Сонгуулиар өвчилсөн тархи амраах хоёр сэдэв
Газрын өрөм, усны хомсдол-хоёр хулгайчийн нэг нь ялдаг сонгуультай эгнэшгүй шүү.
Нэг. Өөрөө тогтсон Өгий: Элсэн цөл ангамал тал зонхилсон Монгол орон ой хөвч ургамал ногоогоор хомс. Хойд хэсэгт хэдэн гол ганц мөрөн заяасан боловч бүгд Орхон Сэлэнгийн бэлчрээр гадагшаа урсаад алга болдог тул нутгийн бидэнд өгөөж багатай. Малын бэлчээр, тариан талбай ус чийгээр ямагт гачигдаж, гандаж хатаж байдаг. Нэг үгээр усны хэрэгцээ Монголд маш их. Усаар тогтохгүй агаар мандалд чийгшил ноцтой дутагдаж буй нь хурц мэдрэгддэг. Ус чийгний айсуй гачаалаас яаж сэргийлэх вэ?
“Хотын утаа гамшиг боллоо” хэмээн утаагүй зуух, утаагүй түлш, цэвэр агаар сан гэх мэт луйварт 20 жил хамаг мөнгөө зальдуулаад эцэст нь хотын утаа жил бүр хотод нүүж ирдэг айлуудын яндангийн тоогоор нэмэгдсэн. Утаанд зарсан хөрөнгө хоосон зарлага болдгийг хүн бүр мэдэх авч жил бүр зардлаа нэмж, тэр хэрээр утааны бизнесмен-луйварчдын хэтэвч зузаардаг.
Удахгүй босож ирэх ус чийгний гачланг хотын утааны адил заль мэхэнд шулуулахгүй гэтлэх сэн. Утаанд зарсан шигээ тийм их мөнгө хиймэл нуур тойром бий болгох төсөлд хаяж энтрепренерүүдийг уралдуулбал хэдэн хиймэл цөөрөмтэй болно доо. Тийм тендер зарлавал хошуурах хүмүүс мундахгүй. Гэвч бас дахиад л утаагүй зуух, утаагүй түлш шигээ үр дүнгүй гарлага болох байх даа. Юун түрүү далимдуулж олз олох гэсэн шуналтнууд гуяа алгадаад дэвж эхэлнэ. Мөнгө олох хүсэл зөв ч тэд авсан мөнгөнийхөө хариуд үр ашгаа өгөх найдвартай юм бүтээхийг чармайхгүй зөвхөн хулхидахыг л хичээнэ. Хулхи зан биднийг алж байна. Хөгжлийн гол гацаа-бидний энэ муу зуршил. Зуршлаа засаад, хор байна, шар байна, хятад хүнээс дутахгүй ажиллавал үсрэнгүй хөгжинө. Бидний оюун, булчин хүчтэй.
Юм бүтээх зорилгогүй, залхуу хүний шинж-худал ярихдаа гудийддаггүй. Хэрлэн голыг говиор хүржигнүүлж, уурхай, аж үйлдвэрийн цогцолборыг усаар хангах хүн тэр жил хэлэлцүүлэг дэгдээж байв даа. Дэлхийн аварга мөрнүүдтэй жишихэд манай голууд өчүүхэн. Их говийн далай мэт манхан дундуур урсах тухай ярилтгүй. Тийм тэнэг юм сэдэж ичгүүргүй улс төржвөл УИХ-ын гишүүн болгодог харанхуй сонгогч дэндүү олон. Улс төрчдийн дэгс ухуулгад саналаа өгдөг гэнэн масс чөдөр ажээ. Эрхэм гишүүн сонгогчдын харанхуй оюунаар тоглосон болохоос Хэрлэн голыг говиор урсахгүй гэдгийг сайн мэдэж буй. Монголын голуудыг говь руу татахад ус нь яагаад ч хүрэлцэхгүй. Гагцхүү хэдэн том голынхоо хөвөө, ай савд том жижиг олгой нуур аяндаа тогтох газрыг сайн судалж олоод, ялимгүй хөрөнгө хөдөлмөрөөр усан сан хуримтлуулж болмоор.
