В.Ганзориг: Сайн байна уу Оюун-Эрдэнэ сайд аа? Бид монгол залуус ба цахим хувьсгал цуврал ярилцлага хийж байгаа юм. Энэ удаа Засгийн газрыг төлөөлүүлж таныг урьлаа. Технологид суурилсан олон шийдлийг хувийн хэвшил хөгжүүлэн, тэр байтугай олон улсын зах зээлд гарч, монгол залуусын ур чадвар, оюун ухааныг дэлхийд тамгалж байна. Харин манай төр өөрөө хэр цахимжиж байна вэ? Олон улсад GovTech гээд ойлголт байдаг юм билээ.

Л.Оюун-Эрдэнэ: Бид цахим үндэстэн болох гээд том зорилт дэвшүүлсэн. Цахим үндэстэн гэдэгт төр, хувийн хэвшил, иргэн бүгд багтана. Энэ хүрээнд сүүлийн хоёр жилийн хугацаанд нэлээд ахиц гаргасан. Төрийн үйлчилгээнүүдийг E-Mongolia гээд нэг цонхонд нэгтгэж чадлаа. Энэ жил анх удаа парламент 100% цахимаар хуралдахад санал хураалт дээр ямар нэгэн асуудал үүсэхгүй явж, хууль батлагдлаа. УИХ-ын гишүүд гэрээсээ энэ жилийн улсын төсвийг мөн 100% цахим санал хураалтаар баталсан. Ингэхэд ямар нэг алдаа гарсангүй. Энэ бол том ахиц буюу түүхэнд тэмдэглэгдэх зүйл болж чадсан. 

ЯРИЛЦЛАГЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХИЙГ ХҮСВЭЛ ТА ДООРХИ ХОЛБООСЫГ ДАРНА УУ!


Засгийн газар цахимаар хуралдах технологийн шийдэл рүү орсон. Орон нутгийн засаг захиргаа буюу аймгийн засаг дарга нартай технологиор хуралдах чиглэл рүү орсон. Мөн Засгийн газрын харьяа байгууллагуудад өндөр нууцлалтай шугамаар хоорондоо холбогдох технологи нэвтрээд эхэлсэн. Ковид амаргүй нөхцөл байдлыг үүсгэж байгаа ч цахим шилжилтийн тал дээр ахицтай байна. Яваандаа төрийн байгууллагын ажилтнуудын ачааллыг тэнцүүлэх үүднээс цахимаар ажлаа хийх боломжийг бүрдүүлэх тал дээр томоохон судалгааны баг гараад ажиллаж байна. 

Энэ бүхэн Монгол Улс цахим үндэстэн болоход төр засгийн зүгээс нэг их хоцроогүй явж байгааг илтгэх болов уу. Цаашдаа салангид байгаа системүүдээ нэгтгээд, цахим үндэстэн болоход төр илүү нэгдмэл байдлаар зорилтоо тодорхойлоод явна. 

- E-Mongolia төслийн үр дүнг хэрхэн дүгнэж байна вэ?

