М.Саруул-Эрдэнэ (Конгрессын Номын Сан)


Ардчилсан хувьсгалыг оройлогчдын нэг Санжаасүрэнгийн Зоригийн өвөг эцэг нь монгол түмэнд Шар Дамдинсүрэн нэрээрээ алдаршсан, нэрт монголч эрдэмтэн Андрей Дмитриевич Симуков болохыг өдгөө хүн бүр мэднэ. Симуков 1923 онд, дөнгөж 21 насандаа Козловын экспедицэд багтан Монгол ирснээсээ хойш хилс хэргээр шоронд нас барах хүртлээ Монгол судлалд амьдралаа зориулсан хүн билээ. Монгол хэлийг төгс сурсан, эрдэм шинжилгээний аяныхаа тайланг монгол хэл, монгол бичгээр бичдэг байсан, ерөнхий сайд Гэндэн нэг удаа тайланг нь уншаад “Эгээ л хөдөөний монгол ардын хэлээр бичжээ” хэмээн дуу алдсан гэдэг.

Энэ удаад та бүхэндээ Симуковын чухам тийм хөдөөний ардын хэлээр, монгол бичгээр бичиж үлдээсэн нэгэн тэмдэглэлийг хүргэж байна. Энэ бол түүний 1927 онд говь нутгаар аялсан судалгааны товч тайлан юм. Орос хэлээр “Хозяйство Монголий” сэтгүүлд хэвлүүлсэн нь мөн бий. 7 сарын 12-ны өдөр Ламын гэгээний хүрээ рүү хөдлөөд 12 сарын 3-нд Улаанбаатарт буцаж ирсэн аялал билээ. Тогоочоор Жамба, туслахаар Жаргал, тэгээд эхнэртэйгээ, дөрвүүлхнээ гарсан ажээ. Аяныхаа дараа тэрбээр Москва руу, эхдээ бичсэн захиандаа “Энэ удаагийн аялал миний хувьд анх удаагаа бие даан, өөрөө хийсэн аян боллоо. Амжилттай болов” хэмээн бичсэн байдаг. 

Симуковын Зөвлөлтийн шинжлэх ухааны байгууллагад хүлээлгэн өгсөн хэмээх бүтээлүүдийн жагсаалт дотор “1927 онд говиор аялсан тэмдэглэл” хэмээн орсон байдаг боловч өнөө хүртэл уг эх нь олдоогүй, Оросын монгол судлаачдад цөөхөн хуудас олдсон гэх, тийм ч учраас Юки Конагая нарын хэвлүүлсэн бүтээлийнх нь бүрэн эмхтгэлд энэ аяллын тухай зүйл байхгүй учраас энэхүү монгол эх товч боловч чухал сурвалж болох юм. 

Уг тэмдэглэл “Монгол Ардын Нам” хэмээх сэтгүүлийн Арван наймдугаар он (Монгол улс тусгаар тогнолоо зарласнаас хойших тоолол) буюу 1928 оны Найман сарын дугаар болох 14-д “Аливаа түүхэнд холбогдох дурсгалуудыг шинжлэн ирсэн” хэмээх нэрээр хэвлэгджээ.

Мөн энэхүү аялалтай холбоотой зураг сэлтийг эрэн сурвалжилж, өөр эх сурвалжаас хэдэн зураг олсноо тайлбарын хамт ард хавсаргав. Өнөөгийн Баянхонгор, Говь-Алтай аймаг, Бургастайн боомт, Лигийн гол зэрэг газраар аялж, газарзүй судлан, улсын хил хязгаарыг тогтоохын зэрэгцээ хавтгай, ирвэс агнан, Монгол улсын анхны музейд амьтан ургамлын үзмэр цуглуулах, нутгийн ардын ахуй амьдралыг судлах гээд олон ажлыг амжуулахдаа дээрэмчин тонуулчин ихтэй нутгаар зориг баатарлаг явсан монголч эрдэмтний энэхүү тэмдэглэл танд сонирхолтой байна гэдэгт үл эргэлзнэм.

Монгол Ардын Нам хэмээх сэтгүүл. 14 дүгээр дэвтэр. 

