Сөрөг хүчний орон зай

Зүй тогтол талаас нь харвал МАХН одоо баримталж байгаа яг энэ бодлоготойгоороо зайлшгүй агаад гарцаагүй үзэгдэл юм. “Сөрөг хүчний эзгүйрэл”-ийн тухай шүүмжлэл Монголын улс төрийн өнөөгийн нөхцөл байдлыг бодитойгоор зураглан хэлсэн томьёолол. Энэ дүр зураг үндсэндээ XXI зууны эхнээс бий болсон гэж хэлж болно. УИХ-ын 2000 оны сонгуульд 76 суудлын 72-ыг авсан МАХН үнэмлэхүй буюу сөрөг хүчингүй олонх байсан бол дараагийн 2004 оны сонгуульд “Эх орон-Ардчилал” эвслээс хоёр суудал илүү авсан хэдий ч дангаараа Засгийн газраа байгуулалгүй “Их эвслийн” Засгийн газрыг үүтгэж, бас л сөрөг хүчнийг үгүй хийсэн юм. Үгүй хийх ч юу байхав, ерөөсөө тийм хүчин байгаагүй нь парламентад 35 суудалтай “Эх орон-Ардчилал” эвслийн задралаар илэрхий болж байлаа. Зонхилогч хоёр намын нэг гэж тооцогддог Ардчилсан нам институцийнхээ хувьд гүйцэт төлөвших яагаа ч үгүйг үйл явдал нотлосон юм. Ц.Элбэгдоржийн Засгийн газар 2006 онд дотроосоо “өтөж өмхрөн” унасныг тухайн үеийн Ерөнхийлөгч, одоогийн МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбон тайлбарлах учиг сэжим хангалттай бий. Гэхдээ түүний АН-ыг Засгийн газраас шахан гаргасан үйлдлийг улс төрийн сөрөг хүчин бий болгох гэсэн эрмэлзэл гэж дүгнэх боломжгүй. Энэ үед “УИХ-ын сонгуулийн дүнгээр 8-аас доошгүй суудал авсан нам, эвсэл бүлэг байгуулж болно. Бүлэгт зөвхөн тухайн нам, эвслээс нэр нь албан ёсоор нэр дэвшиж сонгогдсон гишүүд орно. УИХ-д 8-аас дээш суудал авсан нам татан буугдсан, эвсэл тарсан бол бүлгийг татан буугдсанд тооцох ба түүний бүрэлдэхүүнд байсан гишүүд дахин бүлэг байгуулахыг хориглоно” гэсэн одоо ч хүчин төгөлдөр байгаа зохицуулалт УИХ-ын тухай хуульд нэмэлтээр орж байлаа. Улс төрийн гуравдагч хүчин үүсэн бүрэлдэх эрх зүйн орчныг боомилсон эдгээр заалтууд сүүлийн 15-16 жилийн хугацаанд байж болох бүхий л хэлбэрээр нь хангалттай туршсан сонгуулийн мажоритари тогтолцооны үр дүнд бий болсон хоёр намын систем, энэ бүтцийг хамгаалж үлдэх гэсэн зонхилох хүчнүүдийн явцуу эрх ашгийн илрэл болсон юм. 2008 онд түүх давтагдав. Үймээн самуун дагуулсан сонгуулийн дүнд олонх болсон МАХН дахиад л дангаараа засаглахаас зайлсхийлээ. “Үндэсний эв нэгдлийн” Засгийн газар сонгогчдын саналыг үл харгалзан “тэврэлдсэн”-ийг олон нийт анхнаас нь шүүмжилсэн. Дахиад л сөрөг хүчний орон зай хоосон үлдэв.

“Ямар ч арга алга, гуравдагч хүчин хэрэгтэй” гэх дүгнэлт эргэлт буцалтгүй боллоо. Бүр нарийвчлан шинжилбэл, өөр хоорондоо өрсөлдсөн сонгууль бүрийн дараа эвлэлдэн нэгдэж, хамтран засаглах одоогийн МАН, АН хоёрын “хөтлөлцөөн” хоёр намын тогтолцоо бүрдэж төлөвшсөн эсэхийг ч эргэлзээтэй болголоо. Яг л социализмын үеийнхээрээ нэг намтай байгаа мэт. Өнгөн дээрээ хоёр намд хуваагдмал юм шиг хэрнээ засаглахын цагтаа танил болсон өнөө л хэдэн хүн бүлэглээд нэгэн субьект болж хувирахыг чухамдаа тоталитар дэглэм гэхээс өөрөөр дүгнэх боломжгүй. Энэ хэсэг бүлгийнхний бий болгосон үгсэл хуйвалдааны шинжтэй явцуу хүрээ Монголын улс төрийн хөгжилд садаа болоод зогсохгүй хэрээс хэтэрсэн хувийн ашиг сонирхолоор нь түрэгдсэн амбицлаг үйл ажиллагаа хэт бэхжсэн олигархизмыг бий болгоод, улмаар авилга, хээл хахуулийн нарийн зохион байгуулалттайгаар дотогшоо ярган гүнзгийрч байгаа нь нууц биш.



