2021 онд Америк, Хонк Конг, Солонгос руу технологио экспортлоно
Технологийн дэвшил ашиглан хэдэн $100 саяын үнэлгээтэй компанийн эзэд болж,хэдэн арван сая $ гадаад, дотоодоос босгон, төр, хувийн хэвшлийг холбон, Цахим үндэстнийг цогцлоож буй залуусын 6 дахь цуврал.
В.Ганзориг: Сайн байна уу Мэндээ захирал аа? Монголын Амазон болно гэсэн таны ярилцлагыг уншсан. Үнэхээр Монголдоо хамгийн том цахим худалдаа, ложистик, технологийн цогц шийдлийг танай хамт олон хийж чаджээ. Танай бизнесийн суурь мэдээллийн технологи байх. Бизнес болон компанийнхаа тухай мэдээлэл өгнө үү.
Ц.Мэндбаяр: Shoppy.mn 2017 оны 1 сарын 1-нд үйл ажиллагаа эхэлсэн. Дөрвөн жилийн хугацаанд 400 мянган идэвхтэй хэрэглэгчтэй болсон. Нэг сард 500 мянган гаруй хүн манай платформ руу тогтмол зочилж ордог. 1000 гаруй дэлгүүрийн бараа бүтээгдэхүүнийг өөр дээрээ зардаг. Бид анх Shoppy.mn гэж эхэлж байсан бол 2019 оны 11 дүгээр сараас эхлээд технологийн платформ түрээсийн үйлчилгээ нэвтрүүлсэн. Энэ нь манай хөгжүүлсэн системийг ашиглаад өөр компаниуд цахим худалдаа хийх боломжтой болсон гэсэн үг.
ЯРИЛЦЛАГЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХИЙГ ХҮСВЭЛ ТА ДООРХИ ХОЛБООСЫГ ДАРНА УУ!
- White label хийдэг болсон юм байна шүү дээ.
- Тийм. Одоо дотоодын 50 гаруй томоохон компаниуд манай технологийг ашиглаж байгаа. Тухайлбал, Next Electronics, IT Zone, Amway гэх мэт олон байгууллагууд байгаа. Үүсгэн байгуулагдсанаас хойш бид нэг компаниар явж байгаад 2019 оны 11 сараас Shoppy ХХК болон Cody ХХК гээд компаниа салгасан. Cody компани цэвэр технологи хөгжүүлэлтээ хийгээд явж байгаа бол Shoppy нь худалдаа, маркетинг, ложистик дээрээ төвлөрч байна. Мөн 2018 оны 5 сараас эхлээд UBCab төсөл дээр хөрөнгө оруулалт хийж орсон. Энэ бизнес дээр бид своп хэлэлцээр хийгээд Mezorn компанийн хувьцаа эзэмшигч болсон.
Мөн SEM компанид хөрөнгө оруулсан. Энэ компани GPS Navigation дээр ажилладаг дотоодын 200 гаруй томоохон компанид Tracking үйлчилгээ үзүүлдэг. UBCab-in Taximeter-ийг Монголд хийсэн компани. Одоо ихэнх шатахуун түгээгүүр, гэр хорооллын ухаалаг худаг энэ компанийн системийг ашигладаг. Яг одоо Covid Contact Tracing шийдлийг хөгжүүлэн хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Дээр дурдсан компаниуд дээр JoinMe гээд аялал жуулчлалын платформ нэмэгдэнэ. Ингээд нийтэд нь бодоод үзвэл манай хамт олоны 140 орчим хүн бие биетэйгээ хамаарал бүхий дээр дурдсан компаниудад ажиллаж байна. Том зургаараа бид технологийн хөрөнгө оруулалт хийдэг Venture Studio маягаар ажиллаж байгаа.
- Та хэд хүргэлтийн үйлчилгээгээ UBCab-р хийж байгаа гэсэн үг үү?
- Холимог явж байгаа. UBCab ачаалал ихтэй байдаг. Ялангуяа хүйтрэхээр такси дуудлагын үед жолооч нар хүргэлтэнд явж амждаггүй. Тиймээс бид гэрээт хүргэлтийн компаниуд, өөрсдийн хүмүүсээр хүргэлтээ хийлгэдэг. Гэхдээ яг одоо UBCab дээрээ түлхүү суурилж байна. Учир нь хөл хорио гээд такси үйлчилгээ зогссон учраас UBCab express гэдэг үйлчилгээн дээр суурилаад явж байгаа.
