С.БАЯРЦОГТ: БУРУУ ОЙЛГОЛТ ДЭЭР ҮНДЭСЛЭЖ БИДЭНД ХЭРЭГ ҮҮСГЭН, ХИЛСЭЭР ЯЛ ТУЛГАЖ ХЭЛМЭГДҮҮЛСЭН
УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогтын эмхтгэсэн “Оюу толгой: Хөрөнгө оруулалтын гэрээ. Холбогдох баримт бичгүүд” ном шинээр хэвлэгдэн гарлаа. Энд Оюу толгойтой холбогдох бүх 13 гэрээ, холбогдох тогтоол шийдвэр, хэлэлцсэн хурлуудын тэмдэглэл бүрнээрээ оржээ. Ном шинээр гарсантай холбогдуулан Оюу толгой болон түүнийг дагалдсан олон асуудал, Оффшор бүс, тэр ч байтугай улстөрчдийн нийгмийн болон “биологийн гарал үүсэл”-тэй холбогдох олон сонирхолтой сэдвээр хийсэн, анхаарал татахуйц ярилцлага хийлээ. Монголын шилдэг нийтлэлчдийн клуб (baabar.mn)-н гишүүдтэй хийсэн дээрх ярилцлагын хэсгээс та бүхэнд толилуулж байна.
НЭГ. НУУГААГҮЙ ГЭРЭЭГ НУУЦ БОЛГОСОН ТҮҮХ
-Оюу толгой төсөлтэй холбогдох баримт бичгийн эмхтгэлийг Та яагаад гаргах болов. Гэрээг байгуулсан Засгийн газар, эсвэл “Оюу толгой” ХХК гаргаж болно шүү дээ. Бараг л “Хар хүний өмнөөс шар хүн юу билээ” гэсэн асуулт л даа.
-Оюу толгой төсөлд холбогдох баримт бичгүүд хэзээ ч нууц байгаагүй. Эдгээр баримт бичгүүдийг холбогдох цахим хуудсанд анхнаасаа байрлуулсан байгаа. Гэвч эдгээр баримт материалыг олон нийтэд мэдээлэх, тайлбарлах, сурталчлах ажил хангалттай хийгдсэнгүй өдий хүрчээ. Иймээс зарчмын шинж чанартай олон асуудлыг олон нийт байтугай, хууль сахиулагчид, гэрээг хэрэгжүүлэх үүрэг бүхий төрийн албан хаагчид, шийдвэр гаргагчид ч бүрэн дүүрэн ойлгоогүй явж байна. Энэ нь явсаар байгаад 2018 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр АТГ-аас Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ (ХөОГ)-ний талаар бүрэн мэдлэг, мэдээлэлгүйгээс болж, нэгдүгээрт, гэрээний үндсэн зарчим болох татварын тогтворжуулалтын талаарх буруу ойлголт, хоёрдугаарт, уг гэрээг хүчин төгөлдөр болгох нөхцөлүүдийн нэгийг Монгол Улсад “ашиггүй” тохирсон мэтээр өөрсдийн алдаатай ойлголтоор мушгин тайлбарлаж, эрүүгийн хэрэг үүсгэж, ХөОГ хийх үеийн Засгийн газрын Ерөнхий сайд, Сангийн сайд нарыг 60, 73 хоног тус тус хорьж, хэлмэгдүүлж эхэлсэн...
Энэ бүх нөхцөл байдал намайг уг эмхтгэлийг гаргахад хүргэсэн гэж болно. Гэрээ хийгдсэн улс төр, эдийн засгийн нөхцөл байдал, гэрээ байгуулах үйл явц, УИХ, Засгийн газар хэрхэн хэлэлцэж, хуулийн хүрээнд хэрхэн яаж байгуулагдаж байсан гээд бүхий л үйл явцыг ямар нэгэн түүх дурсамж байдлаар бус, бодитой бичиг баримт дээр тулгуурлаж иргэд, олон нийт болон улстөрчид, шийдвэр гаргагчид, судлаач эрдэмтдэд зориулсан Оюу толгой төсөлтэй холбогдолтой гэрээнүүдийн монгол, англи хэл дээрх эх, бусад бичиг баримтыг эмхтгэл болгон гаргаж байгаа.
-Та нарыг чирсэн хоёр асуудал чинь юу байв гэхээр…
-Нэгдүгээрт, ХөОГ-ний үндсэн зарчим болох татварын тогтворжуулалтын асуудал байсан. Хөрөнгө оруулагч тал аль болох олон татварыг тогтворжуулахыг хүснэ. Монгол Улсын Засгийн газар аль болох цөөн татварыг тогтворжуулж, тухай тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байгаа татварын хуулийн дагуу татвараа төлүүлэхийг зорино. Гэтэл АТГ-ын мөрдөгчид татварыг тогтворжуулаагүй нь татварыг огт авахгүй нөхцөл үүснэ гэж яг эсрэгээр нь буруу ойлгосон байсан.
Хоёрдугаарт, гэрээг хүчин төгөлдөр болгох нөхцөлүүдийн нэг нь хөрөнгө оруулагчийн одоогийн зээлийг тодорхойлох асуудал байсан. Хөрөнгө оруулагч Оюу толгой төсөлд тухайн үед оруулсан хөрөнгө оруулалтын дийлэнх хэсгийг зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлсэн байсан. Тэр зээлийн санхүүжилтийг бодит байдлаар тодорхойлох шаардлага гарсан. Хөрөнгө оруулагчийн одоогийн зээл өндөр байх нь Монголд ашиггүй. Манай Засгийн газар, хөрөнгө оруулагч хоёр энэ асуудлаар харилцан тохиролцох, хэрэв тохиролцож чадахгүй бол олон улсын аудитын компаниар тодорхойлуулж, уг дүнг хоёр тал хүлээн зөвшөөрөхөөр тохиролцсон.