Түүхийн хуваагдал

Парламентын гадна олон жил гороолсон “жижиг” хүчнүүд ойртон нэгдэж хүчтэй эвсэл үүсгэх замаар гуравдагчийн орон зайд дэвших цорын ганц арга байгааг Н.Энхбаяр сайн мэдэж байлаа. Түүнд гагцхүү тохироо хэрэгтэй байв. Хуучин МАХН нэрээ өөрчилж, МАН болсон нь энэ тохироог бүрдүүлж буй үйл явдал болохыг тэр гярхай ажиглав. Зөвхөн нэр төдий биш, үзэл баримтлал, зарчим, чиг хандлага, бүтэц механизм гээд, үндсэндээ институцийг бүхэлд нь дахин цогцлоосон шинэчлэл байсан хэдий ч асуудалд МАН-ын гишүүд маргаантай хандахыг тэр андахгүй байв. Зүй ёсоороо түүнд “хувьсгалт”-аараа үлдэх хэсэг бүлэг хангалттай олдсон юм. Харин Ц.Шинэбаярт өөр амбиц байсан байх гэж бодогддог. “Би МАН-д элсэхгүй” гэж гэдийсэн түүнийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Балдан-Очир, Д.Тэрбишдагва, Ц.Даваасүрэн нар өмөөрч, намын даргадаа өргөх бичиг барьсантай холбоотой ужиг хэрүүлээр энэ намын шинэчлэл эхэлж байлаа. Намынхаа хуучин нэрийг хэвээр үлдээе гэсэн бодол, байр сууриа илэрхийлж байгаа хэсэг нөхөдтэйгөө зохицож, зөвшилцөхийн оронд дайсагналцах явуулга хийж байгааг шүүмжлэхдээ тэд Засгийн газрыг “стандарт бус” гэж нэрлэв. Хариуд нь МАН-ын генсек У.Хүрэлсүх тэдэн рүү залуучуудаа турхирав. “Хариуцлага тооц”, “Намаас хөө”, бараг л ал, шул гэх нь халаг хийрхсэн залуус “улаан хамгаалагчид” аятай аашилж, үзэл бодлоо илэрхийлсэн гишүүдийн нэрсийг бичсэн салбаруудыг урж тасчин, гишгэлж дэвслэн, хог хаягдал адил шүүрдэн жагссан юм.

Энэ үед ч МАН дахь Н.Энхбаярын гишүүнчлэл хэвээр байв. Өөрийг нь ч бас өнөө дөрвөн гишүүнтэй хамтатган “үзэн ядаж” байгаа залуусыг хараад мань хүн харин ч инээмсэглэж суусан биз. Учир нь тэр үүнийг л хүсч байсан юм. Үйл явдлаас ердөө гуравхан хоногийн дараа МАХН-ын түр штабынхан Онц их хурлаа эхлэв. Хуралд нийслэл, 21 аймгаас 1080 төлөөлөгч сонгосноос 829 нь хүрэлцэн иржээ. Н.Энхбаяр “Шударга ёсны хувьсгал” илтгэлээ тавьж, МАХН-ын түүхийг 1921 оноос өнөөг хүртэл, Д.Сүхбаатар, Х.Чойбалсангаас нь Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх хүртэл дурдаад, МАХН хэзээ ч коммунист нам байгаагүй хэмээн жишээ дурдан өгүүлэв. Цаашлаад Монгол Улсад “ардчилангуйлал” хэмээх хэсэг бүлгийн диктатур тогтсоныг тодорхойлов. Ийнхүү түүх хуваагдсантай хамт Монголын ууган нам хуваагдлаа. Н.Энхбаяр хэвээр үлдээсэн МАХН-ынхаа даргаар сонгогдож, УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр дэд дарга болсон юм. Ерөнхий нарийн бичгийн даргын албыг Н.Удвал, нарийн бичгийн даргыг С.Молор-Эрдэнэ, Ю.Атар, Д.Өрнөхбаяр, Л.Цог нар үүрэв. Энэ хүмүүс МАХН буюу “Монгол Ардын Хувьсгалт Нам” гэсэн нэрийг хуучнаар нь авч үлдэхийн төлөө үнэхээр махран зүтгэсэн. Тэгээд чадсан.