Ардын зориг агуу гайхамшиг. Монгол улсын 18 дугаар он. Найман сард.

Аливаа түүхэнд холбогдох дурсгалуудыг шинжлэн ирсэн

Өнгөрсөн арван долдугаар оны зуны үед Судар бичгийн хүрээлэнгээс газар орны зураг авах ба улсын музейд хэрэглэхээр адгуусан амьтан, ургамлын зүйлийг эрэн цуглуулах, мөн аливаа түүхэнд холбогдох дурсгалуудыг шинжлэн үзэх зэргийн хэргээр өдгөө хүртэл шинжлэгдээгүй Говийн баруун урд зах газраа экспедиц гаргасан нь:

Судар бичгийн хүрээлэнгээс энэхүү экспедиц эрхлэх явдлыг миний биед даалгасанд, би бээр ургамлын зүйлийг цуглуулах ба газар орны патиар зураг авхуулахаар миний эхнэр ба мөн музейн харгалзагч Жаргалыг хоол унд бэлтгэх хүний хамтаар авч, Июнь хэмээх долоон сарын арван хоёрны өдрөө уурын тэргээр Улаанбаатар хотоос гарч, Ламын гэгээний хүрээ чиглэн яваад сааталгүй Хүрээнд хүрч ирсэнд харилцан туслалцах хоршооны хэлтэсийн дарга, орос Степанов аливаа тусламжийг үзүүлэн, сайнаар хүлээжүхүй. Маргааш өдөр нь би бээр Баянзүрх уулын хошууны Тамгын газар одож, хошууны түшмэд ба эрх баригчид лугаа тэндээс хаа одох зэргийг зөвлөлдөн хэлэлцээд нөгөөдөр нь би бээр Жаргалын хамт Байдраг гол дахь тариалангийн газрыг шинжлэхээр нутгийн замаар явсан бөгөөд тарианы газрыг үзэж шинжилснийг тодорхойлбоос:

Байдраг голын адаг болох газар бүхэн (бүхүй) Цагаан нуураас дээш гуч шахам модны хэртэй газар хэсэг тариалангийн газар буй. Байдраг гол болбоос Хангай уулын урд талаас эх авч, Говийн Алтай ба Хангай хэмээх уулын хооронд хонхор газар бүхүй олон нууруудад цутгамуй. Үүнд ажиглаваас, зүүн ба баруун тийш хайр чулуу үлэмж их бөгөөд урд ба хойд тал нь Алтай ба Хангайн ууланд нийлнэ. Энэ газрын ургац нь сайнгүй бөгөөд адгуусан амьтны зүйл болбоос хулан ба хар сүүлт мэтийн амьтад буй. Энэ газар гагцхүү нутгийн монголчууд тарианы ажлыг эрхлэн суух бөгөөд өдгөө үед боловсруулан буй газрын хэмжээ нь ер их бус, он жил өнгөрөх тутам улмаар бага болж байх төлөвтэй бөгөөд энэ нь ямар учир шалтгаанаас хэмээвээс, гагцхүү хужир үлэмжхэн бөгөөд нутгийн тариачид нь үүнийг арилгаж чадахгүйгээс гадна тариалангийн газрыг боловсруулах нь маш бүдүүлэг ажээ. Арвай ба нохойн хошуу зэргийг тарьдаг бөгөөд тариалангийн газрыг Байдраг голын усыг сувгаар татаж усална. Хураасан тариаг өөрсдөө хэрэглэх ба ойр шадрын улсад өгөх ба мөн замбай хийж идмүй. 

Баян хонгор уулын хошууны Тамгын газраас энэхүү тариалангийн хэрэгт тусламжийг үзүүлэх нь огт үгүй бөгөөд мөн газрын хэмжээг бүртгэх ба гааль түрээс хураадаггүй буй. Үүнд ажиглан шинжилбээс, хэрвээ төв газраас аль болохоор элдэв тусламж үзүүлэх болбоос Байдрагийн тариалангийн газар нь улам сайжрах мэт. 

Энэ мэтийн тариалангийн газар Тэсийн голын адагт буй бөгөөд миний бие одож үзэж чадсангүй бөгөөд гагцхүү хүний хэлэх үгээс шинжлэн бодвоос энэ нь Байдрагийн тариалангийн газар лугаа адил байх учиртай буй. 