Олон улсын аудитын компани хөрөнгө оруулагчийн одоогийн зээлийн дүнг 173.9 тэрбум төгрөгөөр багасгаж тодорхойлсон. Сангийн сайдын хувьд би энэ дүнг үл зөвшөөрч, Татварын ерөнхий газар (ТЕГ)-аар уг дүнг тодорхойлуулсан. Ингэснээр дүн нь 508.7 тэрбум төгрөгөөр багассан.
2012 онд дахин 100 гаруй тэрбум төгрөгөөр уг дүнг дахин бууруулж, нийт 609.7 тэрбум төгрөгөөр бууруулж чадсан. Гэтэл АТГ-аас олон улсын аудитын компанийн тодорхойлсон дүнг хүлээн зөвшөөрөөгүй, ТЕГ-аар зээлийг тодорхойлуулж, хөрөнгө оруулагчид давуу тал олгосон гэж яг эсрэгээр нь буруу ойлгосон байсан.
Энэ хоёр алдаатай, буруу ойлголт дээр үндэслэж бидэнд хэрэг үүсгэж, хилсээр ял тулгаж хэлмэгдүүлсэн.
-Шинжээч нар нь шинжиж үзээд Монгол Улсад хохиролтой гэрээ байгуулсан гэсэн дүгнэлт гаргаад эхэлсэн биз дээ?
-Хамгийн харамсалтай нь гэрээний бодит агуулга, зарчмыг тодруулж, ойлголт авахын оронд эхлээд бидэнд хэрэг үүсгэж, бариад хорьчихсон.
Мэдүүлэг авахгүй хоёр долоо хоног өнгөрсний эцэст холбогдох байгууллагуудад удаа дараа шаардлага, хүсэлт тавьж байж мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгөх үедээ хууль хүчний байгууллагын холбогдох хүмүүст ХөОГ-ний талаар хангалттай ойлголт, мэдээлэлгүй байгааг нь хэлж тайлбарлаж, ойлгуулахыг хичээсэн.
Үүний дараа АТГ-аас дөрвөн бүлэг шинжээчдийн багийг хөлсөлж ХөОГ болон холбогдох бусад гэрээний талаар дүгнэлт гаргах ажлаа эхлүүлсэн.
Өөрөөр хэлбэл, эхлээд хүнд хилс хэрэг тулгаж, хорьчихоод, дараагаар нь есөн жилийн өмнө байгуулсан гэрээ, баримт бичгүүдийг судалж эхэлсэн гэсэн үг. Энэ нь Сталины их хэлмэгдүүлэлтийн үеийн “хүн нь байвал тохох хэрэг олдоно” гэдэг зарчмаар хууль хүчний байгууллагуудын хуучин удирдлагууд ажиллаж байсны илрэл юм.
Уг дөрвөн бүлэг шинжээчид бүтэн нэг жил хоёр сар гаруй хугацаанд ажиллаад дүгнэлтүүдээ гаргасан байсан. Эдгээрээс гурван бүлэг шинжээчид нь ХөОГ-г байгуулахдаа Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн хийсэн байна гэсэн дүгнэлтийг гаргасан.
Харин ТЕГ-ын нэр бүхий таван байцаагчаас бүрдсэн шинжээчдийн баг ганцаараа “ХөОГ нь хууль зөрчсөн, Монгол Улсад хохиролтой болсон” гэсэн алдаатай, буруу дүгнэлтийг хэзээ, хойно бүтэн нэг жил хоёр сарын дараа гаргасан.
-Шууд хэлэхэд та өөртөө тулгасан хэрэг явдлыг “тодорхой хувь хүнийг санаатай буруутгах, баримтыг зориудаар мушгин гуйвуулах ажиллагаа” болгох гээд байна уу. Бүх хүн л ингэж биеэ өмөөрдөг болсон цаг шүү дээ.
-Хамтдаа дүгнэлт хийцгээе л дээ. Гэрээг хэрэгжүүлэх үүрэгтэй, тангараг өргөсөн төрийн тусгай албан хаагч “шинжээч” нар нь УИХ-ын хууль тогтоох бүрэн эрх, Засгийн газрын гүйцэтгэх эрх мэдэлд халдаж дүгнэлт гаргасан төдийгүй, улмаар хуулийн зүйл заалт дээр байхгүй үг үсэг дур мэдэн нэмж, гэрээнд холбогдолгүй хуулийн заалтыг ашиглаж дүгнэлт хийх, гэрээний зүйл заалтын тодорхой хэсгийг орхигдуулж, гэрээний зохицуулалтын утга санааг алдагдуулж, гэрээний монгол англи хэлний эх бичвэрүүдийг нягталж үзэлгүйгээр алдаатай тайлбар, дүгнэлт хийсэн. Дүгнэлтийн дийлэнх хэсэг нь ХөОГ-ний зохицуулалттай биш, харин хэрэгжилттэй холбоотой байгаа гэдгийг ойлгоогүй, эсвэл ойлгосон ч зориуд мэдээгүй дүр эсгэж, бүхэлдээ алдаатай дүгнэлт гаргасан.
Тэр “шинжээч” нарын гаргасан илт алдаатай дүгнэлтэд үндэслэн шүүхийн шийдвэр гарвал юуны өмнө тодорхой хүмүүсийг буруутгаж хэлмэгдүүлнэ. Хамгийн гол нь Монгол Улс олон төрлийн татварын орлогыг дутуу авах, Монгол Улсад их хэмжээний хохирол учруулах нөхцөлийг бий болгох ийм шийдвэр болно. Эцсийн дүндээ АТГ-ын хөлсөлж ажиллуулсан энэ шинжээчид Монгол Улсынхаа эрх ашгийн эсрэг ажиллаад байгаа юм шиг сэтгэгдэл төрсөн.
