Өнгөрөгч долоо хоногийн гол дуулианы эзэн С.Баярцогтод 8,2 сая ам.доллараар хөрөнгө оруулсан Монголын бизнесмэн хэн байв? С.Баярцогт өөрөө энэ хүний нэрийг нууцалсан боловч хувьцааны бизнес хийхээр түүнээс мөнгө зээлсэн гэдгээ хэлсэн. Мөн тэр бол Монголын нэртэй бизнесмэн, олны танил эрхэм гэдгийг тодотгоод хэргийн мөрдөн шалгалт дууссаны дараа нэрийг нь хэлнэ гэсэн билээ.

Харин албан бус мэдээллээр энэ “нууц ноёнтон” нь “Дорнын говь”-ийн Б.Дэлгэрсайхан юм байна. Олон нийтийн өмнө төдийлөн гардаггүй ч орон нутагтаа болон улс төр, бизнесийн хүрээнийхэн дотор алдартай нэгэн. Хөрөнгө чинээгээрээ Монголын толгой баячуудын тоонд ордог.  

Махны наймаагаар бизнесээ эхэлсэн энэ эр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд Хятадуудтай хамтарч "Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийг үүсгэн байгуулж, хувийн хэвш­лийнхнээс анх удаагаа өөрсдийн хөрөн­гөөр төмөр зам тавьсан, зүтгүүр болон ачааны вагонуудыг оруулж ирсэн. Түүнчлэн өмнө нь оффшорт данстай Монголын бизнесмэнүүдийн дунд нэр дурьдагдаж байсан. Харин олон нийт түүнийг "Aqua fitness”-ийн Укагийн нөхөр гэдгээр нь санаж магадгүй юм. Эхнэр хүүхдээ орхиж, өөрөөсөө 20 насаар дүү "Усны гүнж”-тэй дэр нэгтгэсэн хэмээн дуулиан тарьж байсан ч тэдний амьдрал удаан үргэлжлээгүй юм гэсэн.

Бизнест хөл тавихын өмнө Дорноговь аймгийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, мөрдөн байцаах газрын тасгийн даргаар ажиллаж байсан. Түүний байгуулсан "Болдтөмөр Ерөө гол” компани төмрийн хүдрийг түүхийгээр нь Хятад руу гаргадаг, үүнээсээ ихээхэн ашиг олдог. Сэлэнгэ аймгийн Ерөө суман дахь төмрийн ордоос өөрсдийн барьсан төмөр замаар төмрийн хүдэр тээвэрлэн БНХАУ руу гаргадаг. Ингэх явцдаа вагоны даацын хэмжээг багасган гаальд мэдүүлж, онц их хэмжээний татвараас зайлсхийсэн гэх хэрэг мандаж, “Ганц худаг” буюу цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан ч тэр хэрэг тэгсгээд замхарсан.

2016 оны сонгуулиар Дорноговь аймгаас нэр дэвших юм болж нутгийн иргэдэд "iphone" гар утас тараасан, сар шинээр ахмадуудтай нь 20.000 төгрөг, хадаг, сүүтэй бэлэглэж бийлэгжүү загнасан тухай шуугиж байв. Түүний буянаар Сайншандчууд нэг цэцэрлэг, 50 ортой хүүхдийн эмнэлэг, Замын-Үүд сум бас нэг цэцэрлэгтэй үлдсэн байх.

Харин оффшор дансны тухайд 2005 оны есдүгээр сард оффшор бүсэд данс нээлгэж, "Eiffel View Universal Holdings" гэх нэрээр бүртгэлтэй Борхүүгийн Дэлгэрсайхан гэх Монгол Улсын иргэн бүртгүүлжээ. Тэрээр 2005, 2008 онд оффшорт данс нээлгэж, бүртгүүлсэн байна. Түүний талаарх интернэт хайлтын үр дүн нэг иймэрхүү.

С.Баярцогттой яагаад холбогдов?

“Ройтерс” агентлагийн мэдээлснээр (МОНЦАМЭ агентлаг бүрэн эхээр нь орчуулж тавьсныг   үзнэ үү) Швейцарийн дээд шүүх Рио Тинто корпорацид Оюутолгой төслийг байгуулахад ажилласан Монгол Улсын Сангийн сайд асан С.Баярцогттой холбоотой авлигын хэргийг хэлэлцээд, Швейцарийн банкин дахь түүний данснуудын үлдэгдэл 1.85 сая ам.долларыг битүүмжлэх шийдвэр гаргасан байна.

Швейцарийн Прокурорын ерөнхий газар Монгол Улсын Сангийн сайд асан С.Баярцогтыг дээрх битүүмжилсэн данснуудын аль нэгээр дамжуулан 10 сая ам.доллар шилжүүлэн авсныг тогтоосон байна. АТГ Англи-Австралийн уул уурхайн корпораци Рио Тинтогийн Өмнөговь аймагт хэрэгжүүлж буй Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан С.Баярцогтыг авлигын хэргээр шалгаж байгаа. Швейцарийн Дээд шүүхийн тогтоолд Рио Тинто Оюутолгой төслийн хүрээнд 5.3 тэрбум ам.долларын өртөг бүхий гүний уурхайн бүтээн байгуулалт явуулж буй тухай дурдсан боловч Рио Тинтог ямар нэгэн байдлаар буруутгаагүй байна. Швейцарийн Прокурорын ерөнхий газар С.Баярцогтын авлигын хэрэгтэй холбоотой мөрдөн байцаалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан бөгөөд Рио Тинто корпорацийн төлөөлөгч ч мөн адил тайлбар өгөхөөс татгалзжээ... гэсэн байна.

