Хувь хүмүүс сурсан цагт л байгууллага сурдаг. Хувь хүн сурлаа гээд гэхдээ байгууллага сурахгүй байх нь бий. Гэлээ ч хувь хүн сураагүй цагт байгууллага сурах тухай яриа байхгүй. 

Үүнийг цөөнгүй байгууллагын удирдагчид ойлгож эхэлжээ. 1995 онд тэтгэвэрт гарах хүртлээ Kyocera (Киосера) компанийг удирдсан, үндэслэгч нь болох Казуо Инамори энэ талаар:


Бизнест судалгаа, хөгжил, менежмент, өөр юу байна хамаагүй, хамгийн гол хүч нь “хүмүүс” байдаг. Хүмүүс харин өөрсдийн бодолтой ба юмыг өөр өөрийнхөөрөө хийдэг. Хэрэв ажилчид өөрсдөө технологи болон бусад зүйлсийн талаар хангалттай хөгжихгүй, өсөхийг тэмүүлэхгүй бол... байгууллага зүгээр л өсөхгүй. Бүтээмж дээшлэхгүй, ямар ч технологийн хөгжил явагдахгүй.

Хүмүүсийн далд нөөцийг ил гаргахын тулд “далд ухамсар” “сэтгэлийн тэнхээ”, “хорвоо дэлхийд туслах гэсэн сэтгэлийн гал дөлийг нь бадраах хэрэгтэй” гэж тэр үздэг юм. Тиймээс “Тэнгэрийг хүндэтгэж, Хүмүүсийг хайрла” хэмээх компанийн уриагаа цаг ямагт баримтлахыг тэр ажилчдадаа уриалжээ. Дарга, менежер хүн “ажилчдынхаа эд материалын болон оюун санааны сайн сайханд нь” туслах ёстой гэж тэр үздэг юм. 


Ертөнцийн нөгөө талд өөр нэгэн том компани байгуулан олон жил амжилттай удирдсан Хановэр Иншюранс компанийн ерөнхийлөгч асан Билл О’Брайн харин:


“... хүмүүсийн мөн чанартай нийцсэн компанийн бүтэц бүтээхийг бид эрмэлздэг. Уламжлалт эрэмбэлж шаталсан байгууллагууд хүн өөрийгөө хүндлүүлэх, өөрийн потенциалыг бүрэн ил гарган ашиглахад таардаггүй. Бүх ажилчдын эдгээр хэрэгцээ бүрэн хангагдах хүртэл байгууллагын менежментийн хөгжил явагдах болно.”

Инаморигийн адил О’Брайн ч бас менежерүүд ажлаа шинээр харах хэрэгтэй гэдэг. “Бид төлөвлөгөө гаргаж, зохион байгуулж, хянах ёстой” гэсэн хуучин үзэл суртлаасаа салан “маш олон хүний өмнө үүрэг хариуцлага хүлээж байгаа” гэдгээ ойлгох хэрэгтэй. Менежерүүдийн суурь ажил бол “хүмүүст амьдралаа бүрэн дүүрэн, баялаг болгох нөхцөл байдлаар хангах явдал юм.”

Эдгээр үзэл бодол ашгийн төлөө бизнесийн байгууллагад байж таарахааргүй арай л романтик юм шиг санагдаж байвал Киосера компани жижигхэн гараанаас эхлээд 45 жилийн дотор гаднаас бараг ямар ч мөнгө зээлэлгүйгээр 9 тэрбум долларын борлуулалттай компани болж чадсан юм гэдгийг хэлье. Бусад компани байтугай япон компаниуд хүртэл тийм ашигтай ажилладаг болохсон гэж атаархам амжилтад хүрсэн. Хановэрийг харин үл хөдлөх, даатгалын салбар уналтад орсон байсан 1969 оны хямрал дунд О’Брайны өмнөх захирал Жэк Адам нь хүмүүст итгэж, тэднийг үнэл гэсэн зарчимтай байгуулсан юм. 1990 онд О’Брайныг тэтгэвэртээ гарах үед тус компани салбарынхнаасаа 50%-аар илүү хурдтай өсөж байлаа. 

Бизнест гарамгай ажигч Хэнри Форд мөн:

Хамгийн хуваагдашгүй хүч бол миний бодлоор сэрэхээ хүлээн буй хүмүүсийн онгод тэмүүлэл юм шиг санагддаг. Бид дэндүү их юманд санаа зовон адгасаар байна. Үр дүн гаргах гэж дэндүү улайран яардаг болж. Оронд нь... ашиглагдахаа хүлээн буй үл үзэгдэх сүнсний хүчээ ашиглах хэрэгтэй... Хүмүүс бид эдгээр хүчээ ашиглахаа больсон нь тун бодлогогүй хэрэг... Нэг л өдөр сүнсний хүчээ сэргээн хэрэгтэй зүйлс хийдэг болно гэж би боддог...

Хүн төрөлхтөн урьд хэзээ нэгэн цагт одоогийнхоосоо ч илүү ухаалаг, сүнслэг байсан гэж би бат итгэдэг. Одоо бидний хийсвэрлэн бодож буй зүйлсийг тэд бат мэддэг байсан.


“Өөрийгөө хөгжүүл”, “мастер бол”, “эзэн бол” гэдэг үгээр би хувь хүн өөрөө өсөж хөгжиж, суралцах тухай ярьж байна. Ажил мэргэжилдээ жинхэнэ эзэн болсон хүмүүс амьдралд илүү өндөр үр дүн гаргахад туслах ур чадвараа цаг ямагт тэлж байдаг. Цаг ямагт суралцан сайжрах гэсэн тэмүүллээс нь суралцдаг байгууллагын онгод төрдөг. 


“Системээр сэтгэх нь” ном Хуудас:111-112