- Би зөвхөн онлайн дэлгүүрээр төсөөлөөд байсан чинь та бүхэн тээвэр, ложистик, аялал жуулчлал, технологи гээд бизнесийн олон салбар руу орчихсон юм байна. Онлайн дэлгүүрийн цаана барааны удирдлага, агуулах, тээвэр, ложистик гээд асар том үйл ажиллагааны процесс явдаг. Ковидын үеэр танай ачаалал нэлээн нэмэгдэж буй байх даа?
- Ачаалал нэмэгдэх бидэнд том сорилт биш. Харин хөл хорионы үеэр нэг хэсэг бараа татан авалт, хүргэлтээ хийж чадахгүй болсон. Хориод хоногийн хугацаанд асар их хэмжээний захиалга овоорсон нь бидэнд ачаалал өгсөн. Одоо бүх ажлаа цэгцлээд хэвийн үйл ажиллагаанд орсон байгаа.
- Технологийн дэвшил орон зай болон цаг хугацааны хязгаарыг байхгүй болгож байна. Тэр утгаараа гадаадад байгаа монголчууддаа та бүхэн хүрч үйлчилж чадаж байгаа юу? Монголоос дэлхийн зах зээл рүү онлайнаар худалдаа хийх боломж бүрдэж байна уу?
- Гадаадад амьдардаг монголчууд, Монголд амьдардаг гадны иргэд манайхаар их үйлчлүүлж, захиалга хийдэг. Гадаадад байгаа монголчууд PayPal, олон улсын картаараа энд байгаа гэр орныхондоо, ах дүүс, хамаатан садандаа худалдан авалтуудыг хилийн чанадаас их хийж өгдөг. Эдгээр захиалгыг нь бид энд хүргээд өгдөг. Монгол амьдардаг гадны иргэд ч их захиалга хийдэг.
Монголын үндэсний брэндүүдийг гадагшаа экспортлох дээр Shoppy.mn хараахан ажиллаж эхлээгүй байгаа. Харин Cody компани дээрээ Европын холбоо, Солонгостой хамтраад үндэсний монгол брэндүүдийг гадагш нь гаргах платформ хөгжүүлээд үндсэндээ дуусч байна.
- Ихэнх технологийн компаниуд маань зөвхөн монголын зах зээл гэж ярихаа больж, гадаад зах зээл рүү тэмүүлдэг болжээ. Танай хамт олон ч бас үйл ажиллагаагаа улам өргөтгөөд, олон улсын хэмжээнд гарах зорилготой байгаа гэж дуулсан. Үүнтэй холбоотой гадна, дотнын бирж дээр хувьцаа, бонд гаргах ажлууд төлөвлөж байна уу?
- Бид Америк, Солонгос, Хонг Конг улсуудад 2020 онд платформоо нийлүүлэх гэрээ хийсэн байсан. Ковид гарснаас болоод энэ ажлууд удааширсан. 2021 он гараад хамгийн эхлээд Америк руу технологио гаргана. Америкийн Dakota Systems компанитай хамтраад системүүдээ холбоод, америкийн компаниудад үйлчилгээ үзүүлээд эхэлчихнэ. Энэ бол бид өөрсдийн технологио түрээслэн дэлхийн зах зээлд гаргаж байна гэсэн үг.
Үүний дараа Хонг Конг болон Ази, номхон далайн бүсийн орнууд руу бүтээгдэхүүнээ гаргана. Хиймэл оюун ухаан дээр суурилсан нарийвчилсан аналитик системтэй компанитай хамтраад өөрсдийн дэд бүтцээ энэ зах зээлд нийлүүлэх ажлууд явж байгаа. Ер нь бол бүх бэлтгэл ажил хангагдсан. Яг одоогоор гаднын зах зээл дээрээс мөнгө босгох дээр ажиллаагүй байна. Гэхдээ бид нар дээр ороод ирчихсэн хэд хэдэн саналууд байгаа. Нэг жишээ гэвэл дэлхийн хамгийн том технологийн чуулган болох Web Summit-ийн дэргэхэд хөрөнгө оруулалтын сан танайхыг сонирхож байна гээд хандсан байгаа.
Яг одоогийн байдлаар бид технологио дэлхийн зах зээлд нийлүүлэх, Монголынхоо зах зээл дээр цахим худалдаагаа хөгжүүлэх, цахим болж амжаагүй байгаа бусад салбаруудыг цахимжуулах зорилготой ажиллаж байна.
