Халх монголчуудын буддын шашны хамгийн дээд институц болох Жавзандамбын статус бий болж хөгжсөн түүхэн нөхцөлийн тухайд
Удо Б. Баркманн (Берлин)
XVI, XVII зууны үед өнөөгийн ойлголтоор Монгол, Манж, Умард Хятад, Төвдийг багтаасан газар зүйн өргөн уудам орон зайд эрх мэдлийн төлөөх тэмцэл байнга өрнөж байв. Владимирцовын „талын монгол“ хэмээн ангилсан баруун, төв, зүүн монголчууд үе үе бие биетэйгээ, үе үе бие биеийнхээ эсрэг тэмцэж байсан авч арай умардад орших „ойн иргэн монголчууд“-тай бараг хэзээ ч дайтаж байсангүй. Байгалийн шашин болох бөө мөргөл нь тэр үеийн нүүдэлчин монголчуудыг нэгтгэж чадахгүй байжээ. Бүр XVI зуунд Манжийн хаан Нурхачийн аян дайны үр дүнд нэлээд төвлөрөх хандлага илэрч байсан авч тиймэрхүү дүгнэлтийг Манж-тунгус овог аймгуудын хувьд ч хийж болохоор. Умардын нүүдэлчин ард түмнүүдийг бодвол бат тогтвортой мэт Хятадын Мин улсад ч эрх мэдлийн төлөөх тэмцэл, зогсонги байдал ноёлж байлаа. Тэгвэл хэсэглэн хуваагдсан Төвдэд Баруун болон Төв Төвдийн хооронд ноёдын ноёлох байр суурийн төлөөх тэмцэл өрнөхийн зэрэгцээ улаан малгайтны урсгал (Нимава, Гармава, Сажава урсгалыг багтаасан) болон Зонховын шинэчилсэн шар малгайтны урсгал (Гэлүгба) хоорондоо зонхилох байр суурийн төлөө тэмцэлдэж байв.
Монголчууд эртнээс манж-тунгус угсааны овог аймгуудтай худ ургийн холбоо тогтоох зэргээр ойр дотно харилцаатай байсан бол Хятадыг өөрсөндөө таагүй эрс өөр соёл иргэншил хэмээн үзэж байсан ба угтаа өөрсдөд нь соёлын хувьд төдийлөн харь бус Төвдийн овог аймгуудад найрсаг биш авч зай барих маягаар хандаж байв.
XVI зууны сүүлч, XVII зууны эхээр уг газар зүйн өргөн уудам орон зайд дорнодод нь Манж гүрэн хүчирхэгжиж, өрнөдийнх нь Төвдэд III Далай лам Содномжамц эрч далайцтай, хянамгай бодолтой үйл ажиллагаа явуулах болсноос үүдэлтэй үйл явц өрнөлөө.
Эрдэм ухаанд нэвтэрхий, эрч далайцтай үйл ажиллагаа явуулдаг хэмээгдэх болсон Содномжамц Төвдийн тайж язгууртнууд, шар малгайтны удирдагчидтай харилцаа сайтай байсан нь Төвдийн дотоод харилцааг тохинуулан тогтворжуулах боломжийг түүнд олгожээ. Төвдийн байдлыг наанадаж шар малгайтны тусын тулд хангалттай тохинуулсан гэдэгтээ итгэлтэй болмогц тэрээр монголчуудын дунд шашин дэлгэрүүлэх асуудалд анхаарч эхэлсэн байна. Ингэх болсон шалтгаан нь юу байв?
Юун түрүүнд Амдо болон Хөх нуур хавийн нутагт монголчуудын дунд нэгэнт эхэлсэн шашин дэлгэрүүлэх ажлыг үргэлжлүүлж, улаан малгайтны урсгалынхныг хаа байгаа газраас нь хөөн зайлуулах санаатай байсан нь лав. Шашин дэлгэрүүлэхийн хажуугаар Монголын тайж язгууртнуудын дундаас буян үйлдэгч „өглөгийн эзэд“-ийг талдаа татах ажил бас явагдсан нь эдийн засгийн ашиг сонирхол ч бас төлөвлөгөөнд нь байсных. Тэгвэл монгол ноёд юуны өмнө Далай ламын олгож байсан сонсоход таатай хэргэм зэргийн тусламжтайгаар улс төрийн нэр хүндээ дээшлүүлэхийг сонирхож байсан бололтой. Нэн ялангуяа Хубилай хаан, Пагва лам хоёрын төр, шашны хос ёсыг санагалзсан Түмэдийн Алтан хан (1601-1686) зэрэг алсын хараатай ноёд бөө мөргөлөөс огт өөр асар их боломж шашинд байгааг мэдэж байсан бөгөөд шашин нь судар ном, сүр жавхлантай мөргөлийн зан үйлээрээ өргөн олон түмэнд улс төрийн хувьд нэгтгэх нөлөө үзүүлж, сүм хийдүүдийнх нь бий болгосон өмч хөрөнгийг шарын шашны шатлан захирах тогтолцоонд зохих алба хашсанаар ноёдын хөвгүүд захиран зарцуулж болох байв. Тэгэхлээр шашин нь монголчуудын хувьд улс төрийн хагарал бутралаа даван туулах үндэс суурь, төр, шашны ноёрхолд тайж язгууртнууд гол байр суурийг эзлэх явдал хамгийн гол элемэнт нь болсон тэрхүү үндэс суурийг тавьж өгөх халхавч гэсэн үг байлаа. Тийм болохоор Дөрвөн Ойрадын ноёд 1599 онд нэг нэг хүүгээ сахил хүртээж лам болгохоор тохиролцож байсныг ойлгож ядах юмгүй.1