Өгий нуур хэрхэн тогтсоныг харъя. Эрдэнэ Зуугийн их талаар Орхон гол, Хөгшиний гол хоёр зэрэгцэн урссаар Хөгшиний гол нэгэн хөндийд боогдож хуримтлагдсаар Өгий нуур үүсээд, ус нь хонхортоо багтахаа болихын үест хэвгий тал руугаа хальж урсаад Орхон голтойгоо нийлж цааш тэмүүлсэн байдаг. Энэ чинь бэлээхэн нуур байгуулах загвар юм биш үү? Нутгаараа нэвт урсаж буй голын эргийг хаа нэгтээгүүр сэтлээд цөөрөм тогтоочих газар сайн шинжилбэл олдоно доо. Бяцхан тойрмоос эхлээд Өгий шиг их ус тогтох тогтоцтой газар нутаг ч байгаа. Хэтрүүлж хэлбэл голын захаас хүрзээр хэд гишгээд усыг нь оруулчих булан тохой байж л таарна. Булан тохойд юүлэгдсэн ус хоногийн тоогоор ханаад аль нам талаа сэтлэн гарч ижилдээ нийлснээр байгальд нөлөөгүй. Ус нь нэг талаар ороод нөгөө талаар гардаг олгой нуур хэзээ ч муудахгүй ямагт цэнгэг байдаг. Сум, баг, хот айл жоохон гэж чамлалгүй дор бүрнээ олгой нууртай болъё л доо. Олгой нуурын нь хэмжээгээр тогтоосон эздэд нь урамшил олгож дэмжвэл энэ төсөл дороо л явж өгнө. Манай голуудын бэлчрийг дагаад тойром олноор үүсвэл хуурай агаар мандалд нөлөөлж хур бороо элбэгшинэ. Усыг амьдралын охь манлай гэдэг. Хур бороо элбэгшихээр ой хөвч ургамал ногоо дэлгэрнэ. Гарах ашгийг тоочоод баршгүй агаад хялбар бүтэх нөхцөл нь байгалийн ховор хишиг.
Би энэ тухай 1980 онд Хархорины САА-д бичсэн “Шим мандал” романдаа залхтал яншсан даа. Үүнийг тоох хүн хоёр төрийн нүүрэнд нэг ч гараагүй. Буянт, Ховд, Завхан, Тэс, Заг, Байдраг, Онгийн голууд нутагтаа нуур болоод шингэдэг. Хэрлэн гол Буйр нуур үүсгэж бялхаагаад цааш халин урсдаг. Хангай Хэнтий Хөвсгөлийн хөвч тайгаас эх авсан голууд унаган нутагтаа ямар нэг нуур үлдээлгүй гадагш урсчээ. Гол мөрнийхөө усны 20 хувийг нутагтаа саатуулж ашиглах эрх олон улсын хэмжээнд үйлчилдэг гэнэ. Тэгэхээр гол мөрнийхөө усыг боож нэг талаараа ороод нөгөө талаараа гардаг олгой нуур цөөрөм үүсгэхэд харшлах хуульгүй аж. Эгийн голд УЦС баривал Байгал нуурт сөрөг нөлөөтэй гэдэг бол дүнхүү маньд тааруулсан болхи ов мэх.
Эдүгээ Монголд том жижиг уурхай, ДЦС, нефть нэрэх ба ашигт малтмалаа баяжуулах үйлдвэрүүдээс эхлээд ус хэрэглэдэггүй компани, аж ахуйн нэгж, хувиараа үйлдвэрлэл эрхлэгч нэг ч үгүй. Тийм болохоор ус бидэнд ямар чухал байгааг тоочих илүүц биз ээ. Шинжлэх ухаан технологийн эрин зуунд ус чийгээр гачигдсан Монгол улсын Академи, хүрээлэнгүүд юу бодож суудаг юм бол. Өгий нуурын өөрөө бий болсон маягаар аяндаа хямд өртгөөр ус тогтох газруудыг гол мөрнийхөө эрэг хөвөө, ай савд хайж, шинжилж тогтоогоод өгдөг эрдэмтэд тодорвол тэртэй тэргүй шамшигддаг татвар төлөгчдийн мөнгөнөөс ханатал урамшуулах сан.