-Өмнө ярьсан “алдаатай” дүгнэлтүүд хэвлэл мэдээллээр сайн тарсан. Харин тэдгээрийг хилс, буруу байсан тухай ямар нэгэн байдлаар залруулаагүй санагдана. Бид чинь одоо “хэвлэлдээ л итгэнэ шүү дээ”.
-Тийм. Дээрх таван “шинжээч”-ийн хийсэн алдаатай дүгнэлтийг бүрэн эцэслээгүй байхад тарааж эхэлсэн. Яаж тараасан гэхээр хууль хүчний байгууллагуудад ажилладаг, гэхдээ ажлаасаа халагдаж байсан зарим нэгэн дарга нар хууль зөрчин тараасан. Тараахдаа, улс төрийн өндөр албан тушаалтнуудад “чухал мэдээлэл” байдлаар хүргэж эхэлсэн. Шийдвэр гаргах түвшний улстөрчид энэхүү дүгнэлтийг нь хүлээн авч, хөндлөнгийн экспертийн шинжилгээ, дүгнэлтгүйгээр шууд “туйлын үнэн” мэтээр ашиглаж, популист мэдэгдлүүд хийж эхэлсэн байдаг.
Тэр алдаатай “шинжээч”-дийн дүгнэлтүүд нь улстөрчдийн дунд хууль бусаар тарж, улмаар нийгмийн сүлжээгээр түгээд, зарим нэг хүн бүр энэ сэдвээр ном зохиол хүртэл туурвисан гэж байгаа.
Харин энэ “шинжээч”-дийн дүгнэлтийн 2009, 2011 оны гэрээтэй холбоотой хэсэг нь алдаатай, буруу болохыг Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага УИХ залруулж, 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр батлан гаргасан “Оюу толгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоолын нэгдүгээр заалтаар баталгаажуулсан.
ХОЁР. НУУЦГҮЙ “НУУЦ”-ЫГ ТҮМЭНД ТҮГЭЭХ ЦАГ
-Ер нь бол сая яригдсан бүхний хариу болгож эмхтгэлээ анх хэвлүүлсэн гэж ойлговол болох уу?
-Тэгж ойлгож болно. Гэхдээ бас өөр шалтгаан бий. УИХ-ын даргын захирамжаар 2018 онд байгуулагдсан УИХ-ын Ажлын хэсэг Оюу толгойн төслийн гэрээтэй холбоотой асуудлуудыг 18 сарын турш тал бүрээс нь хэлэлцсэн. Улмаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам (УУХҮЯ), Сангийн яам, Үндэсний аудитын газар (ҮАГ), Засгийн газар, АТГ-аас ирүүлсэн материалуудыг судлан нэгтгэж, УИХ-ын Ажлын хэсгийн нэгдсэн санал, дүгнэлтийг гаргасан.
Ингээд уг санал дүгнэлтэд үндэслэн УИХ-ын тогтоолын төслийг бэлтгэх Ажлын хэсэг чиг үүргийнхээ хүрээнд дүгнэлт, тогтоолын төслийг бэлтгэж, тэрийг нь чуулганаар хэлэлцэх гэж байсан. Иймээс Оюу толгой төсөлд холбогдох баримт бичгийн эмхтгэлийг яаралтай гаргаж, шийдвэр гаргагч болох Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын дарга, гишүүд, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, ҮАБЗ-д хүргэх нь зүйтэй гэж үзээд 300 хувийг хэвлэн хүргүүлсэн.
Оюу толгой төсөлтэй холбоотой материалууд олон нийтэд нээлттэй, ил тод байсаар ирсэн. Гэхдээ эдгээр мэдээллийг нэг дороос, иж бүрэн байдлаар авах боломж тэр бүр байгаагүй.
-Эхний асуултаа давтахад, “Яагаад энэ номыг Та хийх ёстой юм бэ. “Оюу толгой” ХХК, “Эрдэнэс МГЛ” ХХК, “Эрдэнэс ОТ” ХХК, Засгийн газар, УУХҮЯ л энэ төслийг тайлбарлах, сурталчлах үүрэгтэй байсан юм биш үү?
-Ямар ч байсан 2009 онд хийгдсэн ХөОГ-г зөв ойлгуулах үүднээс ном бичье гэж бодож байсан. Цаг хугацааны хувьд одоо гаргах нь зөв санагдсан. Өнгөрсөн арван жилийн үйл явцыг эргэн харах, ажлыг дүгнэх, шинэ хэлэлцээрт тус болох зорилготой. Ер нь бол, Оюу толгой төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой нийт 13 гэрээ байгуулагдсан. Нэг гэрээ нь хүчингүй болсон. Энэ 12 гэрээний эхний долоон гэрээг боловсруулахад би оролцож, дөрөвт нь гарын үсэг зурсан. Оюу толгой төсөлтэй холбоотой эдгээр гэрээнүүдийг хэзээ, хэрхэн, ямар хүнд нөхцөлд, хэр удаан хэлэлцэж байгуулсныг мэдэх хүний хувьд энэхүү ажлыг нэгтгэх үүрэгтэй гэж бодсон юм.
-Та энэхүү эмхтгэлийг хоёр дахь удаагаа хэвлүүлэх гэж байна. Нэлээд зүйлийг нэмж байна. Өмнө хэвлэлээс “нууж” үлдээсэн зарим зүйлийг дэлгэх гэж байна уу? Эсвэл, “дэмий” юм оруулснаа хасах гэж тэр үү?