Алтан ханыг 1577 оны 5-р сард Хөх нуурын ойролцоо Далай лам Содномжамцтай анх уулзахад Сэцэн Хунтайж мөрийн хөтөлбөр болохуйц үг хэлж, Далай ламыг зориудаар „Хамгийг айлдагч оройн дээд очир дара Далай лам“, Алтан ханыг „Өглөг буяны эзэн“ хэмээжээ. Алтан хан Содномжамцад „Далай лам“ цол хайрлаж, Содномжамц Алтан ханд „Загарвардын сэцэн хан цол өргөмжилсөн нь ‚сэцэн‘ хэмээн дууддаг байсан жинхэнэ ертөнцийн эзэн (cakravartin) Хубилайтай онцлон түүнийг адилтгасан хэрэг байв.“2 Монгол хааны хайрлаж, Содномжамцын өмнөх дүрүүдэд ч мөн нэхэн олгосон „Далай лам“ цолны онцгой эрхэмсэг шинж нь Далай ламын институц бий болж, улмаар буддын шашны хамгийн нэр хүнд бүхий институц болон хөгжихөд гол тус дөхмийг үзүүлсэн юм. Далай лам Содномжамц буцахдаа Манзшир хутагтыг Хөх хотод Монгол газрыг хариуцсан бие төлөөлөгчөөрөө үлдээжээ.
1583 онд Алтан хан таалал төгсөв. Ингээд монголчууд Алтан ханы хойтын буяныг үйлдүүлэхээр Далай лам Содномжамцыг Хөх хотод урьж залсан байна. Тэрээр морилох гэсээр хэдэн жил болжээ. 1586 онд л тэр Хөх хотод морилсон байна. Түүнд Мин улсын хаан Ван-ли „хаан ширээ“-ний хамтаар нэгэн „шар гар бичмэл“-ийг илгээсэн гэх бөгөөд „түүгээр ламтанд Хубилайн жишгээр өндөр цол хайрлаж, Бээжинд морилох урилга ирсэн“ ажээ.3 Өмнөхөн нь шарын шашны сүм хийдүүдийг эвдлэн сүйтгүүлж байсан Мин улсын хаан гэнэтхэн Далай ламыг нэн их сонирхох болсон бололтой. Тэгэх болсон шалтгааныг нь элдвээр таамаглаж болох л юм, юутай ч Далай лам, монголчууд хоорондын холбоо улс төрийн талаасаа Мингийн ордныхны санаанд нийцээгүй бололтой. Гэтэл Далай лам 1588 оны хавар 45 настайдаа жанч халжээ. Таалал болоход нь монгол ноёд хүрээлэн зогсож байсан гэдэг. Түүний дараачийн үйл явдал нь нэн чадварлаг улс төрийн нүүдэл байв. Монгол, Төвдийн алин болохыг бидний баттай үл мэдэх шарын шашны хэргэмтнүүд Алтан ханы ач хөвүүнийг шинэ Далай ламын хойд дүр болгохоор шийдсэн байна. 1601 онд олон хүний бүрэлдэхүүнтэй комисс баяр ёслолын байдалд Далай ламын хойд дүрээр тодруулснаар тэр хүлээн зөвшөөрөгдөж IV Далай лам болжээ. Монгол нутагт шашин дэлгэрүүлэх ажлаа баталгаатай явуулах асуудал эн тэргүүнд тавигдаж байсан тул Төвдийн санваартнууд монгол хүнийг хойд дүрээр тодруулсан явдлыг эсэргүүцэхээ больжээ. Монголчууд өөрсдөө болохоор шинэ Далай ламын Төвдэд залрахыг төдийлөн таашаагаагүй ч тэрээр шалгарсан найдвартай аргаар анхдугаар Майдар хутагтыг өөрийн өндөр зиндааны төлөөний хүнээр үлдээсэн байна. Тэр нь Төвдийн том лам Монголд суух болсон анхны тохиолдол байв.
Ингээд шашныг тэтгэн дэлгэрүүлэх ажлыг монгол Далай лам Ёндонжамц тэргүүлэх болов. Гэхдээ Далай лам Ёндонжамц 1616 онд өөрийг нь Бээжинд урьж залахаар ирсэн Мин улсын хааны элч төлөөлөгчдийг хүлээн авсныхаа дараахан 28 насандаа Төвдийн Брэвэн хийдэд жанч халсан байна. Дараахан нь монгол ноёд түүний ариун шүтээнийг нутагтаа авчруулсан ажээ.
