Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажилд оролцож байсан ажилчин амиа алдлаа
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажилд оролцож байсан ажилчин амиа алдлаа
Муу мэдээ дууллаа. Дорноговь аймгийн Мандах суманд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын далангийн ажлыг гүйцэтгэж буй “Ирээдүйн ган зам” ХХК-ийн ажилчин дөнгөж сая ослоор амиа алдлаа. Эх сурвалжийн мэдээлснээр өнөөдөр өглөө өөрөө буулгагч машинаа асаах гэж машиныхаа дор орж засварлаж байхад нь арааг нь залгасан байсан машин нь гэнэт асаад дээгүүр нь гарсан аж. Тухайн үед тэрбээр амьд байсан ч харамсалтай нь үдийн 12 цагийн орчимд нас баржээ. Осолд орсон ажилтныг цэргийн нисдэг тэргээр хот руу авчирна гэж байсан одоо шарилыг нь авч ирж магадгүй болоод байгаа гэнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ердөө тавхан хоногийн өмнө Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг, “Монголын төмөр зам” ТӨХК, УБТЗ ХНН-ийн удирдлагуудыг дагуулан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцсан. Энэ үеэр Өмнөговь аймгийн Цогтцэцийгээс 11 компани, Дорноговь аймийн Мандах сумын нутагт 8, Дорноговь аймгийн Зүүнбаян талаас 9 компани, мөн Зэвсэгт хүчнй 7781, 7782, 110, 339 дугаар ангийн цэрэг офицерүүд үүрэг гүйцэтгэн цалинтай ажиллаж байна гэсэн мэдээлэл гарснаас бусад үед “нууцалж” байсан юм.
Гэтэл энэ удаад Дорноговь аймгийн Мандах сумын нутагт ажиллаж байсан найман компанийн нэг болох “Ирээдүйн ган зам” компанийн ажилтан үүрэг гүйцэтгэж байгаад амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа.
Ц.Чулуунтогтох захиралтай тус компани энэ оны тавдугаар сарын 13-нд байгуулагдсан, төмөр замын доод бүтэц /далан хоолой/ барих, хатуу хучилттай зам, үерийн хамгаалалттай далан барих, хайрган хучилттай автозам барих, засварлах, замын байгууламжид хамаарах талбай барих засах зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж.
Одоогоос нэг сар орчмын өмнө “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Цэнгэлийг үүрэгт ажлаас нь чөлөөлж МАН-ын “цагаан ордон”-д зөвлөхөөр ажиллуулах болсон. Тодруулбал Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажилд зарцуулахаар шийдвэрлэсэн 750 тэрбум төгрөгөөс Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замд эхний ээлжинд урьдчилгаа болгож 159 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн дансанд шилжүүлснээс хойш удалгүй төсвийн захиран зарцуулагчийг “сольсон” байдаг.
Тухайн үед Б.Цэнгэлийг чөлөөлсөн шалтгааныг “Ерөнхийлөгч өөрийн хүнээр Тавантолгой Зүүнбаянгийн төмөр замыг бариулахыг хүссэн бололтой” гэцгээж байв. Үүний дараахан Ерөнхийлөгч Х.Баттулга мөн л амралтын өдрүүдэд Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэлийн төмөр замын явцтай танилцсан. Энэ үеэр “Арван км төмөр замын ажил дөнгөж 25 хувьтай үргэлжилж байгааг анхаарал хандуулахыг үүрэг болгосон” талаар албан мэдээнд дурдсан байв. Харин үүний маргааш буюу 2019 оны аравдугаар сарын 11-нд Ерөнхийлөгчийн зарлигаар Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилогдсон хошууч генерал А.Ганбат үүрэгт ажлаа аваад зургаан сар болж байсан боловч “Миний бие удаан хугацаагаар эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон тул ийнхүү ажлаа өгөхөөр өргөдлөө өгсөн. Төрийн ажлыг удаан зогсоож болохгүй учир гэнэт шийдвэр гаргалаа. Зэвсэгт хүчний жанжин штаб болон нийт ажилчид зэвсэгт дайчдаасаа уучлал хүсье” гээд Ерөнхийлөгчийн Тамгын газарт өргөдлөө гаргасан. Түүний оронд ОХУ-д цэргийн дээд сургууль төгссөн. АНУ-д явган цэргийн офицерийн хоёр шатны дамжаа дүүргэсэн, Зэвсэгт хүчний 150, 311 дүгээр ангид Энхийг сахиулах ажиллагааны удирдагч, Зэвсэгт хүчний жанжин штабт мэргэжилтэн, ҮАБЗ-д мэргэжилтэн, Зэвсэгт Жанжин штабын орлогч, Ажиллагааны удирдлагын газрын дарга зэрэг албан тушаал эрхэлж, Зэвсэгт хүчний салбарт тасралтгүй 29 жил алба хаасан туршлагатай, Бригадын генерал Д.Ганзоригийг энэ сарын 4-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж томилсон.
Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилогдсон хошууч генерал А.Ганбатын хэвлэлд ярьж байснаар бол “Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад оролцож буй цэргийн албан хаагчид төмөр замын даланг л босгохүүрэгтэй. Ул шороогоо хусаад, дээр нь хайрга, дайргаа дэвсээд, нягтруулаад, тодорхой өндөржилтийг нь хангаж, хэмжилтээ хийлгээд, хяналтын багт хүлээлгэж өгдөг. Рельс төмөр тавих нь дараагийн ажил. Бид “Техникийнхээ асуудлыг л шийдчихвэл ямар ч хүндрэл гарахгүй” гэж байсан.
Тэрбээр “Нийт төсөвлөсөн 750 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын тал нь техниктэй холбогдож гарах зардал юм. Нэг км төмөр замыг 2.4 тэрбум төгрөгт багтааж барина гэж тооцсон. Түүний тал нь далангийн ажил зарцуулагдана. Тиймээс бид хөрөнгө мөнгөндөө тааруулаад бүх тооцоогоо хийгээд шинээр авах уу, үндэсний компаниудаас түрээслэх үү гэдгээ шийднэ. Бид улсаас өгч байгаа мөнгийг үр ашигтай зарцуулаад, гадны компаниудын хийдэг ажлыг 2-2.5 дахин хямдхан хийе гэж байгаа юм. Чанарыг хяналтын багууд нь шалгадаг стандартаараа шалгаад явчихад асуудал гарахгүй. Монгол хүн яагаад гадны инженерүүд шиг ажиллаж болдоггүй юм. Чадна шүү дээ” гэж байсан ч гэнэт эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгчихсөн нь цаанаа учиртай биз.
Магадгүй түүний энэ оны тавдугаар сард хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хэрвээ туслан гүйцэтгэгч авах нь ашигтай гэж үзвэл мэргэжлийн багтай, өөрийн гэсэн техниктэй компаниудтай л хамтарч ажиллана. Компаниудаа ч судалж байгаа. Тэгэхгүй бол зөвхөн компанийн нэр, тамга хоёр л өвөртөлчихсөн нөхдүүд цөөнгүй байна. Тийм хүмүүс яаж ийж байгаад ажил авдаг. Дараа нь өөр компанид дамжуулдаг асуудал гардаг. Тиймээс компаниудын мэдээллийг ч мэдээллийн сандаа цуглуулаад, тодорхой хэмжээнд шалгана. Бидний хийж байгаа өртгөөр ажил хийх боломжтой аж ахуйн нэгжтэй хамтарч ажиллана” гэсэн түс тас яриа нь өргөдлийг өгүүлсэн ч байж болох юм. Харин түүнийг ярилцлагаа өгч байх үед дөнгөж байгуулагдсан “Ирээдүй ган зам” компанийн чадамж ямар байсан юм бол.
Хамгийн гол нь энэ удаагийн осол яах аргагүй Хөдөлмөрийн хууль, хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм журамтай холбогдож таарна. ЗХЖШ ч, УБТЗ болон МТЗ компанийн инженерүүд ч Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барьж буй ажилчдыг Хөдөлмөр, аюулгүй байдлын байцаагчдыг сургалтад хамруулж байсан аж. Эх сурвалжийн мэдээлснээр бүтээн байгуулалтад оролцох ажилтнууд хоёр ээлжээр ажилладаг, өөрөө буулгагч машины жолооч өглөө 08:00 цагаас ажилд гарлаа гэхэд найман цаг ажиллаад буудаг байж. Харамсалтай нь өнөө өглөө гарсан ослын хувьд ямар нэг байдлаар хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм зөрчигдсөн үү, золгүй тохиолдол уу гэдгийг хууль хяналтын байгууллагууд шалгаж тогтоох биз ээ. Ямар ч байсан нутгийн баян уяачийнд өдрийн 20 мянган төгрөгийн хөлстэйгээр хадлан хадаж байгаад амиа алдсан хэргийн адилБатлан хамгаалах яам болон холбогдох бусад байгууллагууд нууж хаагаад өнгөрөх вий гэсэндээ энэ муу мэдээг яаран дуулгаж буйдаа хүлцэл өчье.