- Ялангуяа хөл хорионы үед энэ үйлчилгээ их хэрэгтэй байгаа нь харагдаж байна. Орон нутгийн иргэд заавал Улаанбаатар хотод ирэхгүйгээр төрийн үйлчилгээг E-Mongolia-аар авдаг болчихлоо.Ард иргэдийн хэрэглээ маш их дээшилж байна. Одоогийн байдлаар 181 үйлчилгээ орсон байгаа. Оны төгсгөлд 200 болно. Цаашаа 300, 400, 500 төрийн үйлчилгээ ингээд цахимжаад явна. Иргэдэд хамгийн их хүнд суртал учруулдаг төрийн үйлчилгээнүүдийг нэн тэргүүнд цахимжуулах үүрэг өгөөд ажиллаж байна. Ямар үйлчилгээг цахим болгох тухайг Mongolia-аар дамжуулан иргэдээс давхар санал асуулга авч байгаа. Тиймээс хамгийн хүндрэлтэй байгаа асуудлуудыг бид нэн тэргүүнд цахимжуулна гэсэн үг. Яваандаа хүнтэй харьцахгүйгээр, шалгуурт хангаж байвал компаниа цахимаар байгуулж, иргэнийхээ үнэмлэхийг цахимаар авдаг болж заншина. Санхүүгийн гүйлгээг цахимаар хийдэг болоод удаж байна. Нийтээрээ ийм түвшинд очих юм бол хотын түгжрэл дээр том эерэг нөлөө үзүүлнэ. Ард иргэдийн цагийг хэмнэх нь төрийн хувьд барьж байгаа чухал үзүүлэлт. Энэ хэрээр иргэдийн бухимдал багасна. Энэ төсөл дээр бид Эстонийн засгийн газартай хамтарч ажиллаж байгаа. 

Одоо салангид байгаа төрийн системүүдийг нийлүүлж угсрах ажил руу бид орж байна. Энэ ажилд тодорхой хэмжээний хугацаа орно. Жишээлбэл, Тагнуулын ерөнхий газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газар, Зэвсэгт хүчний жанжин штаб дээр ч гэдэг юм уу ийм салангид системүүд байгаа. Эдгээрийг нэгдсэн удирдлага руу оруулна. Яваандаа Цахим хөгжлийн яамтай болох асуудал энэ хүрээндяригдаж байгаа. Бид тэргүүлэх чиглэлээ гаргасан. Үүн дотор төр юутай ч хувийн хэвшлээсээ хоцрохгүй, илүү манлайлж явах, хувийн хэвшилтэйгээ илүү хамтарч ажиллана. E-Mongolia төслийн ач холбогдлыг үүгээр бас тайлбарлаж болно. 

2021 он гараад Төв шуудангийн гол танхимд 1111 төв, E-Mongolia-н нэгдсэн үйлчилгээний төв нээгдэнэ. Энд төрийн цахим үйлчилгээг ил тод, шуурхай хүргэх үүднээс хэрхэн хэрэглэх заавар, танилцуулга, хичээлийг иргэдэд заах юм. Ирэх хоёроос гурван жилийн хугацаанд нэлээд том хэмжээнд төрийн мэдээллийг цахимжуулах зорилгыг тавиад ажиллаж байгаа. Амаргүй нөхцөл байдлууд үүсч байна. Учир нь гар утасны аппликэйшн дээр нэг төрийн үйлчилгээг цахим болгож оруулах тоолонд жишээ нь тэнд хүнд суртал үүсгэж байсан хэн нэгнээс тэр төрийн үйлчилгээг булааж авах асуудал үүсдэг. Үүнээс болоод бухимдах, үл ойлголцол үүсэх, эсвэл цахим ер нь бол буруу гэдэг ч юм уу хандлагууд явахыг үгүйсгэхгүй. Гэхдээ бид иргэдтэй хамтран үүнийг давж гарах ёстой. Ингэж чадвал бид хамтдаа авилга, төрийн хүнд суртал үүсгэх суурь нөхцөлийг таслана. Нөгөө талаараа цахим шийдэл бол төр ба иргэн, хувийн хэвшил хамгийн түргэн шуурхай, үр дүнтэй хоорондоо холбогдох гарц юм. Энэ хэрээр иргэдийн оролцоо өндөр болно. 

- Иргэдийн хамгийн өндөр хүлээлт яах аргагүй авилга, хээл хахуультай хийх тэмцэл. Нэмээд төр данхгар байна, маш олон төрийн албан хаагч байна гэдэг шүүмжлэл бий. Утгаараа цахим үндэстэн болоход төрийн алба нэлээд цомхон болох боломжтой гэж бодож байгаа. Зөв үү?