МАХН нэрийн үнэ

МАН өөрийн тайлж тавьсан малгайг бусдын толгойд углахыг мэдээжээр хүсээгүй. Хэдийгээр энэ хүчин анх Монгол Ардын Нам нэртэйгээр байгуулагдаж байсан ч 90 жилийн түүхийнхээ ихэнх хэсгийг МАХН нэрээр бичсэн нь гарцаагүй үнэн. Ард түмэн ч МАХН-даа хайртай. Ардчиллын жилүүдэд Монгол Улс өнгөндөө олон намын тогтолцоотой юм шиг харагдах боловч үнэн хэрэгтээ 4/5-т МАХН зонхилон засаглаж ирсэн. Нэг үгэндээ бол МАХН гэдэг дөрвөн үсэг Монголын улс төрийн хамгийн шилдэг brand. Үнэ цэнэтэй ч эд. Үзэлцэхээс яахав.

Эхэн үедээ Н.Энхбаяр МАХН товчлолыг авч чадна гэдэгтээ итгэлтэй байсан гэдэгт би хувьдаа эргэлздэг. “Хамгийн том” гэх статус бүхий хүчинтэй л тэрсэлдэж байж тэр “хэн ч биш” байдлаасаа сугаран гарч чадна. “Ихийг санавал ихийн наана унана” гэдэг байх аа? Түүний энэ годгодолт МАН-ын гижгийг хүргэж, өгөөш үмхсэн хилим шиг тэд амь тэмцэн шарвалзаж эхлэв. Өвөрлөгч зүгээс жин даган Хүрээнд ирж, монголчуудаасаа хятадуудтай илүү ойлголцдогийн хувьд Гамингийн шоронгийн хуяг хийн амь зууж, гадаргүй нэхий дээлээрээ Нийслэл хүрээнд алдаршсан Дамдины хүү Сүхбаатар Ардын хувьсгалын хэддүгээр хүн байсан тухай олныг хамарсан хэлэлцүүлэг өрнүүлэн, Богд хаан, Барон Унгерн, Бодоо, Данзангаас ч дээгүүрт тавьж улайрав. “Сүхбаатар өд төдөн тулаанд оролцсон, Сосорбарам өд төдөн найр тараасан” ч билүү, нэг иймэрхүү утгатай реклам хүртэл хэвлэлээр цацаж байсныг хүмүүс санаж л байгаа. МАХН гэж товчлогдож болох нэрсийг Улсын бүртгэлд бүртгүүлэх зохион байгуулалттай ажлыг НАМЗХ гүйцэтгэсэн. “Монголчуудын амьдрал хөгжүүлэх нам”, “Монголын агуу хувьсгалчдын нам”, “Монгол ардын хөдөлмөрийн нам”, “Монгол ардын хөдөлмөрчдийн нам”, “Хувьсгалт нам”, “Монголын анхны хувьсгалчдын нам”, “Монгол ардын хамтын нам”, “Монгол ардын хөгжлийн нам”, “Монгол ардын хүмүүнлэг нам”, “Монголын ардчилсан хувьсгалт нам” зэрэг 30 гаруй нэрийг УБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт Л.Оюун-Эрдэнэ, Д.Золбоот, Л.Намуунгэрэл, О.Мөнхжаргал, С.Цагаанхүү, Г.Цэвээнгэрэл, Л.Эрдэнэбаатар гэсэн цөөн хэдэн хүний нэрээр бүртгүүлсэн байдаг. Харин Н.Энхбаяр аргагүйдвэл хэрэглэхээр “Монголын алдарт хувьсгалт нам” гэсэн нэр халаасалсан байсан тухай яриа бас бий.

