Бие даах алхмууд: Тусгай хэрэгцээтэй хүүхдүүдэд өдөр тутмын дадал эзэмшүүлэх арга зүй
Тусгай хэрэгцээт хүүхэдтэй гэр бүл болон тэдэнтэй ажилладаг мэргэжилтнүүдэд зориулсан ширээний номыг ANA center Mongolia төвийн санаачилга, дэмжлэг, хамтын ажиллагааны хүрээнд эрхлэн гаргав.
Доктор профессор Брюс Л.Бэйкэр, Алан Ж.Брайтман нарын 1997 онд анх хэвлэн гаргасан “Бие даах алхмууд” ном нь анх хэвлэгдэн гарсан цагаасаа хойш тусгай хэрэгцээт хүүхдүүд төдийгүй тэдний эцэг эх, асран хамгаалагчдын амьдралд тус болсоор өдгөө Монгол хэл дээр орчуулагдан гарлаа.
Эцэг эхийн хувьд та хүүхдийнхээ анхны бөгөөд хамгийн дотнын багш юм. Энэ бол маш чухал ажил. Гэхдээ Бие даах алхмууд хэмээх олны талархал хүлээсэн ном таны ажлыг бүр ч илүү хөнгөвчилж өгнө!Хэдэн мянган эцэг эхийн гарын доорх туслах болж хэдийн ач тусаа өгсөн энэхүү ном нь 3 настайгаас өсвөр нас хүртэлх хүүхдүүдэд бие дааж амьдрахад шаардлагатай ур чадварыг хэрхэн зааж сургах шалгарсан стратегийг танд эзэмшүүлэх болно.
Хүүхэд бүхэн анх удаа орчлонд ирж хүрээлэн буй юмсын нөлөөгөөр хэлбэржиж өөр өөрийн гэсэн дүр төрхтэй болдог. Цоо шинэ хорвоо ертөнцтэй танилцуулж хүүхдийг бие хүн болгож төлөвшүүлэх хариуцлагатай, тэвчээр шаардсан хэр нь бахархам үйл явц бол эцэг эх болж хүүхэд өсгөх явдал билээ. Тусгай хэрэгцээт хүүхэдтэй гэр бүлийн хувьд хүүхдийнхээ алхам тутамд, бүхий л зүйлсийг тайлбарлан ойлгуулах хэрэгцээ шаардлага тулгардаг.
Дийлэнх эцэг эхчүүд ирээдүйд хүүхдээ аз жаргалтай бие хүн болж амьдраасай гэж хүсдэг шиг тусгай хэрэгцээт хүүхэдтэй гэр бүлийнхэн ч мөн адил зүйлийг хүүхдэдээ хүсдэг. Энэхүү хүсэл нь хүүхэд өөрөө бие даан амьдрах, бусдад өөрийгөө илэрхийлэх, нийгмийн нэг хэсэг болох зэрэг энгийн өдөр тутмын чадваруудаас эхлэлтэй. Тийм ч учраас уг ном нь олон эцэг эх, асран хамгаалагч, сурган хүмүүжүүлэгч нарт хүрч тэдний хүүхэдтэйгээ хамтдаа эхлүүлсэн аяллыг илүү сонирхолтой, үр өгөөжтэй болгоход чиглүүлэх луужин болно гэдэгт итгэлтэй байна.
Энэхүү номд хэрэглээний зан үйл судлалд суурилсан олон тусгай хөтөлбөр багтсан бөгөөд номыг илүү боловсронгуй болоход эцэг эхчүүдийн туулсан бодитой туршлага хувь нэмрээ оруулсан билээ. Номын агуулгын хүрээнд анхаарлаа төвлөрүүлэх, бусдын өгсөн зааврыг биелүүлэх, бие даан хооллох, хувцаслах зэрэг өөртөө үйлчлэх суурь чадварууд, гэр орноо цэвэрлэх дадал, тоглоом ашиглан ганцаараа болон бусадтай тоглох, үр дүнтэйгээр шинэ зүйлийг суралцах чадвар зэрэг багтсан.
Бидний өдөр тутмын амьдралдаа хийдэг үйлдлүүд энгийн мэт боловч маш олон хэсгүүдээс бүтэж байдаг төдийгүй нэг бүрчлэн алхам бүрийг нь номоос задлан харах болно. Түүнчлэн хүүхэд шинэ зүйл сурахад хамгийн ихээр саад болдог сөрөг зан үйлийг багасгах аргачлалууд багтсан.
Хүүхэд ганцхан өдрийн дотор гайхалтай ид шидийн гэмээр бие дааж, шинэ чадварыг сурахгүй гэдгийг юуны түрүүнд ойлгож хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ нь тууштай байдал, тэвчээр, байнгын дэмжлэгийн үр дүнд бий болох зүйл юм. Зарим тохиолдолд томчууд бид хэт их яарч хүүхдэд хэрэгтэй гэсэн бүх л чадварыг нэг зэрэг заах гэж оролддогоос болж хүүхдийг ч тэр, өөрсдийгөө ч тэр шантрахад хүргэдэг. Хэт их яаралгүйгээр гэхдээ зогсолтгүйгээр бага багаар урагшилсаар байх нь нэн чухал. Ингэхийн тулд эхний удаад бид нэг чадварыг сонгон авч түүн дээрээ анхаарлаа төвлөрүүлж, хүүхэд эзэмшсэний дараа нь дараагийн чадваруудыг шинээр оруулах нь хамгийн тохиромжтой юм.