Социализмаас капитализм руу
Социализмаас капитализм руу
Мэндсайханы Энхсайхан
Ерөнхий сайд Алтанхуягийн Засгийн газар байгуулагдаад удаагүй байтал нэг өдөр Х.Баттулга надтай уулзъя гэлээ. “Монголын төмөр Зам” ТӨК-д ажиллахыг санал болгож байна, өрөөндөө том газрын зураг дэлгэчихээд тал тал руу төмөр зам тавих том төлөвлөгөөгөө ярилаа. Газрын зургийнхаа урдуур хөшиг татжээ. Оросууд байлдааны тактикийн зургаа хөшгөөр хаадаг, ихэд нууцлаг, чухал гэдгээ ингэж харуулдаг зөндөө л зөвлөлтийн кино үзэж өссөн маньд Баттулгын яриа сүртэй сайхан танилцуулга шиг санагдсан юмдаг. Тэрбээр Алтанхуягтай тохиролцсон өөрөө МТЗ компанид ажиллавал Таны нэр хүнд хөрөнгө мөнгө босгоход хэрэгтэй байна гээд эцэст нь нэг коньяк задалж билээ. Би ч ажиллаад үзье гэчихлээ.
МТЗ компанид гурван сар орчим л ажиллав. Энэ хугацаанд төмөр замын талаар нарийн судалгаа хийв. Бараг л их сургууль төгсөх хэмжээний материал уншиж судалсан юмдаг.
МТЗ-д ажиллах хугацаандаа тус компани нь өөртөө ахадсан өр төлбөртэй байсныг нээж цочирдож бас үзэв. Олон тэрбумын авсан зээлээрээ энд тэнд хувийн хэвшлийнхний сэтгэлийг доргиож төмөр замын далан барьж сонгуульд шоуджээ. Орос, Хятадын дунд зөндөө будилуулсан Санамж бичгүүд, ам тохиролцоо явагдсаныг олж мэдэв. Эм Си Эс компанийн барьж байсан төмөр замын ажлыг зогсоож, хөрөнгийг нь шилжүүлж авах юм болж байгааг харав. Төрөө дагаж намир гэж тэднийг дарамталсан, тэд ч төрөө дагаж намирья гэсэн гээд өөрсдийгөө төр гээд бодчихсон том хүмүүс нэлээд байв. Ёстой таалагдаагүй.
Ер нь төр болон хувийн хэвшлийн түншлэлийг төр нь хувийн хэвшлээ дарамтлах гээд ойлгочихвол асар том алдаа болно. Ийм бодол төрийн бодлого болбол улс оронд хөгжил ирэхгүй. Ижил тэгш эрхтэй төр болон хувийн хэвшлийн түншлэлийн хамгийн том үлгэр жишээ бол АНУ-д хэрэгжүүлсэн Сарны хөтөлбөр гэдэг юм билээ. Саран дээр астронавтуудыг олон удаа буулгаж, эсэн мэнд буцаах гэдэг бол төрийн ганцаараа хийдэг ажил биш. Сарны хөтөлбөр Америкийг шинжлэх ухаан, технологийн өндөр хөгжилд хүргэхэд асар их нөлөө үзүүлсэн юм байна лээ. Бусдаас суралцмаар.
Гэсэн хэдий ч төмөр замын төслийг нь эхлүүлчих юмсан гэсэн бодолтой хичээж явсан. Төмөр зам тэр тусмаа говь хээрт тавих төмөр замд элсний нүүдэл том бэрхшээл бөгөөд инженерийн нарийн шийдэл хэрэгтэй байдаг. Интернэт ухаж байж, урд өмнө нь элдэв олон улсын уулзалтад учирч танилцаж явсан хүмүүсээр дамжуулж байж Хятадын нэг инженертэй уулзах бололцоо нээгдэж билээ. Тэр инженер нь хамгийн хүнд хэцүү нөхцөлтэй Түвдийн төмөр замыг барихад оролцсон нэгэн аж. Мэргэжлийн том инженерээс асуух зүйлээ бодож бэлтгэж байх зуур Гансүх сайдад, дараа нь Алтанхуяг ерөнхий сайдад урагшаа хэд хоногоор томилолтоор явах хэрэгцээ байгаагаа ярьж зөвшөөрөл хүсэв. Харамсалтай нь тэрхүү албан ёсны яриаг нууцаар бичлэг хийж ярианаас нь “урагшаа яваад ирэх” талаарх хэсгийг нь бараг тагнуулын мэдээ мэт болгосон нь Херо хэмээх Баатар байсан гэнэлээ.