-Тийм зүйл байхгүй. Өмнөх хэвлэлтэд оруулж амжаагүй зарим бичиг баримтуудыг нэгтгэж, иж бүрдэл болгож оруулсан. Бас эмхтгэлийн анхны хэвлэл гарснаас хойш Оюу толгойтой холбоотой нэлээд олон асуудал өрнөсөн. Тухайлбал:
• 2019 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр Оюу толгойн Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө (ДУББСТ буюу Дубайн гэрээ)-тэй холбогдуулан гаргасан Ерөнхий сайдын 2015 оны 27, 94, 99, 123 дугаар захирамжийг хууль бус хэмээн үзэж Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх (ЗХАШШ)-ээс хүчингүй болгосон шийдвэр гаргасан;
• 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр ҮАБЗ-ийн өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцэн дэмжигдсэний үндсэн дээр УИХ-ын тогтоолын төсөл боловсруулах ажлын хэсгээс бэлтгэсэн “Оюу толгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 92 дугаар тогтоолыг батлан гаргасан;
• 2019 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын нэг чухал хэсэг болох үйлдвэрлэлийн босоо амыг барьж, ашиглалтад оруулсан;
• 2019 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр “Оюу толгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, Оюу толгой төслийн гадны хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар ахлуулан байгуулах тухай Ерөнхий сайдын 174 дүгээр захирамж гарсан.
-Цаашдаа, шинэ үйл явдал өрнөхийн хэрээр дахин дахин шинэчилж гаргаад дуусахгүй юм болох вий гэж бодогдлоо!
-Үгүй дээ, тийм юм болохгүй гэж бодож байна. Харин өмнөх эмхтгэлд дөрвөн гэрээг оруулсан бол одоогийн хоёр дахь хэвлэлд нийт хийгдсэн 13 гэрээг бүхэлд нь оруулсан. Түүнчлэн, УИХ-ын ажлын хэсгийн бэлтгэсэн танилцуулга, үндсэн дүгнэлт, УИХ-ын 92 дугаар тогтоол, УИХ-ын 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл, тэдгээртэй холбогдох Засгийн газрын тогтоол, шийдвэр, тэмдэглэл, Ерөнхий сайдын захирамжууд, Нийслэлийн ЗХАШШ-ийн шийдвэр, холбогдох бусад баримт бичгүүдийг нэмж оруулсан.
Энэ нь, нэг талаасаа, Оюу толгойн гэрээ байгуулагдсанаас хойших арван жилийн туршид гарсан төр засгийн шийдвэр, хийгдсэн гэрээнүүдийг төрийн ой санамжийн эх сурвалж материал болгох, нөгөө талаасаа одоо хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийх багийг бодит мэдээлэл, эх сурвалжаар хангах гарын авлага болгон бэлтгэх зорилготой.
ГУРАВ. “ӨГӨӨШ” БА ӨГӨӨЖ
-Бид Оюу толгойн өгөөжийг ярихаасаа өмнө гэрээ анх байгуулагдсан үеийг эргэн санах хэрэгтэй байх. Тэр үеийн эдийн засгийн нөхцөл байдал ямар байсан бэ?
-Оюу толгойн гэрээ анх байгуулагдсан үеийн нийгэм, улс төрийн нөхцөл байдал, эдийн засаг, санхүүгийн зах зээлийн орчин ямар байсныг эргэн санацгаая.
2008-2009 онд дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямрал манайхыг тойроогүй биш, дайрсан. Манай улс Азийн орнуудаас санхүүгийн хямралд хамгийн гүнзгий өртсөн орны ангилалд орсон. Монгол Улсын төсвийн болон экспортын орлогод голлох нөлөө үзүүлэгч зэс, алтны үнэ дэлхийн зах зээл дээр огцом унаж, төсвийн орлого буурч, төлбөрийн баланс алдагдсан.
2009 онд эдийн засгийн өсөлт хасах руу орж, -1.6 орчим хувьтай гарч байсан.
2008 оны наймдугаар сарын эхэнд дэлхийн зах зээл дээрх зэсийн үнэ 8,200 ам.доллар байж байгаад арванхоёрдугаар сарын эцэс гэхэд 2,800 ам.доллар болж, 5,400 орчим ам.доллараар буурч хямдарсан.
Тухайн үед төсвийн орлого зэсийн үнийн өсөлтөөс өндөр хамааралтай байсан үе. 2008 онд 2.2 их наяд төгрөгт хүрээд байсан төсвийн орлого 2009 онд 1.9 их наяд төгрөг болж буурч, төсвийн алдагдал -342.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 5.2 хувьд хүрсэн.
Түүхий эдийн үнийн уналтаас үүдэн 2009 онд манай улсын экспорт 1.9 тэрбум ам.долларт хүрч, 2008 оноос 25 орчим хувиар огцом буурсан. 2008 оны дундуур 1 тэрбум ам.долларт хүрээд байсан валютын нөөц 2009 оны эхээр 521 орчим сая ам.доллар болж, огцом буурсан.
Макро эдийн засаг, төсвийн тогтворгүй байдлаас улбаалж улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээ буурсан. Монгол Улсад бизнесийн орчин нь тодорхой бус, гадны хөрөнгө оруулагчид нь дайжиж зугтсан, хөрөнгө оруулалт үндсэндээ зогссон байсан. Монгол Улс эдийн засгийн хувьд тодорхойгүй, төсвийн хувьд ч тогтворгүй, хямралын эсрэг ашиглах санхүүгийн нөөцгүй, хөрөнгө мөнгөгүй, механизмгүй болох нь тодоос тод харагдаж байсан юм. Тухайн үед би Сангийн сайдаар ажиллаж байсан. Энэ хямралыг төр дангаараа зохицуулж чадахгүй болсон учир ОУВС-гийн дэмжлэгийг авч “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдаж байв.
