Орос ахыгаа бид 100 жил магтсан. Одоо ч амаа урчих гэж буй. Орос ахыгаа “нар”-тай адилтгасан ч сэтгэл ханаагүй. Сүүлдээ “нар”-ыг орос ахтайгаа зүйрлээд ч ханаагүй. Яагаад тэгтлээ зусардав гэвэл маш их айснаас ингэтлээ хулчийсан юм. Тэгтэл яасан гээч? “Монголчууд та нарыг аврах ганц ах чинь бид. Биднийг гүйцэх өөр сайн ах та муусайнд хорвоод үгүй” гэж биеэ тэнгэрт тултал магтаж асан орос ах маань эдүгээ “орос ах гэж нялуурдгаа болиод өгөөч” гэж гуйдаг болсон нь даяаршлын зуунд “Баруун”-аас ичээд тэр. Шударга хүсэлт. Гэвч ах нарын шударга хүсэлт коммунизмын тогоонд 70 жил буцалж мэдээгүйжсэн мануусыг сэхээж чадсангүй. Маанагтсан монголчууд оюунлаг эринийг мэдрэхгүй “ах нар” хэмээн улам нялуурч өөрсдийгөө гутаахын дээр хамгийн гол нь ах нараа дэлхийд муухай харагдуулж эхлэв. Үүнийг би тэвчилгүй аварга хөршдөө чөлөөт зах зээлийн менежментээр долигонож “Орос ах” нэртэй ном бичив. Зуун дамнасан нөгөө л бялдуучиллаа янших нь гэж бүү бөхүүрхээрэй. Орос ах сайн нь сайн. Гэхдээ 100 жил жаргал зовлонгоо хуваалцсан хүмүүст хэлмээр үг үүссэн үү гэвэл үүссэн. Нуусан үг өмхийрдөг. Худал магтаал бүр ч хортой. Мөнхийн хөршүүд илэн далангуй айлсвал том бага гэлтгүй хоёуланд хожоотой гээд цээжинд хургасан үгээ үргээж, дэлгэхээр зориглов.

Ар Монголыг гадаад ертөнцөөс тасалж тулмайдаад, зуун жил хашчихсан тул бүх тусламж ЗХУ-ынх. Тэгээд магтаж гарсан. Магтаж буй нь ч магтуулж буй нь ч жинхэнэ тэнэгэрсэн дээ. Сургагч мэргэжилтэн нил орос. Багш эмч орос. Аз дайрвал ЗХУ-д суралцана. Өөр хувилбаргүй. Оросоос ондоо гүрний бараа тасрав. Хөөчихсөн. Хөрөнгөтний хэл сурах хориотой. Монголчууд америк кино үзэх болоогүй. Гэгээ гэрэлтэй бүхэн зөвлөлтийн ач тус. Хөрш Хятад Японынх бол хор. Ийм орос ухуулгад мануус 70 жил чануулаад “болчихсон”.

70 жилд орос ах харанхуй Монголыг хэрхэн хөгжүүлснийг тоочоод баршгүй. Бичиг үсэгт тайлагдсан, мухар сүсгээс шинжлэх ухаанд хандсан, эрүүлжсэн. Ильичийн дэнлүү, улаан тариа гээд цааш явж өгнө. Энэ бүгд бодит тал нь. Дэгс тал ч бий. Монгол хүн сансарт ниссэн гэж бид хөөрдөг. Оготоргуйн нислэгт бид юугаар оролцсон билээ? Борц чацарганы тос гэсхийгээд л яриа дуусдаг. Харин сансрын нислэгийн хатуу шалгуурыг шинжлэх ухааны өндөр мэдлэг, оюуны төрөлхийн ер биш чадвар, хатуужлаараа гялалзтал давсан хоёр хөвүүнээрээ монголчууд бахархдаг. Гэлээ ч Монголын шинжлэх ухаан сансарт иргэнээ нисгэх хэмжээнд хүртэл дүүлсэн гэх хийрхэл сонсох бүрт яс хавталздаг. Сөнөхдөө тулсан монголчуудад орос коммунистууд туслаагүй бол тэднийг хөрөнгөтнүүд устгаад нутгийг нь эзлэсэн гэдэг бөгөөд бид уяраад уйлдаг. Энэ бодиттой юу? 

