2024.06.10.

Өнгөрсөн долоо хоногт олон нийт Монгол Улсын Засгийн газрын “хивсэн” бөмбөгдөлтөд хоёр удаа өртлөө. Аль аль нь хэдэн өдрөөр үргэлжлэв. Эхнийх нь “Ардын үг” нэрийн дор Ц.Элбэгдоржийг АН-тай нь хамт юу ч үлдээлгүй сөнөөх зорилготой мэт улангасан дайрсан цувралын гутгаар бүлэг буюу “Ц.Элбэгдоржийн схем бүлэглэл ялбал …” дугаар юм. Эхний хоёр бүлгийн хариуд АН-ын зүгээс ганц ч үг ган хийгээгүй тул дураараа болж хүн тус бүрээр даапаалж, гутаажээ. Жинхэнэ шар нэвтрүүлэг. Ардчилсан нэр дэвшигчдийн дунд бөөн нууц амрагууд, хүүхнүүд нь хэдэн даргынхаа хүүхдийг төрүүлсэн, намын дарга Лу.Гантөмөр хүртэл амжуулсан байгаа юм. Одоо хэр хариуг нь бариагүйг бодоход ...  

Эхний бөмбөгдөлт үргэлжлэх зуур дараачийнх эхэлж өнгөрсөн амралтын өдрүүдэд тасралтгүй нүргэлэв.  Телевизүүд хөтөлбөртөө зарлахгүйгээр нэвтрүүлэг, тэр дундаа оргил цаг, мэдээлэл, тоймоо таллаж цуцалж, ухрааж, заримдаа “Нэвтрүүлэг” нэрийн дор гэнэт гаргаж гэнэдүүлэн үзүүлсэн байгаа юм. Энэ бол дараачийн “Улаанбаатараас ярьж байна”. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн ордноос монголын улс төрийн өнгөрсөн гучин жилийн үйл явдлуудыг хавтаст хэрэг, тагнуулын мэдээ, нийгмийн сүлжээний хов живтэй юутай хольж зуурсан бөмбөгийг тэслэв. TV9-ийн “Монгол коммент”-ын М.Батбилэг, бас Ч.Содбилэг гэсэн хоёр хөтлөгч сүржин хоолойгоор асуулт дэвсэн бие биенээ хөөргөсөн гурав. Ерөнхий сайд системийн авлига, шүүхийн хонгил (хонгил биш шуудуу гэж сэтгүүлч хүч нэмэв), Эрдэнэтийн 49 хувь, Цагаан суварга, Ачит ихт, Дубайн гэрээ, Хөгжлийн банк, Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Зоригийн хөшөө гэхчлэн хов базжээ. Миний хувьд ихэнхтэй нь санал нийлнэ. Яагаад гэвэл баримттай. Эдгээр олон муу муухай дундаас хамгийн том нь "Зоригийн хэрэг" гэнэ. Хүний амь учраас тийм. Харин энэ аллагад Цахиагийн Элбэгдорж хамаатай гэж энэ хэдэн нэвтрүүлгээр нотлохоор чардайж буйн баттай нотолгоог олж үзсэнгүй.

Уг нь нотолгоо болгож хоёрыг хэлсэн. Эхнийх нь Элбэгдорж анхнаасаа Санжаасүрэнгийн Зоригт дургүй, нэр хүндэд  атаархдаг байсан гэнэ. Нотолгооныхоо нотолгоо болгож АН-ын хэд хэдэн зүтгэлтэн, тухайлбал А.Ганбаатар бас тэгэж хэлсэн төдийгүй улс төрийн аллага байсан гэж боддог, мөн Лу.Болд Зоригийн хэрэг бол Монгол Улсын дараачийн ерөнхий сайдыг хөнөөсөн хэрэг гэж ярьсныг гаргав. Бас С.Зоригийг Ерөнхий сайд болгох гэж байсан тухай яриануудыг нарийн анзаарвал хэсэг тэд бүлэг, фракцаараа энд тэнд цуглаад тэгэж ярьсан, уулзсан болохоос биш албан ёсны шийдвэр гараагүй гэж Элбэгдоржийн хэлсэн үнэн бололтой. Харин дараачийнх нь гайхалтай: Элбэгдорж энэ хэргийг хаах гэж оролдсон нь хамгийн том нотлох баримт гэнэ.  

"Зоригийн хэрэг"-ийн учиг Элбэгдорж руу чиглэнэ гэдэгт Ерөнхий сайд яагаад ч юм мянган хувь итгэлтэй ярьж, АН-ынхан энэ хэргийг мартуулахыг хүсч байгаа бол би үгүй, одоо Элбэгдоржийн шахаанд орсноо Ерөнхий шүүгч асан Зориг үнэнээ хэл, ерөнхий прокурорын орлогч Эрдэнэбат нууц учраас чадаагүйгээ ярь, Ч.Хурц чи улс төрийн даалгавар биелүүлснээ хүлээ, Булган буруугүй нь анхнаасаа тодорхой байсан гэх мэтээр даналзсаар дуусгав.  

