Готод зас орлоошд, сэвсийтэл орлоо

Цонхоороо харсан хүмүүс жигтэйхэн романтиклаж ирснээ гараа л хараалаа тавьж байв. Гутал норно, шилэн хүзүү рүү цасан ширхэг орно. Шавхай туулна. Ямар олиг байхав. Такси ч олдохоо байгаа л. Манай жолооч нар яахав дээ шинэ нь шинэдээд, өвлийн дугуйгүй нь өвлийн дугуйгүйдээд явахаа байдаг хойно. Явсан нэг нь түсхийгээ л. Өглөө есөн цагийн алдаас эхлээ л улсууд энд тэнд наалдаад зогсцон машинуудын зураг оруулж “халтиргаа их байна шүү” гэж бичээд сүйд. Өчигдөр орой гэхэд л 159 осол гарчээ гэсэн твитэр үзсэн. Хайран цаг, мөнгө явж байна даа. Уг нь хүн нь л сайжирчихвал хот маань өнгө ороод, том хотын шинжтэй болоод л байгаа юм. Хүний хөгжилд чинь машин барих чадвар, соёл бас орно шд. 

Хүний эрхээр зовох

Ер нь хотын соёл гэдэг чинь хүний бие засах нь ч бусдын эрхшээлд байдгийг ойлгохоос эхтэй. Бид шээмээр санагдаа л шууд шээдэггүй. Эхлээд жорлон ордог. Орцтой байранд байдаг бид шөнө юм өрөмдөж болохгүй, хөршийн эрхээр амьдарна. Гэрлээ асаагаад орхиж чадахгүй, тогны мөнгөнд баригдна. Тэр байтугай түүхий мах хүртэл идэж болохгүй нялцгай биеэ аргадаж байна шүү дээ. Бид нийгэмд амьдрахчаан болж байна. Гэхдээ хариуд нь эрүүл мэндийн тусламж хүртэж, гоё кино үздэг. Усанд орж, толинд харж байна. Хүргэлтийн хоол хэчнээн амар тээ. Парламентын суваг ч хэчнээн зугаатай билээ.

Манай Нийслэл ч энэ мэтийгээ аргалчаад байгаа малдаа. Гэтэл хүмүүс нь билэг танхай, мөн гүндүүгүй хэвээрээ байгаад байдаг. Билгээрээ шүлсээ хаяж, танхайгаараа оочир дайрч, гүндүүгүйгээрээ хог тариад л... Уг нь тун зөвшөөрч чадамгүй бол нийгмээс өөрийгөө тусгаарлаад уул хаданд байх арга байдаг л юм байна лээ. Хэнээс ч асуухгүй дуртай газраа баагаа л. Энэ нийгэм чинь бас л нэг төрлийн дарамт шүү дээ. Гэхдээ соёлжсон нийгэмд бол хүмүүс нь энэ харилцааг зөвшөөрч, зохицоод амьдраад байгаа юм. Тэгээд л уур бухимдалгүй, дандаа инээмсэглэж явдаг байх нь. Гаж юмнууд хийгээд байгаа улсууд бол сэтгэцийн олдмол эсвэл төрмөл бяцхан өөрчлөлтэй улсууд л даа.

Зовлонгийн жагсаалт

Бид өглөө гэрээсээ гараад л тамын орныг туулдаг:

  1. Орцонд хөршийнх хогоо хаяцан байна
  2. Гадаа шууд утаанд орно
  3. Зам дээр түгжирнэ
  4. Хажуунаас чинь баатарлаг сэргэлэн жолооч дайрна
  5. Банк орвол оочирлоно
  6. АТМ орвол ардаас чинь бүгдээрээ таны хэдэн төгрөг авахыг харна
  7. Гэнэт “ӨӨЕ!” гэж алахаас наахнуур дуудаад, “цирк гэж хаана байдын өөе?!” гэж асууна
  8. Үйлчилгээний газрууд тэвчээр барна
  9. Эмэгтэйчүүд бэлгийн дарамтад өдрийг өнгөрөөнө
  10. Ер нь эмэгтэй хүнийг их дээрэлхэнэ. Ганц эмэгтэй шөнө такси барих хамгийн их эрсдэлтэй
  11. Ер нь нэг халамцуу эмэгтэй ганцаараа дуудлагын жолооч дуудах ч аюултай болсон байна лээ
  12. Гэх мэт зөндөө...

Энэ зовлонгуудыг ерөнхийдөө гурав ангилж болно.

Өөрөө шийдэх зовлон

Юуны түрүүнд зам түгжрэлтэйг тооцох. Оочирлож магадгүйг бодолцох. Энэ чинь их хот шүү дээ. Та 1,5 сая хүний нэг нь. Ердөө ч онцгой биш. Тэгвэл түгжрээ, оочир хоёр бол олон юм бодож-шийдэж, ухаалаг утсаараа мэр сэр ажил амжуулж, ярих ёстой хүмүүс рүү гээ утас цохих сайхан цаг. Эсвэл бинзээн хийх мөнгөөрөө хөлд эвтэйхэн гутал аваад очих газар луугаа алхах боломж байна. Энэ бол жинхэнэ боломж юм шүү. Өөр хаана ингэж албадуулах маягтай эрүүл мэндээ бодох шаанс олдохым бэ.

