Монголын дээд боловсрол гиннесийн рекордыг хэдийнээ эвдсэн
МУИС 12, МУБИС мөн 12, ШУТИС 13 гэж салбарлаад, цааш нь шатласан сургалттай өөр 8, хувийн их сургууль 3, хувийн дээд сургууль 108 нийт 170
(“Зуун ямаанд жаран ухна”)
Магадлан итгэмжлэгдсэн гэх сүрхий тодотголтой, шалгуур хангасан төрийн мэдлийн 16, тэд нь тодроо салбарлавал МУИС 12, МУБИС мөн 12, ШУТИС 13 гэж салбарлаад, цааш нь шатласан сургалттай өөр 8, хувийн их сургууль 3, хувийн дээд сургууль 108 нийт 170, татан буугдсан гэх боловч хэлбэр дүрсээ өөрчилсөн 30 дээд сургууль, нийлээд 200 хол давчихсан (2007 оны байдлаар), манай улс санаандгүй байж байгаад мөд Гиннесийн номд хөгийн, эмгэнэлт энэ нэгэн жишээгээрээ бүртгэгдэх болжээ. Даян дэлхийн аль л болохгүй бүтэхгүй, инээдэмт, бас этгээд, онцгой үйл явдал, юмс үзэгдэл, бүр эд барааг энэ номд жагсаасан байдаг шүү дээ. Эерэг гэхээсээ хачин сонин, марзан, ер нь хүний анхаарал татаж, сэрдхийлгэмээр мэдээлэл тэр номоор дүүрэн байдаг даа.
Нэгэнт л дээд боловсролыг арван хэдэн жил тасралтгүй үйлдвэрлэж байгаа тул “Монголын хүн амын 80 хувь нь дээд боловсролтой” (дэлхийн жишгээр үүнийг “Их сургуулийн боловсролтой” гэнэ) гэсэн сүрлэг, марзан тоо Гиннест гарцаагүй бүртгэгдэж таарах нь. Учир нь даян дэлхий дээр ямар ч улс үндэстэн ийм тоон үзүүлэлтийг хангаагаагүй, хангах ч үгүй юм гэнээ. Жишээ нь хөгжлөөрөө дэлхийд толгой цохиж яваа, гэвч манайтай төстэй жижиг улс гэгдэх Сингапурт их сургуулийн боловсролтон хүн амынхаа 18 хувь, Хонконгт 15 хувь, Европын дунд зэргийн хөгжилтэй Ирландад 12.3 хувь, дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн АНУ-д 25 хувьтай байдаг аж.
Зөвхөн хүн амын доторхи дээд сургуулийн дипломтны эзлэх жингээр зогсохгүй 2.6 сая хүн амдаа тооцож үзвэл 200 хол давах их дээд сургуультай, 142.5 мянган оюутантай, хуучныхаа бүх ТМС-ээ утсгаад, техникум гэгж байсны заримыг нь коллеж болгочихсон, зөвхөн энэ “200” гэсэн тоо л дэлхийнхний нүдийг бүлтийлгэж, чихийг сортолзуулахаар том тоо аж. Цааш нь 10 000, бүр дордоод 1 000 хүн ам тутамд ногдох доктор, профессор, академичийн тоогоор бас л дэлхийд аль хэдийнэ хошуучилж яваа. Харин дэлхийн хөгжлийн үзүүлэлт илтгэх олон улсын элдэв статистик номуудад манай энэ тоо бүртгэгдээгүй, 10 000 хүн амд ногдох инженер эрдэмтний тоогоор дэлхийд Изриаль толгой цохиж, АНУ-ынхаас 2 гаран дахин давсан гэх нэгэн тоо байна. Энэ бол бодит тоо. Энд бахархал болох баримтуудыг биш, дэлхийн доог болох махан баримтуудыг ичсэндээ, гутарсандаа би эшлэж байгаа юм шүү.
Хэрэв дээд боловсролыг нэгэн том зах зээл хэмээн тооцвол олон улсын энэ статистик үзүүлэлтээр манай улс АНУ, Орос, Хятадтай (тэдгээр нь дэлхийн том гүрнүүд ба хүн амын тоо, хүч чадавхи нь гэхэд л манайхтай даан ч зүйрлэхгүй) зуузай холбох дөхөж, Япон, Герман, Францтай зэрэгцэж, Азийн бар улсуудыг хол хаясан байх юм. Хувийн их, дээд сургууль, коллежуудын тоо хэмжээ нь дэлхийд байхгүй рекордыг үнэхээр бүрэн тогтоогоод байна. Нийт хүн амд нь ногдох байдлаар гадаад улс орны их дээд сургуулиудын тоотой харьцуулсан дараахи судалгааг харж болно.