- Бид судалгаа хийсэн. Төрийн үйлчилгээ 60%-аас дээшээ цахимжиж чадвал төрийн албан хаагчдын тоон дээр давхцал үүснэ. Өөрөөр хэлбэл, 15-20%-р төрийн албан хаагчдын тоо цөөрнө гэдэг нь тодорхой болсон. Энэ судалгаагаар төрийн үйлчилгээний болон төрийн захиргааны албан тушаалтнуудын ачаалал харилцан адилгүй байгаа нь тогтоогдсон. Жишээ нь, нэг яаманд 50 хүн ажиллаж байхад 20 хүн нь хэт ачаалал аваад, 10 хүн ачаалал багатай, бусад нь дунд ачаалалтай ажилладаг. Тиймээс ажлын гүйцэтгэлийн түвшнээр цалинжуулах систем, эсвэл гүйцэтгэлийн түвшингээр ажлуудыг нь цахим хэлбэрт оруулаад эхлэхээр төрийн албан хаагчдын орон тооны давхцлууд ил болно. Нэг үгээр хэлбэл, төрийн албаны зураглал бодит утгаараа ажлын ачаалалтайгаа зурагдана гэсэн үг. Үүний дараа хоёроос гурван сарын дараа бид дүгнэлт гаргаад, энэ яаман дээр энэ бүтэц шаардлагагүй, энэ яаман дээр энэ бүтцийг нэмж байгуулах ёстой юм байна гэдэг байдлаар явах юм бол үр дүн дээр тулгуурласан гүйцэтгэлийн систем рүү төрийн алба орж чадна. Энэ бол E-Mongolia төслийн бас нэг чухал зүйл нь шүү. 

- Цахимжихын давуу талыг зөндөө ярилаа. Нөгөө талдаа эрсдэл үүсч байна. Хэдхэн хоногийн өмнө хятадын хакерууд төрийн байгууллагууд руу халдсан тухай сошиал дээр шуугиан үүссэн. Төрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хувь хүний мэдээллийг хамгаалах тал дээр юу хийж байна вэ?

- Манай төрийн байгууллагын нэгдсэн систем, аюулгүй байдалтай холбоотой бүх ажил Тагнуулын ерөнхий газар дээр байдаг. Өндөр хамгаалалттай гэсэн үг. Нэг үгээр хэлбэл, тэр сервер рүү халдлага болоогүй. Өдөр тутам бидэнд ямар халдлага ирж болзошгүй талаар мэдээлэл ирдэг. Харин салангид байгаа системүүд халдлаганд өртөх эрсдэлтэй байдаг. Жишээ нь, аль нэг яам эсвэл төрийн байгууллага тусдаа нэг компанитай гэрээлж, тусдаа систем үүсгээд явчихаар төрийн байгууллагын нэгдсэн системийн хамгаалалтыг авч чадахгүй болдог. Бидэнд олон салангид хөгжмийн зэмсгүүд байна аа. Одоо үүнийг нэгтгэн удирдаж симфони болгон дуугаргах хэрэгтэй байна. Нэгдсэн удирдаач байх ёстой гэж би хэлээд байгаа нь тэр. Тийм учраас E-Mongolia төслийн гол зорилго энэ төр, хэвийн хэвшлийн салангид байгаа системүүдийг нэгтгэх юм. 

Энэ дотор кибер аюулгүй байдал, хамгаалалтын системүүд ч нэгдэнэ гэсэн үг. Энэ бүхэн хуулиар баталгаажих хэмжээнд очно. Мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль, Хувь хүний мэдээллийн тухай хуультай холбоотой асуудлууд маш нарийн зохицуулагдахаар болж байгаа. Эдгээртэй холбоотой дөрвөн хуулийн төсөл бэлэн болсон, удахгүй УИХ-д өргөн барина. Киберийн аюулгүй байдалтай холбоотой асуудал үүсэх учраас бид нэгдсэн систем рүү орох хэрэгтэй. Салангид байх тусмаа л бид хүчгүй, салангид байх тусмаа ямар нэгэн байдлаар кибер халдлагад өртөх эрсдэл өндөрсөнө гэсэн үг. Хувийн хэвшлийнхэн маань үүнийг ойлгох ёстой.