ХХ зууны сүүлийн хагаст шинжлэх ухаан технологийн дэвшил нэвтрээгүй тийм бөглүү хязгаар бөмбөрцгөөс олохгүй. Энэ өнцгөөс харвал Монголын 1921-1990 оны өөрчлөлт Зөвлөлтийг дагаагүй бол заяахгүй үсрэлт гэдэг туйлшрал биш биз? Орос ах туслаагүй аваас Монгол хувьсгалын өмнөх балчигтаа живсэн гэдэг эргэлзээтэй бус уу? 1921-1990 оны манай дэвшил буюу орос ахын тусламж маань ХХ зууны шинжлэх ухааны нээлтээр дэлхийд хаа сайгүй дэлгэрсэн тэгтлээ онгирох зохимжгүй ердийн алхам бус уу? Их гүрнүүдийн хүчирхэг тэлэлтээр жижиг буурай яс үндэстэн энэ хугацаанд ийм анзааны алхам бүгд дор бүрнээ хийчихсэн юм биш үү? Шинжлэх ухааны нээлтүүд тивүүдэд түгж буурай орнуудад нялзсаныг зөвхөн бид капитализмыг харайсан гэж онгирч явснаа бодууштай. Өндөрхөн дошин дээр гарч, оволзсон сагуурлаа түр дараад, талбиухан нэг тольдоод үзээч гэж гуйх гэсэн юм. Гайхалтай нь өдгөө орос ахын тусламжийг хэний тусламжтай жишээд, ахын тусламж дэлхийд ганцаараа эгнэшгүй илүү агаад нүнжигтэй гэж монголчууд-бид магтана вэ? Зэрэгцүүлж жиших өөр тусламж манайд огт орж ирээгүй шүү дээ. Орос ах туслаагүй бол Монгол сөнөсөн гэх итгэл үнэмшил одоо ч бидний харанхуй гавалд мөнхийн зул болон бадарч буй.

Би орос ахыг хун шиг цагаан ч гэхгүй, хэрээ шиг хар ч гэхгүй, шаазгай шиг алаг гэнэ. Шаазгайнхар өнгийг “цагаан” гэлгүй “хар” гэж бичих тэнэг Монголд надаас өөр гараагүй тул орос ахынхаа талаар муу үг сонсоно чинээ хэдэн үеэрээ зүүдлээгүй уншигчид хирдхийж намайг зүхэж гарав. Зүхүүллээ гээд “зөв” гэх итгэлээ орхихгүй зөрүүд шиг байна би. Нүгэлт миний ланчиг биз. “Орос ах” номондоо би урьд огт хөндөгдөөгүй шаазгайны “дархан цаазат”-хар өнгийг төрмөл юм уу түрхмэл юм уу маажиж үзэхээр мангарлав. Ингэсэн минь бас учиртай. 100 жилийн найрамдал-дружбад нартын хуулиар сүүдэр орших ёстой гэвэл тэр сүүдрийг Монголоос нэг ч хүн сануулаагүй цулгуй цагаан түүх үлдвэл Чингисийн удмынхны нэрэнд эвгүй. Тиймээс ядаж ганц үнэ цэнэгүй зохиолч сөхөөд хараалын бай болоход гарз нь юу билээ? Золигт гарах зохиолч нь би болъё. Би ямар гарзтай амьтан биш. Сталины хөшөөг буулгахад орос ахын аяыг даган дуурайсан ч Лениний хөшөөг булга татахад галав юүлэх мэт цочирдсон. Эмзэг сэдэв. Эмзэг нь Лениний агууд бус түүнийг бишрэгчийн дүрээр дээд зэрэглэлд амьдрагчдын хонзонд буй юм. Найрамдал-дружбаг 100 хувь магтаж буй Монголд ганц муу шог зохиолч солиороод юу шалих вэ гээд тайвшрахыг дипломатч Л.Эрдэнэчулуун мэтээс гуйя. Ленин багшийг өөлсөн хүнийг егүүтгэх хуульгүй эрин эхэлмэгц реваншистууд нууц хорслоо далд аргаар авах нүх сүв хайдаг болов. Гэхдээ монголчуудын зуун жилийн хордлого тайлагдах нь гарцаагүй. Тиймээс аюул удахгүй арилна. Орос ах л гэвэл буруу ч юманд, худлаа ч зүйлд өмөөрч, Төр Засгийн толгойд асдаг зальтай тийрэнгүүд бол Оросынх бус Монголынх. Тэднийг эс давруулах нь гагцхүү бидний ажил-бидний хөгжил. 