Улс Хүн амын тоо Их, дээд сургуулийн тоо
Их Британи 59.4 сая 89
Австрали 20.1 сая 37+2+23=62
Шинэ Зеланд 3.9 сая 7
Швейцарь 7.3 сая 9
Нидерланд 16.2 сая 17
Швед 9 сая 40
Израиль 6.8 сая 3
Сингапур 4.3 сая 2+4+13=19
Хонконг 7.4 сая 3
Малайз 24.8 сая 17
Тайланд 64.3 сая 16+36+26=78
Турк 68.1 сая 69
ӨАБНУ 45.3 сая 16
Арабын Нэгдсэн Эмирт 3.8 сая 4
Саудын Араб 22.5 сая 7+21 эр+12эм=40
Грек 10.7 сая 17
Латви 2.3 сая 5
Литва 3.6 сая 6
Эстони 1.4 сая 3
Словак 5.4 сая 14
Албани 3.5 сая 10
Болгар 7.5 сая 38
Македон 2 сая 2
Румын 22.3 сая 48
Хорват 4.4 сая 4
Египет 80 сая 14
Тунис 9.9 сая 5
Бахрейн 690 мянга 2
Иордан 5.3 сая 2
Сири 17.4 сая 4
Балба 24 сая 1
Шри Ланка 19 сая 10
Камбож 13.8 сая 9+6=15
Мъянмар 52.8 сая 16
Гана 20.4 сая 3
Нигери 135.4 сая 13
Ардчилсан Конго 53.2 сая 3
Камерун 16.1 сая 1
Зимбабве 13.1 сая 1
Кени 31.9 сая 4
Монгол Улс 2.7 сая 200 орчим
Манай улс хөгжлийн түвшингээр жагсаалтын сүүлд буй Африкийн хэдэн улсаас хол тасраагүй байгаа, харин Балбаас дээш жагссан орнуудтай хөгжил, өрсөлдөөн, эдийн засгийн эрх чөлөө гэж ярихад арай ахдана. Саудын Арабаас дээш бичигдсэн улсуудтай бол хөгжлийн зөрүү хэдэн арван жилээр тогтохгүй.
Энд хэдийгээр хөгжлийн асар их зөрүү, хүч чадавхийн харьцуулшгүй үзүүлэлттэй ч Японтой нэг жишээд үзье л дээ. 127 сая хүнтэй тэр оронд их, дээд сургууль нь манайхаас ялимгүй олон, гол нь тэр улсад дээд боловсрол манайх шиг үнэгүйтээгүй гэнэ. Энэ нь багцаагаар Монголын дээд боловсролтонгууд ажилгүйчүүдийн эгнээнд шууд шилждэг, Монголд төгссөн мэргэжилтнийг (мэргэжилтэн л гэе дээ) ажилд авдаггүй, авлаа ч цааргалдаг, харин Японд бол ажлын байр баталгаатай, адаглаад гадагш гарахад мэргэжилтэн, сайн дурынх гээд хийх ажил зөндөө гэсэн үг. Манайд конвейроор дээд боловсролыг олгодог бол Японд үхтэл нь шигшээд, шүүсийг нь шахаад дэлхийн мэргэжилтэн болгож гаргадаг.
Их, дээд сургуулийнхаа тоогоор Британи, Канад, Австрали, Сингапурыг бараагүй хаяж тасарсан өнөөгийн Монголд ямар гээчийн хорлол шингэсэн юм бол, бүү мэд, дээд боловсролын үйлдвэрлэл зогсолтгүй явагдаж улс орон нь ядуустаа идэгдэж, ядуурал нь дэлхийн хамтын нийгэмлэгийн хатуу анхааруулга дор явж байна. Хүн амынх нь 40 орчим хувь ядуу дорой, ерөөсөө өөдлөх найдвар байхгүй, баялаг бүтээдэггүй, олбордох ба мал аж ахуйн үйлдвэрлэлд найддаг, тэгсэн мөртлөө хүн амынх нь 80 хувь их сургуулийн дипломтой гэмэгц нь л ертөнцийн шившиг болж яалт ч үгүй харагддаг аж. Гол нь монголчууд үүндээ огтоос дүгнэлт хийдэггүйг нь дэлхийнхэн гайхаж баршгүй.
Эдүгээ Монгол дахь 200 орчим их, дээд сургууль, коллежоос лав 111 нь хувийнх, 6 нь Монголд үйл ажиллагаа явуулж буй гадны салбар сургууль, 51 нь төрийн их, дээд сургуулиуд гэсэн бүртгэлтэй, үлдэхийг нь тоймлоод орхихоос өөр аргагүй.
