УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа  эхлээд тав дахь хоногтоо үргэлжилж байна. Урьдчилан таамаглаж байсанчлан хүч тэнцвэргүй өрсөлдөөн болж байна. МАН эрх барьснаас хойш 8 жил, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ засаг барьснаас хойш 4 жил өнгөрөв. Гэвч найман жил эрх барьсан МАН хийсэн ажлаараа биш, хийнэ гэсэн амлалтаараа л сонгуульд орж байна. 2020 оны сонгуульд “Хүчээ нэгтгэе” уриатай орсон МАН дөрвөн жилийн дараа “Ард түмний ялалт” болгож өөрчилнөөс өөр ямар ч ялгаа байсангүй.

УИХ дахь намын бүлгийн дарга Тогтохсүрэн саяхан “Тэр чинь 2016 оны амлалт, 2020 оных биш” гэж ярилцлага өгч байсан даа. Өнөөдөр тэгвэл “2016 оны биш, 2020 оны амлалтаа” ч хүртэл мартаад, мартуулаад, 2024 оны цоо шинэ амлалтайгаар сонгуульдаа орж байна. Сонгууль гэдэг хэн сайхан амласан нь түрүүлдэг “уран бүлтрээний уралдаан” болсон юм байна. Ялсны дараа амлалтаа биелүүлэх, үгүй нь бол ёстой “наядугаар асуудал” болсон байна. Биелүүлэх шаардлага ч үгүй юм шиг байна.

Ажаад байх нь ээ, Монгол Улс хөгжих вий, дэвжих вий гэдгээс үхтлээ айдаг юм байна. Айх нь ч аргагүй юм байна. Ард түмэн баян бол, боловсрол мэдлэгтэй бол Ардын намаас халамжийн хэдэн цаас горьдож, талхны мөнгөөр саналаа худалдахгүй шүү дээ. Хоногийн хоол, талхны мөнгөний төлөө МАН-тай нэгдэхгүй дээ. Тийм болохоор МАН ард иргэдээ үргэлж үгээгүй ядуу, зусарч зуйварган хэвээр нь байлгахыг хүсдэг. Яг социализмын үе шиг дарга нараа, эрх мэдэлтнүүдийг бөгсийг долоож, матаас бичиж, бие биенээ дэгээдэж, худалдаж амьдраасай гэж хүсдэг.

Саяхан МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн говийн аймгуудад уулзалт хийж яваа бичлөг цацагдсан. “Сонгууль биш дайн болж байна” гэж ярьсан. Дайсан нь хэн юм, Ардчилсан нам уу, АН-ын гишүүд дэмжигчид үү? Баруун аймагт оччихсон “Увсынхан Хүрэлбаатарыгаа өмгөөлж хамгаалаарай” гэж уриалаад, отолтонд сууж, хориглон тулалдах тухай ятгаад явж байна. Муу эр дайнд хөөрнө гэдэг энэ. Нэг л их байлдаж тоглосон бацаан.

Ингэхэд Л.Оюун-Эрдэнийн дайсан хэн юм? Ардчилсан нам, Лу.Гантөмөр үү? АН-ын гишүүд, дэмжигчид үү? Яг хэнтэй байлдах, дайтах гээд дарь нухаад яваа муу хагалан бутаргагч вэ. Энэ ямар гудамжинд тэмцэж байгаа иргэний хөдөлгөөн үү? УИХ-д 64 суудалтай эрх баригч намын дарга, Засгийн газрын тэргүүн үү? Ардчилсан нам, АН-ын гишүүд, дэмжигчдийг дайснаа гэж үзэж, онилж байгаа бол энэ хүн төрийн толгойд байтугай хөлд нь суух эрхгүй хүн. Иргэдээ ингэж үзэл бодол, итгэл үнэмшлээр нь ялгаварлах, гадуурхах эрх ямар ч доод зиндааны улстөрчид байхгүй. Ингэж ярьж байгаа хүн иргэдийн төлсөн татварын мөнгөөр амьдарч болохгүй. Энэ мөнгийг захиран зарцуулах эрх байхгүй.

Сүүлийн найман жилд хэн илүү таргалсан, эрх барьж байгаа нөхөд. Сонгуульд нэр дэвшиж байгаа 126 нэр дэвшигчийнх нь 95 нь тэрбумтан /АТГ-аас гаргасан мэдээлэл/ байна. УИХ-ын 44 гишүүн, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын 14 сайд багтсан байна. Тэгэхээр өнгөрсөн 8 жилд МАН-тай хүчээ нэгтгээд хэн ялж, хэн ялагдсан байна. Одоо дахиад хэнийг ялах тухай яриад байна?

Эсрэгээрээ АН-ын дарга юу ярьж байна. Хөгжил ярьж байна, дэвшил ярьж байна, бодлого ярьж байна. Их тэнгэрт байгаа дарга нарын байрыг хотын төв рүү шилжүүлье, иргэдийнхээ дунд амьдарч байж утаанаасаа, түгжрэлээсээ салъя. Дарга нарын тансагал хэрээс хэтэрлээ, иргэдээсээ тасарчихлаа, амьдралаас тасарчихлаа. Ийм байдлаар иргэдийн төлөө ажиллахгүй шүү гэж хэлж байна. Эргүүлээд МАН нь АН-аасаа ял асууж байна. “34 жил дампуурсан ардчилал, авилгал, ядуурал” ярьж, АН-д ялыг нь тулгаж байна. Тэгвэл энэ 34 жилийн наймаас бусдад нь /26 жил/ МАН, МАХН засагласан байна. Сүүлийн 8 жилийг бүр үнэмлэхүй олонхиор, сөрөгч хүчингүйгээр засагласан байна.

Сөрөгч хүчнээс улс төрийн хариуцлага нэхдэг хууль байдаггүй юмаа. Хариуцлага гэдгийг зөвхөн эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа нөхөдтэй ярьдаг юм. Шаардлагатай бол буцаагаад гудамжинд нь гаргадаг юм. Яг АН-ыг хөөж гаргасан шигээ. Тэгж байж шударга ёс тогтдог. Эрх мэдэлдээ халуурсан, иргэдээ дарангуйлсан, гуйланчлуулсан нам шударга ёсыг тогтоодоггүй. Энэ улс орныг бүтэн найман жил эрхшээсэн, эрх мэдлийг хэрэгжүүлсэн нам өнөөдөр хийгээгүй ажлаа маргааш хийнэ гэж байхгүй ээ. Тэнэг хүний ухаан орох нь үдээс хойш гэдэгтэй л адил юм. Үдээс хойш гэдэг чинь үгүй л гэсэн үг байхгүй юу даа.

inews.mn