- Таны өмнө би технологийн бизнес хийж байгаа залуучуудтай ярилцсан. Тэд Монголын төр дотоодын технологи, хувийн хэвшлийн шийдлүүдийг дэмжиж хэрэглэх нь тааруу, олон улсад гарч буй үндэсний компаниудаа бодлогоор дэмжих эсэх нь тодорхойгүй байдаг тухай дурдаж байсан. Энэ байдлыг та бүхэн яаж үнэлж дүгнэж байгаа вэ?

- Монгол Улс уул уурхайгаас нэлээдгүй хамааралтай орнуудын нэг. Бид эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдийг зарлах гэж байна. Жишээ нь, аялал жуулчлалын салбар тэргүүлэх чиглэл болно гэдэг нь төрөөс онцгой, хөнгөлөлттэй нөхцөлөөр энэ салбарыг дэмжинэ гэсэн үг. Хүнс хөдөө аж ахуйн салбар байна. Хүнс үйлдвэрлэгч, экспортлогч орон болох зорилтыг тавина. Эрчим хүчний хувьд баруун аймгуудад хэрэгжиж байгаа томоохон төслүүд дээр үндэслээд эрчим хүч экспортогч орон болох зорилтыг тавьж байгаа. Анх удаа гэж хэлж болно, цахим үндэстэн болох зорилгын хүрээнд мэдээллийн технологи болон Creative Industry гэж ярьдаг бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгож байгаа. Үүнийг энэ дөрөвдүгээр сард зарлана. 

Старт апийн залуус, мэдээлэл, технологи, цахим чиглэлээр ажиллаж байгаа залуучуудад энэ сайн мэдээ болно гэж итгэж байгаа. Энэ салбарт төр онцгой, хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлүүд олгоно гэсэн үг. Нэмээд төр энэ салбарын эрх зүйн орчинг маш тодорхой болгож өгнө. Үүгээр дамжуулан төр хамтарч ажиллах томоохон дэд бүтцийн асуудлуудаа шийднэ гэсэн үг. Тухайлбал, хиймэл дагуултай холбоотой асуудлыг шийдвэрлэхийн тулд Энэтхэг болон Францын засгийн газартай ярилцаад явж байна. Нэг үгээр хэлбэл одоо бид бэлтгэл ажлаа хангаж байна. Ирэх дөрөвдүгээр сар цахим бизнес хийж байгаа, мэдээллийн технологийн салбарт ажиллаж байгаа залуусын хувьд шинэ хуудас болно гэж бидний хувьд төсөөлж байгаа. Тийм учраас та хэд маань бэлэн байх хэрэгтэй. Бидний хувьд ийм үсрэнгүй хөгжлийг хийж болно гэж үзэж байгаа.

Мөн боловсролын салбарт мэргэжилтэн бэлтгэх тэргүүлэх салбаруудыг гаргаж ирж байна. Энэ дотор мэдээллийн технологитой холбоотой залуучуудыг Засгийн газраас тэтгэлгээр сургахад нэн тэргүүний зорилт тавих байдлаар Боловсролын яамны бодлогод зохицуулалт орсон. Энэ бол зөвхөн нэг, хоёр жилийн асуудал биш. Цахим үндэстэн болно гэдэг нь зөвхөн дотооддоо цахимжих асуудал биш юм. Цахим үндэстний хэмжээнд бодлого үйл ажиллагаа явуулж байгаа дэлхийн бусад компаниудтай манай дотоодын аж ахуйн нэгжүүд, старт ап компаниуд өрсөлдөх түвшинд хүрэхэд Засгийн газар бодлогоор дэмжинэ гэж ойлгож болно. Тийм учраас үүнийг хариуцсан төрийн захиргааны нэгдсэн байгууллага зайлшгүй байх ёстой, өнөөдөр Монголд энэ байгууллага дутагдаж байгаа нь харагдаж байна. Нэг үгээр хэлбэл, технологийн старт ап эхлүүлэхэд хаана очиж уулзах, ямар дэмжлэг авах нь тодорхойгүй байна. Нэмээд төрийн албанд шийдвэр гаргаж байгаа хүмүүс цахимын талаар ойлголт төдийлөн хангалттай сайн түвшинд байгаагүй нь бодитой байгаа. 

