Хүүхдийн хорт хавдартай тэмцэх олон улсын өдрийг дэлхийн даяар тэмдэглэн өнгөрүүлэв. Монгол Улс ч дутсангүй. Долоон жилийн өмнөөс тэмдэглэн өнгөрүүлж эхэлсэн гэнэ. Ингэхдээ хавдрыг даван туулсан хүүхдүүдэд “Эрэлхэг баатар” алтан медаль гардуулдгийг нийтээрээ, нийгмээрээ мэдэж авцгаав, Эрүүл мэндийн сайдын тусламжтайгаар... Сайдын оролцсон арга хэмжээний тухай мэдээлэл хэвлэлийн хуудсаар түгэхтэй зэрэгцэн Төв телевизийн "Цагийн хүрд"-ийн зочноор энэ салбараас улстөрч болсон эрхэм УИХ-ын гишүүний хувиар ярилцлага өгч таарав. Хавдартай тэмцэх олон улсын өдөр учраас сайд, УИХ-ын гишүүн хоёрын хоршил нь тэгж таарсан нь мэдээж. "Хавдар судлалын үндэсний төвийн шинэ барилгын ажлыг эхлүүлнэ" ээ л гэж байна. Лав хувийн хэвшлийн төлөөлөл хөрөнгө хүчээ хаяад хэдхэн жилийн хугацаанд Хавдар судлалын үндэсний төвийн бөөрөнд Япон стандарт, загвараар шинээр эмнэлэг барьчихсан л юм. Төр хийх гээд бардаггүй, барахыг ч хүсдэггүй эмнэлгийг жирийн нэг хувийн хэвшил нь үлгэрлэж, үзүүлсэн нь нэг талаар алга ташмаар, нөгөөтэйгүүр хийхээ хүрвэл богинохон хугацаанд барьж болдгийг харуулсан бодит кэйс.

1998 оноос хавдартай тэмцэх ажилд хүчин зүтгэж, басчхүү манайдаа мэргэшсэн толгой эмч нарын тэргүүн эгнээнд зүй ёсоор багтдаг тэрбээр гурван жил хууль тогтоогчоор ажиллаж, толгойгоо чилээхдээ сая л шинээр эмнэлэг барих ёстойг ухаарч, ойлгосон нь энэ. "Бүх Монголоо эмчилнэ" уриаг сонгуулийн тугаа болгож, Баянзүрх дүүргээс торойлгүй гарч ирсэн түүний Зөвлөх нь зөвхөн өөхтэй, тарган, бас хурдан адууны мах иддэгээ гайхаж, гайхуулж явдгаараа нийгмийн сүлжээнд эчнээ танил. Адууны гэлтгүй аливаа махыг өөхтэй, өөхгүй гэж ялгахаас "хурдан" гэх сорт байдгийг хэлж мэдэхгүй. Бодвол мань гишүүний Зөвлөх арай дээд зэргийн хэрэглээгээ олон нийтэд ийн таниулдаг байх. Гэхдээ энэ асуудлын гол биш.

Гагцхүү жил бүр тохиодог олон улсын тэмдэглэлт өдрөөр сайд нь, эсвэл УИХ-ын гишүүн нь гэнэт аврагчийн дүрээр гарч ирдэг, төлөөлсөн салбарынхаа зовлонг өнгөтөөр ярьдаг, бусад үед нь бүлх залгисан юм шиг дуугүй явдаг байдалтай бид хэдий болтол эвлэрээд, хүлээн зөвшөөрөөд явах вэ? Ганцхан жишээ дурдахад 2021 онд 115 хүүхдэд хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгджээ. Дахин тодотгоё, зөвхөн 2021 онд. Өвчлөлийн бүтцэд лейкеми 37 хувь, тархи мэдрэлийн 15 хувь, яс мөгөөрсний 6 хувь, ХБЛ 3 хувь, өндгөвчний хорт хавдар 3 хувийг эзэлжээ. Хамгийн харамсалтай нь, ганцхан жилийн хугацаанд буюу өнгөрсөн онд 55 хүүхэд хорт хавдраар нас баржээ. Өдгөө 460 орчим хүүхэд хорт хавдрын улмаас хяналтад байгаа аж. Албан мэдээнд дурдсанаар 2022 онд ЭХЭМҮТ-д 0-19 насны 89 хүүхэд шинээр хорт хавдраар оношлогдон эмчлүүлж байна.

