Шог зураачид
Нэг нам дураар ноёрхох цагт намын дарга гэж ажил хийлгэдэггүй айхтар золиг дэргэдээс салдаггүй сан. Яам аймаг сум баг гээд аж ахуйн нэгж бүрийн даргыг хажууд нь намын дарга хэмээх нэг нөхөр айлгана. Айлгадаг хүч чадал нь түүний матаасаар бүх асуудал шийдэгдэнэ.
Миний дурсамж гэвэл социалист нийгэм. Үзээгүй нийгмийн тухай залалтай нь биш. Нэг насны минь амьдрал энэ нийгэмд тохиож. Ганц заяадаг нэг насны амьдрал маш эрхэм. Хүн бүрт нэг удаа заяадаг амьдрал юунаас ч үнэтэй юунаас ч нандин тул хүний хувь заяагаар тоглогч Төр Засаг энэрэнгүй байвал юутай их аз вэ. Дурсамжаа бичих гэснээс үүдэж ингэж бодогдлоо. Дарангуйлагч харгис Төр Засаг дэлхий дээр хичнээн сая жива хүнийг гомдоож, тамлан зовоож, үгүй хийсэн бол? Шударга үзлийг тэргүүндээ залсан иргэний ардчилсан Төр хувь хүний мөрөөрөө, дураараа хорвоог элээх нөхцөлийг хангаж чадах уу? Дурсамжаа бичвэл бас энэ тухай эргэцүүлэх хэрэг гарах нь.
Нэг нам дураар ноёрхох цагт намын дарга гэж ажил хийлгэдэггүй айхтар золиг дэргэдээс салдаггүй сан. Яам аймаг сум баг гээд аж ахуйн нэгж бүрийн даргыг хажууд нь намын дарга хэмээх нэг нөхөр айлгана. Айлгадаг хүч чадал нь түүний матаасаар бүх асуудал шийдэгдэнэ. Өчүүхэн муу шог зураач миний зурсан зургийг болж уу, үгүй юү гэдгийг хянадаг намын хүн толгой дээр сууна. Намын хүн тус болохоосоо илүү яршиг удна. Шог зураг зурсан миний цалингаас шог зургийг маань хянасан түүний цалин илүү. Учир нь миний зурсан шог зураг намын төв хэвлэл болох сэтгүүлд нийтлэхэд коммунист үзэл сурталд таарч байна уу, үгүй юү гэдгийг соргогоор манах хариуцлагатай бөгөөд нэр төртэй албанд яв цав тохирсон, гол төлөв Москвад намын дээд курсээр бэлтгэгдсэн итгэлтэй кадрууд тэр албыг хашна. Итгэгдсэн учраас цалин нь илүү байх хуультай. Түүний цалин минийхээс өндөр байх нь зураг зурахад садаа болохгүй л дээ. Зовоодог яршиг нь намайг, миний зурсан зургийг хардах гэжлайтай. Ер ажил нь тэр.
Намын хүн өөрөө ч гэсэн үзэл суртлын алдаа гарчих вий гэсэн дээ нөгөө муу шог зургийн чинь утгыг эргүүлж тойруулж бодсоор байгаад толгой нь бүр эргэж орхино. Энэ зургийг хэвлэх үү яахав? Миний суудалд санаархсан хэн нэгэн энэ муу шог зурганаас эсэргүү санаа олоод дээш нь ольчихгүй байгаа? Намын эсрэг бүлгийг цаагуураа дэмжсэн санаа байх вий. Айсандаа тэр бүр шаналж гүйцнэ. Шаналж буй царайг нь харахад түүний цалин минийхээс илүү байхаас аргагүй нь аяндаа ойлгогдоно. Ямар сайндаа “Тоншуул”-ын эрхлэгч О.Пунцаг гуай сэтгүүлд алдаа гаргаад буудуулж байна гэж зүүдлэх вэ. Тэр бээр тэтгэвэрт гарч айдасгүй болсон хойноо энэ зүүдээ бидэнд хуучилж билээ. Хэлмэгдлийн жилүүдийг аймхайхаа ачаар мэнд туулсан нэгэн хөөрхий. Аугаа их хань Сталин гэхийг аугаа их хонь Сталин гэж хэвлэчихээд алуулангаа алдсан хүн бий. Эвдэршгүй найрамдал гэхийг эвлэршгүй найрамдал гэж би “д”-“л” хоёрыг ялгалгүй алдаад сайн нөхдийн ачаар санаатай бус санамсаргүй эндүүрэл гэж хатуу донгодуулаад ялгүй өнгөрч билээ. Бурхны авралаар энэ нь миний хувьд эхний бөгөөд эцсийн алдаа болж шувтарсан. Намын үзэл суртал гэж ийм айхтар зэтгэр байж билээ. Үзэл суртлаар алдвал өнгөрөө! Тиймээс намын хүний айх нь зөв биз дээ? Цалин ахиутай намын хүний суудал дээр намайг оч гэвэл би үгүй өгүүллэгээ бичиж зургаа зурна л гэх байв. Шог сэтгүүл хянадаг намын хүнээс салбарын яам хянадаг намын дарга, бүхэл бүтэн аймаг САА нэгдэл хянадаг намын хорооны дарга нар хэрхэн шаналж байсан бол хөөрхий.
