гол чиг үүрэг нь Аюулгүй байдлын үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд байдаг. ҮАБЗ-ийн тухай хуулийг тусад нь нэг авч үзэх шаардлагатай болсон. Болохгүй байгаа бол хуулиа өөрчлөх л зөв байх.

-Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн Засгийн газрыг таныг унагасан гэдэг. Эндээс АН-ын хагарал эхэлсэн гэж ойлгодог?

-Унасан хүн юунаас болж унаснаа өөрөө сайн мэддэг юм.

-Таны үед Эрдэнэт үйлдвэрийг Монголын талд авсан. Ард түмэн Эрдэнэт үйлдвэртэй таныг шууд холбох юм аа. Монголын талд буцааж авахад луйвар болчихсон юм уу. Яагаад Эрдэнэтийн захирал байсан Даваацэрэн шоронд орчихов оо. Хэний ч мэдэхгүй Отгонбаатар гэж хүн гарч ирээд таны бизнесийг зохицуулдаг болоод явчихсан. Отгонбаатар гэж хүн байна уу?

-Миний бизнес гэж байхгүй. Отгонбаатартай хамтарч хийдэг бизнес гэж надад байхгүй. Эрдэнэт үйлдвэрийн асуудлаар шүүх гээд байна уу, шагнах гээд байна уу гэдгийг ойлгохгүй байгаа. Хүнд, гадаадад, харьд байсан хөрөнгөний тал хувь нь Монгол руу ороод ирчихсэн. Энэ дээр хуулийн асуудал байгаа бол ил тод ярих хэрэгтэй.

-Та Ерөнхийлөгч байхдаа Шүүх, прокурор, АТГ, цагдаа гээд хууль шүүхийн байгууллагуудыг нөлөөндөө авсан, хонгилын эзэн нь таныг гээд л ярих юм...

-Энэ үг хэллэг бол тэднийг нөлөөндөө байлгах хүсэлтэй хүмүүсийн мөрөөдөл. Түүнийгээ хийх гэж үзээд улам мухардалд орж байна. Одоо би өөрт чинь МАНАН мафийн толгойлогч шиг харагдаж байна уу? Наадуул чинь өөрсдөд нь хэрэгтэй бол ээжийгээ ч “манан, хонгил” гэж нэрлэж чадна. Нөгөө талаас ийм нэршил өгдөг нь хууль хяналтын байгууллага, шударга шүүлтээс зугтаж явсан хүмүүсийн олны анхаарал сарниулах гэсэн арга. Хулгайч л “хулгайчийг барь” гэж орилдог юм.

-Шүүх улс төрөөс хараат уу?

-Үүнийг өөрчилье гэсэн хандлага нийгэмд нэлээд байна. Шүүхийг улс төрөөс хараат бус болгохын тулд тийм улс орнуудад ямар эрх зүй байдгийг Монгол нээлттэй улс учраас амархан харчихаж болно. Шүүхийн багц хуулиа дахиад өөрчилж байгаа сурагтай. Тийм бол тэнд хэлэх санаа оноо байх л юм. Нэг талаас шүүхийг хараат болгосон гэж шүүмжлүүлж байгаа хүн. Нөгөө талаас хараат бус байх ёстой гэх үзэл бодлыг дэмжиж байгаа хүн. Яахаар шүүх хараат болдог юм, яахаар хараат бус болдог юм. Монголын нөхцөлд энэ асуудлыг яаж шийдэх хэрэгтэй вэ гэдгийг зовлонг нь үзэж байгаагийн хувьд мэднэ. Нэг юм нэмж хэлэхэд шийдвэр гаргагч бүр тухайн гаргаж байгаа шийдлээ зөв, Монголд хэрэгтэй л гэж боддог. Гэтэл сайн юм бодож хийсэн олон юм дараа нь муу болж хувирдаг. Тэгж алдсан хүн нь алдсан, оносон сумныхаа тусгалыг засаж чаддаг юм. Юунаас болсныг нь ч мэддэг.