Хотод амьдрахад хамгийн хэрэгтэй зүйлийн нэг нь анхаарал болгоомж. Бид хоол идэхдээ уруулаа түлж магадгүй гэж болгоомжилдог атал гадаа гараад халба салба гэж явдаг. Болгоомж бол хүний өөрийн хариуцлага болохоос даргад тохох асуудал ч бас биш. Такси, дуудлагын жолооч, хулгай дээрмийн эрсдэлийг хүн өөрөө бууруулах боломжтой. Мэдээж барилгаас төмөр унахыг хэлээгүй.

Шийдүүлэх ёстой зовлон

Ахиад л такси ба жолооч нар. Тийм үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудын хариуцлагыг чангатгаж, толгой эргэм өндөр торгууль тавиад өгөөсэй. Бас бэлгийн дарамт үзүүлэхэд гаргасан гомдлыг яаралтай агаад заавал шийддэг болох. Чанга хууль чанга хууль....! Сэгсийтэл торгоод, торгуулийн чадваргүй бол гөлийтөл нь албадан ажил хийлгээд өгөөч! Нус шүлсээ хаяад байгаа нөхдийн халаастай нь яриач. Нэх удахгүй цэгцэндээ орышдээ.

Утаа хамгийн аймар. Яах ёстой юм бүү мэд. Ямартай ч муу дээр муухай болоод байгаа утааны эсрэг ажилладаг байгууллагуудыг татан буулгах уу? Нэмэр алга байна шд. Нийслэлчүүдийн нэг үе өнгөрлөө. Хэчнээн их мөнгө үрдэг билээ дээ! 

Хамтдаа шийдэх зовлон

Энэ бол уриалга, соён гэгээрүүлэх ажил юм. Харин ч санаснаас хурдан зүгширч байгаа эд. Сүргээрээ урдуур дайрдаг байлаа саяхан. Харин одоо дайрч байгаа хуруу дарам этгээд ертөнцийн адаг гэж харагддаг болсон. Ногоон гэрэл хүлээдэг болсон. Одоо АТМ-ын хэрэгтэй дуртайчуудыг, хүнээс юм асуух гэж зодох шахдаг нөхдийг, гадны жуулчин айлгадаг оркуудыг, эгнээ байраа буруу эзэлчээд дайрдаг новшнуудыг бусдаасаа ичдэг болгох хэрэгтэй. Та бидний бүгдийн оролцоо үүнд хэрэгтэй. 

Хотын дарга

Хотын хүн нэг бүрийн сэтгэл ханамж хотын даргатай холбоотой. Нөгөө талаар хотын даргын сэтгэл хотынхоо иргэн бүртэй холбоотой. 

Дээр хэлсэн зовлонгуудыг Су дарга бүтээгээгүй. Мөн тэрээр хөөп гээд шийдэх боломжгүйг хүн бүр мэднэ. Нийслэлчүүд яахав дээ, дарга зүхэж бухимдлаа нимгэлдэг хүмүүс. Гэхдээ арай л нүд халтирам уу гүй юу. Хотын даргын алба бол өөр тийшээ нэг харахад л дэвэрчдэг сүүтэй цай чанах шиг ажил. Эсвэл сахилгагүй хүүхэд шиг, анхаарахаа болих хооронд үсээ хайчилчна. Зүхэх дуртай хүмүүсээс хэд нь хотын даргын ажлыг ам шигээ аваад явчиж дөнгөх бол доо ккк.

Цас орлоо хотын дарга огцор гэж буй биеэ оторлосон бэртэгчин жиргээнээс илүү ажлынхаа үүдний цасыг арилгаж байгаа дуучин Нарагийн зураг өнөөдөр надад эрч хүч өглөө. Хот өөрөө оршин суугчаасаа хариуцлага, сэтгэл, ёс суртахуун шаарддаг юм.


За дарга ч яахав. Дарга болох гоё, зүхүүлэх гоёгүй. Ертөнцийн бүх амьд даргын туулдаг зовлон. Гол нь одоо нийслэлчүүд буруу бүхнээ хөршдөө, танилдаа, даргадаа чихээд байвал бүгдээрээ барайж хүрлийсэн аймшгийн амьтад хэвээрээ үлдэх гээд байна. Тэрний оронд зарим зовлонгоо өөрөө боломж болгож, заримыг нь шийдэхийг зогсолтгүй шаардаж, заримыг нь хамтдаа шийдье. Энэ дээр л тэр олон сайн дурын клуб, төрийн бус байгууллагууд хашгираад, уриалаад өгмөөр байгаам даа.