Эндээс гэдрэг Ламын гэгээний хүрээнээ орсны хойно найман сарын шинийн гурваны өдрөө чинагш Говийн Алтай чиглэн яваад удалгүй Алтайн өндөр нурууны орчим бүхүй Их Богд хэмээх газар хүрч ирсэнд, энэхүү уулын оройд мөнх цасны суурь буй бөгөөд Битүүтийн ам хэмээхийг шинжлэн үзвээс их их бөөрөнхий чулуу үзэгдэх нь үүний урьд зузаан мөс байсан бололтой. Үүнээс гадна нэг зуу шахам маш сонин ургамлын зүйлийг цуглуулсан ба Битүүтийн аманд улиас мод буй бөгөөд мөн зарим газар хус мод нэг хэд үзэгдмүй. Энэхүү амны дээд захад болбоос мод нь навтархан бөгөөд бургасны зүйлийн модод ургамуй. Ашиглах амьтны зүйл нь Их Богдын урд талд тарвага их олон буй. 

Эндээс Их Богдыг давж, хоосон талыг нэвтрэн яваад Лиг хэмээх газар хүрч ирэв. Энэ газар мөн хоосон талын дунд хэсэг тариалангийн газар буй бөгөөд Байдрагийн лугаа адил ажгуу. Тэр газрын нутгийн улсуудын хэлэлцэхээр болбоос ер говь газрын тариалан нь Чингис хаанаас урьд сууж байсан Хятадын ноён Цагаан Баргун хэмээхээс хойш эхлэн гарсан хэмээх түүхтэй болой. Лигийн гол нь усаар маш үгээгүй бөгөөд нэг хэдхэн булгийн усаар тариалангийн газрыг усалмуй. Боловсруулах нь бас Байдрагаас үлэмж бүдүүлэг, газрын хөрс нь мөш муу боловч мөн арьай ба нохойн хошуу зэргийг таримуй. Энэхүү газар ус нь Ламын гэгээний хийдэд хамаатах бөгөөд ихэнх нь Дүйнхор дацангийн жасад ормуй. Хэрвээ хэсэг газар үлдвээс нутгийн ус нь тариа тарих ба мөн хийдийн харьяат газрыг боловсруулан өгөх бөлгөө. Ажлын хөлсөнд бага зэрэг тариа авах ба мөн хоёр нэг хонь хоол хүнсний тухайд авмуй. Өнгөрсөн жилд Лигийн голоос хураан авсан тариа нь зургаан зуун пүү шахам болох бөгөөд лам нарын хэлсэн үгээр болбоос энэхүү тариаг харьяат хийдийн хурал мөргөлийн хэрэгт зарцуулдаг буй. Үүнд, шинжлэн бодвоос Лигийн голын тарианы газар нь усны багын эрхээр их болон сайжирч эс чадах мэт. Тэндээс хураан авах тариаг их болгоё хэмээвээс гагцхүү газрыг сайнаар боловсруулан, элдэв боловсон багаж олж хэрэглэх хэрэгтэй бөгөөд эдэлж бүхүй тариалангийн газрыг тэгшлэн хуваах ба мөн хийдийн харьяат газраас таслан авч, нутгийн ардад олговоос зохих мэт. 