Гэхдээ энэ хугацаанд бид Цахим бодлого, инновацын байнгын хороотой болсон. Одоо үүнтэйгээ уялдсан, гүйцэтгэх засаглал дээр нэгдсэн удирдлагатай байх асуудал руу үндсэндээ дөрөвдүгээр сард одоо шилжин орно. 

- Цахим хөгжлийн тусдаа бодлогын бүтэц, шинээр яам бий болох юм уу?

- Тийм. Шинэ яам гэхээр төрд орон тоо нэмэгдэх байдлаар ойлгогддог. Гэтэл бусад улсуудын хувьд жишээлбэл, эдийн засгийн хөгжлөө түргэтгэх шийдвэрийг төр захиргааны төв байгууллага гаргаад эдийн засгаа бодитойгоор хоёроос гурав дахин тэлэх боломж үүсгэвэл энэ бүтэц өөрөө хүчтэй гарч ирэхээс өөр аргагүй. Бид өнөөдөр Цахим үндэстэн болох зорилго тавиад, үүний хүрээнд төрийн албан хаагчид 15-20% цомхон болох гэж байгаа юм бол энэ бүтэц, чиглэл чухал гэсэн үг. Тийм учраас бид хөшүүн бүтэц биш, аль болох тухайн цаг үедээ нийцсэн, тухайн цаг үедээ илүү хурдан хариу үйлдэл үзүүлэхүйц бүтэцтэй явахыг чухалчилж байгаа. Энэ дээр судалгааны ажил хийгдээд явж байгаа. Төрийн захиргааны төв байгууллагаа агентлагийн түвшинд буюу нэгдсэн удирдлагаар төрийн яамуудаа хангаж чадахгүй түвшинд ажиллаж байгаа дэлхийн цөөхөн улс орнуудын нэг нь Монгол болсон. 

- Таны бодлоор Эстони шиг цахим үндэстэн болоход Монголд хэдэн жил шаардлагатай вэ? Үүнийг хурдасгахын тулд хэн, юу хийх шаардлагатай байна вэ?

- Бид дөрвөөс зургаан жилийн хугацаа шаардлагатай гэж үзэж байгаа. Энэ харьцангуй богино хугацаа. Бидний өмнө энэ замаар явсан улс орнууд бий. Бид Энэтхэгтэй холбоо тогтоож очиж ажилласан. Энэ ажлын хэсгийг миний бие ахлаад явж байна. Сингапур, Солонгос, Эстонид очиж үзсэн. Энэ дундаас Эстони улс бид нартай олон талаараа адил байсан. Тухайлбал, ЗХУ-ын нөлөө, соёл, хүн амын тоо гэх мэт. Тиймээс хурдтай цахим шилжилт хийж чадсан Эстоны жишгийг аваад, Монголын онцлогтоо тохируулаад хөгжүүлэх нь хамгийн ойрхон байна гэж үзсэн. Хоёр улсын Засгийн газар хооронд хамтарсан хэлэлцээрүүд хийгдээд эхний байдлаар зөвлөмжүүдээ аваад явж байна. Эстони улсад цахимаар гэрлэж болохгүй, цахимаар үл хөдлөх хөрөнгө худалдаж авч болохгүй. Бусдаар бол бараг бүх зүйл цахим болчихсон. Энэ бол цахим үндэстний асар өндөр төвшин. Тэгэхлээр иргэд дэмжээд, төр засаг нь маш хурдтай байдлаар залгамж чанарын бодлогоо тасалдуулахгүйгээр ажиллаж чадвал Монгол Улсын төр дөрвөөс зургаан жилийн дотор цахим шилжилт хийж чадна. 