Энэ үед эрдэс баялгийн асар их нөөцтэй Монгол Улсын хувьд хөрөнгө оруулалтыг тасралтгүй үргэлжлүүлэн хийдэг, эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулдаг дэлхийн томоохон уул уурхайн компаниудын хөрөнгө оруулалтыг татах, дэлхийн түвшинд өрсөлдөхүйц уул уурхайн хөтөлбөр боловсруулах нь бидний өмнө тулгараад байгаа чухал асуудлын нэг байсан. Энэ үед Оюу толгой төслийг ямар нэг байдлаар хөдөлгөх нь бидний нэн тэргүүний зорилт байсан. Засгийн газар маш шуурхай арга хэмжээ авч, Ажлын хэсгээ шинэчилж, хөрөнгө оруулагч талтай ширээний ард сууж, хэлэлцээрийг хийж эхэлсэн. Энэ нь нэг талаар цаг хугацаа, нөхцөл байдлын шахаанд орж байсан ч бид маш амжилттай гэрээг байгуулж чадсан юм.
Тухайн үед олон Их Хурал, Засгийн газар дамжин “хэрүүлийн алим” болж, хөдөлгөж чадаагүй байсан Оюу толгой төслийг амжилттай эхлүүлж, хэрэгжүүлэх болсон юм. Учир мэдэх хүмүүсийн хэлснээр “Оюу толгой үндсэндээ Монголын эдийн засгийн аврал” болсон юм.
-Гэтэл одоо “Оюу толгойн гэрээ өгөөжгүй боллоо” гэдэг үг бараг л “поп” улстөрчдийн хэл зүгшрүүлэх үг, түргэн хэллэг боллоо. Ер нь уул уурхайн төслийн өгөөж гэдэг нь юуг хэлж байна вэ. Энэ өгөөжийг яаж тооцдог юм бэ?
-Гэрээг эдийн засгийн тооцоо судалгаанд үндэслэн хийсэн. 2009 онд боловсруулан Эрдэс баялгийн зөвлөлд хүргүүлж, 2010 онд батлагдсан ТЭЗҮ-гээр Монголын талын хүртэх өгөөж нь 53 хувь, хөрөнгө оруулагч талынх 47 хувь байх суурин дээр үндэслэн хэлэлцээрийг хийсэн. Монголын тал 6 пунктээр илүү байгаа биз дээ. Монголчууд бид уг төслийн эдийн засгийн өгөөжийн 53 хувийг гурван эх үүсвэрээс хүртэнэ.
Нэгдүгээрт, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-өөр дамжуулан авна.
Хоёрдугаарт, Монгол Улсын хуулийн дагуу төлөх бусад татвараар дамжуулан өгөөж хүртэнэ.
Гуравдугаарт, буюу эцсийн дүнд нь манай талын хүртэх “ногдол ашиг” гэсэн гурван хэлбэрээр өгөөж хүртэнэ.
-Өгөөжийн гурван замаа нэг, нэгээр нь жаахан тайлбарлах уу?
-За тэгье. АМНАТ гэдэг нь англи хэлний “mining royalties” (роялти) гэдэг ойлголтоос гаралтай, дэлхий нийтийн уул уурхайн үндсэн татварын тухай ойлголт юм. Байгалийн баялгийн эзэн бол тухайн орны хүн ард иргэд байдаг. Ард иргэдийг төлөөлж парламент, Засгийн газар шийдвэр гаргадаг. Эзэд нь газрын баялгаа хувийн ч бай, төрийн ч бай компаниудаар ашиглуулаад тодорхой төлбөр авдаг. Энэ төлбөрийг компани ашигтай ажилласан эсэхээс үл хамаарч төлдөг.
-Харин татвар нь АМНАТ-аа бодвол ашиг олж байж төлдөг учраас хишгээ хайрлатал өдий биз гэж бодогдоно!
-Яг ч тэгж үзэж болохгүй. Татвар их олон төрөл байна. НӨАТ, онцгой, гааль, орлогын татвар гэх мэт олон татвар байна. Эдгээр татварыг зөвхөн уул уурхай гэхгүй аливаа бизнес эрхэлж буй бүх компаниуд хуулийн дагуу төлдөг. Ашиггүй ажилласан учраас НӨАТ, гаалийн татвараас чөлөөлөгдөнө гэж байдаггүй.
Харин аж ахуйн нэгжийн орлогын татварыг бол компани ашигтай ажилласан тохиолдолд төлнө. Ашиггүй ажилласан бол орлогын татвар төлөхгүй. Ийм онцлогтой. Оюу толгойн өгөөжийг хүртэх хоёр дахь замын чамгүй хэсэг нь л мөн л ашиг олох эсэхээс хамаарахгүй байгаа биз дээ.
-Тэгвэл, Оюу толгой төсөл ашигтай ажиллахгүй л бол бид ногдол ашиг хүртэхгүй юм байна. Сөрөг талаас нь асууж байгааг маань уучлаарай, бид юмыг тэр талаас нь хараад их дасжээ.
-Юмыг сөрөг талаас нь харах буруу биш. Гэхдээ, дандаа тэгж харах шаардлагагүй. Ер нь бол ашиг хүртэнэ гэдгээ тооцоолж байж л гэрээ, хэлэлцээр хийдэг шүү дээ. Хувь эзэмшигч, компани ашигтай ажиллавал ногдол ашиг хүртэнэ.
Нөгөө талаас онцолж хэлэхэд, хөрөнгө оруулагч тал маань дийлэнх өгөөжөө ногдол ашгаараа авах учраас компаниа эртнээс ашигтай ажиллуулахыг зорино. Дээрээс нь “Оюу толгой” ХХК-ийн 66 хувийг эзэмшиж байгаа “Туркойз Хилл Лтд” компани нь Нью-Йорк, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, хувьцаа нь биржээр чөлөөтэй арилжаалагддаг тул хувьцаа эзэмшигчид нь бас уг компанийг ашигтай ажиллуулж байж ногдол ашгаа хүртэх тул охин компани болох “Оюу толгой” ХХК-ийн үйл ажиллагаанд зохих хяналтыг хуулийн дагуу тавьдаг.