Тэр үед монгол овог аймгуудын дунд шашныг тэтгэн дэлгэрүүлэх ажил ихээхэн урагштай явагдаж, тэр ч байтугай Өмнөд Монголын овог аймгуудын дунд XVII зууны эхээр бараг дууссанд тооцогдож байв. Буддын нийтлэг соёл монголчууд, төвдүүдийг улам бүр ойртуулан холбож, цагийн явцад бие биентэйгээ эв санааны нэгдэлтэй байгаагаа гүн гүнзгий мэдрэх болжээ. „Өглөг буяны эзэн“ болж энэ үйл явцад идэвхтэй дэмжлэг үзүүлэн, сүм хийд барих ажлыг урагшлуулж, тэдгээрт албат болон мал сүрэг өргөдөг монгол ноёд олон байв. Сүм хийд барих ажил Халхын нутагт ч дэлгэрсэн агаад Абтай хан 1585-1586 онд анхны хийд Эрдэнэзууг бариулж байв.
Шашныг тэтгэн дэлгэрүүлэх ажил дүр төрхөө олжээ. Манзшир хутагт, Нэйж тойн нарын хажуугаар юуны өмнө Далай лам Ёндонжамцын монголчуудын дэргэд ажиллуулах болсон Майдар хутагт Түмэд, Ордос, Халхад шашныг тэтгэн дэлгэрүүлэх ажлыг идэвхтэй явуулж байв. Тэр 1635 онд Халх-Монголд жанч халжээ.
Мөн түүнээс нэг жилийн өмнө шарын шашныг шаргуу дэмжигч, Их хаан ширээг горилогч Чингисийн угсааны Лигдэн хаан Хөх нуур хавьд дутааж явах зуураа нас барсан байлаа. Лигдэний хийлгэсэн Буддагийн зарлигийн их хөлгөн судар Ганжуурын орчуулгыг Хайссиг „Монголчуудын оюуны хамгийн агуу бүтээлүүдийн нэг“ гэсэн буй4 Түүний үхэл улс төрийн татах хүч Өмнөд Монголоос Халх-Монголд шилжихэд нөлөөлсөн мэт. Ямартай ч цагтаа эзэнт гүрний нийслэл байсан Хархорин тэнд оршиж байсан болохоор тэр нь ч зүй. Тийнхүү Халх-Монгол уламжлал ёсоор нийт монголчуудын жинхэнэ голомт болов.
1635 онд Халх-Монголын төв нутагт Чингисийн алтан ургийн Абтай хааны хүү Очир Түшээт ханыд нэгэн хүү мэндэлжээ. Хөвүүн онцгой чадварыг эзэмшсэн байсан агаад бүр 4 настайдаа увш санваар хүртсэн байна. Далай лам, Банчин лам нар түүний талаар сураг сонссон, зарим түүхэн товчоонд тэмдэглэснээр хувилгаан болохыг нь хүлээн зөвшөөрсөн аж. 1640 онд Халх аймгуудын төлөөлөгчид түүнийг Ширээт (цагаан?) нуурт сэнтийд нь залжээ.5
Мөн 1640 онд Баруун Монголын ноёд Гэлүгба урсгалынхныг дэмжиж Төвдийн дотоод хэрэгт оролцов. Гүүшри (Гүүш) хан, Баатар Хунтайж нар Зүүн Төвдэд Бомбын шашныг дэмждэг Бери хаантай тулалдаж, ялсан байна. Хожим нь Гүүшри хан Цанг нутгийг мөн эрхшээлдээ оруулж, тэнд ч бас Гэлүгбагийн урсгалд эрхийг нь олгож өгсөн. Гэхдээ Гүүшри хан тэндэх газар орныг эзлээд өөртөө авалгүй, Далай ламд шилжүүлсэн агаад Далай лам энэ нутгийг хүлээж аваад анх Төвдийн засгийн эрхийг бас барих болсон. Далай ламын институц бий болсон нь, түүний цол, түүнтэй холбоотой шашны нэр хүнд хийгээд Төвдийн засгийн эрхийг мөн барих болсон нь монголчуудын ач.
Харин одоо 1640 онд сэнтийд нь залсан Түшээт ханы хүүгийн асуудалд эргээд ороё. Тэрээр 12 настайдаа Баруун Хүрээ хийдийг байгуулж, 1649 онд 15 настайдаа Төвдэд морилж Гүмбүн, Галдан, Брэвэн, Сера, Ташилунпо хийдүүдэд заларчээ. Банчин лам, Далай лам нар түүнийг нэг бус удаа хүлээн авсан нь тодорхой, энэ нь тэд түүний нэр нөлөөг тооцож үзсэнийг илтгэнэ. Далай лам түүнийг 1651 онд сүм хийд шинээр байгуулуулахаар эх нутагт нь буцаахдаа 50 орчим хүнийг дагуулж явуулсан бөгөөд тэд нь дор дорын хийх ажилд тохирч, мэргэшсэн хүмүүс байжээ. Далай лам өөрөө захидал, тамгаар уламжлан Занабазарыг Жавзандамбын 16 дахь дүрийн хувилгаанд өргөмжилсөн байна. Жавзандамба нь анх түүхэн Будда Шагжамунийн үед Энэтхэгт төрсөн агаад хожим Энэтхэгт 5 удаа, Төвдэд 9 удаа хувилан төржээ.