Энд бид нийт ажлынхаа 80 орчим хувийг хийнэ. Энэ бол технологийн шийдэл ерөөсөө биш. Энэ бол улс төрийн эр зориг, иргэдийн дэмжлэгийн асуудал юм билээ. Технологийн шийдэл хэдийнэ гарсан. Гагцхүү эрх мэдэлтнүүд эрх мэдлээсээ татгалзах, хувийн хэвшлүүд эгогоо дарж нэгдэх, төр, хувийн хэвшил хамтрах, төр нь том ах биш харин иргэд том ах байхыг төр өөрөө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байгаа. Наад зах нь сар бүр тогтмол цалин аваад явж байгаа төрийн албан хаагч жишээ нь тайлангаа цахим хэлбэрт шилжүүлж, тэр нь цахимаар хянагддаг жишиг руу орох ёстой. Иймээс энэ нэлээд ярвигтай, олон уулзалт, ярилцлага шаардсан сэдэв. Хамгийн гол нь иргэдийн ойлголт дэмжлэг, тэр дундаа энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн залуучууд, хэвлэл мэдээллийнхний дэмжлэг хэрэгтэй байгаа. Ингэж хамтарч ажиллаж байж утгаараа цахим үндэстэн болдог. Тэрнээс биш ганцхан Засгийн газар нь дангаараа хийх гэж зориод бүтэлгүйтэж байсан олон оролдлогууд бий. Өмнө нь ч гэсэн манайд зүйл тохиолдож байсан. 

Манай дэд бүтэц харьцангуй сайн шийдэгдсэн. Хүмүүсийн идэвхи сайн, залуусын орон учраас Монголд цахим шилжилт хурдан явах магадлал өндөргэдгийг Эстонийн засгийн газрынхан, энэ төсөл дээр ажиллаж байгаа судлаачид онцолсон. Одоо гагцхүү төр, хувийн хэвшлийн хамтын түншлэл, Засгийн газар, улс төрийн манлайлал, үүнийг дэмжих иргэдийн дэмжлэг туйлын чухал байнаа. Бид нарын хувьд эхнээсээ амаргүй сорилтод ороод эхэлсэн. Гэсэн ч тэр бүхнийг даван туулаад гарна гэдэг итгэл үнэмшилтэй ажиллаж байна. 

- Тэр нь ямар сорилтыг хэлж байна?

- Жишээ нь, жолооны үнэмлэх цахимжих ёстой юу, тэгвэл заавал хэвлэх ёстой юу гэдэг асуудал. Цаашилбал жолооны үнэмлэх тусдаа дугаартай, гадаад паспорт мөн иргэний үнэмлэх бүгд тусдаа дугаартай байгаа. Энэ жишээ нь нэг дугаар болох уу, үгүй юу гэдэг асуудал. Энэ бол яамдууд дээр саланги байдлаар маш олон жилийн хугацаанд яваад ирсэн систем. Үүнд сайн зүйл байгаа, саар зүйл ч байгаа. Тийм учраас яамдууд энэ системүүдээ зөвхөн минийх, манайх гээд суучихдаг. Яг ийм өмчилсөн сэтгэл зүй Эстонид ч гэсэн их хүндрэл учруулж байсан. Манайд одоо хүндрэл учруулж эхэлж байна. Тийм учраас манай төрийнхөн хойшоогоо нэг алхаад, манай эрх мэдэлтнүүд, төрийн албан хаагчид энэ шилжилтийг илүү эерэг талаас нь харах манлайлал хэрэгтэй байгаа. Ингэж байж бид хамтдаа цахим үндэстэн болох нэгдсэн архитектураа угсарч дуусна. Харин эд анги бүхнийг өмчлөх гэсэн ийм сэтгэл зүй байх юм бол энэ бүтэц хэзээ ч босохгүй, бид хэзээ ч цахим үндэстэн болж чадахгүй. 