Пүрэв гаригт “Нэг цонх” клубын залуучууд энэ мэдээллийг дэлгэрүүлж, Швейцарийн шүүхээс ирүүлсэн тайлбарыг танилцуулахдаа “2016 оны наймдугаар сарын 18-нд БНХАУ-ын иргэн "А"-ийн "С" компанийн дансанд орсон нийт 45 сая долларын гүйлгээг мөнгө угаасан, авлигал өгсөн гэж сэжиглэж Швейцар улсын ерөнхий прокурорын газраас хэрэг үүсгэсэн. Швейцарийн шүүхээс БНХАУ-ын иргэн "А"-г мөнгө угаасан гэж үзэн 2016 оны арваннэгдүгээр сарын 9-нд түүний эзэмшлийн дансуудыг царцаасан. БНХАУ-ын иргэн "А" нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалдсан. БНХАУ-ын иргэн А-ийн данснаас 2008 ны есдүгээр сарын 30-ны өдөр С.Баярцогтын "Legend Plus Capital Limited" компанийн данс руу 8.2 сая евро шилжүүлсэн” гэв.

Харин шүүхийн тайлбар яаж “Нэг цонх” клубын залуусын гарт орсон хийгээд Б.Дэлгэрсайханы нэр яагаад дурьдагдалгүй үлдсэн шалтгаан тодорхойгүй.

Гэвч албан бус эх сурвалжийн мэдээлснээр БНХАУ-ын иргэн А-ийн дансанд орсон 45 сая ам.доллар “Дорнын говь”-ийн Б.Дэлгэрсайханы мөнгө бөгөөд С.Баярцогтод 10 сая ам.долларын (8,2 сая евро) хөрөнгө оруулсан хүн нь Б.Дэлгэрсайхан юм байна. С.Баярцогтын дансанд мөнгө шилжиж орсон үе нь Оюутолгойн гэрээг байгуулахаас нэг жилийн өмнө боловч С.Баярцогтын Сангийн сайдаар ажиллаж эхэлсэн үетэй давхацдаг. Оюутолгойн гэрээг УИХ-аар хэлэлцэж байх үед манай улстөрчид уг гэрээг эсэргүүцсэн мэдэгдэл хийх бүрд хөрөнгийн бирж дээр “Айвенхо Майнз”-ийн хувьцааны ханш унадаг, тэр үед нь манайхан бага багаар хувьцаа худалдаж авдаг байсан тухай ч ам дамжсан яриа бий. Харин С.Баярцогтын хувьд хувьцаа худалдаж аваагүй учраас үүнтэй холбоотой гэх нотолгоо байхгүй юм.

С.Баярцогтын гэх “авлигын” хэрэг нээгдсэн түүх

Хамгийн гол асуулт. 2008 онд болсон энэ явдал Швейцарийн прокурорын анхааралд яагаад өртөх болов?

Үүнд өгөх баталгаатай хариулт байхгүй ч 2016 оны сонгуулийн өмнө Ш.Отгонбилэг агсны хүү О.Содбилэгийг Эрдэнэтээс нэр дэвшсэний дараа өрсөлдөгчдийнх нь зүгээс “С.Зориг агсны хэрэгт Ш.Отгонбилэг агсан холбоотой” гэх мэдээллийг цацахаар бэлтгээд байж. Харин Ч.Содбилэг нь үүний эсрэг С.Баярцогтын гэх “авлигын” хэргийг дэлгэхээр бэлтгэсэн байна. Манайхаас Швейцарийн банк руу явуулсан сайн дурын эрэн сурвалжлах багийг ч бас О.Содбилэг гишүүн санхүүжүүлсэн гэх мэдээлэл байна. Улс төрийн өндөр түвшний хов жив гэх үү дээ.

Эрэн сурвалжлах багтай хамтарсан Швейцарийн өмгөөлөгч ч бас Ч.Содбилэгийн гадаад түншүүдийн нэг байсан бололтой. Тэр нь Швейцарийн хэвлэлүүдэд гарах мэдээллийг хариуцдаг байж. Гэвч 2016 оны сонгуулиар О.Содбилэгийн өрсөлдөгчид С.Зориг агсны хэргийг сөхөлгүй өнгөрсөн тул С.Баярцогтын “авлигын” хэрэг ч түүний хувьд үнэ цэнэгүй болсон бололтой. Харин жилийн дараа Ерөнхийлөгчийн сонгууль болоход Х.Баттулга нар үүнийг гол хөзрөө болгосныг бид мэднэ. Аманд орсон шар тосыг хэлээр түлхдэг хэн байх билээ. Энэ хэрэг шүүхээр шийдвэрлэгдээгүй байхад АН-ын дарга С.Эрдэнэ, генсек О.Магнай нар яаран хэвлэлийн бага хурал зарлаж, С.Баярцогтыг намаас хөөсөн тухай шийдвэрээ танилцуулсан шалтгаан ч бас энэ. Нэг ёсондоо С.Эрдэнэ энэ хэргээр далимдуулан нам дотроо цэвэрлэгээ хийж, бусад фракциудаа нам дарж авах бололтой юм.  


2018.03.26
inews.mn