Лигийн голоос миний бие Жаргалын хамт Юн (Юм бэйсийг Симуков монгол бичгээр Юн хэмээн бичсэн. М.С.) бэйсийн хүрээ ба Жавхлант уулын хошууны Тамгын газар улсын хил хязгаарыг шинжлэхээр гараад Юн бэйсийн хүрээ одох замд Цагаан гол хэмээх газар хүрч ирсэнд, үүнд тариалангийн газар бас буй бөгөөд нутгийн улс нь арван зургадугаар онд тарьж байсан хэмээх бөгөөд гагцхүү усгүйн эрхээр хаяж орхисон хэмээмүй. Миний бодвоос Цагаан гол нь усаар дэмий үгээгүй бус бөгөөд голын сав нь улам усаар идэгдсээр гүнзгий болсны харгайгаар суваг татаж, тариалангийн газрыг услах нь бэрхтэй амаргүй болсноос нутгийн ард нь тариалангийн газрыг үл хэрэгсэж, хаяж орхисон мэт. Хэрвээ үүнийг засварлан, суваг зэргийг татаж өгөх болбоос энэ газрын тариалан нь Лигийн голоос илүү сайн бололтой. Мөн ч говийн улсуудын талх тариа хэрэглэх нь маш илүү болой. Юн бэйсийн хүрээний орчим бүхий Бай баяны нуруунд тарвага их олон бөгөөд үүнээс урагш эс үзэгдмүй. Энэхүү тарвагыг ашиглах нь нутгийн улсад их л олзтой бөгөөд гагцхүү лам нар хориглож, тарвага агнах явдлыг эс зөвшөөрмүй. Үүнээс гадна энэ газар чулуун нүүрсний уурхай ба мөн зэс буй тул эдгээрийг ашиглан эдэлж болох мэт. Бидний Юн бэйсийн хүрээнээс гэдрэг Лигийн гол буцсаны хойно экспедиц нь өмнө зүг барин чинагш явав. Баянзүрх уулын хошууны өмнө захаар хүний нутаглан суух нь маш цөөн бөгөөд энэ жилийн гангаас нутгийн улс нь бусад газар нүүж одсон болох тул нэгэн зуун модны хэртэй газар ер хүнийг үзсэнгүй. Нэмэгт уулыг давж, хоосон цагаан талаар явсаар говийн Алтайн өмнө зах болох Тост ууланд хүрч ирэв. Энд найман хоног суух зуур би бээр Гурвансайхан уулын хошууны тамгын газар зам заах хүн ба тэрэг тэмээ олж ирэхээр Жаргалыг илгээж, өөрөө хоёр газарч нарын хамт Цагаан Богд хэмээх уулнаа одов. Мөн тэмээ тэрэг олж ирсний хойно миний нөхөд зүүн зүг барин, Ноён Богд хэмээх уул чиглэн явав. Би бээр хоёр нөхдийн хамт баруун урагш явсан бөгөөд хошууны тамгын газраас хоёр сайн хүнийг олж өгсний нэг нь Лувсан хэмээх залуу хар хүн бөгөөд анх Тост уулын орчим нутаглан сууж байсан тул тэр газрын байдлыг сайн мэдэх бөлгөө. Энэ хар хүн нь цахиур буутай бөгөөд агнахуйд их сайн. Нөгөө нь Дорж хэмээх бөгөөд Монгол Ардын Намын гишүүн тул хошууны намын үүрийн дарга ажээ. Энэ хоёр хүмүүс болбоос миний биед их тусламж үзүүлсэн ба мөн урьд явж үзээгүй газарт зам зааж өгсөн тэргүүтнийг би бээр мартахгүй бөгөөд үнэн зүрхнээс баярыг хүргэмүй. 

Есөн сарын арван есний өдөр Тост уулаас цааш хөдөлж, хүнгүй хоосон цагаан талаар зургаан зуун тухай мод газар явав. Энэ мэтийг дэлгэрэнгүй бичээд юун өгүүлэх? Гагцхүү явсан газрыг хураангүй товчоор өгүүлбээс: 

Хэрвээ Юн бэйсийн хүрээнээс урагш Сүжэү ба Ань ши одох замаар явбаас аянчнаар Юн бэйсийн хүрээнээс гарахын тул хамт уужим цагаан тал газрыг үзэх бөгөөд мөн түүнээс цааш явбаас Бургастайн нуруу хэмээхийг давж гараад Долоон чонын хоолой хэмээх газраас хүрч ирмүй. Энэхүү Долоон чонын хоолой хэмээх газраас цааш Цэнхэр хоолой буюу Нарийн хөх говь хэмээх өргөн их тал газар буй бөгөөд үүний урд талд гурван зуун модоос илүү урт шил нуруу байна. Энэхүү нурууны нэрийг газар газар олон янзаар нэрлэдэг нь Цагаан богд, Хөх төмөрт, Ат богд, Дугуй хайрхан хэмээх мэт олон буй. Мөн энэ нурууны цаана хоёр гурван уужим талыг өнгөрч явсны хойно Маажин шан хэмээх газар сая хүрч ирнэ. Эдгээр газруудад нутаглан сууж байгаа хүн нэг ч үгүй бөгөөд үүний урьд Алтан харуул хэмээх газар Хятадын хязгаарын цэрэг сууж бүхүй үед энэхүү уужим тал газар ба уул нуруугаар ойр атрын хошуунаас нутаглан сууж байсан бололтой. Тэр үед Халх Монголын хил хязгаар нь Цагаан богд хэмээх уулаар байсан бөгөөд мөн Шар хулснаа бүхүй Алтан харуулын хятад цэргүүд сахиж байсан ажгуу. 