Эдүгээ Монголд дээд боловсролтны тоо өсөхийн хэрээр нэр төр, үнэ цэнэ нь улам бүр уруудсаар байна. Дээд боловсролтой гээд гайхуулаад байх юм юу байна вэ гэдэгт захын чавганц хариу өгөхөөр болж. Ажилгүйдэл, ядуурал, золбин амьдралын нэлээдийг дээд боловсролтойчууд бүрдүүлж байдаг учраас нэр төр нь навс унаж байгаа хэрэг.
Монгол дахь дээд боловсролын дампууралд юуны өмнө улсын, төрийн гэх олон салбарласан, хэт их мэргэжилтэн конвейрддог, бүгд “Их сургууль” гэж нэрлэгдсэн тэдгээр их сургуулиуд гол үүрэг гүйцэтгэжээ. Ганц баримт дурдахад манай төрийн их сургуулийн дипломыг дэлхийд хэн хаана үнэлж байгаа билээ гэвэл маш гайхмаар, эмзэглмээр тоо гарна. Дэлхийд бараг зөвшөөрдөггүй гэсэн ганцхан үгээр хариулж ч болох байх.
Эл дампуурлыг шат ахиулахад “хувийн” гэх их, дээд сургуулиуд жинхэнэ ташуур өгчээ. Хувийн дийлэнх сургуулиуд элсэлтийн шалгалтгүй, харьцангуй бага төлбөртэй байх сонголт хийсэн тул маш бага зардлаар (Хямд ажиллах хүчин, чанар муу хэрэглэгдэхүүн) сургалт явуулахыг эрмэлздэг. Төгсгөөд гаргаж л байвал бүтээгдэхүүн нь хаа нь яаж борлох шингэх нь хувийн дээд сургуулийн эздэд огт пад байхгүй. Зөвхөн төлбөрөөр бизнес хийн амьдардаг ийм сургуулиудад дэлхийн жишигт нийцсэн чанартай сургалт явуулах санхүүгийн бололцоо угаасаа байхгүй. Хувийн дийлэнх сургуулиудын сургалтын чанар муугийн нэг баталгаа нь магадлан итгэмжлэл гээчид хувийн 111 сургуулиас 44 хувь нь л хамрагдснаас харж болно. Магадлан итгэмжлэгдээд ч чанартай сургалт явуулах гэх баталгаа (багш, профессорын бүрэлдэхүүн, сургалтын бааз, гадаад харилцаа гэх мэт) байхгүй.
Төрийн ба хувийн их, дээд сургууль, коллежийн мэргэжлийн баримжааг хараад байхад нийт суралцагчдынх нь бараг 90 хувь нь гадаад хэл, хууль, олон улсын харилцаа, аялал жуулчлал, сэтгүүл зүй, эдийн засаг, урлаг соёл, биеийн тамир, цагдаа гэхчлэн чиглэлээр суралцаж байна. Ялангуяа хүмүүнлэгийн гэх нэрээр гадаад хэл, сэтгүүлч, олон улсын харилцаа, аялал жуулчлал, хуулийн мэргэжлийн хувийн сургуулиуд ихэсч байгаа нь сургалтын өөрийн өртөг багатай, хэн ч багшилж болдог, хүмүүс нийтээрээ хушуурдаг, чамирхдагтай холбоотой. Дурдсан салбарын мэргэжилтэн тоймоо алдсан ба хуульч, сэтгүүлч, олон улсын харилцаа, эдийн засагч, нийтийн дуу, урлагийн, бөхийн гэх салбараар бол ойрын 10-15 жилдээ сургалт явуулахгүй байсан ч багадахааргүй тооны дипломтон гаргажээ. Гэтэл баялаг үйлдвэрлэл, техник, технологи,үйлчилгээний салбарт төгсөгчид ойрын хэдэн жилдээ тоо нь ч өсөхгүй.
Өөрөөр хэлбэл баялаг бүтээх мэргэжлээр төрийн ч, хувийн ч их, дээд сургуулиуд тун хойрго хандаж байна. “Баялаг бүтээх” гэдэгт: Бизнес, банк, хөрөнгийн зах зээл, техник, технологи, худалдаа-үйлдвэрлэлийн салбар орох ба хуульч, сэтгүүлч, хэл зүйч, урлаг уран сайхан, спорт гээд явчихаараа баялаг эс бүтээгч гэдэг рүү орчихож байгаа юм.
