-вээрсүүд-

Нэг. Диплом ба Дипломат

Бараг л “Оны тагнуул”-аар тодроод байгаа Б.Хурц  (Kurts  гэдэг герман нэрээр баруунд алдаршаад, шинэ төрсөн хүүхдэд нэрийг нь өгөх нь холгүй байгаа юм биш үү?) ба түүнийг тойрсон дуулианы хүрээнээ дипломат паспорт ба дипломат халдашгүй эрхийн тухай яриа гарах боллоо.  Учир нь ҮАБЗ-д ажиллаж байсан Б.Хурц нь Лондонд саатуулагдах үедээ дипломат паспорттой явжээ.  Олон хүн “дипломат паспорттой хүнийг саатуулах учиргүй” байтал англичууд хууль зөрчиж буйг гайхсан төдийгүй үүнийх нь төлөө тэдэнд эрүү үүсгэх санаагаар хандаж байна. Английн төрийн албан хаагчдыг хаа нэгтэйгээс олж саатуулаад “Хурцтайгаа битүүлэх” мэнэжмэнт л сэтгэсэн хэрэг байх л даа.

Эзэн Чингэс хааны санаачилж нэвтрүүлсэн төрийн элчийн алтан гэрэгэ гэж юм байна.  Хааны алтан гэрэгэ бүхий элчийг хэн ч саатуулах эрхгүй хэмээн тунхаглаад зөрчсөн этгээдтэй хатуу тооцоо боддог байж.  Ийм гэргэтэй элчийг төрийн “алтан аргамж” гэж нэрлэж байсан гэдэг. Судлаачид алтан төрөөсөө аргамжаагаар  уяатай элчийн тухай баримтыг “ Чингэс хаан анх удаа дипломат халдашгүй эрх дарх” гэдэг ойлголт бий болгож хэрэгжүүлсэн зүйл, Монголын эзэнт гүрнээс хүн төрөлхтөнд үлдээсэн гайхамшигт өвийн нэг хэмээн хэлдэг. 

Нэг л мэдэхэд алтан гэрэгэтэнгүүдийн орыг цаасан дипломтонгууд эзлэв.  Нэр нь юу яасны алтан аргамж вэ, ердөө л дипломат болсон ажгуу. Нэн шинэ эрт урьд цагт цаас ховор байсан нь үнэн боловч алт шиг үнэтэй байсангүй.  Нэг их хөрөнгө зарахгүйгээр өөртөө диплом бичиж аваад гараад өгөх боломж байсан хэрэг. Ингээд хувь этгээд өөрийнхөө дипломыг хүлээн зөвшөөрөх багадах, тэр ч бүү хэл эзэн хаан төр нь хүлээн зөвшөөрөх ч багадах тийм хэм хэмжээг бодож олжээ. Тэр нь юу вэ гэхээр диплом бүхий этгээдийг хүлээн авсан тал нь бүх эрх хэмжээг нь хүлээн зөвшөөрч байж сая бүрэн бүтэн “төрийн дипломон аргамж” болох нигууртай юм гэнэ.

 Манай улсаас “Х” улсад суух диплом бүхий төлөөлөгчийн агриймэнд нь нөгөө тал хариу өгөөд, жуух бичгийг хүлээн авснаар сая дипломат болоод халдашгүй эрх дарх нь бий болдог юм байна гэж дууллаа. Мань хүн тэндээсээ ийш тийшээ өөр улсаар дэмий тэнэвэл ердөө л диплом бүхий этгээд болох ажгуу. Гэхдээ манай  зарим дээд сургуулиудийн зарж байгаа бакалаврын диплом энээ тэрээг бодвол хүндтэй харагдах нь гарцаагүй. Нарийн яривал, харваас анх удаагаа госчоом өмсөж байгаа нь бүхий биен дээр нь илэрхий бичээстэй нөхөр дипломат паспорт өвөртөлчихсөн шигээ Солонгост харлахаар одож ч байсан, буцаж ч байсан гэгдэх бөлгөө.

Тухайн улсын төрийн албан хаагч гадаадын тодорхой оронд дипломат албанд томилогдвол дипломат паспорт өгдөг, хугацаа дуусаад харихаар нь хураан авдаг аж. Харин манайд дипломат ба дипломат паспортын асуудлыг журамлаагүйгээс Их хурлын  хүчинтэй, хүчингүй гишүүд, аймаг нийслэлийн засаг даргаас эхлээд зохих албаныхан мөн “зохих мөнгөтөн” ба “зохих танилтан” гээд 5000 орчим цэнхэр паспорттан явж байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ бол 500 гаруйхан төрийн албан хаагч нь дипломат паспорт эзэмшдэг Япон улсынхаас даруй 10 дахин олон гэсэн үг аж. Монголын гадаад харилцаа Японоос арав дахин илүү байх нь юу л бол.