Ёс төртэйгөөр намынхаа нэрийг өөрчилсөн “ах” нам “МАН бол МАХН-ын зүй ёсны эхлэл бөгөөд үргэлжлэл юм” гэж томъёолоод зогсохгүй МАХН гэдэг нэр МАН-ын өмч гэж үзсэн. Тэгээд мэдээж өмчид нь халдах гээд байгаа этгээдийг шүүхдэнэ биз. Харин Улсын Дээд шүүх нуман тулгуурт орсон болов уу гэх эргэлзээ одоо ч бий. Үндсэн хуулийн Цэцээс “Улс төрийн намуудын тухай” хуулийн 15.6-г асуусан атлаа “зүгээр зүгээр, хууль зөрчсөн барьсан юм алга” гэсээр байтал нь “нам энэ хуульд заасны дагуу нэрээ өөрчилсөн тохиолдолд түүний нэрийг дээрх шийдвэртэй санал нийлээгүй тус намын гишүүн болон бусад иргэн, хуулийн этгээд аливаа хэлбэрээр өмчлөх, үргэлжлүүлэн хэрэглэхийг хориглоно” гэх уг заалтыг үндэслээд Н.Энхбаярт МАХН нэрийг өгчихөж байгаа юм. Дээд шүүхийн энэ шийдвэрт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нөлөөлсөн гэсэн хардлага нэг хэсэг ниссэн ч нотлогдоогүй.

Шилгээлт болсон шингээлт

“Намыг бүртгэх нь зүгээр л техникийн чанартай ажил байтал МАН-ын толгойлогчид тэргүүтэй хэсэг бүлэг хүмүүс янз бүрээр саад хийж улс төрийн шинжтэй болгочихлоо. Энэ өдрөөс хойш бид улам эрчтэй ажиллах болно” гэсэн Дээд шүүхийн шийдвэрийн дараах түүний анхны мэдэгдлээс ялагчийн бардамнал анхилах ажээ. Гэсэн хэдий ч тэр байр суурь, хүрсэн түвшин, улс төрийн өрөг, тоглогчдын нүүдлийг тун гаачтай тооцоолсон нь дараагийн мэдэгдлээс харагдана. Энэ бол “Бидний бодлого, зорилгыг хүлээн зөвшөөрсөн хэнтэй ч нэгдэж, хамтран ажиллахад бэлэн” гэсэн урилга байлаа. Тэр бүү хэл ил, далдын аль алинаар МАН-ын гишүүдийг ч урин дуудаж эхлэв. Энэ дуудлага МАН-ын дотор одоо ч салхи сэвэлзүүлсээр байгааг хэн ч үгүйсгэхгүй. Түүний хамгийн эхний томоохон нэгдэл нь хуучин ҮШН буюу одоогийн МҮАН-ынхантай эвссэн явдал боллоо. Олонд ил гаргаж, ёслол маягийн үйлдэл хийснээс биш Н.Энхбаяр, М.Энхсайхан нөхөрлөл шинэ юм байгаагүй. Нам удирдаж, сонгуульд ялуулж, ялагдуулж, төр, засаг түшиж, тэргүүлж явсан энэ хоёр эрхмийн улс төрийн туршлага, мэдрэмж, алсын хараа дээд эгнээнийхэнтэй л тэнцэнэ үү гэхээс дутаж гудрахгүй. Тэдний нэгдэл улс төрийн хүрээн дотроо огцом цочроо үүсгэж чадсан юм. Ерөөсөө л гуравдагч хүчин болж тэд ард түмний нүдэнд туслаа. Ийм хүчний эрэлт хэрэгцээ нэгэнт байсан болохоор хоосон зайн дээр тов тодорхой үзэгдсэн хэрэг. Харин улс төрийн хүрээнд өөр үнэлэмж бий. УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл тэднийг ардаа санхүүгийн том дэмжлэгтэй байна гэсэн. Улсын баатартай уулзаж ярилцсан иргэний хөдөлгөөнийхөн, нийгмийн шударга бус байдалд эмзэглэж явдаг хүмүүс явсаар байгаад Н.Энхбаяр, М.Энхсайхан руу хүрч оччихоод байсан нь ингэж бодоход хүргэсэн байна. Өнгөн дээрээ зарчимч, шударга, эх оронч дүр эсгэх тэр хүмүүс “ямар ч үнээр хамаагүй өөрсдийн байсан тэр эрх мэдэлд очих” явцуу сонирхлын гар хөл болж байгаад Э.Бат-Үүл гишүүн урам хугарснаа ярьсан нь бий. Үүгээр барахгүй, Хятадын Коммунист нам ард нь байна гэж ил шулуун хэлсэн.