Дээр үеийн ТМС буюу мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн сургууль арван хэдэн жил тасраад төдийлөн сэргэж өсөхгүй байгаа нь сургалтын өртөг өндөртэй, бас хэн ч тоож орохгүй болсон, нөгөөх дээд боловсрол хавтгайрсны гор юм. Төрийн мэдэлд “ТМС” 30-33, төрийн бус “ТМС” 2 байсан, байгаа гэх нэгэн тоо бий, тэр тоог нөгөөх лут “200” дотроо аваачаад нэг байрлуулаад үзээрэй. Баялаг эс бүтээгчдийн мянга мянган арми энд жагсаж байна. 2006-2007 оны хичээлийн жилд их, дээд сургууль, коллежид 142 411 оюутан суралцснаас “ТМС”-д ердөө 20 мянга гаранхан нь суралцжээ. Энэ нь нийт мэргэжлийн боловсрол эзэмшигчдийн дөнгөж 14 хүрэхгүй хувь болж байна. Мэргэжлийн боловсролын энэхүү харьцаа дэлхийн хөгжингүй орнуудын практикаар бол 30:70 байх нь оновчтой гэж үздэг аж. Өөрөөр хэлбэл ямар ч хөгжилтэй бай нийт оюутны 70 хувь нь ТМС төгссөн баймааж нь тэр улс ажиллах хүчнээр өлхөн хангагдаж, чухам нөгөө баялгаа бүтээх жамтай юм гэнэ.
Төрийн их сургуулиуд нь ч менежментийн хувьд нэн тодорхойгүй явж байна. Ном жамаараа бол төр засаг нь өөрийн өмчийн сургуулиудын сургалтын төлбөрийг доод хэмжээнд барьж, чанарын дээд хэмжээг (дэлхийн жишгийг) үзүүлэх ёстойсон. Гэтэл эсрэгээр. Хээл хахууль, зогсоо зайгүй оюутны шилжүүлэг, хандивын анги, ар өврийн хаалга чухам төрийн их сургуулиудад нүүрлэсэн. 2003 оноос төр сургуулиуддаа санхүүжилт өгөхөө зогсоосноос сайхан далим гарлаа гэсэн шиг элсэлт, шилжүүлэг, хандиваа хавтгайруулж, тэгснээрээ санхүүжилтээ олж авч байгаа нь энэ гээд сургалтын чанар нь аяндаа хойшоо ухарч, хувийн сургуулиудтайгаа зуузай холбож авлаа. Цаадуул нь ч барьцах мөчөөрхөх юмгүй болж авч байгаа нь тэр.
Монгол дахь гадаадын салбар сургуулиуд гэж бас нэгэн этгээд үзэгдэл байна аа. Плехановын академийн эдийн засгийн салбар, Буриадын их сургуулийн салбар, Эрхүүгийн техникийн их сургуулийн салбар, Москвагийн энергийн институтын салбар, Казахстаны их сургуулийн салбар, Сингапурын Хартфорд институтын салбар гэхчлэн монголчуудад горьдлого төрүүлсэн, төлбөр гэж тэнгэрт хадсан гэлээ гээд хамрах хүрээ бага, ирээдүйд юу өгөх нь тодорхойгүй баахан сургууль Улаанбаатарт шавжээ. Сингапурын Хартфорд институтын салбарт дээд боловсрол эзэмшихэд 2.5 жил. Төлбөр нь 9 000 ам доллар. Харин бакалаврын түвшний жилийн төлбөр нь 6 000 доллар болно. Энэ нь манай их, дээд сургуулиудын дундаж төлбөрөөс 15-20 дахин их үнэ, өөрөөр манайхан юунд хүрэхээ үл мэдэн халаасаа сэгсрүүлж суух.
Монголын их, дээд сургуулиуд дэлхийн сургуулиудтай өрсөлдөх чадваргүй, хувийн, төрийн ялгаагүй бүх сургуулиуд зөвхөн сургалтын төлбөрөөр гол зогоож амьдарч байгаа ба “200” гэдэг тооны цаана монголчуудын чамирхах, сагсалзах, баярхах дон, үл ичих зан, шуналын дэв, тэр шунал дээр тоглох луйварчин сэтгэлгээ, өнгө мөнгө л зогсож байна.
“Монголын дээд боловсрол хаана явна вэ?” гарчгаар анх “Зууны мэдээ”, 2007.08.17 № 195 /2643/ дугаарт хэвлэгдэж "Саятан сэтгүүлч" шагналын анхныхыг нь хүртжээ. Эл нийтлэл хэдийгээр гурван жилийн өмнө бичэгдсэн ч доторхи агуулга санаа, төрх нь өнөөдөр манай нийгэмд баттай байгаа гэдэг утгаар дахин толилуулав.