Дахин тодорсон Жавзандамба энэ завсар халх монголчуудын дунд ямар их нэр хүнд олсныг Занабазарыг Халх-Монголд эргэн ирсний дараах үйл явдлууд тодорхой харуулна. Халх-Монголын хангууд түүнийг 1652 онд болсон ноёдын чуулганаар „Халхын лам“-д өргөмжилснийг бид түүх судраас мэднэ. Ингээд тэрээр халх монгол ноёдын чуулганд тогтмол оролцож байсан мэт байдаг. 1653, 1657, 1659 онуудынхыг нь бид тодорхой мэдэж буй. Тэр сэтгэл татах их увидастай хүн байжээ. Тэр завсар Манжийн хааны албат болоод байсан Өмнөд Монголын 49 хошуунаас монголчууд түүнд хүндэтгэл үзүүлэхээр нууцаар очдог байсныг бид түүх судраас мэднэ. Улс төрийн зөрчил маргааныг зохицуулж өгөхийг Төвдийн Засгийн газар ч, Манжийн хаан ч элдэв янзаар хүсдэг байсан нь төрийн асуудлаар ч өндөр нэр хүндтэй байсныг нь илтгэнэ. Тэрчлэн 1680 онд Халх болон Баруун Монголын өөлдүүдийн хооронд үүссэн зөрчил маргааныг зохицуулж өгөхийг Төвдийн төлөөлөгчид түүнээс хүсч байжээ. 1686 онд Чин улсын Энх-Амгалан хаан халх, өөлдийн хооронд хурцадсан зөрчлийг зохицуулах зорилгоор Хүрэн билчээрт хийсэн ноёдын хуралд оролцож зуучилж өгөхийг түүнээс хүсчээ. Чин улсын хаан бичигтээ Жавзандамба, Далай ламын элч Галдан ширээт хутагт нарыг тэгш эрхтэй зуучлагч хэмээн үзэж, тэгснээрээ Жавзандамбыг шууд бусаар (бараг?) Далай ламтай адил авч үзсэн онцлогтой. Энэ нь юу гэсэн үг байв? Энэ нь тэр цаг үед монголчуудын дунд Жавзандамбаас дээгүүр төр, шашны нэр хүндтэй хүн байхгүй гэсэн үг бололтой. Жавзандамба институц болж, харин тэр дефакто халх монголчуудын хаан эзний статустай болсон байж болох ч хэмжээлшгүй эрхт эзэн огт байгаагүй гэдгийг түүний үйл ажиллагаа харуулна!
Жавзандамба Өндөр Гэгээн Занабазар 1654 онд Рэбугежээгандан хийдийг байгуулжээ. Чингисийн алтан ургаас гаралтай байж яагаад тэр үед Эрдэнэзууд илүү ач холбогдол өгөөгүй юм бэ гэж зарим хүн гайхаж магадгүй?! Өндөр Гэгээн Занабазар зөн билэг ихтэй хүн байсан юм болов уу даа. Тэр Халх-Монголын төв хэсэгт оршихын дээр мөргөлийн гол газар болохуйц хийд барихыг хүсч байсан. Гэхдээ ийм хийд нь худалдааны их замын дагуу байрлах ёстой байв. Тэгэхлээр өнөөгийн Улаанбаатар хот улам бүр мөргөлийн газар болон хөгжиж байгаа нь угтаа Өндөр Гэгээн Занабазарын зөгнөснөөр болж буй бус уу.
XVII зууны дунд үед шарын шашны ажил хэргийг Далай лам, Банчин лам болон Жавзандамба ламтан зохицуулж байсан бөгөөд тэднийг Avalokitešvara, Амитаба бурхан болон түүхэн Жавзандамбын хувилгаан хэмээн үзэж байсан. Далай ламыг бүр 1494 оны анхдугаар Далай ламын намтарт Жанрайсигийн хувилгаан гэсэн байдаг бол V Далай лам (1617-1682) өөрийн багш Дашлхүнбо хийдийн ширээт ламд Банчин лам цолыг хайрлаж, түүнийг өөрөөсөө илүү эрхэмлэн Амитаба бурханы хувилгаан гэсэн буй. Тэр ч байтугай Далай лам нарын албан бичигт 1643 оноос Манжийн хааныг оюун билгийн бодисаттва Манзшир гэх болсон нь6, Манжийн хааны ордныхонд үзүүлж байсан шарын шашныхны дипломат ёсны нэг илэрхийлэл байж болох талтай. Цаанадаж Энх-Амгалан хаанаас хойш Хятадын нөлөө ихэссэний улмаас манж бодлого явуулахаа улам бүр болиод байсан хааныг талдаа татах гэсэн хэрэг.