Баараагүй ус тогтох тойрмын зураг төсөл гаргаад өгвөл ойролцоо оршдог аймаг сумууд наад зах нь наадам хийдэг мөнгөө нийлүүлээд нутагтаа Сүх жанжны талбай хэртэйгээс бөхийн өргөөний дэвжээ анзааны олон олгой нууртай болбол хуурайшил багасаж амьсгалахад таатай болохын дээр хүн амьтны эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө. Бороо хур элбэгшвэл гол горхи ширгэхгүй, тариа ногоо, малын бэлчээр сэргэнэ. Тэгвэл гадныхан биднийг өөр нүдээр харах вий. Зэрлэг нүүдэлчид чинь бас ч гэж юу ч сэтгэдэггүй амьтад биш болтой гэж тэд бодвол би үхэхээсээ өмнө бага боловч таашаал авах гээд буй өвгөн. Төрийн ба Хаан банкны их наядын авалгыг татварын мөнгөөр төлөөд хувьчилж авахдаа насан турш социализмд зүтгэсэн хөгшдийнхөө зээлийг тэглэлээ гэж нялуурч үнэд хүрснээр сонгуульд ялах болов. Төрийн гурван Өндөр тэтгэврийн зээлийг минь төллөө гэж уярч буй зөнөгүүдийг хар. Сэлэнгэ Идэр Хануй Хүнүй Орхон Тамир Туул Хараа Ерөө Хэрлэн Ононгийн ай савд авилгад алдсан 11,9 их наядаар хэдэн тойром үүсгэх бол. Олгой нуур олшрох тусмаа эрх баригчдын хэтэвчинд мөнгө шууд цутгах хувилбар бодож олох сон. Тийм хувилбар олоогүй цагт олгой нуур бүтэхгүй.
Хоёр. Газрын өрөм: Атар гэдэг үг онгон гэсэн үгтэй утга дүйнэ. Тариа тарьж байгаад хаясан асар их талбай эдүгээ манай орны сум болгонд шахам новширч байгаа. Хогийн ургамалын энэ талбайг монгол хэл мэддэг хүн атар гэхгүй. Өөрөөр хэлбэл энэ талбайнууд онгон атар биш. Хаягдмал тариан талбай. Тэнд мал идэх ногоо ургаддаггүй. Нил хогийн ургамал ургаж, харин шарилжны харшил хэмээх цоо шинэ өвчин дагуулсан уршигтай. Хаягдсан энэ их талбай тэгэхээр малд хэрэггүй, хүнд хортой нутаг болсоон. Энэ бол атрын нэг хоёрдугаар аяны сөрөг дагавар. Атрын аян өгөөжөө өгсөн хэдий ч муу юм бас дагуулжээ. Сайн юм дангаараа оршдоггүй хорвоо юмсан хойно яая гэхэв.
Хамгийн үржил шимтэй хөндий хоолойнууд, гол мөрний ай сав-онгон хөрсийг, өөрөөр хэлбэл, чанарлаг шүүслэг ааглаг шимтэй нарийн монгол ногоо халиурсан малын бэлчээрийг улаанаар нь эргүүлэх аянд Нам Засаг маань улангасаж билээ. Шимт хөрсөө салхинаас хамгаалж байдаг өвсөн бүрхүүлээ үндсээр нь хуу онгилуулж нүцгэрсэн атар хэдхэн жил бэсрэгхэн ургац өгөхчөө аядсан боловч шалдарсан тэдгээр талбайнуудаас дэгдсэн аймшигт улаан хуй Монголын элсний нүүдэл гэгч түйрэнг босгосон мундартай. Атар эзэмших хийрхлийг дахин дахин давтвал дийлдэшгүй цөлжилт юунд ч хоригдохгүй нүүж, мал сүрэг бэлчээргүй болох гамшгийг хаширвал хаширмаар харуулсан. Би бээр энэ алдааг үл давтахыг сануулж буй болохоос тариа тарихыг дэмждэг нэгэн.