Орос ойртож болохгүй уршигт хөрш биш гэдгийг би ямагт онцолдог. Үнэнээрээ нөхөрлөх сайхан. Болъщевик-коммунист улаан орос бус жинхэнэ орос-Ивантай зузаарахад би бэлэн. Бүр хүсдэг. Ган бат найрамдалдаа амиа өгье гэж уйлаад л, бид мандтугай, тэд сөнөтүгэй гэж хийрхсэн хуурамч найрамдал хэврэг болохыг танилаа. Ажил хэрэгч найрсаг агаад зөвхөн хуулиараа харьцдаг хөрш байх-соёлыг өөрсдөө эзэмшээд үр хүүхдэдээ өвлүүлэх алсдаа унацтай нь ХХI зуунд тодорлоо. За гэвэл ёогүй боловсон хөрш үнэд орж хүндлэгдэх болов. Тийм хөрш рүү хөрөнгө оруулагчид, худалдаачид, бизнесменүүд, жуулчид, хямд ажиллах хүч хандах сонирхолтой болдог ажээ. Бид мөнгөжихөөр гадаадад ажилладаг. Иргэд нь зодож дээрэмддэг улсад бол очихгүй. Сайхан айлсах бие биеэ хүсдэг, бие бие рүүгээ тэмүүлдэг болгож байна. Хил залгаа хөрш улсад иргэд хоорондын арилжаанаас эхлээд хөрөнгө оруулалт, дундын төсөл зэрэг ашиг сонирхол нэгтэй бизнес аяндаа урсгалаараа Төр Засгийн оролцоогүйгээр өрнөдөг болжээ. Олзны амыг улстөрөөр хаалгүй дүүрэн ашиглахыг эрмэлздэг улс гүрний нэр нөлөө өсөв.

“Найрамдал-дружба”-г харанхуй монголчууд шиг хэт биширдэг орос одоо байтугай урьд байгаагүйд би олзуурхдаг. Тийм оросууд биднийг соёлд түүчээлнэ. Харин “найрамдал-дружба”-г далимдуулсан орос олигархиуд гацааж, хохироож, сүрдүүлж, шулж буйд гомддог. Шүгэл үлээвэл ахын аюул тийхнээрээ. Гол гай нь орос олигархи хормойдсон монгол хавсрууд арслангийн дайтай томорч, улсын сан хөмрөгт асар их мөнгө цутгах мега төслүүдээ гацааснаар хүн ам ядуурав. Гэхдээ сайхнаар төсөөлцгөө. Хоёр их хөршийн завсар орших бяцхан Монголд дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах сиймхий-ухаалаг хандвал бий. Тэр ч атугай жижиг орнууд атаархам агуу том зах зээл-ашиглаж чадвал Монголтой хаяа нийлж байна. Энэ өгөгдөл бидний нэгдмэл бодлого, нийлсэн хүчээр зүтгэх зам мөр авай. Биднээс сэргэлэн сүйхээтэй улс бол дор хаяж өдгөө Казахстаны анзаанд оросуудын өөдөөс мал шиг бус хүн шиг зиндаархаж яваа. Казахстан ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан, Монгол бол хэзээ язааны тусгаар улс билээ.

2019-10-16