70-аад оны үед олон улсын шог хошин зургийн уралдааны комисс манай шог зураачдад урилга илгээжээ. Шагнал гэж ойгүй их юм. Бид оролцох гэсэн чинь намын хүн та нарыг дураар чинь тавихгүй, явуулах зургийг чинь коллегиор хянана, дараа нь главлитээр батлуулна гэж томров. Уг нь олон улсын шог зургийн уралдаан зарлаж буй орон нь коммунист Болгар. Бидний явуулсан зургийг Болгарын намын хүн хянана гэвэл тэглээ ч гэсэн бид хянана. Та муусайн намын үзэл суртлыг тоохгүй, толгой дээгүүр харайх санаатай юу гэж намын хүн шазуур зуув. ЗХУ, АНУ, Англи, Франц, Итали, Испан, Герман, Голланд, Швед, Дани, Япон, Польш, Турк, Бразил гэх шог зураг хөгжсөн орнуудын зураачидтай өрсөлдөх тул бид авъяасаа чадлаараа дайчилж чармайлгүй яахав. Уралдаан юм хойно байр эзлэхийг л хүснэ биз дээ.
Намын хүн бидний юу зурж буйг битүүхэн тагнаад эхлэв. Тэмээ хариулсан хүн буурныхаа занг андахгүй гэгчээр бид гадарлалгүй яахав. Уг нь зургаа түүнээс нуугаад явуулчихмаар байдаг. Бидний санааг мэдсэн намын хүн уралдаанд илгээх зураг шүүн хэлэлцэх хурал хүртэл зохион байгуулав. Хурал дээр намын хүн гойд албархаг болчихож. Түүнтэй шог зураачид санал зөрлөө. Адуу үхрийн сүүлний хялгасыг хуйхаар нь хяргадгаас болж адуу үхэр ялаа үргээж чадахаа больсныг харуулсан А.Гүрсэд гуайн зураг хэрүүл удав. Зураачид бууж өгөхгүй зүтгэснээс үүдэж намын хүн уралдаанд явуулах зургийг бүр Төв Хороонд үзүүлэхээр хатуурхлаа.
Хялгасыг нь хадах хуйхаар нь хяргасан адуу үхрийн можийсон ясан сүүлэнд ялааны алуур бэхэлсэн зургийг Төв Хорооны том дарга харж харж цэвэр ойрад аялгуугаар,
-Манай адуу үхрийн дэл сүүлийг Зөвлөлт авдаг. Монгол улс адуу үхрээ ялаа үргээх юмгүй болтол сүүлийг нь хяргаж, Оросод өгч байна гэсэн санаа энд яваад байна аа даа? гэв.
Зураач нар айгаад таг. Уг нь өвгөн зураач А.Гүрсэд малыг ч гэсэн өрөвдөх ёстой гэсэн санаагаар тэр зургийг зурж л дээ. Монгол зураачаас л малыг өрөвдсөн ийм өвөрмөц санаа гарна гэж гадны шүүгчид үнэлж магадгүй гэж өвөө Гүрсэд тооцоолсон хэрэг. Төв Хорооны том дарга зураач нарын айсан арчаагүй царайг хараад өрөвдөв үү яав,
-Энэ зургийн санааг манай дайсан-хөрөнгөтнүүд тэгж мушгих вий гэж болгоомжилж байгаа болохоос би тэгж мушгиж байгаа юм биш шүү. Намайг зураачид зөв ойлгоорой гэж хаяагаа манав.
Хуралд оролцсон бусад дарга нар шог зургуудыг хатуу хянаж намынхаа үзэл суртлыг хамгаалах момент гарлаа гэдгийг том даргынхаа ярианаас ойлгов янзтай царайлаад явчихлаа. Зарим нь шог зургийн толгойг доош харуулбал юу болж хувирах нь вэ гэж сэм шалгав. Зарим нь цонхны гэрэлд нөгөө муу шог зургуудын араас гэрэлтүүлэн нэвт харж судаллаа. Эсэргүү санаа шургуулж уу, яажив? гэж шог зураачдыг нүүрэн дээр нь дайсан мэт хардах нь их л дээрэнгүй бүдүүлэг ажээ. Шог зураачид мөн ч өрөвдөлтэй харагдсан даа. “Шог зураг гэмтэй, юу ч болоод хувирчиж магадгүй” гээд эргүүлж тойруулж, янзаар янзаар шалгаад олон улсын уралдаанд илгээж болох хэдхэн зураг сонгож батлав. Хамгийн муу зургууд шалгарсан нь мэдээж. Зураачдыг ялсан намын хүн их додигор байна аа янз нь. Харин саяын хурлаас шог зураачид эх орныг минь ийм тэнэг хүмүүс жолооддог юм уу. Даанч дээ гэж гутарсан царайтай харагдсан.
