Шахмал түлшийг биш шахах парламентгүй Засгийн газрыг огцруулъя!
У.Хүрэлсүхийн Засгийн газар долоон хүний аминаас үнэтэй юу?
У.Хүрэлсүхийн Засгийн газар зөвхөн “шахмал түлш хэрэглэсний улмаас” арав хоногийн дотор долоон хүний амийг авч одлоо. Засгийн газар энэ хар хэрэг, хариуцлагагүй бодлогынхоо төлөө эмгэнэл илэрхийлсэнгүй. Эрчим хүчний сайд нь ч, нийслэлийн удирдлагууд ч өмнөх жилүүдэд нүүрсний угаараас болж хэдэн хүн амиа алддаг байсан тоотой жишиж харьцуулахыг хүсч байна. Гэтэл нэг жилийн дотор 40-өөд хүн нас барах, 11 хоногийн дотор долоон хүн амиа алдах хоёрын хооронд ялгаатай биз дээ!
Долоон хүн Төрөөс өгсөн түлшээс болж амиа алдсан хариуцлагыг нэхэхээр “Утаагүй болсон байгаа биз” гээд гоё зураг харуулаад байх юм. Утаа багасчээ. Угаар буюу хорт хийгээр амьсгалж байгаа эсэх тухай шинжилгээний эцсийн дүгнэлт гараагүй байна.
Юуны өмнө шахмал түлшийг буруутгаж байгаа юм биш, бэлтгэлээ хангаагүй Засгийн газрыг шүүмжилж байгаа гэдгийг тодотгоё. Харин УИХ-ын даргыг айл хэсч, гэрийн эзэгтэйгээс “Энэ жил яаж өвөлжинө өө” гэж асууж “Хөлдөнө эсвэл үхнэ” гэхээр бахтай нь аргагүй инээж суух зуурт шахмал түлшээ зөв түлсэн боловч 29 настай эмэгтэй хэвлий дэх үртэйгээ хамт хорвоог орхилоо. Засгийн газар огт буруугүй юу. УИХ Засгийн газарт хариуцлага тооцож чадахгүй юу? Зунжин найр наадам хэсч байхаар зуухаа бэлтгэж түлштэйгээ уялдуулж туршилт хийгээд бэлэн болгосон байсан бол өнөөдөр долоон хүн амиа алдах байсан уу?
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн яагаад энэ талаар хамгийн их сурвалжилж байгаа сэтгүүлчийг нийгмийг турхирлаа гээд гүтгээд байгаа юм бэ. Үүнд ямар нэг “но” байна.
Ерөнхийлөгчийн хэлснээр “хог” буюу Засгийн газрын талархал илэрхийлээд байгаа 14 сая ам.долларын сайн нүүрс үнэгүй өгсөн “Энержи ресурс” лав үүнд буруугүй. Хэрэв “Тавантолгой түлш” компанийн тарааж байгаа нүүрсний шуудайд өөр компани, иргэд, туршигдаагүй буюу стандартад нийцээгүй гэж дүгнэгдсэн түлшээ савлаж зараад байгаа бол яах вэ? Энэ талаар хариуцлага тооцож эхэлсэн үү.
Шахмал түлшийг шүүмжилбэл түүхий нүүрс түлэхэд уриалж турхирсанд тооцно гэнэ. Харин хүний амийг авч одоод байгаа аюул нь юунд байгааг олж яаралтай арга хэмжээ авах ёстой төр яагаад хариуцлага хүлээхгүй байна вэ.
Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын орчны хэмжилт хариуцсан мэргэжилтэн “арьсаа хамгаалж” суулгүй ард иргэдийг бодсондоо “Уламжлалт зууханд шахмал түлшийг түлж болохгүй гэдэг зөвлөмжийг 2019 оны хоёрдугаар сард гаргасан. Гэтэл “Тавантолгой түлш” компанийн захирал М.Ганбаатар “Битгий олон юм яриад бай, ална шүү” гэсэн хэмээн zarig.mn сайтад өөрөө ярилаа. Дараа нь “Тавантолгой түлш” компанийнхан мэдээлэл хийх үеэр тус компанийн дөрөвдүгээр үйлдвэрийн дарга, нүүрсний химич Ж.Батбилэг “Шахмал түлшийг энгийн зууханд түлэх боломжтой. Отгонбаярын ярьсанаар бол тус компаниас зах зээлд нийлүүлсэн 30 мянган тонн түлшийг авсан айлууд тэр чигтээ үхсэн байж таарах нь” гэж хариулж байгаа юм. Энэ доромжлол уу, аархал уу?
Ямар нөхцөлд, хэний өмнөөс инээхээ, басамжлахаа, хэрхэн эмгэнэл илэрхийлэхээ Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, төрийн компанийн ажилтан мэдэхгүй, мэдрэхгүй байна. Гэтэл энгийн зууханд зааврынх нь дагуу түлсэн иргэд үхээд байна. Өнөөдрийг хүртэлх сүүлийн 11 хоногийн дотор долоон хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд, 273 иргэн гаарын хийн хордлогод амиа алдсанаас 120 нь хүүхэд, 173 нь насанд хүрсэн хүн байна. Энэ тоог Нийслэлийн Засаг дарга мэдээлсэн шүү. Тэрбээр сайжруулсан түлш биш “өөр зүйл” түлж байгаа 23 мянган өрхийн түлшийг хэрхэн шийдвэрлэх гарцаа хайж байгаа гэсэн. Гэтэл У.Хүрэлсүхийн Засгийн газар өнөөдөрхөн 7.4 их наяд төгрөгийн өр төлснөөрөө бардамнаж хоёр их наядын алдагдалтай төсөв батлуулах гээд сууж байна.
УИХ-ын дарга ёс зүйн ноцтой алдаа гаргалаа. Өөрийн захирамжаар ажлын хэсэг байгуулж, өөрөө оройлон гэр хорооллын иргэдийн зуух, түлш, галлагаатай танилцаж явах үеэрээ “Хөлдөж үхэх, эсвэл угаартаж үхэх” аюул дээр ирээд байгааг сонсоод тачигнатал инээж байна. Шахмал түлшний асуудлаар ажлын хэсгээ хуралдуулж цаг алдахын оронд Засгийн газартай хариуцлага тооцох шаардлагатай байгааг мэдрэхгүй байна.
Ерөнхий сайд нь өөрийг нь явахад таван хүн амиа алдаад байсан. Тэр ганц үг ганхийлгүй Казахстан руу айлчлалд мордож, зүгээр ч үгүй Хотын даргын хамт манай улсаас оргон зайлсан ноцтой этгээдтэй зочид буудалд уулзаж байгаа зураг нь анхаарал татлаа. Түүнийг ирсний дараа дахин хоёр хүн, түүний дунд эх ураг хоёр амиа алдчихаад байхад эмгэнэл илэрхийлээгүй л байна. Түүний тэмцэх “ждүчид” ялгүй мултрах хоногоо тоолж, түүний танхимын сайд нар, төрийн компанийн захирлууд олон нийт, хэвлэл мэдээллийнхний өөдөөс архирч байна. Ийм Засгийн газрыг бид хүссэн гэж үү?
Одоо Засгийн газарт огцрохоос өөр зам үлдсэнгүй. Хариуцлага хүлээхгүй юм байна. Харин У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах саналыг тавих эрүүл ухаантай УИХ-ын гишүүн энэ төрд үлдсэн эсэхийг харцгаая! Эсвэл иргэд өөрсдөө долоон хүний халуун амийг нэхэж Засгийн газрыг огцруулахыг шаардах цаг болжээ.