Анх үлэмж найрсаг байсан хаан болон монголчуудын харьцаа улам хоёрдмол шинжтэй болж иржээ. Долоон нуурын чуулган (1691)-аас хойш Чин улсын хааны ордныхны монголчуудтай харьцах харьцаа улам бүр Хятадын нөлөөгөөр тодорхойлогдох болж. Өндөр Гэгээн Занабазарыг 1723 онд таалал төгссөний дараа Чин Ван Ханддоржийн хүүг Жавзандамбын хойд дүрээр тодруулсан байна. Мөн л Монголын, Чингисийн алтан ургийн дээд язгууртнаас гаралтай, нөлөөллийнх нь нутаг дэвсгэрт тэр завсар 65 сүм хийд, ХалхМонголд эрх дураараа явж суух тоо томшгүй олон лам бий болоод байсан, шинэ „Халхын лам“-ыг хятадчилагдсан Чин улсын ордныхон бүр ч үл итгэсэн байдлаар харах болов. Жавзандамба тэрбээр 33-хан насандаа 1757 онд таалал төгссөн нь Баруун Монголд гарсан бослогыг хааны их арми бут цохисон жил байсан нь хачирхалтай.
Ингээд тэр цагаас хойш Жавзандамбын хойд дүрийг хааны зарлигаар зөвхөн Төвдээс тодруулах болжээ. Гэхдээ Төвдээс ирсэн Жавзандамбын бүрэн эрхийг даруй хязгаарлаж, 1758 оноос газар нутгийг Чин улсын хааны тохоон томилсон Их Хүрээн дэх монгол Амбан сайдад харьяалуулах болов. 1761 оноос манж Амбан сайд улс төрийн ажил хэргийг нь гартаа авчээ. Жавзандамба төрийн асуудлаар улс төрийн үйл ажиллагаа явуулах орон зайгаа алдаж, ажлаа шашны асуудлаар л хязгаарлаж эхлэв. Тэр үнэхээрийн бие дааж, хараат бус байгаагүй учир эрх зүйн субьектын хувьд зөвхөн харьцангуй биеэ даах боломжтой байв. Дараа дараагийн Жавзандамба нь монгол хэл ч мэддэггүй байсныг бодолцон үзвэл тэдний нөлөө хичнээн бага байсныг тааж ядах юмгүй. Хятадуудын санааг олж харахгүй байхын аргагүй: Чингисийн алтан ургийн тайж язгууртнаас гаралтай Жавзандамба Халх- буюу Гадаад Монголын хэмжээгүй эрхт эзэн хаан болохоос сэрэмжлэх гэсэн хэрэг, энэ нь монголчуудын тусгаар тогтнол, Жавзандамбын институц хоёрын шууд холбоог тодорхой болгож байв.
Тэнгэрийн тэтгэсэн хаан (Xianlong) 1793 онд буддын шашны гол гол хувилгаадыг сонгох журамд хөндлөнгөөс зохицуулалт хийв. Тэр дагуу Далай лам, Банчин ламын ойрын төрөл садны хүүхдүүдээс бусад Далай лам, Банчин лам буюу аль нэг хутагтыг таалал төгссөнөөс хойш 49 хоног болоод төрсөн бүх хүүхэд юутай ч онолын хувьд хойд дүр тодруулах шалгаруулалтад оролцож болох болов. Тэдний дотроос Төвдэд зөнчид 3 гоц хүүхдийг сонгон авч, хятад Амбан сайд батламжилна. Гурилд боосон тэр хүүхдүүдийн нэртэй цаасыг Тэнгэрийн тэтгэсэн хааны ивээн тэтгэсэн алтан бумбанд „Тийм“ эсвэл „Үгүй“ хэмээн бичсэн цаастай хамт хийнэ. Нэрийг нь бумбанаас „Тийм“ гэсэн бичигтэй хамт савхаар татан гаргаж ирсэн хөвгүүн хойд дүрээр тодорно.
