Фэн Южинь

ОРОС, УКРАИН, НҮБ, ЕВРОП ба ХЯТАД

Бээжингийн Их сургуулийн профессор Фэн Южинийн Экономист сэтгүүлд тавьсан, нэлээд анхаарал татсан өгүүллийг орчууллаа. Яагаад энэ товч авсаархан өгүүлэл тэгтлээ анхаарал татах болов? Бээжингийн эрх баригчдын Орос руу хандаж шууд зарладаггүй үгийг энэ профессор ил тодоор барууны нэртэй хэвлэлд улайм цайм хэлчихэв үү? Яагаад тэрээр өрнөдийн мэдээллийн хэрэгслэлтэй ам өрсөлдөн Оросын түрэмгийллийг ил тодоор шүүмжлэх болов? ХКН-ын Оросын талаар баримталж байгаа цаад бодлогыг энэ нэр хүндтэй профессороор хэлүүлсэн юм болов уу?

Орос, Украины хоорондох дайн нь тус хоёр орны аль алинд нь гамшиг болсон. Аль ч тал нөгөөгөөсөө илт давуу биш, тэгээд ч улс төрийн байр суурь нь тэс зөрүүтэй болохоор тулаан удахгүй дуусна гэх магадлал үгүй. Гэсэн хэдий ч нэг зүйл тодорхой байна, юу гэвэл хүйтэн дайны дараах энэ мөргөлдөөн нь удаан үргэлжилж, дэлхий дахинд гүн гүнзгий, нөлөө үзүүлэх болно.

Дайны явц үндсэн дөрвөн хүчин зүйлтэй. Эхнийх нь украинчуудын үзүүлж буй эсэргүүцэл, үндэсний эв нэгдлийн түвшин юм. Энэ нь харсаар байтал өнөөг хүртэл ер бусын хүчин зүйл. Хоёр дахь нь Украинд үзүүлж буй олон улсын дэмжлэг. Сүүлийн үед тус улсын хүлээлтээс бага байгаа ч өргөн цар хүрээтэй хэвээр байна.

Гурав дахь хүчин зүйл бол орчин үеийн дайны мөн чанар. Үйлдвэрлэлийн хүч чадал, командлал, хяналт, харилцаа холбоо, тагнуулын системийг хослуулсан өрсөлдөөн юм. Гэтэл Орос улс энэ дайнд бүтэлгүйтэж буй нэг шалтгаан нь ЗХУ задарсны дараа үйлдвэржилт нь унасан нөхцөл байдлаасаа гарч амжаагүй байгаа явдал.

Сүүлчийн хүчин зүйл нь мэдээлэл. Шийдвэр гаргах тухайд Путин засгийн эрхэнд хэт удсанаас болж шинэ сэргэг мэдээллийн хомсдолын занганд орсон. ОХУ-ын Ерөнхийлөгч болон түүний үндэсний аюулгүй байдлын багийнхан үнэн зөв тагнуулын мэдээлэл авах боломжгүй болжээ. Тэдний ажиллаж буй систем нь алдааг засах үр дүнтэй механизмгүй. Гэтэл украинчууд илүү уян хатан, үр дүнтэй ажиллаж байна.

Эдгээр дөрвөн хүчин зүйл нийлээд Оросыг ялагдал хүлээхээс өөр аргагүй байдалд оруулсан. Тэд цаг хугацаа өнгөрөхөд Крым болон Украины бусад эзлэгдсэн бүх нутаг дэвсгэрээс цэргээ татахаас өөр аргагүй болно. Цөмийн хүчин чадал нь амжилт олох баталгаа биш. Цөмийн зэвсэгтэй АНУ нь Солонгос, Вьетнам, Афганистанаас гараагүй гэж үү?

Хэдийгээр дайн Украинд асар их гамшиг учруулсан ч тэдний эсэргүүцлийн хүч чадал, нэгдмэл байдал нь Оросыг цэргийн хувьд ялагдашгүй гэсэн домгийг нураалаа. Харин Украин үнс нурамнаас босож өндийнө. Тэд дайн дуусахад Европын холбоо, НАТО-д элсэх боломжоо тэсэн ядан хүлээж чадна.

Энэ дайн Оросын хувьд сөрөг эргэлт. Путины дэглэмийг олон улсын тусгаарлалтад орууллаа. Мөн тэрээр Вагнер бүлэглэлийн хөлсний цэргүүдийн бослого үймээн, Белгород дахь эвгүй байдал зэргээс авахуулаад Оросын хэд хэдэн бүс нутагт гарсан угсаатны зөрчилдөөн, саяхан Москвад болсон террорист халдлага мэтийн дотоодын улс төрийн хүнд хэцүү дараалсан үйл явдлуудыг даван туулахаас аргагүй байдалд хүрсэн. Эдгээр нь Орост улс төрийн эрсдэл маш хурц байгааг харуулж байна. Хэдийгээр Путин саяхан улиран сонгогдсон ч санаанд оромгүй гэнэтийн хүнд асуудалтай байнга тулгарсаар.