Н.Энхбаярын хоёр дахь том татан төвлөрүүлэлт нь Ногоон нам. Энэ намын дотоод хагарал, Цөмийн хаягдлын тухай дуулиан, Иргэний Зориг намтай нэгдэх гэсэн УИХ-ын гишүүн Д.Энхбатын оролдлого, шүүх цагдаа, эсэргүүцэл тэмцэл гээд бүх үйл явдал нарийвчилсан сценариар хийгдсэн гэсэн дүгнэлтийг улс төр тун давгүй гадарладаг нөхөд хэлдэг. Цуврал, хэсэг бусаг үйл явдлуудыг үр дүн талаас нь уруудуулаад үзэхээр үнэхээр ч ийм юм болоо юу даа гэсэн бодол төрнө. Яг нарийндаа Д.Энхбатаас намыг нь булаагаад авчихсан юм билээ л дээ. Хамгийн гол нь Ногоон нам Дээд шүүх дээрх улс төрийн намуудын бүртгэлд МАН, АН хоёрын араас гуравдугаарт бичигддэг нь “худалдаа наймааны” үнэ цэнийг тодорхойлсон байж мэдэхийг яаран үгүйсгэх гэхийн хэрэггүй л болов уу. МАХН уул нь 19 дүгээрт эрэмбэлэгдсэн юм. Ногоон намтай эвсэхлээр 16 байраар урагшилна. Ямар нүүдэл хийхийгээ Н.Энхбаяр гайхалтай нарийн тооцож байгаа юм шүү. Одоо түүний талд Иргэний хөдөлгөөнүүд, эх орончид, үндэстний үзэлтнүүд байгаа. Парламентийн бус жижиг намуудад ч тэр л хамгийн “үзэсгэлэнтэй” харагдаж байгаа. Сар орчмын өмнө түүнийг МАН-тай хэлэлцээний ширээнд сууж байна гэсэн яриа тархсан. Хэн ч үгүйсгэж барилгүй өнгөрсөн. Энэ намууд эвсчээ гэхэд гайхаад байх юм байхгүй. Бүр АН-тай ч эвсэж мэднэ, тэр. Бага зэрэг ёс зүй, хүн чанарын шүүмж өрнөөд л өнгөрөх байх. Сонгуулийн үр дүнгийн хувьд МАН-тай эвсвэл АН-ын хуучин нэрийг авчихсан М.Энхсайханы МҮАН уг эвсэлд байх тул АН-д халгаатай. АН-тай эвсвэл МАН-д бүр ч их халгаатай.

Унасан хүүхэд уйлаад яах вэ

“МАХН-МҮАН-ын Эвсэл” сонгуульд олон суудал авах, болвол ялчих зорилготой оролцоно. Ялдаггүй юм аа гэхэд, хоёр дахь, гурав дахь хүчний зиндаанд дэвшинэ. Эвслийн бүрэлдэхүүн сонгууль болтол хэр тэлж, яаж хүчирхэгжихийг урьдчилж таахад бэрх ч гэлээ хэнийг ч хамаагүй “урвуулан авах” бодлого нь асар хүчтэй нөлөөлж байна. Бүгдийг өөртөө урвуулах, нэгтгэх, татан уусгах энэ бодлого нь эсэргүүцэн хүчлэгсдийн тэнхээг ус мэт элээж, мөлийлгөж явна. Өөрийгөө хүрээлүүлж буй энэ өргөн нэгтгэл нь нөгөө талд эмх замбараагүй хагаралыг үүсгэж эхэлсэн. Ирэх жилийн сонгуулиар тойроггүй үлдэж болзошгүй гишүүд, гомдогсод, горилогсдоо МАХН-д урваж магадгүй гэдгээс МАН, АН-удирдагчид үхтлээ айх атлаа яаж ч чадахгүй л сууна. Ямар сайндаа л Н.Энхбаярыг дэмий оролдож, эд хөрөнгийг нь төнхөж, эхнэр, хүүхдийг нь оролцуулж, туслахыг нь хорьж, намынхныг нь барьж байх вэ. Чухамдаа МАН улс төрийн байгууллаа системээр нь түүний эсрэг хөдөлгөсөн нь буруутаж, мань хүний өгөөш болсон. Зөвхөн МАН-ын биш, төрийн механизмын эсрэг ганцаараа сөрөн зогсож байгаа гэх зангарагийг таниулж, өдгөө тэр бараг л үндэсний баатар болоод байна. Яая гэхэв, өрсөлдөгчөө зөв үнэлээгүй эрх баригчдийн маань өөрсдийнх нь л алдаа.

2011