Энэ нь шашны амьдралд хөндлөнгөөс дэндүү их оролцсон хэрэг байсан бөгөөд юуны өмнө „Хятадын Засгийн газар сонголт хийхэд шийдвэрлэгч үүрэг гүйцэтгэхийн тулд өөрийн таалалд нийцсэн 3 хүүхдийг л оруулах“ асуудлыг баталгаажуулж өгсөн хэрэг байв.7 Өнөөдөр Хятадад хэрэглэж байгаа сугалааны арга иймэрхүү зорилготой ч байж мэднэ. Эхлээд Төвдэд зориулан гаргасан эл аргаа дараа нь монголчуудад зориулан өөрчилсөн байна. Гадаад Монголд зориулан гаргасан 1815 оны хууль тогтоомжид заахдаа: „1398 зүйл. Монгол, фанзын аймгаас хутагт ихээхэн ламын хувилгаан дэлгэрэв хэмээн өргөн мэдүүлвээс, сул тайж, эсвээс албат ард, жич Тангудын харц хүний хөвгүүдийн дотроос заагуул. Далай Лам, Банчин Эрдэнийн төрөл ураг, жич олон монгол хан, ван, бэйл, бэйс, гүн, засаг тайж нарын хөвгүүд, ач нарын дотроос хувилгаан заахыг нийтээр цаазлагтун.” гэжээ.8 Монгол аймгуудад төрсөн хувилгаадыг Гадаад Монголын Төрийг Засах Явдлын Яаманд өргөн мэдүүлэх ёстой байв. Тэгээд түшмэд, лам нар нэрийн шиваа бичин Бээжин дэх Найралт Найрамдах Ордон сүмд тахидаг алтан бумбанд оруулаад сугалдаг байв. Ямартай ч энэ арга Жавзандамбын хойд дүрийг тодруулахад ч мөн л хятад түшмэдийн бүхнийг шийдэгч нөлөөг баталгаажуулж өгсөн. Жавзандамбын жинхэнэ статус, эрх хэмжээ, эрх дархыг улс төрийн ямар ч нөлөө үзүүлж чадахааргүй болтол нь хязгаарласан байна. Гэхдээ VIII Жавзандамбын хувьд бидний мэддэгчлэн энэ тогтолцоо хичнээн ч төгс төгөлдөр байлаа гэсэн „хүний хүчин зүйлийг“ хааж боож чадахгүй байв. Шашны энэ бодлого онцгой учир холбогдолтой байсан нь лав. Тэнгэрийн тэтгэсэн хааны үед Чин гүрний дотоод байдал харьцангуй ихэд тогтворжсон ч умардад нь Орос улс хүчирхэгжиж байсны улмаас түүнийгээ батлан хамгаалах шаардлагатай байжээ. Үүнтэй холбоотойгоор дотоод, гадаад мужуудын тусламжтайгаар эх орноо хамгаалах Хятад төвтэй батлан хамгаалах үзэл баримтлал онцгой үүрэг гүйцэтгэж байв. Гадаад мужууд (жишээ нь ХалхМонгол)-ын хувьд шашны чадварлаг бодлого явуулах замаар тэдгээрийг жийргэвчээ болгох асуудал чухалд тавигдаж байв. Шашны энэхүү бодлого нь төр, шашны ноёрхогч элит давхаргын шатлан захирах тогтолцоон дахь давхар алба хаших журмыг халах, Жавзандамба болон бусад хутагт хувилгаадын байр суурийг сулруулах, сүм хийдийн материаллаг байдлыг хөхиүлэн дэмжих, төвлөрлийг сааруулах арга хэмжээг сайжруулахын зэрэгцээ шарын шашин дэлгэрүүлэх үйл явцыг залуурдах зэрэгт тулгуурлаж байв.
Нэг талаас 1911 оны Хятадын хувьсгал, нөгөө талаас Оросын дэмжлэг нь Гадаад Монголд шашны төрийн тэргүүн „Шашныг мандуулах, амьтныг жаргуулагч, Олноо өргөгдсөн Монгол улсын эзэн, Шашин төрийг хослон баригч наран гэрэлт Богд Хаан“9-ы удирдлагын дор тусгаар тогтнолоо тунхаглах боломжийг олгосон юм. Өмнөх үеэ бодвол Богд хаан хэмжээгүй эрх эдэлж, өөрөөр хэлбэл бие даан, хараат бус, өөрийн эрхээр байх болов. Тэрээр Засгийн газрын гишүүдийг „Шадар сайд“, „Бүгд захирах сайд“-аар тохоон томилж, „Бүгд захиран шийтгэгч яам“-дыг байгуулав. Мөн Халх дөрвөн аймгийн хан нарт өндөр хэргэм бус, хүндэтгэлийн зэрэг дэв олгон өөртөө татав. Сонирхолтой нь „Монгол, орос, төвд, иргэн, шар, хар олон хүн нийт“ хэмээн тодорхойлсон ард түмэндээ Гадаад Монголын хааны хувиар „… улс болон өөрийнхүү хэргийн эрхээ бусдаар эрхлүүлэхгүй, шинэ төр байгуулах… “-аар шийдвэрлэсэн тухайгаа мэдэгдсэн байна.10 Манж, хятад түшмэдийн бүрэн эрхийг хүчингүй болгож, тэднийг Хятад руу буцаах болсноо зарлав.
Дотоод явдлын яаманд „Халхын дөрвөн аймгийн хан, ван, бэйл, бэйс, гүн, засаг, чуулганы дарга, туслагч жанжин нар, Хамба номун хан, Дүйнхэр хутагт, Эрдэнэ шанзудба нарын зэрэг лам нар басхүү хутагт, хамбын шанзудба нар“-ын тамгыг солих даалгавар өгчээ. Өөрөөр хэлбэл Богд Гэгээн Гадаад Монголын хэмжээгүй эрхт эзэн хааны хувиар төрийнхөө дотоодын тусгаар байдлыг хангах арга хэмжээ авсан байна.