Дипломатуудаа харилцан визээс чөлөөлдөг туршлага байдаг юм байна. Харамсалтай нь “Дипломат паспорттой иргэдээ харилцан визгүй зорчуулах” асуудлыг шийдэхэд бэлэн орнууд байдаг боловч дээр өгүүлсэн баримтаас болоод татгалзаад байдаг аж. Учир нь ийм гэрээ байгуулсны маргааш л монголчууд цөмөөрөө цэнхэр паспорт өвөртлөөд ирэхээс айж байгаа хэрэг.

Яван явсаар орчин үеийн дипломат харилцааны хэмжээг тодорхойлсон Венийн конвенцийг (1961) хүртэл зам туулсан гэргэтэн, дипломтонгууд юу эсийг үзээ аж. Эндээс харахад Англид суугаа, Хатан хаанаар нь хүлээн зөвшөөрөгдсөн Монголын дипломатчийг Лондонд саатуулбаас хууль бус явдал болох бөгөөд зөвхөн “пэрсон нон грата” хэмээгээд амьдаар нь, ямар ч гав гинжгүйгээр хөөж явуулах л боломжтой аж. Харин дипломат паспорт өвөрлөөд түүгээр явж байгаа гадаад хүн болбоос харьцангуй чанарлаг харагдах талтай боловч барих, саатуулахад цөхөх юмгүй болж таарч байна.

Хоёр. Шүүхийн өдрийн болон эчнээ анги


Үндэстэн дамнасан корпораци  гэж бий. Бизнес үндэстэн дамнаж болж байгаа хойно гэмт хэрэг ч үндэстэн дамнах боломжтой.  Их төлөв хүн төрөлхтөний эсрэг чиглэсэн, олон улс үндэстнийг хохироосон дайны гэмт хэрэгтнүүдийг олон улс дундаа шүүх байгуулан, шийтгэж иржээ.

    Ухаандаа Дэлхийн хоёрдугаар дайныг өдөөгчдийг шүүсэн Нюрнбэргийн, Токиогийн шүүх, өнөө ч ажиллаж байгаа Гаагын шүүх гэхчлэн. Гэмт этгээдийг биечлэн болон эчнээгээр шүүн ял оноодог практик бас эндээс гарсан. Манайхан “Муу хулгайчийг дайралдсан газар нь нармайг нь нээнэ” гэж ам алдаж байдгийн боловсон хэлбэр. Нюрнбэргийн шүүх  хүн төрөлхтөнийг аймаглан устгах бодлогыг удирдан явуулсан фашизмын толгой этгээдүүдээс олныг нь биечлэн шүүжээ. Бас зугатаж амжсан олон нацистыг “дайралдсан газар нь цаазаар авахаар” эчнээ ялласан байна. Дээр нь улс болгон өөр өөрийнхөө шүүхийг байгуулан бас ял цаазаа гаргажээ.

1960-аад оны эхээр Израйлын тагнуулчид  нацистын гэмт хэрэгтэн Адольф Эйхманыг  өмнөд Америкаас хулгайлан авчирч шүүсэн явдал байна. Тэгэхэд фашизмын хохирогч болсон олон орны шүүх түүнийг булаалдаж “ Манайд аваад ир. Наадахыг чинь бид эчнээ шүүгээд цааз оноосон. Одоо гүйцэтгэх үлдсэн” гээд булаалджээ. Израйлчууд “Хулгайлж авчирснаараа бид шүүнэ” гээд өгөөгүй юм билээ. Болдогсон бол нацистын гэмт хэрэгтнийг Нюрнбэргт Олон улсын шүүхээр нэг цаазлаад, дараа нь Англи, Франц гэхчлэн дамжуулаад ээлж дараалан “гүйцэтгэх” нь л дээ.

Эндээс үүдээд гэмт хэрэгтэн шилжүүлэх тухай асуудал гарч байна. Манайхан монгол хүн хаа нэгтэй хэрэг хийвэл “Та нар битгий дэмийр. Наадах чинь манай иргэн болохоор бид шийтгэнэ. Цаазаар авахдаа тулбал хөх толботой монгол хүнийхээ гарт үхүүлнэ” гээд аваад ирж болдог юм ойлгоод байна. Ойлгохоор барахгүй ингэхийг төрөөсөө шаардаад, нэхээд байгаа. Малчин ард айлын хотонд зүггүйтсэн хүүхдээ “Гэртээ аваачиж байгаад турсгыг нь хуулах юм, хуна” гээд чихдээд харьдаг шиг.