Нэг өглөө ТӨХ-ны тогтоол гарч МТЗ-ын даргын ажлаасаа гэнэт халагдлаа. Хуралд дуудаж оролцуулсан юм байсангүй. Утсаар гэнэт халагдсанаа мэдсэн. Дэндүү олон асуудлаар Баттулга, Гансүх нартай санал зөрөлдөж, дэндүү их мэдэхгүй байх ёстой юмаа мэдсэний төлбөр байсан. Баттулга руу юу болж байгаа тухай тайлбарлахыг хүсэж мэссэж явуулав. Хариу нь “Би чамайг танихгүй” гэж. Би ч мөчөөгөө өгсөнгүй “Монголоор тоглуулах бололцоо өгөхгүй” гэв. Ингэж төмөр замын талаар алдаатай бодлого явж, их хэмжээний хөрөнгө мөнгө үрэн таран хийсэн тухай би хэвлэлийн бага хурал анх хийсэн юм. Зэрэгцээд Херогийн “тагнуул”-ын бичлэг цацагдаж хужаа гэдэг улигт суртал нэвтрүүлгээ хийсэн.
Нөхцөл байдал арай дээрдэх болов уу, гэтэл олигтой дээрдсэнгүй. Чингис бондоос 280 сая ам. долларыг төмөр замын далан нэртэй шороо болгож орхив. Учрыг хожмоо мэдэрсэн үү яасан Ерөнхий сайд Алтанхуяг, ЗГХЭГ-ын дарга Сайханбилэгтэй хамт сууж байхдаа надаас “Боловсрол үнэхээр буруу шийдвэр гарахад нөлөөтэй юу?“ гэж асууж билээ. Бүр үнэн сэтгэлээсээ асуугаад нүд рүү хараад байсан. Би “Их сургууль төгссөн хүн арван жилийн хүүхэдтэй хамт суугаад асуудал шийдэх гэж байна гэж төсөөлдөө” гэв. Өөрөөр тайлбарлах аргагүй байлаа. Баттулга бол зах зээлд шилжих шилжилтийн анхан шатанд хэрэг болдог барааг бөөндөж авдаг, түүнийгээ ашиг болгон зардаг хамгийн энгийн бизнест бор зүрхээрээ зүтгэдэг бүдүүн зоригтой, түрэмгий дайчин бизнесмэнүүдийн төлөөлөл юм. Энэ хүрсэн хэмжээнээсээ цааш ахиж чадах эсэх нь түүний эзэмших боловсролтой хамаатай юм.
Төмөр зам мэт Мегатөсөл ярвигтай нь ярвигтай л даа. Хэчнээн гоё сайхан сэтгэл байгаад мэдлэг боловсрол хүрэлцэхгүй бол ямар ч төсөл бүтэхгүй. Бөөн цаг хугацаа алдаж, хөрөнгө мөнгөө алдана. Засаг дарга нарын цугларалт дээр Сүхбаатар аймгийн засаг дарга Ж.Батсуурь төмөр замын далан гэж овоолсон шорооны цаашдын хувь заяаны тухай асууж байна. Би түүхийн дурсгал болж үлдэх байхаа, жуулчдыг тэнд очдог болговол хэдэн төгрөг олж болох юм гэлээ.
Би Монгол Төр ганц нэг хүний сэтгэлийн хөөрлөөс үүссэн, тооцоо судалгаагүй том төсөлд хөрөнгө мөнгөө дэмий үрдэг байж болохгүй, өмнөх алдаанаасаа суралцаасай гэж бодож энэ тухай ярьж байлаа. Гэтэл тэр нь зарим хүмүүсийн улс төрийн хонзогнол болчихно гэж бодоогүй явсан шүү.