Төсөл хэрэгжүүлж байгаа компанид хувь эзэмшинэ гэдэг бол уг төслийг хэрэгжүүлэхэд, нэг талаасаа эрх эдлэх, нөгөө талаасаа үүрэг хариуцлага, эрсдэл хүлээх эрх, үүргийн нэгдэл бүхий боломжийг эзэмшинэ гэсэн үг юм.
-Монголын тал Оюу толгойн тодорхой хувийг эзэмшсэнээсээ болоод бараг хохирсон юм биш үү. Зүгээр л роялти, татвараа сайн аваад байх нь ашигтай байсан гэсэн нэг яриа явдаг. Бодоод байх нь ээ, бид чинь Оюу толгой төслийн АМНАТ болоод бүхий татварыг хуваалцаад байна шүү дээ. Монгол Улс Монгол Улсдаа буюу бид өөрөө өөртөө 34 хувиар татвар төлөөд байгаа юм шиг болоод явчихлаа.
-Хийсвэрлэж хэлбэл тэгж ойлгож болох юм. УИХ 2009 оны долдугаар сарын 16-ны өдөр 57 дугаар тогтоол гаргаж, “Оюу толгой төслийн 34 хувийг эзэмших, цаашлаад 50 хувийг эзэмших боломжийг хөрөнгө оруулагч талтай тохиролц” гэсэн үүргийг Засгийн газарт өгсөн.
Ийм учраас Засгийн газрыг төлөөлж “Эрдэнэс Монгол” ХХК улмаар “Эрдэнэс ОТ” ХХК нь “Оюу толгой” ХХК-ийн 34 хувийг эзэмшиж байгаа юм. Үнэхээр ч Засгийн газар 34 хувийг эзэмшиж эхэлснээсээ хойш 34 хувийн зардлыг хариуцах нь үнэн. Бас, ашигтай ажиллаад, татвар, зээлээ төлсний дараа 34 хувьдаа ногдох ногдол ашгаа авах нь ч үнэн.
-Яагаад 33 биш, 32 ч биш, яг 34 хувийг эзэмших болсон юм бэ. Тухайн үед Оюу толгой төслийн 51 хувийг ч авахыг шаардаж байсан санагдах юм. Гэтэл өнөөдөр 10 жилийн дараа 34 хувиа арилжаалах тухай ярих боллоо?
-УИХ-ын 57 дугаар тогтоолд бүх асуудлыг хуульд нийцүүлж хийх хэрэгтэй гэсэн, нийцүүлсэн. Тухайн үед мөрдөж байсан 2006 оны Ашигт малтмалын тухай хуулиар ордыг хөрөнгө оруулагч өөрөө илрүүлсэн бол төрийн эзэмшиж болох хувь хэмжээний дээд хязгаар 34 хувь гэж байсан. Тухайн үед 100 хувь гадны компанид өгөөд, роялтигаа хангалттай сайн авах санал гарч байсан боловч улстөрчид, иргэний хөдөлгөөнүүд баялгаасаа хувь эзэмших ёстой, 51 хувийг бид шууд эзэмших ёстой гэж шаардаж, эсэргүүцэж байсан. Бүр 100 хувь авах ёстой ч гэж шаарддаг байсан. Гэхдээ ингэх эрх зүйн орчин ч байгаагүй.
Бид хуулийн дээд хязгаарт нь тулгаж, дээр нь 30 жилийн дараа 17 хувийг нэмж авч, Монголын тал 51 хувийг эзэмших боломжтой байхаар гэрээ хийсэн. Харин өнөөдөр хувь эзэмших нь тийм ч оновчтой шийдэл биш байжээ гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч байх шиг байна.
ДӨРӨВ. ОРД ГАЗАР МОНГОЛЫНХ, ОРОХ КОМПАНИ ДУНДЫНХ
-Маш олон хүн “Оюу толгой” ХХК-д Монгол Улсын эзэмшиж буй 34 хувийг ерөөсөө Оюу толгойн орд газрын 34 хувь, нийт баялгийн 34 хувь гэж ойлгосон. Тэгээд энэ их баялгийнхаа 34-хөн хувийг л бид эзэмшиж байна хэмээн гомдоллох болсон санагдана.
-Ойлгосон биш, ойлгуулсан. Олон түмэн тодорхой ойлголттой болж амжаагүй байхад мушгин гуйвуулж, буруу ташаа ойлголт түгээсэн хэрэг. Энэ нь нэг талаасаа, Монгол Улсын Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчтай байгуулсан гэрээгээ тайлбарлах, сурталчлах тал дээр дорвитой ажил тогтмол хийгээгүйтэй холбоотой.
Нөгөө талаасаа, Оюу толгой төсөл, Оюу толгойн орд газар, тэнд ажиллах “Оюу толгой” ХХК гурав ижил нэртэй “амьдаанууд” байсан нь ч нөлөөлсөн. Компанийн нэр өөр байсан бол ийм андуурал бага гарах байсан болов уу. Жишээ нь, Оюу толгой төслийг хэрэгжүүлэх “Рио Тинто” Монголиа гэж ХХК байгаад, түүний 34 хувийг эзэмшиж байсан бол дээрх “андууруулалт”-ыг тойроход хамаагүй хялбар байх санж.
-Оюу толгойн орд газар ба түүн дээр ажиллах компани хоёрыг санаатай, санаандгүй хольж хутгаад маргаан өрнүүлсэн байлаа гэж бодоход...
-Асуудлаа гурван өөр ойлголтыг ялгаж, тодруулахаас эхэлье.
1. Орд газрын эзэмшил
2. Тухайн орд дээр ажиллаж байгаа компанийн хувь эзэмших
3. Тухайн ордын баялгийн өгөөжөөс Монгол Улс хувь хүртэх гэдэг нь зарчмын өөр өөр ойлголтууд юм.
Оюу толгойн орд газрын эзэмшил нь 100 хувь Монгол Улсын, ард түмний өмч, ард түмэн баялгийн эзэн нь.