Хүн амынхаа тоотой харьцуулахад хорт хавдраар оношлогдсон хүүхэд бага санагдаж болох ч жил ирэх тусам нэмэгдэж, шинээр бүртгэгдэх болсон нь өөрөө асуудал. Аюулын харанга дэлдэх шалтгаан. Агаар хөрсний бохирдол нь хяналтаас гарч, хариуцах эзэнгүй болтлоо гүлдийсэн Монголд, нийслэлд энэ тоо жил бүр өснө үү? гэхээс буурахгүй! Тийм байхад сайд нь хорт хавдартай хүүхдэд медаль зүүж өгснөөрөө алга ташиулдаг, тэрийгээ өмөөрүүлдэг, УИХ-ын гишүүн нь бүрэн эрхийнхээ дөрөвний гурав нь дундаа орж байхад шинээр эмнэлэг барих тухай ярьж суугаа нь өөрөө эмгэнэл. Угтаа бол тэмдэглэлт өдөр гэлтгүй өдөр бүхэн, цаг тутамд салбарын сайдаас, төрд төлөөлж суугаа УИХ-ын гишүүдэд аливаа асуудлыг шийдэхийг сануулж, шахаж, шаардах ёстой юм. Өвдөөд очиход эмнэлэг нь хүртээмжтэй байлгахыг, эдийн засаг санхүү талаасаа боломж бололцоотой болгохыг, адаглаад бусдаас хандив гуйх хэмжээнд хүртлээ аргаа бардаггүй байх тийм эрх зүйн орчныг бүрдүүлэхийг нэхэх л учиртай юм.

Хорт хавдар гэдэг нийгмийн нэгээхэн хэсгийн зовлон биш ээ!. Энэ салбарын бодлого, энэ чиглэлийн хууль тогтоомжийн харилцан уялдаагүй байдал олон жилийн турш угжирч ирсний тусгал бас ХОРТ ХАВДАР нь. Үүнийг дорвитойгоор, зоригтойгоор, системтэйгээр хамгийн гол нь улстөрчид өөрсдийн сэтгэхүйгээ өөрчлөхгүйгээр бахь байдгаараа л явна. Дахиад хэдэн аравныг туулна. Сайдын алба гэдэг эмнэлгийн хүртээмжийг сайжруулахаас эхлээд бодлого боловсруулдаг, боловсон хүчнийхээ нөөцийг чанарлуулах, урьдчилан сэргийлэх гол үндэс болсон анхан шатны тусламжийг олшруулах, олон болгох тухай ярьдаг, түүндээ бат зогсдог болохоос медаль гардуулаад явахын нэр биш гэсэн үг.

Хорт хавдраар өвчилсөн хүний зовлонг хорт хавдартай хүн л мэднэ. Хүүхдээ алдсан хүний зовлонг хүүхдээ алдсан хүн л мэднэ. Эцсийн мөч хүртэл дэргэд нь дэмнэж, шаналж, сэтгэлийнхээ гүнд бага ч атугай найдвар тээсэн эцэг, эх, ар гэрийнхэн л хамгийн сайн гадарлана. Хорт хавдартай хүнд, ялангуяа хүүхдэд сэтгэлийн дэм өгч, итгэл найдвар төрүүлэх нь мэдээж чухал. Хамгийн чухал нь. Эм, тарианаас илүү ч эмчилгээ болдог талтай. Үүнтэй хэн ч маргахгүй. Гагцхүү өвчилснийх нь дараа биш өвчлөхөөс нь урьдчилан сэргийлэх гол бодлогыг зангидах ёстой салбарын сайд нь "өвчнөө даван туулсан" гэх үзүүлэлтээр хүүхдүүдэд медаль гардуулж зогссон нь эгдүүцэл төрүүлээд байгаа хэрэг. Ядаж л агаарын бохирдолтой улиралд цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдэд аяга сүү уулгах санаачилгыг Эрүүл мэндийн сайд нь өөрөө гаргаж, ажил хэрэг болгох тал руу нь явбал том буян нь тэр. Эдгэрэх хувь дутсан ч эмнэлгийн орон дээр хорт хавдартайгаа тэмцсээр эцсийн мөчид амьсгал хураасан ХҮҮХЭД БҮХЭН БААТАР юм шүү! Монголчууд цөөхүүлээ, ердөө 3.2 саяулаа. Бидэнд нэг хүний амь нас ч үнэ цэнэтэй! 

UZEG.INFO