Богд гэгээн Жазандамба хэмжээлшгүй эрхт эзэн хааны хувьд тавих шаардлагаа Гадаад Монголын лам хуврага, сүм хийдүүдэд хэр хэрэгжүүлж байсан нь нийтлэгдсэн түүхийн эх сурвалжуудаас мэдэгдэхгүй байна. Гэхдээ энэ нь тэр үеийн ойлголтоор ч гэсэн үндэстэн төр улсын эрхийг баталгаатай хэрэгжүүлэхэд нэг гол цөм асуудал нь болж байсан байх ёстой. Хэмжээлшгүй эрхт эзэн хааны хувиар тэр бүхий л хэрэгт эцсийн шийдвэр гаргах эрхийг эдэлж байсан, тэгэхлээр шашны хэрэгт хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг нэгэн зэрэг эдлэх ёстой болж байсан болов уу. Шашны асуудлаар ямар ч саадгүй шууд давуу эрх эдлэх эрхийг нь тодорхойлох нь тэр үеийн нөхцөлд гадаад нөлөөллийг хязгаарлахуйц төр улсын соёлын дархлааны үндсийг тавих үүднээсээ чухал байсан биз ээ. Энэ нь жишээ нь Богд Гэгээн Жавзандамба ард түмний дунд Буддын сургаалыг дэлгэрүүлэхэд сургалтын ямар үзэл санаа ямар үүрэг гүйцэтгэх ёстой буюу гүйцэтгэж болохыг шийдэх байсан гэсэн үг. Гэхдээ тэр үеийн нөхцөлд шарын шашны хэргэмтэн болон сүм хийдүүдэд тохирсон шарын шашны шатлан захирах хялбархан ч атугай тогтолцоог бий болгох нь бас л чухал байсан болов уу. (Миний бодлоор энэ нь ирээдүйн Жавзандамбын хувьд ч гол гогцоо асуудал байх биз ээ).
Монгол төрийн дотоод тусгаар байдлыг хэрэгжүүлэх нэг хэрэг, харин гадаад тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэх нь огт өөр, Богд хааны идэвхтэй үйл ажиллагаанаас харьцангуй үл шалтгаалах хэрэг байв. Үүнийг жишээ нь Богд хааны үед олон улсын цөөн хэдэн гэрээ байгуулахад хэлэлцээ хийх бүрэн эрх хэрхэн хэрэгжиж байснаас харж болно. Чингэхдээ гэрээний монгол хэл дээрх эх нь зөвхөн шаардах эрхийг, орос хэл дээрх нь их гүрэн хүлээн зөвшөөрснийг илэрхийлж байсныг харгалзан үзвэл зохино. 1912 оны 10-р сарын 21-ний өдрийн Монгол-Оросын гэрээг Хаант Орос улсын Гадаад харилцааны яам зөвхөн „соглашение “ (хэлэлцээр)-н ангилалд оруулан нийтэлж байсан бол монгол эх сурвалжийн хэвлэлүүдэд „Найрамдлын гэрээ бичиг“ гэсэн байх ажээ. Орос хэл дээрх „хэлэлцээр“-т „Монголын ард түмний хаан эзэн, Монгол улсын Засгийн газар, ноёд сайдын газраас гаргасан бүрэн эрхийн дагуу“ (по уполномочию Повелителя Монгольскаго народа, Монгольскаго Правительства и Князей-Правителей)11 гэсэн бол монгол хэл дээрх „Найрамдлын гэрээ бичиг“-т „Монгол улсын хаан эзний зарлигаар ба Монгол улсын засгийн газар, ноёд сайдын газраас гаргасан бүрэн эрх барих“ гэсэн буй. Тэгэхлээр дан ганц энэ хэлэлцээрт заасан хэлэлцээ хийх бүрэн эрх гэхэд л Богд гэгээний хэмжээлшгүй эрх эдлэх ямар статусыг аль хэр тусган харуулж байв гэдэгт асуудлын гол нь байсан!!!
1913 оны 2-р сарын 4-ний өдрийн Монгол-Төвдийн гэрээгээр Далай лам, Жавзандамба нар өөрсдийгөө Монгол Улс, Төвдийн хаан болохыг харилцан хүлээн зөвшөөрсөн агаад Далай лам Жавзандамбыг „Шарын шашны эзэн“ гэсэн байна. Тэгэхлээр Далай лам Жавзандамбыг шашны асуудлаар өөртэйгөө эн тэнцүү болохыг, эсвэл бүр өөрөөсөө үл хамаарна гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэрэг үү?!