Тухайн орд газарт олборлолт явуулж буй компанийн хувь эзэмших тухай асуудал бол тухайн орд газар, баялагтай шууд хамааралтай ойлголт биш юм.
Компанид хувь эзэмшинэ гэдэг бол тухайн компанийн тодорхой хувийг тодорхой үнээр худалдаж аваад хувь эзэмшиж эхэлснээсээ хойш тэр компанийн эрх болон үүргийг хамт хуваалцдаг. Өөрөөр хэлбэл, тодорхой хэмжээний хувьцаа эзэмшсэнээсээ хойш компанийн удирдлага, ТУЗ-д орно. Бас компани ашигтай ажиллаад зээл, татвараа төлөөд ногдол ашиг хуваах үед өөрийн хувьцаандаа оногдох хэсгийг авах эрхтэй болдог. Харин зардал гарах, хөрөнгө оруулалт хийх болгонд хувь эзэмшигч өөрийн эзэмшиж буй хувьтайгаа тэнцүү хэмжээний хөрөнгө оруулалтаа хариуцан хийж, зардлыг мөн хариуцах ёстой болдог.
Дашрамд хэлэхэд, “Оюу толгой” ХХК-ийн 34 хувийг Монгол Улсын Засгийн газар үнэ төлбөргүй эзэмшсэн.
Зарим улстөрчид уг орд газар дээр ажиллаж буй компанийн хувь эзэмших асуудлыг, нэгд, орд газрын эзэмшилтэй, хоёрт, бүр уг ордын ашиглалтын өгөөжөөс хувь хүртэх асуудалтай шууд хольж хутгадаг нь харагддаг. Учир мэдэхгүйгээс үүдсэн эндүүрлийг засахад амар. Харин учрыг мэдсээр байж санаатай хийсэн гуйвуулга, явуулга л засахад амаргүй.
Жишээлэхэд, орд газрын геологийн нөөц, эдийн засгийн үр ашигтай нөөц хоёрыг зориуд сольж тайлбарладаг явдал байдаг. Нэг талаасаа, зарим нэг популист хүмүүс зах зээлийн эдийн засгийн талаар, тэр дотроо байгалийн баялгийн эдийн засагтай холбоотой мэдлэг дутуу дулимаг байгаа нь харагддаг. Нөгөө талаасаа, зориуд үл биелэх, бүтэхгүй амлалтаар богино зайд олон түмнийг зориуд төөрөгдүүлж, урт болон дунд хугацаандаа улс орны эдийн засгийн өсөлт, хөгжилд саад болж байгаа нь харагддаг.
-Тэгэхээр, Оюу толгойн орд газар бол ямар ч байсан 100 хувь манайх гэж ойлгож болох нь ээ?
-Тэгэлгүй яах вэ. Оюу толгойн орд газрын эзэмшил нь Монгол Улсын, ард түмний өмч, ард түмэн баялгийн эзэн нь. Тэр орд газар дээр улсын ч бай, хувийн ч бай, “Рио Тинто” шиг үндэстэн дамнасан компани ч бай, хуулийн дагуу АМНАТ-аа төлөөд л үйл ажиллагаа явуулна. Хэрэв хууль тогтоомж зөрчвөл хэнийг ч байсан уг орд газар дээрх үйл ажиллагааг нь зогсоогоод дараагийн компанид өгч ажиллуулах бүрэн эрх нь ард түмнийг төлөөлж буй төрд байгаа.
Тодруулаад хэлэхэд:
1. Орд газрын эзэмшил 100 хувь манай Монголынх
2. Тухайн орд дээр ажиллаж байгаа компанийн 34 хувь нь манай Монголынх
3. Тухайн ордын баялгаас хүртэх өгөөжийн 53 хувь нь манай Монголынх юм.
-Хэрвээ эзэмшиж буй хувьтайгаа тэнцэх хөрөнгө оруулалт хийхгүй, хийж чадахгүй бол яах вэ. Тэгэхээр манай талаас хөрөнгө гаргуулахгүй байж байгаад бүх хувийг нь авчих нөхцөл үүсэх юм биш үү?
-Ер нь бол хөрөнгө гаргаагүй тал нь гаргах хөрөнгийнхөө оронд ногдох хувиа багасгаад, хөрөнгөө гаргаж байгаа тал нь хувь хэмжээгээ нэмэгдүүлээд явдаг бизнесийн зарчим байдаг.
Гэхдээ Оюу толгой төсөл дээр яг ийм асуудал гарна гэж урьдчилан тооцоолж, үүнээс сэргийлж Монгол Улсын эрх ашгийг хамгаалсан заалтуудыг гэрээнд тусгасан байгаа.
Нэгдүгээрт, Монгол Улсын эзэмшиж буй 34 хувийг ямар ч нөхцөлд бууруулахгүй.
Хоёрдугаарт, бид Оюу толгой төслийн 34 хувийг эзэмшиж эхэлсэн тэр цагаас эхлээд хөрөнгө оруулалт хийх болгонд эзэмшиж байгаа хувиа багасгахгүй байхын тулд 34 хувьтай тэнцүү хэмжээг нь гаргах ёстой. Манай Засгийн газар уг хөрөнгийг гаргаагүй тохиолдолд хөрөнгө оруулагч тал бидний өмнөөс бүх хөрөнгийг гаргаад, өөрөөр хэлбэл бидний гаргах ёстой 34 хувийн хөрөнгийг түрүүлж гаргаад үүнийгээ (34 хувьтай тэнцэх зээл, зээлийн хүүгээ) манай буюу Монголын талд ногдох ногдол ашгаас дараа нь авна гэж тохирсон. Энэ нь зөвхөн ашиг хуваарилж эхлэх үед л ногдол ашгаас суутгана гэсэн тохироо. Ингээд бид 34 хувийн хөрөнгө оруулалтаа төлж дуусгасны дараа ногдол ашиг авна. Оюу толгойн төслийн бүтээн байгуулалтад зориулж Монгол Улс нэг ч төгрөг гаргаагүй.