-Яавал зөв шийдвэр гаргах вэ?

-Монголоо бодоод Монголынхоо эрх ашгийг бодоод шийдэхээр зөв болоод байх шиг санагддаг. Өрсөлдөгчөө бодоод, тодорхой намирч байгаа дарцаг, нэр төр бодоод шийдвэр гаргах гэж явбал тэр аюул болдог. Түүхэнд орно гэж хөөрч шийдвэр гаргаж байгаа улстөрч л хамгийн их аюул тарьдаг. Ер нь түүхэнд орно, их том зүйл хийнэ гэж бодож хийрхсэн улстөрч шиг аюултай юм байдаггүй.

-Ерөнхийлөгч Х.Баттулгатай хэзээ сүүлд уулзсан бэ. Та хоёр холбоотой байдаг уу?

-Ерөнхийлөгчийн тангараг өргөөд бид хоёр хоёр тийшээ явсан. Түүнээс хойш уулзаагүй. Гэхдээ аль ч хэвлэлд яриагүй нэг зүйлийг хэлэхэд би сууж байсан ширээн дээрээ түүнд захиа бичиж үлдээсэн. Энэ бол Монголын төрд уламжлал болж тогтоосой гэж боддог. Зарим оронд ийм уламжлал бий.

-Та яагаад Ерөнхийлөгч Х.Баттулгын эсрэг болчихсон юм бэ?

-Би хэн нэгэн хүний эсрэг хүн биш. Би Монголын төлөө хүн.

-Одоогийн Ерөнхийлөгчийн бодлогыг та хэрхэн харж байна?

-Эхний бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Ерөнхийлөгчид хоёр дахь бүрэн эрхийг өгөх үү, үгүй юү гэдгээр ард түмэн дүнгээ тавьдаг. Би бол тайлангаа тавиад л явсан. Найман жил ажилласныхаа дараа гурван сарын турш тайлан тавьсан. Өөрийнхөө үйл ажиллагаа явуулсан чиглэлүүдээрээ тайлан тавьсан. Олон ч хүн оролцсон. Үр дүн нь гарчихсан 101 ажил гээд. Тэгэхээр улс төрд явж байгаа хүмүүс ажлаа тайлагнах нь чухал. Энэ жишгийг цаашдаа уламжлал болгох ёстой гэж боддог.

-Ерөнхийлөгчид бичсэн тэр захианыхаа утгыг хэлээч?

-Хэлэхгүй.

-Тэр үед ордноос гарч явахдаа юу гэж бодож байв?

-Зэвсэгт хүчнийхэндээ “баяртай” гэж хэлнэ дээ гэж бодож явсан. Баяртай гэж ч хэлсэн.

-Та улс төрд хэдэн жил байгаад явсан бэ?

-Би 27-той байхдаа Төрийн ордонд сонгогдож ажилд орсон. Яг 27 жил болоод тэндээс гарсан.

-Тэр өдрийн сэтгэгдлээ хуваалцвал?

-Ордноос гархын өмнө би сэтгүүлчидтэй уулзаж бодлоо хэлсэн. Гол нь эрүүгийн эрх зүй бүрэн шинэчлэгдсэний үр дүнд хорих газар байсан есөн мянга гаруй хүний ял хөнгөрч таван мянга орчим нь тухайн өдрөө буюу удахгүй суллагдаж байгааг хэлсэн. Монголын түүхэнд бараг болоогүй том өршөөл. Одоо ч надад олон хүн талархлаа илэрхийлдэг юм. Төрд амаргүй ачаа үүрч явсан хүнийг яаж тэндээс явуулахыг бодмоор л юм билээ. Төрийн ёслолын журамд өөрчлөлт орсон санагдана. Ерөнхий сайдын ажлаа өгөөд цуурхай шилтэй өвгөн бензтэй, нийтийн хөдөлгөөн рүү нэг үдээс хойш орж явчихсан хүний хувьд хэлэхэд (инээв).