Путины өмнө тулгараад байгаа олон эрсдэл дээр нэмээд хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан өнөөгийн тусгаар тогтносон улсуудыг улам сэрэмжлүүлэн түгшээхэд хүргэлээ. Энэ дайн удахгүй өөрсдийнх нь тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд заналхийлэх болно гэж тэд ойлгох болсон. ОХУ дайнд ялалт байгуулах боломжгүй гэдгийг улам бүр ойлгох болсон эдгээр улсууд Оросоос аль болох бага хамааралтай эдийн засаг, хөгжлийн бодлого хэрэгжүүлэхээс эхлээд тэнцвэртэй гадаад бодлого явуулах хүртэл янз бүрийн аргаар Москвагаас улам хөндийрч байна. Үр дүнд нь ОХУ-ын санаачлан хэрэгжүүлэх гэж зүтгээд байгаа Евразийн интегралчлал улам бүдгэрлээ.

Үүний зэрэгцээ Оросын цэргийн түрэмгийлэл нь тивийн аюулгүй байдал, олон улсын дэг журамд учруулж буй асар том аюул заналхийлэл болохыг ойлгуулан европчуудыг сэрээлээ. Европын олон улс орон Путины Оросын талаарх хуурмаг ойлголтоосоо салав.

Зэрэгцээд энэ дайн нь Францын ерөнхийлөгч Эммануэл Макроны "тархины үхжил" гэж нэрлэсэн НАТО-ын нойрмоглолыг сэрээв. НАТО-гийн ихэнх орнууд цэргийн зардлаа нэмэгдүүлснээр тус эвсэл зүүн Европ дахь цэргийн ажиллагаагаа ихээхэн идэвхижүүлэв. НАТО-г өргөжүүлэхээс сэргийлэн дайн хийж байна гэж Путин тайлбарладагч, харин ч энэ эвсэлд Швед, Финланд улсууд шинээр элссэн нь юу харуулж байна?

Дайн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн бүтцийг өөрчлөхөд ч хүргэж болох. Байнгын гишүүдийн зарим нь хориг тавих эрхээ урвуулан ашигласны улмаас тус байгууллага дэлхийн энх тайван, бүс нутгийн аюулгүй байдлыг сахин хамгаалах үүргээ үр дүнтэй хэрэгжүүлж чадахгүй байгааг онцолж байна. Энэ нь олон улсын хамтын нийгэмлэгийг бухимдуулж, Аюулгүйн зөвлөлийн шинэчлэлийг хурдасгах боломжийг нэмэгдүүлсэн. Герман, Япон, Энэтхэг болон бусад улсууд байнгын гишүүн болж, одоогийн байнгын таван гишүүн хориг тавих онц эрхээ алдаж магадгүй юм. Шинэчлэл хийхгүй бол Аюулгүйн Зөвлөлийн энэхүү саажилт дэлхийг аюул руу улам хөтөлнө.

Хятадын Оростой тогтоосон харилцаа нэг мөр тодорхойлогдоогүй нь сүүлийн хоёр жилийн үйл явдалд нөлөөлсөөр байна. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Лавров дөнгөж сая Бээжинд айлчилж, Хятадын харгалзах сайдын хамтаар хоёр улс хоорондын нягт харилцааг дахин онцоллоо. Гэхдээ энэ аялал нь Оросын талаас жинхэнэ хайр дурлал гэхээсээ ганцаардаагүй шүү гэдгээ харуулах ээлжит дипломат оролдлого төдий. Хятадын Орост хандах хандлага дайны өмнөх 2022 оны эхэн үеийн “хязгааргүй” байр сууриас “Эвсэлд үл нэгдэх, сөргөлдөхгүй байх, гуравдагч этгээдийг онилохгүй байх” гэсэн уламжлалт зарчимдаа шилжсэнийг хашир ажиглагчид тэмдэглэж байна.

Хэдийгээр Хятад улс Оросын эсрэг тавьсан барууны хоригт нэгдээгүй ч системтэйгээр зөрчөөгүй. Хятад улс 2023 онд 100 сая гаруй тонн Оросын нефтийг импортолсон нь үнэн боловч энэ нь дайны өмнөх жил бүр авдаг байснаас тийм ч их биш юм. Хэрэв Хятад Оросоос авдаг нефтийн импортоо зогсоож, оронд нь өөр газраас худалдаж авбал олон улсын нефтийн үнийг өсгөж, дэлхийн эдийн засагт асар их дарамт учруулах аюултай.