-Тэгэхээр манай Монголын тал өнөөг хүртэл Оюу толгойд нэг ч мөнгө гаргаагүй юм чинь ирээдүйд төлөх өр үүсэх үү. Зарим хүмүүсийн ярьж буйгаар ногдол ашгаараа өрөө төлж дийлэхгүй, энэ төслөөс эцсийн дүндээ өртэй үлдэнэ гээд байх юм?
-Дээр хэлсэн дээ. Монголын тал уг төслөөс хүртэх өгөөжөө “АМНАТ”, “татвар”, “ногдол ашиг” гэсэн гурван хэлбэрээр авна гэж. Энэ гурван хэлбэрээр төслийн 53 хувийн үр өгөөжийг манайх хүртэнэ.
34 хувьтай холбоотой өртэй үлдэх асуудал ерөөсөө байхгүй. Манай талын гаргах 34 хувийн санхүүжилтийг хөрөнгө оруулагч тал гаргасныг (зээл, хүүг) зөвхөн ногдол ашгаар төлнө. Уг санхүүжилт нь манай талын ногдол ашгаас давсан ч “Эрдэнэс Монгол” ХХК-иар болон Монгол Улсын аливаа эд хөрөнгөөр төлөхгүй гэж Хувь нийлүүлэгчийн гэрээнд тусгайлан хатуу зааж хязгаарласан байгаа. Дахин хэлье. Ийм учраас өртэй үлдэх асуудал ерөөсөө байхгүй. Харин ногдол ашгаар хүртэх өгөөж авах хугацаа хойшлох нь зардал, зардлын хэтрэлтээс шууд хамааралтай. Энэ нь цэвэр гэрээний хэрэгжилт, хяналтын асуудал юм.
ТАВ. “ШИЙТГЭЛ” ДАГУУЛСАН ГАВЬЯА
-Оюу толгойн гэрээ ашигтай гэдэгт итгэж болно. Гэхдээ энэ ашиг Монгол Улсын хувь оруулсан “Оюу толгой” ХХК-д л хамаарах юм биш биз?
-Асуултад хариулахын тулд баримт түшиж ярья. Юуны өмнө, анх баталсан ТЭЗҮ-ээр Оюу толгой төслийн үр өгөөжийн 53 хувийг Монгол Улс, 47 хувийг нь хөрөнгө оруулагч тал хүртэх тооцоо гарсан. Энэ харьцааг дээр өгүүлсэн ч гэсэн энд зориуд давтаж байгаа юм. Ийм үр ашигтай байлгах тооцоог үндэслэн ХөОГ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ (ХНГ)-г боловсруулсан. Гэрээний төслийг ҮАБЗ, Засгийн газар, УИХ-аар хэлэлцэн дэмжсэний үндсэн дээр байгуулсан.
-Энэ хэдээр дамжихаар л ашигтай болчихно гэж байхгүй биз дээ?
-Хариулт дуусаагүй байна шүү дээ. Дэлхийн улс орнуудад хэрэгжиж буй аливаа мега төслүүдийн нэгэн адилаар талууд (Монголын тал, хөрөнгө оруулагч тал) харилцан ашигтай байх (win-win гэж ярьдаг даа) нөхцөлийг хангасан бизнес, эрх зүйн орчныг баталгаажуулж байж урт хугацааны буюу 70-100 жилийн турш ашиглагдах Оюу толгой төслийн бүтээн байгуулалтын ажил эхэлсэн.
Энэ гэрээний төсөл ҮАБЗ, Засгийн газар, УИХ бүгдээр нь хэлэлцэгдэж дэмжигдсэн гэдгийг дахин хэлье. Энэ бүх баримт бичиг энэ эмхтгэлд “хуулбар үнэн” гэсэн тамгатай эх хувиараа орсон байгаа.
Гэрээ баталснаас хойш арван жилийн дараа УУХҮЯ, Сангийн яам, Үндэсний аудитын газар, АТГ-аас хийсэн шалгалтын материал, тайлан гарсан. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 18 сарын турш дээрх материалуудыг судалж, нэгдсэн тайлан, танилцуулга, дүгнэлт хийсэн байгаа. Энэхүү шалгалтын материал нь үндсэндээ 2009 онд байгуулсан Оюу толгойн ХөОГ, түүний хэрэгжилтийн арван жилийн үр дүнг сайтар шүүн тунгааж дүгнэсэн баримт бичиг болсон.
Уг дүгнэлтэд үндэслэж УИХ 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тогтоолын 1 дүгээр заалтад төрийн бодлогыг маш тодорхой томьёолсон байгаа. 2009 оны ХөОГ, 2011 оны Нэмэлт өөрчлөлт оруулж, дахин тодотгосон Хувь нийлүүлэгчдийн ГЭРЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛ гэж заасан.
-Гэрээ ашигтай, эсвэл алдаатай эсэхийг дурдсан заалт, сануулга тэнд байсан уу?
-2009 оны ХөОГ алдаатай, ашиггүй, хууль бус болсон тухай ямар нэгэн баримт үндэслэл тэндээс гараагүй. Ийм асуудал уг тогтоолыг хэлэлцэж, шийдвэр гаргах явцад огт яригдаагүй юм билээ. Яг нарийндаа, “үнэхээр л Монгол Улсад ашиггүй гэрээ хийчихсэн юм биш биз” гэсэн асуулгын хариуг олохын тулд хийсэн шалгалт, дүгнэлтүүд юм шүү.
1 Ярилцлагад Б.Цэнддоо, Д.Батбаяр (Таяр), Д.Түмэн-Өлзий (Артагаа), Д.Билгүүн (Гаамп) нар оролцлоо.
Үргэлжлэл дараагийн дугаарт