- Мөнгө хэрэггүй гэж хэлж байгаа захирлыг анх удаа сонсож байна.
- Яг одоохондоо бид гайгүй байгаа.
- Та бүхний ашиглаж байгаа технологийн шийдэл, дэд бүтцийг дандаа монгол залуучууд, монгол компани хийсэн үү?
- Тийм. Манай хамт олон өөрсдөө хийсэн.
- Ковидын улмаас технологи суурьтай бизнесийн загварууд эрчээ авч байна. Олон залуучууд технологийн бизнес хийн дэлхийн зах зээлд гарахаар зорьдог болжээ. Эхнээсээ ч гараад явж байна. Технологийн шийдэл ашиглаад гадаад зах зээлд гарах гэж байгаа залуучуудад өгөх таны зөвлөгөө юу вэ?
- Гадны зах зээл рүү гарах амархан биш. Нэгдүгээрт, технологи чинь маш сайн байх ёстой. Яагаад вэ гэвэл дэлхийн бусад орнуудад бид нараас илүү мундаг технологийн компаниуд зөндөө бий. Дээрээс нь зүгээр нэг код бичээд, систем ажиллуулах биш тэрний ард талын хууль эрх зүй, олон улсын стандартууд зэрэг маш олон зүйлийг бэлдэх хэрэгтэй болдог. Хэрвээ олон улс руу гарах гэж байгаа технологийн компани байгаа бол анхнаасаа энэ стандартуудыг хангаж уг сууриас нь хийх хэрэгтэй.
Бид нарыг зүгээр нэг технологи гадагш нь гаргаад гээд амархан юм шиг бодоод байх шиг байна. Гэтэл оюуны өмчөөс авахуулаад маш олон асуудалтай тулдаг. Жишээ нь, бид Европын холбоотой хамтраад Европын зах зээлд монгол бараа, бүтээгдэхүүнийг зарах платформ хөгжүүлж байна. Энэ төсөл дээр хэрэглэгчийн нууцлал гэх зэргээр Европын холбооны бүх стандарт шууд орж ирсэн. Тэгэхээр энэ бүхнийг эхнээс нь зөв хийх ёстой. Үүний тулд багагүй хөрөнгө, мөнгө шаардлагатай болно. Таван хүн код бичээд сууж байхад яг хажууд нь дахиад таван хүн бичиг баримтын бүрдлийг нэь бэлдээд явж байх ёстой байдаг. Тийм амбицтай компаниудад би ийм зөвлөгөө өгмөөр байна. Энэ тал дээр нээлттэй эх дээр системээ хөгжүүлж байгаа Erxes-ийг их сайн явж байгаа гэж би хардаг. Бид саяхан уулзаад ярилцсан.
- Цахим шилжилт, технологийн дэвшил, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал гээд хол юм шиг сонсогддог байсан зүйлс өдөр тутмын хэрэглээ болоод эхэллээ. Гэхдээ гадаадын магтаж шагшаад жишээ аваад байдаг улсууд шиг утгаараа цахим үндэстэн болоход бид хэр бэлэн байна вэ?
- Ер нь бид нар болоод байгаа юм биш үү? Би бол тэгж л харж байна. Саяхан старт ап байсан компаниудыг та хэд анзаарах юм бол одоо эдгээр компаниуд одоо нуруун дээрээ салбарынхаа маш том ачааг хэдийнэ үүрээд эхэлсэн. Жишээлбэл, ККТ компани байна. Энэ хамт олон QPAY гээд төлбөр тооцооны маш сайн шийдэл гаргаж ирлээ. Цахим худалдааны салбарт манайхаас гадна бусад компаниуд гарч ирж байна. Финтек талдаа LendMn, Pocket гээд гараад ирлээ. Би сая дурдаагүй өөр олон компаниуд байгаа. Маш их ажлыг энэ компаниуд хийсэн.
Хүмүүс л анзаарахгүй байгаа болохоос биш дөнгөж саяхан старт ап байсан эдгээр технологийн компаниуд өнөөдөр бусад салбарынхаа голлох ачааг үүрээд явж байна. Тэгэхээр цахим шилжилт Монголд хэдийнэ ирчихсэн. Цаашид улам гүнзгийрнэ.
- Хувийн хэвшил талдаа бид ингээд чамлахааргүй амжилттай ажиллаж байна. Нөгөө талын нэг гол тоглогч бол төр. Төрийн асар олон мянган үйлчилгээ байдаг. Эдгээрийг цахимжуулах зорилгоор E-Mongolia үйлчилгээ гараад ирлээ. Энэ тал дээр таны бодол ямар байна? Хэрэглэж үзсэн үү?