Атар эзэмшье гэж ярих юм. Атар хэмээх малын онгон бэлчээрээ нэмж хагалах гээд байна уу, аль эсвэл социализмын үед тариа тарьж байгаад, ардчиллын эхний шилжилтийн донсолгоот жилүүдэд орхисон, эдүгээ хогийн ургамал, элсний нүүдэл, улаан тоосны эх үүсвэр-халцархай талбайгаа сэргээн тордож, эргэлтэнд оруулж ашиглах гээд байна уу? Юуны өмнө атар гэж алийг нь хэлээд буйгаа тогтоовол эргэлзээ арилах сан. Малын онгон бэлчээрээ хагалах гэж буй бол хэн ч зөвшөөрөхгүй. Харин хогийн ургамлаар дүүрсэн хаягдмал талбайгаа ашиглах гэж буй бол бүгд алга ташина. Тариа тарьж далхлагдсан хаягдмал талбай бол атар биш. Түүнийг сэргээж эргэлтэд оруулах гэж буй бол атар эзэмшинэ гэж бүү ярь. Будлиулаад байна.
Дотооддоо гурилаа хангах амин чухал. Гэхдээ атар газар шинээр хагалах аюултай. Социализмын үед сангийн аж ахуйн дарга нар нууцаар малын бэлчээр хагалж байж ургацынхаа дааж давшгүй төлөвлөгөөг нугалдаг байсан. Дэлхийд нэг га-гаас 40, 50, бүр 70, 80-н центнер тариа хурааж байхад манайх дөнгөж 7 центнерийг авах аядаж, шинээр атраа тэлэх замаар ургацаа нэмж байв.
Атрын I-II аянаар тариа тарьж ямар нэг хэмжээгээр сурсан. Энэ бол том ололт. Гэхдээ Монголын эмзэг хөрсөнд элсний аюулт нүүдэл өгдөөж, хэдэн малынхаа бэлчээрийг хумиснаа умартах ёсгүй. Атар газар хагалж тариа тарихад нэг хоёр жилдээ онцгой их ургац өгдөг. Тэр нь ямар учиртай вэ гэвэл нимгэн шим мандал байдаг бяцхан шимээ өгч гүйцэж буй нь тэр. Ургамал ургуулдаг газрын хөрсний шимтэй давхраг Монголд зузаанаараа ганц хуруу, европт метрээр ярина. Ганц хуруу шим мандал сайндаа хоёр гурван жил ургац өгөөд тамирдаж, ихэнх нь хуй салхинд дэгдэж агаарт замхраад элдэв химийн бордоо нэхдэг. Шим мандал гэгч газрын нимгэн өрөм үрлээс бүрддэг. Тэр үрэл манай нутагт өчүүхэн ширхэгтэй тул ширүүн салхинд дэгдэж хийсээд арилдаг. Европт барагтай салхинд хийсэхээргүй бадриун. Тэгээд ч европ салхигүй, Монголын шороон шуурга ямар хүчтэй билээ. Манай эмзэг хөрсний 5-6-хан см зузаантай үрлэн бүтэц салхинд дэгдээд оготоргуйд арилсан гунигт түүхээс сургамж авалгүй атрын аян зохиож агуу социалист бүтээн байгуулалтаа санагалзан давтвал осолтой. Өвсөн бүрхүүлийг хагалж, хөрсийг эргүүлсэн газраас шим мандал болох үрлэн бүтэц бүхий сул шороо ил гарч ширүүн дормонд өрвөлзөн хийсдэг. Дэлхийн бөмбөрцөг агуу ч ургамал ургуулдаг шим нь маш нимгэн. Өчүүхэн тэр нимгэн давхрагийн шимийг агуулдаг бүр өчүүхэн үрлэн бүтэц үгүй болчихвол юу ч ургахгүй үхмэл гариг болох нигуртай. Үрлэн бүтцээ салхинд алдсан тариан талбай тэр аяараа элсэн нуур үүсгэж, элсэн нуурын хаяа тэлэн нүүж ургамлын аймгийг хөнөөж эхэлдэг. Элсний нүүдэл гэдэг чухамдаа энэ бөгөөд үүнийг хүн бүр мэдэх боловч төдийлөн тоож хайхардаггүй.