Яаж ч удсан, будилсан бай, бүхэл бүтэн хорин зургаан жилийн турш цагдаа, тагнуулын байгууллагын үе үеийн ажлын хэсэгт лав хэдэн зуун хүн оролцож баримт нотолгоо цуглуулсан, дараа нь прокурорууд, гурван шатны шүүгчид хянаж шийдсэн, энэ хэргийн мөрдөн шалгалт тэр чигээрээ худал хуурмаг байсан гэдэгт би итгэхгүй. Хэрэг нэг хэсэг мухардахад, Зоригийн хэргийг илрүүлэхийн тулд тэр үеийн улс орны нөхцөл байдал, хоёр хөрш, хувьчлалын будлиан, улс төрчид хоорондын зөрчлийг нарийвчлан судалж хүрээг нь хумьж явсаар эдгээрээс чухам юу нь Зоригийн амь насанд халдахад хүргэснийг тогтоохоос өөр аргагүй гэж мэргэн ухаан нь дэндсэн нэгэн дарга ярьсныг санадаг. Гэтэл аллагын газар, цаг хугацаа, нүдээр харсан, ярьсан гэрч нь хүртэл хамар дор  байхад тэгэж хол тэнэх шаардлагагүй хэрэг. Эд мөрийн баримтууд овоолоостой байж таарна. Улс төрийн учир шалтгаан, захиалгатай байсан ч илт ахуйн аллага. Гэтэл тэр бүгдийг зориуд нууцалчихаад, хэрэгт шууд хамаагүй ганц нэгхэн бичлэгийг үе үе үзүүлж толгой эргүүлээд бүхнийг тэгээс эхлүүлэхийн оролдох нь хэргийг замхруулахын цондон. “Хэн юу хэлсэн биш, хийсэн нь чухал. Хоёр цаг харааж зүхчихээд тусалдаг, эсвэл хоёр жил нялуураад урвасан хүн ч байдаг” гэж Аль Пачино хэлжээ. Цахиагийн Элбэгдоржоос намынхан нь хүртэл бөөнөөрөө урваж, бүр үзэн ядаж байгааг бодоход тэр сайн хүн биш, ер нь Эрдэнэтийн 49 хувийн хуйвалдааныг дээрээс удирдсаныхаа төлөө шоронд суух ёстой байх, гэхдээ түүнийг Зоригийн аллагад чичлэх ямар ч баримт, нотолгоо алга.

2016 онд Амгаланбаатар, Чимгээ, Содномдаржаа гурав Зоригийн хэрэгт шалгагдан шүүхээр орж, түүнээс хойш сэтгүүлчидтэй хэдэн арван удаа ярилцахдаа хэн нь ч өөрийн гэм буруугүйг нэгмөсөн нотолж чадах цорын ганц өгүүлбэрийг огт хэлээгүй. Тэр өгүүлбэр: Би 1998 оны 10-р сарын 2-ны орой С.Зоригийн гэрт байгаагүй. Тэгэхээр гурвуулаа тэнд байжээ. Тэнд байсан гэдэг нь бас аллага үйлдсэний нотолгоо хараахан биш, Зоригийг гэртээ ирэхээс өмнө гараад явцгаасан, магадгүй иртэл нь сууж байгаад алуурчин орж ирэхэд талийгаачийг хамгаалж тэмцэлдээд бараагүй байж болох. Хэрвээ аль алиныг хэлж чадаагүй бол гурвуулаа тэнд байхын дээдээр байжээ. Асуухлаар "хэргийн талаар юу ч ярьж болохгүй". Гүйцээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ хэргийн хойноос, Чимгээ нарыг хэлмэгдүүлэхгүйн төлөө “амьсгалах агаар тасрах хүртэл явна” гэж айлгажээ. Тэгэж зовох шаардлага үгүй, харин тэр гурвын өмнөөс “Тэд 1998 оны 10-р сарын 2-ны орой С.Зоригийн гэрт байгаагүй” гэсэн мэдэгдэл хийгээд толгойдоо түрээсгүй суугаад гарч өгөхгүй байгаа Элбэгдоржийнхоо хойноос шуударсан нь дээр. Ер нь Зоригийн аллагыг шүүхээр шийдсэн материалыг ил болгосон тухай хэдэнтээ сүр бадруулан зарласан хэрнээ буцаагаад нууцалдаг энэ тоглоомоо 2016 оноос хойш найман жилийн турш Засгийг атгасан түүний нам, дарга нь өөрөө, сүүлийн гурван жил хагас монголын хамгийн эрх мэдэлтэй яваа, Санжаасүрэнгийн Зориг агсанд Ардчилсан намынхнаас илүү хайр зарласан тэрбээр зогсоож буян үйлдэх цаг ирсэн. Үгүй бол “Улаанбаатараас ярьж байна”-ийн гуравдахь дугаараар, эсвэл оронд нь энэ ганц өгүүлбэрийг хэлчих хэрэгтэй.

“Зоригийн хэрэг”-ийн үргэлжлэл нь “Зоригийн хэрэг”-ийг нууцалсан хэрэг” (хашилтанд бичнэ) болж байна. Үндсэн хэргээсээ дутуугүй ноцтой асуудал болж хувирлаа. Ядаж байхад сөрөг хүчин сураг төдий,  АН-ын Лу.Гантөмөр тэргүүтэй дарга, удирдлагууд жагсаалтанд бичигдэж тойргоо авсандаа цадсан бололтой таг дуугүй. Очиж очиж муу нэртэй Ц.Элбэгдорж нь ганцаараа дуугарч сууна. Далайн цаанаас.