-Тантай хамт явсан хүмүүс Ерөнхийлөгчийн албаа өгсний дараа яаж хандаж байх юм. Ойрхон байсан хүмүүс урвахад хэцүү байна биз?

-Азаар тийм нь цөөн юм. Намайг сайхан хүмүүстэй нөхөрлүүлж, уулзуулсан энэ цаг үедээ би баярлаж явдаг. Яахав, бүргэд адил дүүлж явахад сүүдэр бараадаж байсан ганц нэг юм эргэж хазах нь байх л юм. Дараагийн хүний арыг долоогоод ч үнэлэгдэхээ байчих юм даа.

-Та өмнө нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ илэрхийлж байсан. Энэ байр суурь хэвээрээ юү?

-Би маш тодорхой нөхцөл хэлсэн. Ардчилал эрх чөлөө бол Монголын тусгаар тогтнол, бие даасан байдалтай шууд холбогддог. Үнэхээр энэ бүхэнд бодитой аюул учирсан, аюул учирч байгаа бол би тангараг өргөсөн цэрэг хүний хувьд аюулын эсрэг шаардлагатай бол өөрийн хувь нэмрээ оруулж тэмцэхээс буцахгүй.

-Гурван улсын Ерөнхийлөгч гурван талын уулзалт хийдэг болсон. Энэ бол гадаад бодлогын том ололт гэж үздэг. Одоогийн Ерөнхийлөгч ч хэрэгжүүлээд явж байгаа. Зарим хүмүүс хоёр талаараа шийддэг зүйлийг заавал гурван талаараа уулзаж шийддэг болголоо хэмээн шүүмжилж байх юм. Та үүнийг юу гэж бодож байна?

-Энэ бол том эндүүрэл. Намайг харлуулах сэдэвтэй байхын тулд “тараг үлээж” байгаа нь тэр. Эхнээсээ бид нэг зарчим тохирсон. Хоёр талаар ярьж шийдэх асуудлыг гурван талын уулзалт дээр оруулдаггүй. Тэгж бид горим журмаа тогтоосон юм. Дэлхийд Монгол Улс Орос, Хятад гэдэг хоёр гүрнээр битүү хүрээлэгдсэн ганцхан улс. Тийм учраас дэд бүтэц, дамжин өнгөрөх тээвэртэй холбоотой маш олон асуудал гурван талаар ярьж байж шийддэг. Энэ нь манай газарзүйн өвөрмөц байршлаас үүдээд гарч ирдэг. Тэгэхээр гурван талын ашиг сонирхол орсон зайлшгүй асуудлаа л гурван талын уулзалтын үеэр ярьдаг. Харин гурван улаан нүүрээ хараад суухад “Орос юу гэж байна”, нөгөөдөх нь “Хятад ямар саналтай байна” гээд бултаад байж чаддаггүй юм. Наад хоёр чинь надаас өмнө ч гэсэн олон жил манайхнаар тэгж нохой хөөлгөдөг байсан юм билээ.

-Гурван талын уулзалтын давуу тал нь юу юм бэ?

-Давуу талыг нь би хэллээ. Хамгийн амархан нь гурван талын уулзалтыг больчихож болно. Гэтэл үүний цаана асар том амжилт байсан нь больсны маргаашнаас мэдэгдэнэ. Гадаад бодлогын түвшинд хүрсэн нэг том ололт. Бусад орон ийм систем бий болгох гэж мөрөөдөж явснаа хүртэл ярьдаг. Надтай Казахстан улсын ерөнхийлөгч Назарбаев уулзаад хэлж байсан. Би олон жил ажиллахдаа энэ хоёр улсын төрийн тэргүүнтэй зэрэг суугаад ажлаа ярьдаг систем бий болгох гээд чадаагүй юм. Та нар яаж хийж чадав аа гэж асууж байсан. Энэ боломжийг хэр зэрэг үр дүнтэй ашиглахаас зөв буруу нь шалтгаална.

-ШХАБ-д орох утгагүй болж хувирч байна уу?

-Манай явж ирсэн уламжлалт хариулт бол бид нар ажиглагч гишүүн. Ажиглагчийн статус Монголын хувьд хангалттай гэж хэлдэг. Ардчилал эрх чөлөө сүүлийн 30 жил Монголын гоёл болж ирсэн. Хэрвээ ШХАБ-д орох юм бол ардчилал эрх чөлөө гэдэг гоёлоо ШХАБ гэдэг хувцсаар солилоо л гэсэн үг.

-Таны “Улаан бал”-д орсныг их олон хүн сонирхох шиг боллоо. “Яаж баяжсанаа тайлбарлаж чадаагүй” гэж хөтлөгч нь нэг сайтад саяхан ярьсан байсан?

-Лодой нохойтож байгаа юм. Гайгүй сэтгүүлч байх гэвэл дээр үеийн ногоон малгайт шиг болж болохгүй. Олон хүн хэрэггүй гэж над руу ярьж байсан. Янз бүрээр дараа нь яриаг ашигладаг юм гээд. Би тэднээс зөрөөд тэр ярилцлагад орсон. Араас шороо цацаж, хошуугаа худалдмааргүй юм. Миний хар цагааныг хууль ялгана. Надад хийсэн хулгай байхгүй гэж л би хэлсэн. Түүнээс илүү яаж хэлэх юм.

-Зургийн цуглуулга энэ тэр гээд тулгаж асуугаад байсан. Та тодорхой хариулж болоогүй юм уу?

-Зөвхөн зурагтай, цуглуулгатай холбоотой асуудлаар бүтэн цаг гаруй ярьсан надтай хийсэн нэвтрүүлэг бий. Би бүхнийг хангалттай тайлбарласан. “Яаж баяжив” гэж гарчиглаж байгаад над руу дайрдаг сэдэв бүрээр би бичиж тайлбар өгсөн. Миний нүүр ном, жиргээ, baabar.mn дээр бий. Надад нуух юм байхгүй. Хулгай бол миний амьдрал биш. Хулгай хийхгүй амьдрах гэж л бид эрх чөлөөг сонгоо биз дээ. Би эрх чөлөөнд хайртай. Тиймээс би хулгай хийдэггүй.

-Гурван тал, ШХАБ гээд ярихаар зарим хүн Монгол Улсад гадаад бодлого байна уу гэж асуудаг. Таны бодол?

-Монгол Улс байсан цагт гадаад бодлого байж л таарна. Тэр тусмаа өвөрмөц. Манай дарга нарын бодол савласан ч гэсэн Монгол Улс газар зүйн байршлаасаа гартлаа савлах аргагүй юм. Тиймээс хөршөөсөө бид эрх чөлөөгөөрөө, нээлттэй байдлаараа ялгарч явах ёстой. Энэ ялгарлын мөн чанарыг улсын бодлого гээд байгаа юм. Монгол Улсын оршин тогтнох арга ч гээд байгаа юм. Хөрш хоёртойгоо ч ширээний ард сууж чаддаг, бусдын сууж байгаа ширээний ард ч орон зайгаа эзлээд сууж чаддаг л байх хэрэгтэй.

-ШХАБ-д элс гэж Орос, Хятад хоёр тийм ихээр шахаад байдаг юм уу?

-Хэнтэй яаж ярихаа наад хоёр чинь мэднэ. Эрх ашгаа мэддэг, түүн дээр хатуу зогсдог бол ямар ч шахалт цуурай төдий л юм. Эх орондоо хайртай хүнийг дайсан нь хүртэл хүндэлдэг гэж үг бий. Сайн гэрийн эзэгтэй хоёр эрд очдоггүй, сайн төрийн зүтгэлтэн хоёр улсад үйлчилдэггүй гэж ч үг байдаг юм. Монголынхоо төлөө хүнийг эд шахаад яав л гэж.