Энэ төсөл дээр мэдээж талууд ойлголцох, ярилцахаас гадна хууль эрх зүйн орчин, манай хууль хяналтын байгууллагууд дээр байгаа хүмүүсийн хандлага, төрд ажиллаж байгаа албан тушаалтнууд, УИХ болон Засгийн газрын гишүүдийн ойлголтоос авахуулаад асар их олон зүйл дээр томоохон хэмжээний хувьсгал болж байж цахим шилжилт гэдэг ойлголт цэгцэрч, цахим үндэстэн болох юм байна лээ. Энд л хамгийн их цаг орно. Үүнийгээ шийдчих юм бол мэдээллийн технологийн хувьд манай залуучууд дэлхийн түвшинд хүрсэн гэдгийг би ойлгосон. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд цахим үндэстэн болох хөтөлбөр дээр өөрөө ажиллаад явж байсны хувьд монгол залуусаас маш их урам авсан. Мэргэжилтнүүдийн хувьд, мөн хувийн хэвшлийн төвшинд бэлэн болсон, төрийн байгууллагын хувьд ахиц гарсан. Гэхдээ бид илүү том улс төрийн эр зориг гаргах, зөвхөн би биш бид гэж тоглох, цахим шилжилт рүү манай улстөрчид өөрсдөө хоцрогдолгүй шилжин орох нь цахим үндэстэн хамгийн чухал асуудал болчихлоо. Энэ зөвхөн манайд тохиолдож байгаа юм биш. Бүх газар тулгамдсан асуудал юм билээ. Учир нь хүн өөртөө байгаа эрх мэдлийг бусдад өгөх дургүй байдаг. 

- Тэгэхээр удахгүй иргэний үнэмлэх, гадаад паспорт, жолооны үнэмлэх, регистрийн дугаар бүгдээрээ нэг болно гэсэн үг үү?

- Нэг болно. Тэгж байж Оюун-Эрдэнэ гэж хэн бэ гэдгийг би өөрөө бусдад маш хялбархан таниулна гэсэн үг. Гэхдээ ямар нэгэн байдлаар халдлагад өртөхгүйгээр, дэлхийн хаана ч явж байсан намайг Монгол Улсын нэгдсэн систем саадгүй танина гэсэн үг. Үүнийг одоо шууд хийх гэхээр манай бүртгэлийн уламжлалт систем, нөхцөл байдал хоцрогдсон. Одоо регистрийн дугаар хараад эрэгтэй, эмэгтэй, аль аймагт төрснийг нь мэддэг. Үүнийг бид цэгцэлж нэгдсэн байдал руу оруулах ёстой. Жолооны үнэмлэх яг адил. Жишээлбэл, замын цагдаа иргэний жолооны үнэмлэхийг заавал үзэхгүйгээр утсан дээрээ бидний кодыг уншуулаад шууд танихуйц систем рүү орно гэсэн үг. Үүнийг хийж чадвал жишээ нь хөдөө орон нутгийн машин Улаанбаатар хотод хэзээ орж ирэв, хэд хонож байгааг хүртэл замын камерын нэгдсэн системээр шүүхэд үзээд мэдэх боломжтой. Энэ том өгөгдлийг хиймэл оюун ухаанаар түүвэрлэнэ. Тусгай зөвшөөрөлтэй такси юу эсвэл зүгээр энгийн машин халтуур хийгээд байгааг хүртэл ялгаж харах боломжтой болно. 