- E-Mongolia-г гарч ирэхээс нь эхлүүлээд судалсан. Яг одоо бид E-Mongolia-тай интеграци хийж, олон нийтэд зориулсан зарим үйлчилгээг нь өөрсдийн платформ дээрээ байршуулахаар ажиллаж байна. E-Mongolia дээр бид нарын ашиглаж байгаа том хэрэгсэл бол KYC буюу хэрэглэгчийг таньдаг хэсэг. Бид 2018 онд Худалдаа хөгжлийн банктай хамтраад онлайн лизингийн үйлчилгээг гаргаж ирсэн. Тэр үед бид хэрэглэгч таних системээ өөрсдийнхөөрөө шийдээд явж байсан. Сая бид энэ үйлчилгээнийхээ хоёр дахь хувилбарыг гарган шинэчилсэн. Энэ хувилбар дээр E-Mongolia-г ашиглан, хэрэглэгчийг 100% таньдаг болж байгаа. Хэрэглэгчээс өөрөөс нь баталгаажуулалт авдаг, нууцлал хадгалдаг хэсгийг бид одоо E-Mongolia-ийн шийдлийг ашиглан гаргаж ирж байна. Энэ бол өөрөө маш зөв бас хэрэгцээтэй зүйл.
Хэрэглэгч таньдаг системийн хувьд бол маш олон компани бий. Гэхдээ компани болгон хэрэглэгчийг таних шаардлага байхгүй. Хамгийн өндөр төвшинд баталгаажсан байгууллага хэрэглэгчийг таниад бусад байгууллагуудад энэ үйлчилгээгээ үзүүлсэн нь хэрэглэгч талдаа илүү найдвартай. Аж ахуйн нэгжүүд талдаа ч бага хөгжүүлэлт шаардагдана.
E-Mongolia-г бид нарын ах эгч, ээж аавын үеийнхэн ашиглах нь одоохондоо бага байх. Харин бид нарын үеийнхэн, бид нарын дараагийн үеийнх E-Mongolia дээр үйлчилгээ авна. Энэ бол баталгаатай. Жаахан цаг хугацааны асуудал хэдий ч ер нь бол зайлшгүй зүйл болчихсон. Би E-Mongolia-г илүү зөвхөн төрийн үйлчилгээ биш public service талдаа хөгжөөсэй гэж боддог. Жишээ нь, старт ап компани гарч ирээд шууд E-Mongolia-ийн API-г чөлөөтэй ашигладаг болох.
- Хямрал гэдгийг хятад ханзаар бичихээр нэг талдаа боломж гэдэг утга заадаг юм гэсэн. Үүнтэй адил энтрепренер хүн ямар ч нөхцөлд боломжийг бий болгож чаддаг. Та хэдийн хувьд удахгүй зах зээлд гаргах гэж байгаа шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, шинэ функц нууц биш бол юу байгаа вэ?
- Уг нь бид нэлээд юм бэлдсэн байсан. Тухайлбал, дэлхийн бүх орны нислэг, галт тэрэг, усан онгоцны тийз, дэлхийн бүх улс орны зочид буудлын захиалга орж ирэхээр бүх бэлтгэл хангагдчихсан байгаа. Энэ маань ковидоос болоод жоохон хойшлох юм шиг байна. Энэ шинэ үйлчилгээгээ гаргаж ирэхдээ монголчууддаа маш гоё санал тавихаар тооцоолж байсан.
2021 онд олон том том эвент, арга хэмжээ биднийг хүлээж байгаа. Жишээ нь, хөгжмийн наадам, фестивалиуд гэх мэт. Тун удахгүй бид нэг мэдээлэл зарлана. Яг одоохондоо би хэлж чадахгүй байна. Гадаадын нэлээн том байгууллагатай бид гэрээ байгуулсан. Үүнтэй холбоотой нэлээд олон хөгжим сонирхогч, хөгжмийн фенүүдэд бид тун удахгүй энэ сайхан мэдээллийг хүргэнэ. Хэрэглэгчиддээ бэлдсэн олон зүйл байгаа. Тухай бүр нь зарлаад явна даа.
- Та л даруухан загнаад байгаа болохоос хэдийнэ Монголын Амазон болчихсон юм биш үү дээ? 2021 оны ажилд нь өндөр амжилт хүсье ээ!
DR. ADITY
Зочин