Уртын дуугаар төрийн албаны шалгалт авдаг больё
УИХ-ын гишүүн М.Батчимэгт ЮНЕСКО ингэж хэлжээ. “Азийн орнуудаас босоо бичигтэй нь ганцхан танай улс шүү. Хүн төрөлхтний энэ соёлын өв хариугүй мөхөх нь. Аврахыг бодоорой” гэжээ. ЮНЕСКО ер нь дандаа үнэн хэлдэг дөө. Үнэхээр манай босоо бичиг мөхөх дээрээ тулчихаад байгаа.
УИХ-ын гишүүн М.Батчимэгт ЮНЕСКО ингэж хэлжээ. “Азийн орнуудаас босоо бичигтэй нь ганцхан танай улс шүү. Хүн төрөлхтний энэ соёлын өв хариугүй мөхөх нь. Аврахыг бодоорой” гэжээ. ЮНЕСКО ер нь дандаа үнэн хэлдэг дөө. Үнэхээр манай босоо бичиг мөхөх дээрээ тулчихаад байгаа. Тэгэхээр яаралтай аврах нь ч зүйтэй. Харин хэрхэн аврах вэ. Гэтэл М.Батчимэг гишүүн нэгэн арга оллоо. Монгол хэлний тухай хуулиндаа уламжлалт босоо бичгээ ерөнхий боловсролын сургуульд хүчээр заахыг, их дээд сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалтын дөрөвний нэгээс доошгүй хэсэгт заавал оруулж байхаар тусгалаа. Мөн Төрийн албан хаагчдаас ч босоо бичгээр шалгалт авч байх юм гэнэ. Одоогоор ерөнхий боловсролын сургуулиудад 6-р ангиас 9-р анги хүртэл монгол бичиг үзэж байгаа. Гэтэл үүнийг сунгаж 12 –р анги төгстөл “хүч түрэмгийлэхээр” болж. 1990 –ээд оны үед улс нийтээрээ монгол бичигт шилжих бэлтгэл бага ангиас заасан нь бантан болоод л өнгөрсөн. Одоо 1980-аад оны залуус бичгийн хэв гойд муухай, асар их алдаатай бичдэг нь монгол бичигт “нүдүүлсэний” гавьяа. Сэтгүүл зүйн хүрээний бид нийгмийн энэ дефектийг илүү мэдэрдэг. Сонин хэвлэл, телевизийн сэтгүүлчид алдаатай бичдэг боллоо гэж байнга шүүмжлэх болов. Цаад учир нь өнөөх монгол бичгээр суурилсан 1980-аад оныхон ажил хөдөлмөрийн талбар дээр гарч ирсэний илрэл нь манай салбараар илүү тод харагдаж байгаа энэ. Төрийн алдаатай шийдвэрээс болж нэгэн үеийнхнийг ийнхүү “вирус” болгочихоод одоо тэднээсээ монгол хэлээ аварна гээд дахиад түрэмгийлэх нь буруу. Монгол бичгийн тэмдгэлгээ дуудлага нь орчин цагийн монгол хэлнээс өөр, үсэг нь үгийн эхэн дунд адагт хувирдаг болохоор өнөө цагтай нийцэхгүй. Хууль санаачлагчдаас “Монгол бичгийг ийнхүү хүчээр тулгасны ач холбогдол үр дүн нь юу юм бэ” гэж асуужээ. Эл асуултад хууль санаачлагч М.Батчимэг гишүүн УИХ-ын чуулганы танхимд хариулсан. “ЮНЕСКО монгол бичгээ авар сөнөлөө гээд байгаа юм ” гэж. Тэгвэл уртын дуу бас сөнөх нь гээд байгаа. Жилээс жилд уртын дуучид нь ховордоод байгаа болохоор төрийн албан хаагчдын шалгалтыг уртын дуугаар суурилвал яасан юм бэ, гишүүн ээ. Эсвэл биелгээгээр ч шалгаж болмоор. Монгол үндэсний хувцасаа бас хайрлан хамгаалмаар байна. УИХ-ын эрхэм гишүүд чуулгандаа төрт ёсны бүрэн хувцастай, отго жинс бүхий тогосын өдөт малгайтай ирж байвал ямар вэ. Эрхэм гишүүн М.Батчимэг танд боржигон хатны хувцас (эхнэр үстэй ) заавал өмсүүлж байж Төрийн ордонд нэвтрүүлж байвал зүгээр биш үү. Үндэсний дээл хувцасаа бараг өмсөхөө байлаа, монголчууд. Нэг арга бодно байгаа...