Энэ асуудал Хятад-Орос-Монгол гурван улсын Хиагтын гэрээ (1915)-н дээр туйлын нарийн төвөгтэй болно. Түүнд хэлэлцээ хийх бүрэн эрх гэдгийн дор орос, франц хэлээр „Ариун Гэгээн Богд Жавзандамба, Гадаад Монголын хаан“ (Его Святэйшество Богдо Чжебцзун Дамба Хутухта, Хан Внешней Монголии / Sa Sainteté Bogdo-Djembzoun-DambaKhoutoukhtou-Khan de la Mongolie Extérieure) гэсэн бол орос хэл дээрх гэрээний 4 дүгээр зүйлд: „Дөрөвдүгээр зүйл: Гадаад Монголын Богд Жавзандамба Хутагт Хааны цолыг Их Думдад Иргэн Улсын Их Жунтангаас өргөмжилмүй. Албаны бичигт Думдад Улсын оны цолыг Монголын 12 жилт цаг улирлын тоотой хавсран хэргэлмүй.“ гэжээ.12 Ийнхүү Хиагтын гэрээний 4 дүгээр зүйлд Богд гэгээний хэмжээгүй эрхт эзэн хааны статусыг хассан төдийгүй Хятадын тал, өөрөөр хэлбэл Бүгд Найрамдах Хятад Улс Жавзандамбын шашны цолыг өөрсдөө олгоно гэж ихэрхжээ. Чингэх эрх зүйн үндэслэл өчүүхэн төдий ч байгаагүй, тэр дундаа хэний ч мэдээжээр Хятадын улс байгаагүй Манжийн Чин улсын хууль ёсны залгамжлагч нь Хятадын Бүгд Найрамдах Улс гэсэн албан ёсны баримт бичиг байгаа нь хэзээ ч нийтэд мэдэгдэж байгаагүй. Халх монголчуудын буддын шашны хамгийн дээд институц болох Жавзандамбын статус бий болж хөгжсөн түүхэн нөхцөлийн талаарх судалгаа уг статусын өнгөрсөн, ирээдүй, хамаатай байж болох бусад асуудлын талаар сайтар эргэцүүлэн бодох аваас учир утгатай болох буй заа.
1 Walther Heissig, Die Religionen der Mongolei, in Giuseppe Tucci, Walther Heissig, Die Religionen Tibets und der Mongolei (=Die Religionen der Menschheit, herausgegeben von Christel Matthias Schröder, Band 20), Stuttgart 1970, 330 дахь тал
2 Klaus Sagaster, Der mongolische Buddhismus: Geschichte, in Dschingis Khan und seine Erben. Das Weltreich der Mongolen, München 2005, 344 дэх тал
3 Günther Schulemann, Geschichte der Dalai Lamas, Leipzig 1958, 214 дэх тал.
4 Walther Heissig, Die Religionen der Mongolei, in Giuseppe Tucci, Walther Heissig, Die Religionen Tibets und der Mongolei (=Die Religionen der Menschheit, herausgegeben von Christel Matthias Schröder, Band 20), Stuttgart 1970, 331 дэх тал
5 The Jebtsundamba Khutukhtus of Urga, Text, Translation and Notes by Charles R. Bawden, = Asiatische Forschungen, Band 9, Wiesbaden 1961, 9 дэх тал
6 А. С. Мартынов, Статус Тибета в XVII-XVIII веках в традиционной китайской системе политических представлений, Москва 1978
7 Günther Schulemann, Geschichte der Dalai Lamas, Leipzig 1958, 342 дахь тал
8 Зарлигаар Тогтоосон Гадаад Монголын Төрийг Засах Явдлын Яамны Хууль Зүйлийн Бичиг, Тавин наймдугаар дэвтэр. Лам нарын хэргийн хууль (Гуравдугаар), Монголын Хууль Тогтоомжийн Түүхэн Эмхтгэл, Нэгдүгээр боть 1206-1910 он, Улаанбаатар 2010, 484 дэх тал
9 Халхын Жавзандамба Ламаас Монгол Улсын Хааны Ширээнд Ёслон Сууж Олон Ноёд Ба Ард Нийтэд Сануулга Үгийг Тэмдэглэн Хэлж Засгийн Яамдын Толгойлогч Сайдуудыг Томилон Тавьж Буулгасан Хишиг тараах Зарлиг, Монголын Хууль Тогтоомжийн Түүхэн Эмхтгэл, Нэгдүгээр боть 1206-1910 он, Улаанбаатар 2010, 22 дахь тал
10 Халхын Дөрвөн Аймгийн Хан, Ван, Бэйс, Гүн, Засаг Жич, Хамба, Шанзудба, Да Лам Нараас Монлгол Орон Манжаас Тусгаарласан Тухай Зарласан Ухуулах Бичиг, мөн тэнд, 25 дахь тал
11 Соглашение, in Министерство Инностранныхь Дель. Сборникь Дипломатическихь Документовь по Монгольскому вопросу (23 Августа 1912 г. – 2 Ноября 1913 г.), С.-Петербургь 1914, 24 дэх тал; Найрамдлын Гэрээ Бичиг, Монголын Ард Түмний 1911 оны Үндэсний Эрх Чөлөө, Тусгаар Тогтнолын Төлөө Тэмцэл. Баримт Бичгийн Эмхтгэл (1900-1914), Улаанбаатар 1982, 174 дэх тал
12 Udo B. Barkmann, Geschichte der Mongolei, Bonn 1999, 375 дахь тал; “Статья 4-я: Титул ‘Богдо Чжебцзун Дамба Хутухта Хан Внешней Монголии’ жалуется Президентом Китайской Республики, календарь коей применяется в официальных бумагах, наравне с монгольским календарем с циклическими знаками.”, Собрание Узаконений и Распоряжений Правительства издаваемое при правительствующемь Сенать, “ Августа 1915 г. № 221, отдель первый, 1712 дахь тал.