-Өмнөд Монголд болж буй эх хэлний төлөөх тэмцэлд төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсээс хамгийн их акц үзүүлсэн нь Та байлаа. Хятад улсаас манай улсад суугаа Элчин сайд манай сонинд өгсөн ярилцлагадаа “Таныг Өмнөд Монгол бол Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг гэдэг байсан. Албан тушаалаасаа буугаад хоёр нүүртэн болж байна” гэж хэлсэн. Та ийм байр суурь илэрхийлж байсан удаатай юм уу?

-Би тодорхой хариулт өгсөн. Өмнөд Монгол бол Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг гэх байр суурь илэрхийлэх шаардлага Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын түвшинд ажиллаж байхад надад лав үүсээгүй. Хятадууд Тайвань бол манай салшгүй нэг хэсэг гэдэг. Монгол Улс албан ёсны бодлогодоо Тайванийг Хятадын салшгүй хэсэг гэж үздэг. Түүнээс биш Өмнөд Монголтой холбоотой асуудал босч ирж байгаагүй. Энэ утгаараа Элчин сайд худлаа хэлсэн. Үүндээ уучлал гуйх ёстой.

-Манай улс 2025 оноос хос бичиг хэрэглэнэ гэж байгаа. Эрдэм шинжилгээний ганц өгүүллэг монгол бичиг дээр байдаггүй биз дээ. Энэ ухралт биш үү?

-Нэг үеэ бодвол манай залуучууд монгол бичгээ сурах нь нэмэгдэж байна. Монголд албан ёсны бодлого бий. Төрсний гэрчилгээ, их дээд сургууль төгссөн диплом, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргаас гадаад улс орнуудтай харьцах захидал бичгээ монгол бичгээр бичдэг. Монголд албан ёсоор монгол бичгээ хэрэглэх явдал аажмаар урагшилж байна. Энэ ажил үргэлжилж явах ёстой гэж боддог.

-Өмнөд Монголыг кирилл бичигт шилжүүлэх нь зөв гэж боддог уу?

-Наадах чинь бидний асуудал биш. Бид дуртайдаа ч кирилл бичиг аваагүй. монгол хүн Монгол бичигээ хэрэглэдэг байх бол бидний асуудал. Өмнөд Монголд амьдарч байгаа хүүхдүүдийн эрх зөрчигдөөд байгаа юм. Улс төрийн бодлогод хүүхдүүд буруугүй. Хичээл нь ямар хэлээр орно хүүхдүүд тэр хэлээр л сурна. Өмнөд Монголд байгаа багш эцэг эхчүүд яагаад тэмцэл өрнүүлээд байна гэхээр хүүхдийн эрх зөрчигдөж байгаа хүүхдүүд нь Монголоо алдчих вий гэж эмзэглэсэн учраас эсэргүүцээд байгаа юм. Бид хятад хэлний тухай яриагүй.

Монгол үндэстэн хэв шинжийн хувьд бусад үндэстнээс ялгардаг соёл ахуйн ялгарлыг алга болгох бодлогыг эсэргүүцэж байгаа юм. Монгол бичигтэй холбоотой бодлого л өөрчлөгдсөн юм шиг хэрнээ тэнд монгол үндэстнийг уусган алга болгох өргөн хүрээний бодлого улам эрчтэй явагдаж байгаа. Тэр үгээ хэлж байсан хүүхдүүдийн эцэг эхийг үгээр хэлэхийн аргагүй дарамталж байгаа. Ажлаас нь халж, найдваргүй хүмүүсийн жагсаалт руу оруулж, хэдэн мянгаар нь барьж хорьж байгаа юм. Эдийн засгийн хувьд элдвээр хааж боож байна. Өмнөд монголчуудын тэмцэл зогсоогүй. Аргагүй байдлын улмаас цурманд орно гэдэг шиг доогуураа, дотооддоо шатсаар байгаа юм.

-Зарим хүмүүс таны ярьж байгааг Хятадын дотоод асуудал гэж буруутгадаг.