Улаанбаатар хот дахь газрын зургийг үзвээс мөн үүн лүгээ адил болой. Хошууны хил болбоос тэр цагт Бургастайн нурууны баруун зах ба Гурван толь зэрэг газруудаар байсан бөгөөд одоо хүртэл мөн тэр хэвээр үлджээ. Өдгөө үед Алтан харуул нь үгүй бөгөөд хоёр улсын хоорондох газарт өөд сөөрөг дээрэмчин явж буй. Түүнээс гадна Хятадын хязгаарын цэрэг нь Ганьсу мужийн урд талд сууж буй тул энэхүү Ганьсу мужаас Цагаан богд хэмээх уул хүртэл эзгүй газар буй. Нэр Хулс хэмээх газрын орчим олон худаг үзсэн ба мөн булаг ч олон буй, үүгээр болбоос хүний нутаглан суухуйд маш таарамжтай буй заа.

Маажин шаны тухай бичвээс, энэ газар хулгай дээрэмчин олон бөгөөд хязгаарын монголчууд дээрэмчинд дайрагдаж буй. Маажин шаны улс нь нэг зуун тавиад тухай өрх бөгөөд монгол ба хятад, хиргис зэргийн улсууд суумуй. Үүний дотроос торгууд ба хиргисүүд дээрэм хийж амьдармуй. Зарим улсууд нь дээрэмчнээс айж, цааш нүүж байх нь олон үзэгдмүй. 

Тэндээс Ноён Богд уулаас гэдрэг буцаж, Эхийн гол ирсэнд Швед улсын эрдэмтэн Свен Хэдин лүгээ уулзсанд Тиан шань хэмээх ууланд уурын улирлыг шинжлэхээр ирсэн бөгөөд нэг өдөр тэд нарын хамт сууж, цаг уурыг шинжлэх зэргийн ажлаар танилцсаны хойно буцах замдаа Хар хотыг дайран Улаанбаатар хотын зүг явсаар арван долоо хоноод найм дахь хоногт Судар бичгийн хүрээлэнгийн хашаанаа хүрч буужээ. 

Бүгд дөрвөн мянган тухай модны газар явж, Улсын музейд хэрэглэхээр ургамлын зүйл ба адгуусан амьтан тэргүүтнийг олж ирсэн бөгөөд түүний дотор ховор зүйл буй нь зэрлэг тэмээ мэтийн амьтдыг авчирсан ажгуу. 

Симуков хэмээжүхүй.


1927 он. Ламын гэгээний хүрээ. Зүүн гараас:
Тогооч Жамба, Симуковын гэргий М.А. Симукова, А.Д. Симуков, музейн ажилтан Жаргал.
Хүүхэд нь нутгийн Монценкопын орос ажилтны хүүхэд.


1927 оны 10 дугаар сар. Говийн баруунтаа.
Симуковын тэмдэглэлдээ ихэд магтан талархсан хоёр анчин.
Зүүн гараас: Тост уулын Лувсан, Симуков, Хошууны намын үүрийн дарга Дорж.


1927 оны 11 сарын 3. Шведийн судлаач Свен Хэдинтэй Эзнээ гол дээр таарав.


1927 он. Эзнээ голын торгуудууд. Цэндийнхэн.


1927 он. Эзнээ голынхон. Зүүн талынх нь өөлд, баруун талынх нь тангад.


1927 он. Хара хото