Монгол хэлний тухай хуулинд бас нэг гажигтай заалт яваа. Хуулийн 6.3, 7.2-т бий. Тэнд ерөнхий боловсролын сургуульд нэгдүгээр ангиас гадаад заахыг хориглоно гэнэ. Гэхдээ тусгай зөвшөөрөл бүхий сургуулиудад бол зөвшөөрөх юм байх. Ингээд ерөнхий боловсролын салбарт тусгай зөвшөөрөл өгдөг болж хүнд суртал авилгын шатыг нэмэх нь ээ. Тусгай зөвшөөрөлтэй сургууль гэхээрээ хуулийг санаачлагч нарын хүүхдүүд сурдаг Орчлон, Америк сургууль, Бритш сургууль, Олон усын сургуулиуд орох бололтой. Хэрэв жирийн бид хүүхдэдээ нэгдүгээр ангиас нь гадаад хэл заалгая гэвэл жилийн 10-40 мянган ам.долларын үнэтэй тэр тусгай сургуулиудад аваачиж өгөх хэрэг гарах нь. Хэрэв хэтэвчний хэмжээ хүрэхгүй бол хөөрхий бидний хүүхдүүд баячуудын хүүхдээс тохой доогуур орчинд сурах ёстой болно. Яагаад ийм заалт оруулах болов гэхээр “Монгол хэлээ мэдэхгүй, монголоор сэтгэдэггүй иргэд олширч байгаагаас эх хэлнийхээ дархлааг хамгаалж вакцин хийж байна” гэж тайлбарлаж байна. Нэгдүгээр ангиас нь гадаад хэл заангуут монголоор сэтгэхээ байчихаж байгааг ямар гээчийн их мэдэгч тэдэнд шивнэж орхив оо. Хүүхдэдээ ганц орой үлгэр яриад өгдөггүй, нэг зун дагуулаад хөдөө гарахгүй, яруу найраг уншдаггүй өөрсдийн чинь тархины тураалаас болоод үр хүүхэд чинь монголоор ярьж чадахгүй шахам, монголоор сэтгэж ч барахгүй яваагийн бурууг түмний хүүхдээс хайх хэрэггүй ээ. Өнгөрсөн жил Нийслэлийн боловсролын газраас дунд суруулиудад заавал орос хэл заа гэсэн журам гарч. Тэгээд орос хэл заагаагүй сургуулиудыг 60 мянган төгрөгөөр торгосон гэнэ. Яагаад миний хүүхэд хэдэн наснаасаа ямар хэл үзэхийг төр заах ёстой гэж. Энд ямар бодлого яваад байна аа... Миний нэг найз Шведийн иргэн болоод тэнд бараг 30 аад жил амьдарч байна. Финлянд нөхөртэй, ганц эрлийз охинтой. Охин нь швед цэцэрлэгээр дамжаад одоо швед сургуульд сурдаг. Долдугаар анги. Швед, англи хэлтэй. Эргэн тойрон швед англиар, аавтайгаа фин хэлээр ярина. Гэтэл Фавулина охин гайхалтай цэвэрхэн монгол хэлтэй. Шүлэг уншина, үлгэр ярина, оньсого таалгана, хошигноно. Төрсөн цагаасаа гадаадад өсч, гадаад хэл сурч, бүр гадаад аавтай, эмээтэй ах дүүстэй энэ бяцхан охин монгол хэл мэдэхгүй, монголоор сэтгэж чадахгүй байхад хэн ч буруутгахгүй. Гэтэл тэр чадаж байна. Тиймээс эцэг эхийн ухаанаас бүх зүйл хамаарч байгаагийн амьд бөгөөд тод жишээ энэ биш үү. Зарим УИХ-ын гишүүд гэртээ англиар ярьдаг, хүүхдүүд нь англи хэл дээр шүлэг зохиодог атлаа монголоор чадахгүй байгаагийн буруутан нь ерөнхий боловсролын сургуульд үзэж байгаа гадаад хэлний хичээл биш ээ. Алдаа нь өөрт чинь байна. Өөрөө бүдүүн бол хүүхдээ финтест явуулдаг, өөрөө бүжиглэх авьяасгүй байж охиноо балетад сургадаг, өөрөө хөгжим ойлгохгүй байж хүүгээ төгөлдөр хуурч болохыг шаарддаг, өөрөө толгой муутай байж үр хүүхдээ Харвардад явуулах гэж загнаж зоддог эцэг эхчүүдээс залхаж байна. Таны согог бүрийн буруутан бяцхан үрс чинь биш. Тиймээс хар багаас нь хайхралгүй хаясан, гадаадад аваачаад мартсан, мөнгөнд умбуулаад оюун ухааныг нь мөхөөсөн, монголоо гэх сэтгэлгүй болсон өөрийнхөө хүүхэдтэй өрөөлийг хүүхдийг бүү жиш. Биднийг бүү хохироо. Хэрэгтэй хуулийн далбаан дор энэ мэт буруу сэтгэлгээг хийх гэж бүү зүтгэ. Хэрэв хийрхэл туйлширлаар хууль батлаад байх юм бол юү болох вэ. Тухайлбал, төмөр зам тавихгүйгээр нүүрсээ Хятад руу төмпөнгөөр зөөлгөвөл ажлын байр ч нэмэгдэж олон хүн цалинтай хоолтой болох биш үү. Хийрхэлээр хууль батлахгүй ээ, найзууд аа. Хууль батлахад олгодог 35 сая төгрөгийн төлөө арай ийм юм хийж байгаа юм биш биз.