Гэтэл гэмт хэрэгтэн шилжүүлэх гэдэг нь бидний төсөөлснөөс нэлээн өөр бололтой юм аа. Жишээлэхэд, “А” улсын нутагт гэмт хэрэг хийсэн хүн “В” улсын нутагт чөлөөтэй явж байж болно.  Хэрвээ “А”, “В” хоёр улс гэмт хэрэгтэн шилжүүлэх гэрээтэй бол тэр этгээдийг бариад өгөх үүрэг хүлээдэг юм байна. Хэрвээ ийм гэрээгүй бол “май чи” гэж болно. АНУ ба Франц хоёр хоорондоо ийм гэрээгүй учраас Америкт байхдаа тусгүй юманд нэр холбогдсон найруулагч Роман Полонский айх юмгүйгээр Парист тайван амьдарч хэдэн арван жилийг өнгөрөөжээ. Мань эр “хууль хуучирч, үг өмхийрдэггүй” гэдэг үнэнийг огоорон ноднин Швейцарьт кинофестивальд ирээд баригдаж,   ачуулахаас наахнуур салсан нь ийм учиртай. Швейцарь, Америк хоёр тийм гэрээтэй байсан юмсанж.
Панамын удирдагч генерал Норьэга гэж байв. Олон улс дамжсан хар тамхины наймаачин учир америкчууд барьжээ. 1989 онд АНУ-ыг шүүхээс түүнд 40 жил хоригдох ял өгч.  Энэ зуур 1999 онд Парисын шүүх хуралдаад Францын нутаг дэвсгэрт мөнгө угаасан, мансууруулах бодис хууль бусаар хил давуулсан хэрэгт холбогдох Норьэгад 10 жил хорих,  мөнгөн торгууль ногдуулах эчнээ ял оноосон байна. Харин 2007 онд Майамигийн холбооны шүүх түүнийг Францад шилжүүлэн өгөх шийд гаргасан байна. Гэтэл 2010 оны дөрөвдүгээр сарын 27-нд Норьэгаг биечлэн хүлээн авсан Францын шүүх “Долоон жил хорьж, банкны дансанд байгаа мөнгийг нь хураах” ял өгчээ.

Харин төрөлх эх орных нь шүүх 1995 онд түүнийг улс төрийн аллагад буруутган 20 жил хорих ялыг эчнээгээр оноосон байна. Иймд Норьэга генерал Францад “алба” хааж дуусгаад Панамд шинээр эхлүүлэх бололтой.

Эндээс дараах логик харагдаж байна. Хэн нэгэн этгээд, гэмт хэрэгтэн шилжүүлэх гэрээтэй 10 орноор дамжиж, яахав дээ хоёр жил суугаад гарах хэмжээний ялтай хэрэг тарьж яваад нэгэнд нь баригдлаа гэж бодъё. Ийм тохиолдолд улс болгонд хоёр  жил суугаад, дараагийнхад нь шилжин яллагдаж цагаадана гэж бодоход 40 жил болж орох нь байна.

Манай тагнуулчийг барихаасаа өмнө эчнээгээр шүүж ял оноосон, одоо түүнийг жинхэнээр биечлэн шүүх, бас давж заалдуулах ажил хүлээж байгаа. Түүнийг буруутгаж буй  хуулийн зүйл анги 12-15 жил хорих заалттай юм байна гэсэн мэдээлэл өрнөдөөс дуулдаж байгаа. Шүүх түүнийг янз бүрийн шалтгаанаар өршөөж ч болно. Бас Франц, Герман хоёр улсын нутаг дээр “үндэстэн дамнуулан” хүн хулгайлсан учраас өөр газар бас шүүгдэх, магадгүй бас өршөөгдөх магадлалтай.

Дөрөв. Хууль ёсны ба хууль бус “тагнуул”

Хурцыг ярихаар тагнуул яриад, тагнуул ярихаар монгол хүн юм чинь Чингэс хаан руугаа л орж байна.

Тагнуулын ухааныг үндэслэхээ байг гэхэд туйлын амжилттай ашиглаж байсан хүн бол үнэхээр  Чингэс хаан мөн гэж судлаач нар хэлдэг. Зарим нь “бусдын нутгийн гүнд заншлах” буюу тагнах  турших арга ухааныг төгөлдөржүүлэн орчин үеийн маяг оруулсан үндэстэн бол монголчууд гэж нотолж ч ярьдаг. Ямар ч байсан Чингэс хаан алив газар орныг хэрэн хэсэн явдаг худалдаачдын яриаг сонирхон чагнадаг хүн байж. Их хаан бээр алс холоос  яваа худалдааны хүнийг биечлэн хүлээж авч хууч хөөрнө. Ер нь одоог болтол  малчин монголчуудад хадгалагдаж байгаа мэдээлэл цуглуулах, боловсруулах арга л даа. Малчин хүн алдуул малаа эрэхээр гарахдаа уул талаар тэнэхийн оронд олон  хүн цугласан найр наадмын газраар хэсч “ийм тийм зүсмийн мал харав уу” гэж сурагладаг хэвээрээ л байгаа. Чингэс хаан эхэндээ хол ойроос ирэгсдийн үгийг сонсдог байснаа сүүлдээ тэднийг хол ойр газар одуулдаг болжээ. 