-Хятадууд үүнийгээ дотоод хэрэг гэж үзэхгүй байгааг Хятадын комминуст намын элит гишүүдийн захидлаас ч харж болно. Дээд шатны нөлөөтэй гишүүд Хятадын комминуст намынхаа удирдлагад захиа бичсэн байна лээ. Тэр захидалдаа монголчуудын хувьд ийм бодлого явуулж болохгүй. Цөөнх үндэстэн хэл соёлоо хөгжүүлэх эрхтэй гэж бид Үндсэн хуульдаа заасан. Үндсэн хууль зөрчсөн бодлого явж байна. Өмнөд Монголыг хоёр дахь Шинжаан болгож болохгүй. Тэднийг шоронд хийж болохгүй. Монголчуудаас уучлалт гуй гэж Хятадын комминуст намын нөлөө бүхий гишүүд шаардаж байна, захиа бичгээр ч байр сууриа илэрхийлж байна.

Монгол Улс эрх чөлөөтэй орон. Бид энэ асуудлыг дэлхий нийтийн анхаарлын төвд оруулах ёстой. Монгол хүн л юм бол монгол хүний, монгол үндэстний илэрхийлэл болсон эхийн сүүтэйгээ хөхөж бойжсон соёл уламжлал, хэл бичиг, өвөрмөц ахуй амьдралаа гээж болохгүй. Тэр тусмаа бусад үндэстний түрэмгий түрэлтийн дор. Тэмцэлгүй үндэстэн мөхдөг. Галгүй гэр хөрдөг. Нэг хүний дуу хоолой ч ганцдахгүй. Хэдий Хятад том ч монгол хүн энэ тэмцэлд жижигдэхгүй. Ямар ч үндэстэн үүнийг ойлгоно. Элбэгдорж жижиг ч, монгол хүний төлөө тэмцэлд бол Хятад надад томдохгүй.

-Таны орчуулж тавьсан нийтлэлийг харсан. Энэ тухайд асуумаар байна...

-Хоёр юм хөрвүүлж олонд хүргэсэн. Хятад хүн ингэж бичсэн нь анхаарал татсан. Монгол хэзээ ч Хятадын нэг хэсэг байгаагүй. Харин Евразийг эзэлсэн Монголын тэр том эзэнт гүрний нэг хэсэг нь л Хятад байсан гэж бичсэн байна лээ. Цагаан хэрэм бол Хятадын хойд талын хил. Тэрнээс цааш байгаа нь нүүдэлчдийн газар нутаг. Хэл бичиг, соёл нь ч тэднийх. Бид хятадууд түүнийг хориглох эрхгүй.

Өмнөд монголчууд өөрийнхөө газар дээр өөрийнхөө хэл соёл ахуйгаар амьдарч байгаа улсууд. Соёлоор нь аймаглан устгах бодлого явуулах эрх Хятадад байхгүй гэж хятад хүн хэлж байна. Хятад хүн санаа зовоод явж байхад монгол хүн яагаад үг хэлээ хэлж болохгүй гэж. Монгол хүн монгол хэлээрээ ярьж, монгол бичгээрээ бичиж, морио унаж байвал мөнх тэнгэр шигээ монголчууд бид мөнхөд оршино гэж би боддог. Үүний төлөө зүрхээ сааж, үгээ хэлж байгаа монгол хүн бүрийг би хайрладаг, дэмждэг.

-Таны Си Жиньпинд илгээсэн захидлыг Хятадын элчин сайд цааш нь илгээхгүй гэсэн байна лээ. Одоо хэрхэх вэ?

-Танай сониноор нэг юм түүнд хэлчихье. Миний захидлыг цааш нь хүргэхгүй бол би захидлаа Си Жиньпинтэй өөрөө очиж уулзаж дуудаж өгөх болж байна. Харин миний саналыг даргадаа дамжуулахаа мартав.


Ярилцсан: сэтгүүлч Б.Номин-Эрдэнэ /Өдрийн Сонин/