Төв Хороо үзээд сонгочихсон зургуудыг главлит юу ч хэлэлгүй толгой амар тамгаа зургуудын ар талд дарлаа. Тэгтэл намын хүн нэг юм олоод харчихжээ. Сонор соргог чадвартаа тэр бээр их олзуурхаж буй болтой. Хөрөнгөтөн орнууд оролцох зургийн уралдаанд манайхаас очих зургийн ард главлитийн ХУЗХГ (хэвлэл утга зохиол хянах газар) гэсэн хэдэн үсэгтэй жижиг дөрвөлжин тэмдэг дарсан нь тамга тэмдгээ гадагш гаргаж дайсанд ашиглуулах алдаа хийснийг мань намын хүн олж илрүүлэв. “Нээрэн тэгнэ” гэж намын бусад хүмүүс дуу дуугаа авалцаад нөгөө өчүүхэн тэмдгүүдийг муугаараа зураачид арилгалаа. Главлитийн төлөөлөгч болгонд байдаг хувийн дугаартай тэр муу тэмдгийг Америк тэргүүтэй дайснууд дуурайлгаж хийгээд ашиглачих аюулаас намын хүн ингэж авардаг юм байна. Главлитийн тэмдгээ үзүүлэхгүй бол Япон мэтийн дайснууд дуурайлган хийж чадахгүйд манай нууцын хүч чадал арга ухаан оршдог юм уу, хаашаа юм бэ гэж шог зураачид сэм мушилзав. Намын хүний ухаан гэж, хэцүү байсан байгаа биз?
Жич: Инээдэмтэй ч юм шиг, дампуу ч юм шиг тэр үеийн намын хүний тарьдаг холион бантан эдүгээ ардчиллын эринд хаягдах байтугай Төр Засгийн шийдвэрт цахиур хагалж явна гээч. Эртний намын хүн эдүгээ нам толгойтой Төр гэгчийн эзэн болж заларсныг буруутгах зохимжгүй ч тэдний уламжлалт тэнэглэл яг хэвээрээ ардчилсан Төрийн хөрсөнд буусан нь харамсалтай. Миний хуучин танил намын хүмүүсийн залгамж-үр сад Төр Засгийн “нам” хэмээх толгойд асаж дөнгөжээ. Асах нь яах вэ ухаажаасай. Ц.Нямдорж, -Баасанхүү чи намайг бууж өгөхийг үзэхгүй. Би бууж өгвөл Төр бууж өгсөн болно, ард түмэн бууж өгсөн болно. Чи намайг бууж өгөхийг хэзээ ч харахгүй. Чам шиг нь байтугай чамаас бусдад нь бууж өгч үзээгүй гэж сагсуурав. Мөн ухаантай хэлж байгаа юм шүү. Арга ч үгүй дээ 30-аад жил Төр Засгийг азаргалж яланд хийе гэснээ хийж, ялнаас сугалъя гэснээ сугалж, дураараа шахаж, дураараа томилдог цадиггүй лидер саагалаас яахав. Түүнд азраглуулж буй 75 арай жаахан сөгөөтэй амьтад байсан бол хоосон толгой хол явахгүй д дээ. Намын удирдан чиглүүлэх үүрэг ардчилалд улам хүчирхэгждэг юм байна. Намын хүмүүс эдүгээ МАН-ын удирдах зөвлөл, АН-ын үндэсний зөвлөлдөх хороо, УИХ дахь намын бүлгүүдэд шургалж Төр Засгийг ноёлов. Томъёолол нь нам толгойтой Төр! Намын хүн тонилсонгүй. Намын хүн ардчилсан Төр Засгийн ариун шүншгийг бузарлаж, тунгалаг өнгийг сэвтүүлсээр байх цартай.
Боловсон хүчний томилгоогоор хэн авилгадаж байна? Нам толгой. Өөрсөддөө тохирсон хууль хэн зохиож байна? Нам толгой. Газрын наймаа лиценз тендерийн луйврыг хэн найруулж байна? Нам толгой. Төмөр зам тавихыг хэн гацаав? Нам толгой. Эгийн УЦС-ыг хэн зогсоов? Нам толгой. Сонгуулийн луйврын нууц ноёнтон хэн бэ? Нам толгой. Намын хандив нэрээр хэн хахууль ууталж байна? Нам толгой. Саарал жагсаалтад хэн оруулав? Нам толгой. Нам толгойд эмээх юм алга. Аа үгүй юм аа, айдаг юм нам толгойд нэг байгаа юм байна. Нам толгой хуучин намаас угшилтай болохоор орос хүний өмнө шээс алддаг нь хэвээрээ аж. Нам малгайгаа сольсноос толгойгоо сольсонгүй. Харин эдүгээ зохиолч зураачийн толгой дээр намын хүн суухаа больсон нь чамлах дэвшил биш шүү. (2011-2019).
Зочин
АРД
Уншигч
Зочин
Owoo
ЦДОО
браво
Bat
onom
ШУДАРГА
Зочин
ккк
Лхамаа
Зочин
!