Тагнуулын тухай ярих гэхээр Эдгар Хүүвэр гээчийн тухай ярих болдог аж. Энэ нөхөр Холбооны мөрдөх товчоог 1924 оноос аваад 1972 оныг хүртэл бараг хагас зуунд толгойлж, амьдаараа домог болсон эр. Коммунистуудын хавчиж хяхдаг талаараа манай системд ч хүндтэйгээр үзэн ядуулж байсан нэгэн. Түүнийг хууль зөрчдөг тухай яриа маш их гардаг байж. Гэвч амьдад нь яаж ч чадаагүй юм байж. Хожим түүний орыг авсан нөхөрт  “Хүүвэр шиг хууль зөрчиж болохгүй”  хэмээн захихын сацуу, хууль зөрчигч Хүүвэрийн хууль зөрчсөн баримтыг арвинаар олохыг даалгасан байна. Гэтэл ХМТ-ны шинэ дарга дараахь дүгнэлттэй иржээ. “Хууль зөрчихгүйгээр тагнуул хийх боломжгүй юм байна”

     Хэн санаачилж хөгжүүлснээс үл хамаараад хүн төрөлхтөн үнэхээр хууль ёсны тагнуул гээч юмтай учирсан удаа байсангүй.  Хэрвээ хууль ёсны тагнуул байна гэж үзвэл “Танай улсын ийм ийм нууцыг тагнаж мэдэх хэрэг гарлаа. Зөвшөөрөх ажааму” гэсэн жуух өргөсөөр очих нигууртай болно. Урдаас нь “Зүйтэй. Манай улсын нууц энэ болой” гээд хавтас дүүрэн бичиг барих учиртай болно. Амьдрал дээр ийм боломж үгүй.

Ингэхээр  наанадаж л аюулгүй байдлаа хангах үүднээс нэг гүрэн, нөгөөгийнхээ нуугаад байгаа юмыг мэдэх хэрэгцээ гарна. Бас бусдаас нуух юм ч гарна. Дайсагнах эзлэх, хожих бодлоготой юм бишгүй л байх нь лав. Ерөөсөө нууж байгаа болгонд дайсагнасан зорилго байх албагүй.  Нарийн яривал бид бие биенийхээ бодож санаж явдаг олон юмыг мэддэггүй тулдаа л нэгэндээ итгэж явах нь нэг бус. Улс гүрэн ч гэсэн тийм талтай.

Ингэхээр улс шиг улс байя гэвэл тагнуултай байхаас өөр замгүй. Гэхдээ тагнана гэдэг нь өөрөө ёс суртахуун, хууль ёсыг сөрсөн үйлдэл. Бусдын нууцад, дотоод хэрэгт увайгүйгээр орно гэдэг гэдэг муухай зүйл. Гэхдээ энэ муу муухай зүйлгүйгээр улс төр оршин тогтнож чаддаггүй нь бас гачлантай. Тэгэхээр тагнуулын ертөнцөд өөрийн гэсэн ганцхан заалттай хууль үйлчилж байдаг аж. Тэр нь “ тагнуулсан талдаа баригдваас  хууль бус бололтой” гэсэн зарчим ажгуу. Манай тагнуулчид баруун Европоос хүн хулгайлахдаа баригдсан болохоор “хууль бус” болж таарч байна. Хачирхалтай нь, тэндээ баригдаагүй атлаа эндээ ирээд өөрийнхөө талд илчлэгдсэн учраас тагнуулын дүрмийг “...мөн өөрийнхөндөө баригдвал  хууль бус”  гэсэн шинэ агуулгаар баяжуулж байгаа бололтой.

Баригдсан тагнуулыг  хууль зөрчсөн тагнуул гэдэг юм бол эцсийн хариуцлагыг хэн хүлээх вэ гэсэн асуудал гарч байна. Тагнуул цэвэр улстөрийн ажил ажиллагаа юм. Тийм болохоор тагнуул зохион байгуулах  шийдвэр гаргасан улс төрч эцсийн дүндээ хариуцлага хүлээдэг юм байна. Ингэхээр барууны хуульчдын цаад зорилго нь монголын тагнуулын ажилтан Б.Хурц нарыг шийтгэхдээ биш, түүгээр дамжуулан Шингений орнуудын нутгаас хүн хулгайлж авчрах улс төрийн шийдэл гаргагчийг олох, улмаар шийдвэр гаргагчийг өөрийг нь шүүхийн өмнө аваачих эцсийн зорилготой гэж байна.