Шинээр атар эзэмших бус хаягдсан талбайд тариалан эрхэлж, га-гаас авах ургацаа усалгаатай шинэ технологиор нэмэгдүүлж гурилаа дотооддоо бүрэн хангаад зогсохгүй экспортлох боломж бий. Монголд одоо шинээр малын бэлчээр хагалбал малгүй болохын цондон. Эмзэг шим мандлыг маань элсний нүүдлээс байнга хамгаалж ирсэн ганц хамгаалагч бол монгол өвс ногоо! Газрыг битүү бүрхсэн унаган ургамал салхины хүчийг хөрсөн дээр сааруулахын дээр хөрсний өнгөн сул шороог хучиж хийсэхээс хамгаалдаг. Монгол унаган ногоо маань таван хошуу малыг минь үнэгүй тэжээдэг хоол. Бэлчээрийн мал сүрэгт зориулж бурхнаас заяасан ургамлын гайхамшигтай бүтцийг хөрсөөр нь эргүүлээд хаячихвал дахиад тийм ургамал энэ галавт л лав ургахгүй. Хүний гар харахгүй шахам бие даасан экологийн цэвэр мал сүрэг, тэдний бэлчээр болсон монгол нутгийн төрөлхийн онгон дагшин ургамал бол биднийг эртний галваас тэжээж ирсэн гол амин тэжээл шүү. Оюу толгой Таван толгойг бодвол жил болгон нөхөн үрждэг мөнхийн амин тэжээл. Бүү сүйд хийчихээрэй! Эрчимжсэн мал аж ахуй-фермерийг хөгжүүл.
Монгол ногоо битүү бүрхсэн атар онгон бэлчээр, түүндээ цохицсон таван хошуу мал минь бидэнд заяасан мөнхийн баялаг гэдгийг сүлдлэн тахь. Хахир хатуу ч гэлээ энэ нутагт бэлчээр, мал хоёроос давах өртөггүй буяны өглөг байхгүйг мал маллаж явахдаа мэдэрсэн билээ. Хөдөө хотын ялгаа арилна. Оюутолгой Тавантолгой хоёроос хэзээ нэгэн цагт хоосон нүх үлдэнэ. Харин газрын ганц хуруу шим мандал жил бүр урган дэлгэрэх заяатай. (Атар эзэмшиж байгаа нь энэ гэж хийрхээд хийсгэчихгүй бол). Газрын өрөм-шим мандал бол үрждэггүй үнэт чулуу шорооноос үнэтэй гэдгийг хатуу тооц. Шим мандалгүйгээр тариалан сэтгэшгүй.
1950-н хэдэн онд байгууллагадсан Хархорины САА анхныхаа нэг хоёр жилийн тариагаа хурааж баралгүй цасанд даруулчихаж байсан гэж хөгшчүүд надад ярьж байсан. Анхны жилийн тариа морьтой хүн цухуйхгүй шахам ургасан юм гэдэг. Орхоны хөндийн төрмөлшимийг жил болгон тарьсан тариа хуу шимж сороод га-гаас авах ургац эрс буурсан гэж ахмад тариачид хуучилдаг. Би 1980-1982 онуудад тус САА-д уран бүтээлийн томилолтоор ажилласан хүн. Орхоны хөндий урьд ямар сайхан малын бэлчээр байлаа. Одоо бэлчээр ч үгүй, тариач үгүй хогийн хөндий болжээ. Чухам энэ үхмэл хөндийг дүүртэл тариа ногоо алаглуулбал (ухаалаг технологиор) малынхаа бэлчээрийг хөндөх хэрэг гарахгүй. Их хаадын өлгийн шим мандал арай бүгд хийсчихээгүй байх аа. Гурил ногоогоо дотооддоо хангахыг зуун хувь дэмж. Харин буянт малынхаа эмзэг торгон ногоон бэлчээрт анжисны төмөр хошуу, экскаваторын аварга шанага бүү ойртуул. Ирээдүйд шүтэж амьдрах баялаг чинь өчүүхэн эмзэг шим мандал чинь байх шүү. Ургах бүхний ээж-газрын өрөм орд уурхай шиг онгироохгүй даруухан өгөгдөл. Элсэнд идүүлж салхинд хийсгэчихгүй бол зуун жилээр бус мөнхөд тэжээнэ. Газрын өрөм, усны хомсдол-хоёр хулгайчийн нэг нь ялдаг сонгуультай эгнэшгүй шүү.
Зочин
оссо
зочин
Бат
Батхуяг
zochin
Таны уншигч
Зочин
иргэн
Басаа
Зочин
Зочин
onom
Баатар
Зочин
Зочин
Уншигч