Дайн эхэлснээс хойш Хятад улс хоёр удаа дипломат зуучлал хийсэн. Амжилтанд хүрэх боломжгүй болсон ч Хятад улс энэхүү харгис хэрцгий дайныг хэлэлцээрээр дуусгах хүсэлтэй байгаа гэдэгт хэн ч эргэлзэхгүй байх. Энэ нь Хятад, Орос хоёр тэс өөр улс гэдгийг тод харуулж байна. Орос улс олон улсын болон бүс нутгийн дэг журмыг дайны замаар эвдэхийг эрмэлзэж байгаа бол Хятад улс маргааныг энхийн замаар шийдвэрлэхийг хүсч байна.

Оросын Украин руу хийж буй цэргийн түрэмгийлэл нь амин чухал дэд бүтэц, хот суурин руу чиглэсэн хэвээр байгаа төдийгүй цаашид улам хурцатгах шинжтэй тул Солонгос маягийн эвлэрэл байгуулах магадлал бараг үгүй гэж харагдаж байна. Орос улс л өөрийн төрийн тогтолцоо хийгээд үзэл суртлаа үндсээр нь өөрчлөхгүй бол энэ мөргөлдөөн цааш мөнхийн болон хэлбэршиж магадгүй юм. Энэ нь Орос мөргөлдөөнөө түр завсарласны дараа дахин шинэ дайн эхлүүлэх боломжтой болж, дэлхийг илүү их аюул руу хөтлөх болно гэсэн үг. 

X               X                X

Бээжингийн Их сургуулийн профессор Фэн Южинийн Экономист сэтгүүлд тавьсан, нэлээд анхаарал татсан өгүүллийг орчууллаа. Яагаад энэ товч авсаархан өгүүлэл тэгтлээ анхаарал татах болов?

  1. Профессор Фэн Южинь бол Оросын нийгэм улс төр судлалаар нэрд гарсан, хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн (бодвол намын гишүүн байлгүй).
  2. Дэлхийд нийгэм улс төр, эдийн засгийн анализаар хүлээн зөвшөөрөгдсөн Английн Экономист сэтгүүлд хятад эрдэмтэн ийм илэн далангүй өгүүлэл нийтлэх нь цаанаасаа ХКН-аас зөвшөөрөгдсөн байж таарна.
  3. Хятад улс Оросын Украинд үйлдэж буй харгис дайныг илэрхий буруушааддаггүй боловч, тэдний эзлэн түрэмгийлсэн Крым, дайн өдөөсөн Донбасс, өөртөө нэгтгэсэн гэж заралсан Украины хэд хэдэн мужийг хүлээн зөвшөөрөөгүй, НҮБ-ийн чуулганд Оросын түрэмгийллийг буруушаасан тогтоол гаргахад Хятад нь Оросын талд орж байгаагүй, “дэлхийн өнөөгийн олон улсын дэг журмыг бүх орон баримталж аль ч улсын тусгаар тогтнол, газар нутгийн халдашгүй бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх ёстой” гэж албан ёсны баримтлалаа байнга сануулдаг. Гэтэл Фэн Южиний өгүүлэлд Оросын түрэмгийллийг шууд буруутгажээ.
  4. Дайны өмнө 2022 онд Хятад-Оросын дээд хэмжээний уулзалтаар “Хоёр орны найрамдал хамтын ажиллагаанд хязгаар үгүй” гэсэн албан тунхаглалыг одоо нэгэнт хүчингүй болсон гэж профессор Фэн Южинь шууд зарлажээ. Бүхий л мэдээлэл, үзэл суртал нь хатуу хяналт цэнзүүрт байдаг орны иргэнд ингэж мэдэгдэх эрх мэдэл бий юу? Энэ өгүүллийн хэллэгийг анзаарвал “Оросын түрэмгийлэл”, “харгис хэрцгий дайн” гэх мэт өдгөө Хятадын албан эх сурвалжид Оросыг дүгнэн хэлэхээс тойрдог нэр томъёо элбэг байгаа нь ажиглагдана.
  5. Дүгнэвээс, Хятадын удирдлага Орос руу хандаж ил хэлдэггүй боловч, Оросын түрэмгийллийн талаар цаанаа ямар бодолтой байдгаа Фэн Южиниэр дамжуулан дэлхий нийтэд зарлаж буй хэрэг гэлтэй.