Ийм систем ажиллаж эхэлбэл жишээ нь, төрийн албан хаагчдийг хувийн машинтайгаа ажилдаа ирэхийг хориглох шийдвэр гаргалаа гэж бодоход энэ шийдвэр Улаанбаатар хотын замын ачааллын хэдэн хувиар бууруулахыг хүртэл тодорхой тооцох болно. Одоо бидэнд ийм бүртгэл байхгүй учраас хөл хорионы энэ үед та зах явж байна уу үгүй юу, ямар машин хаана явааг зөвхөн замын цагдаа амаар асууж байж л баталгаажуулж байна. Ийм байдлаар бүрэн тодорхойлох ямар ч боломжгүй ажил шүү дээ. Тийм учраас бидний хувьд энэ нэгдсэн бүртгэлийн систем рүү орохын тулд өөрөө өөрийгөө таниулж чадахуйц хэмжээнд очсон нэг код руу шилжих нь нэн тэргүүний зорилт байгаа. 

Үүнийг цэгцтэй хийхийн тулд дөрвөн хуулийн төсөл өргөн барьж байгаагийн нэг нь Хувь хүний өгөгдөлтэй холбоотой бол нөгөө нь кибер аюулгүй байдалтай холбоотой хууль байгаа. Нөгөө хоёр нь төрийн нэгдсэн системийг хэрхэн бүрдүүлэх, мөн цахим гарын үсэгтэй холбоотой хуулиуд яригдаж байна. Одоо ийм асуудлуудыг шийднэ.

- Эдгээр хууль ирэх он гэхэд хэрэгжиж эхлэх үү?

- Энэ хуулиуд оны өмнө өргөн баригдана. Оны өмнө хэлэлцэх эсэх нь шийдэгдэж, ажлын хэсгүүд байгуулагдана. Эдгээр хуулиуд дээр хугацаа зарцуулах ёстой. Яагаад гэвэл энэ чухал хуулиудыг Монголынхоо онцлогт тааруулсан гээд хэт хурдан баталж болохгүй. Миний хувьд хэлэхэд 2021 оны хаврын ээлжит чуулганаар эдгээр хуулиуд батлагдах байх гэж бодож байна. Ирэх хаврын чуулган цахим засаглал дээр нэлээдгүй том түүхэн шийдвэр гаргасан, цахим үндэстэн болоход төр, хувийн хэвшлийн түншлэлийн нэлээд ойлгомжтой түвшинд аваачсан цаг хугацаан дээр таарах болов уу. Бид ийм зорилготой бэлтгэл ажлаа хангаад явж байна. 

Цахим хурлууд олноор болж байна. Цахим хурал бол хэн нэгэн оролцогчийг хаядаггүй, бүгд идэвхтэй оролцдог соёлд монголчууд маань идэвхтэй суралцаж байна. Одоо Засгийн газар цахимаар хуралдаж байна, бүх аймгийн удирдлагуудтайгаа онлайн хуралддаг болсон. Нэмээд янз бүрийн ажлын хэсгүүдийн хурлыг дурдаж болж байна. Саяхан Энэтхэг ба Монголын Засгийн газрын комиссын хурал цахимаар хийгдлээ. Маш чухал уулзалтууд ингээд явж байна. Тэгэхээрээ яг энэ соёл дээрээ үндэслээд бидний хувьд илүү үсрэнгүй өөрчлөлтийг хийх хэмжээний сэтгэл зүйг одооны цар тахлын нөхцөл байдал бүрдүүлж өгч байна. Мэдээж бүх юманд сөрөг тал байгаа. Маш хүнд нөхцөл байдалд бид байгаа ч яг энэ цахим өөрчлөлт хийх, цахим үндэстэн болох зорилтын хувьд илүү хурдтай алхах сэтгэл зүй бүрдэж байгааг нэг давуу тал гэж хэлж болно. 

- Чуулганы завсарлагаар цаг гарсан сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа!