-Манай үе үеийн Ерөнхий эрчим зүйчид, станцынхны  мөрөөдөл биеллээ. Танд баяр хүргэе. Урьд нь яагаад станцыг өргөтгөдөггүй байсан юм бол?

-Баярлалаа. Их сайхан байна. Манай Дулааны цахилгаан станц 1976 онд ашиглалтад  орж, Эрдэнэт хот болон “Эрдэнэт” үйлдвэрийг дулааны эрчим хүчээр хангаж эхэлсэн. Тухайн үед манай үйлдвэр  технологитоо уур их хэрэглэдэг байсан юм. 1985 онд Эрдэнэт хотод Дулааны цахилгаан станц баригдсан. Мөн  “Эрдэнэт” үйлдвэр уургүй технологит шилжин, уурын хэрэглээ 10 дахин багассан. Иймд манай станц  үйлдвэрийн дүүргийн халуун ус, халаалт, бага зэргийн уур  нийлүүлж, өвөлдөө хоёр зуух, зундаа ганц зуух бүтэн ажиллаж чадахгүй шахам байсан. Ажилчдаа зун тараагаад өвөл цуглуулдаг, үр ашиггүй болсон. Энэ байдлыг урьдчилж хараад үе үеийн “энергетикүүд” станцынхаа зуухны хүчин чадлыг бүрэн ашиглах  мөрөөдөлтэй явсан. Анхны “энергетик” Л.Хөхөө гуай энэ талаар их зүтгэсэн. Олон удаа зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлсэн ч бүтээгүй. “Эрдэнэт” үйлдвэр тухайн үед дангаараа Монголын эрчим хүчний дөрөвний нэгийг нь хэрэглэдэг байсан.  Энэ том хэрэглэгч их  эрчим хүч үйлдвэрлээд эхэлбэл борлуулалтаа алдана гэсэн болгоомжлол эрчим хүчнийхний дунд байсан. Иймэрхүү шалтгаанаар 20-иод жил дамжин яригдсан түүхтэй. Миний “энергетик”-ээр ажиллаж буй энэ цаг үед тохироо бүрдэж, мөрөөдөл биеллээ. Манай улсын эрчим хүчний хэрэглээ ихсэж, гадаадаас өндөр үнэтэй цахилгаан эрчим хүч худалдаж авдаг болсон. Мөн  үйлдвэрийн маань хүчин чадал нэмэгдсэнээр өсөн нэмэгдэж буй хэрэглээгээ хангах шаардлага гарсан. Эрчим хүчний үнэ тариф байнга өсч байгаа. Манай үйлдвэрийн хамгийн том хоёр зардлын нэг нь эрчим хүчнийх. Үүнийг бууруулах хэрэгтэй гээд л бид зүтгэсэн. Дөрвөн жилийн өмнөөс техник эдийн засгийн үндэслэлээ бичиж, яам, шинжлэх ухаан техникийн зөвлөлийн хурлаар оруулж, тусгай зөвшөөрөл зэргийг авч, үйлдвэрийн удирдлага, станцын хамт олонтойгоо хамтран  энэ их ажлын ард  гарлаа.


-Төслийн хүрээнд та бүхний зүгээс ямар ажил зохион байгуулав?

-Олон улсын тендер зарлаж, Зөвлөлийн хурлын шийдвэр гаргуулсан. Араб, Герман, Чех, Орос, Хятад, Монгол улсын 16 компанийн тендерийн материал авсан. Эцсийн дүнд саналаа ирүүлсэн долоон компаниас Хятадын Харбин электрик интернэйшнл компанийг сонгосон. Энэ компани үнийн хувьд хямд, гадаадын  52 төсөлд оролцсон туршлагатай. “Харбин электрик интернэйшнл” компани их сайн ажиллалаа. Захиалагч бидний шаардлагыг хүлээн авч дор бүр нь биелүүлж, бидэнтэй нягт уялдаатай ажилласан. Ингээд 18 сард гүйцэтгэх ажлыг хугацаанаас нь хоёр сарын өмнө дуусгасан. Улсын болон техникийн комиссын ажиллагаа бараг гурван сар үргэлжилсэн. 


-Төслийн ажлын хэсэг хэр цар хүрээтэй ажил гүйцэтгэсэн бэ?

-Үйлдвэрээс томилогдсон манай ажлын хэсэгт  хөдөлмөрч, шаргуу, хүчирхэг мэргэжилтнүүд ажилласан. Төслийн хүрээнд  үндэслэл, тооцоо, техникийн бичиг баримт, ашиглалтын болон техникийн заавар гэхчилэн 32700 орчим хуудас бичиг баримт үйлдсэн. Бичиг баримт  эхэндээ монгол, орос, хятад хэлээр, сүүлдээ монгол, хятад хэлээр бичигдсэн. Яам тамгын газарт орчуулан сийрүүлж хүргүүлсэн. Манайхан бүхэл бүтэн инстутитийн ажил хийсэн. Хятадын компанийн хийсэн зураг төслийг Монгол улсын зураг төслийн экспертизээр оруулах  ажлыг “Мон энержи консальт” компани хийж, манай Төслийн менежментийн хэлтсийнхэн бас оролцсон. Техникийн хяналтыг Эрчим хүчний хөгжлийн төвөөр хийлгэсэн. Энэ бүх ажилд бид хамтарч, тэдний зөвлөмжийн дагуу ажилласан. 


-Төслийн чансааг хэрхэн үнэлж байна?

-Манай төсөл ерөнхийдөө их сайн түвшинд буюу Монгол улсын хуулийн хүрээнд хийгдсэн. Энэ хавар Эрдэнэтэд болсон Эрчим хүчний зөвлөлгөөнд оролцогчид манай өргөтгөлтэй танилцаад Монгол улсад үлгэр жишээ болохуйц төсөл гэж үнэлсэн.  Монгол улсад суугаа Хятадын Элчин сайд төсөлтэй танилцах үеэрээ “Үүнийг ашигтай  хийх гэж зориогүй. Монголд хийж буй ажлын загвар төсөл маягаар хийж байгаа” гэсэн. Төслийн үр дүнд  манайх Монгол улсын хэмжээнд хүчин чадлаараа гуравт орох Дулааны цахилгаан станцтай боллоо. Бид үүгээрээ бахархаж байна. Цаашдаа бид станцынхаа хүчин чадлыг сайн авахуулж, үйлдвэрлэлээ өндөр хэмжээнд явуулж чадвал чамгүй үр ашиг гарна.  Ер нь хөрөнгө оруулалтын зардлаа богино хугацаанд нөхөх үр ашигтай төсөл. Мэдээж эхний жилд  техник тоног төхөөрөмжөө зүгшрүүлэх гээд ажил их бий.  Боловсон хүчин бэлтгэх тал дээр нилээн анхаарал хандуулж давхардсан тоогоор 176 хүн сургасан. Энэ төсөл маань “Эрдэнэт” үйлдвэрийн Хаалт хөгжлийн  менежменттэй уялдаж байгаа. Нийгмийн утгаараа ч сайхан үйл болсон. Олон хүн ажилтай, орлоготой болж байна. Энэ станц хамгийн багадаа 50 жил ажиллах юм. 


-Төсөлд сэтгэл гарган үр дүнтэй ажилласан хүмүүсийг дурьдвал?

-Энэхүү төсөлд оролцсон хүн бүр гар, сэтгэл нийлж ажилласан. Үйлдвэрийн үе үеийн удирдлагууд  дэмжиж ирсэн. Төслийг Засгийн газрын түвшинд танилцуулах, зөвшилцөх, зохицуулах ажилд Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн хувь нэмэр их байсан. Тэгээд Ц.Даваацэрэн захирал, орлогч захирлууд Д.Даваасамбуу, Б.Болдбаатар, төслийн зөвлөх Д.Батчулуун, Дулааны цахилгаан станцын Г.Мөнх-Эрдэнэ даргатай хамт олон, төслийн нарийн бичиг С.Буяндэлгэр, барилгын инженер Д.Баярмаа нарыг онцгойлон хэлэх байна.

 

 

Я.ЭНХТУЯА