КАПИТАЛИЗМ ТЭССЭЭР

Жорж Гилдэрийн Баялаг ба Ядуурал ном 1981 онд хэвлэгдсэн даруйдаа сонгодог бүтээлээр нэрлэгдэж, дөнгөж эхэлсэн Рэйганы эдийн засгийн хувьсгалын Библи судар болсон билээ. New York Times сонинд “1800-аад оны сүүлийн Алтан эринээс (Gilded Age – Алтан эрин, 1877-1896, АНУ-ын эдийн засаг түргэн өссөн он жилүүд. Орч.) хойш хэн ч капитализм ба хөрөнгөтнүүдийг ийм уран зоригтойгоор тэргүүн эгнээнд тавьж байсангүй” гэж бичжээ. 

Обамагийн засаг захиргааны дахин хуваарилах чармайлт, үйлдвэрлэлийг төлөвлөх схем, эрчим хүчний балмад бодлого, баялаг бүтээгч бизнесменүүдийг муучлах шүүмжлэл, Кэйнсийн зарцуулалтын хөтөлбөр зэрэг мэтгэлцээн дунд Гилдэр алдартай номоо дахин хэвлүүлж, маргааны төвд орж ирлээ. 

Гучин жилийн дараа түүний чөлөөт бизнесийн магтуу Вашингтоны удирдлагыг цочоосон төдийгүй Энроны алдарт дампуурал, 2008 оны эдийн засгийн хямрал, “Волл Стрийтийг эзэл” хөдөлгөөн болон бусад үйл явдлууд Гилдэрийг капитализмыг дээдлэх бодлоо магадлан харахад хүргэсэн байж магадгүй. Энэ удаагийн хэвлэлдээ ноён Гилдэр “Нийлүүлэлтийг дэмжигч талынхан бид үзэл санаандаа бусдыг итгүүлж чадаагүй хариуцлагын заримыг хүлээх нь тодорхой. Эдгээр он жилүүдийн хойно бид хангалттай шийдмэг байж чадаагүй нь илэрхий боллоо” гэжээ.

Одоогоор байгаа хамгийн бага дутагдалтай системийн хувьд капитализмыг хагас дутуу хамгаалж буйдаа сэтгэл гонсойсон зохиогч чөлөөт бизнесийн ёс суртахуун, энэрэнгүй чанар, үр ашгийг дээдлэн магтсан байна. Коммунизм нуран унасан боловч социализм шинэ баг өмсөн сэргэж буйд сэтгэл түгшсэн Гилдэр шинэ хэвлэлийн оршил ба төгсгөлийн үгэндээ одоогийн эдийн засгийн зовуурийн шийдэл нь социализмд найрсаг хандахад бус харин зөвхөн чөлөөт зах зээлийн өгч чадах элбэг дэлбэг байдал, эдийн засгийн амьдрах чадварт тулгуурлах ёстой хэмээн учирлажээ. 

Жорж Гилдэрийн гаргасан үндэслэлүүд цочирдом шинэ үнэнийг тунхагласан бөгөөд яагаад New Yorker түүнийг “феминистүүдийг ташуурдагч, нийлүүлэлтийн талыг мугуйдлан баримтлагч ба одоо... технологийн зөнч” хэмээн нэрлэснийг тэрээр харуулсан юм.