Энэ жил нар, хур тэгширсэн  дэлгэр сайхан зун болж байна. Улсын их баяр наадам, 120 шахам сумын тэгш тоотой ойн жил тохиож байна. Овоо тахилга, хурдан морины уралдаан ч  ч цөөнгүй аж. Ийм болохоор та гэр бүл, найз нөхөд, түүнчлэн гадна дотнын зочид жуулчидтай хөдөө  аялж жилд ганцхан удаа тохиолдох ээлжийн  амралтаа тав тухтай өнгөрүүлэх нь ойлгомжтой. Хонь, ямааны тоо толгой ч тодорхой хэмжээгээр цөөрч малчид, малын ченжүүдийн орлого нэмэгдэж таарна.За, энэ ч яахав. Халууны улиралд наранд цохиулахаас болгоомжилж, хоол ундаагаа тохируулж бэлтгэн түүнээсээ  дээд зэргийн таашаал авч сайхан наадаж, аялж зугаалахын  ерөөл дэвшүүлэхийн ялдамд  хэдийгээр та бүхний мэдэх боловч  хээрийн нөхцөлд хийдэг зарим хоолны  талаар бяцхан зөвлөмж өгье.

Хорхог хийхэд юуг анхаарах вэ?

Энэ гарчгийг  уншсан хэн нэг нь: Хорхог хийж чадахгүй монгол хүн байдаг юм уу? гэж асуух байх. Үүнд шууд хариулахад хэцүү ч монголчуудын уламжлалт, бас хүндэтгэийн энэ битүү хоолыг хийхэд ялихгүй алдаа гаргавал  түүний хаа ч давтагдашгүй гайхамшигт сайхан амт, үнэр алдагдах сөрөг талтай. Бас аюулгүй ажиллагааны талаас ч анхаарах зүйл бий. За ингээд энэ зөвлөмжтэй танилцсаны дараа хорхогоо хийгээрэй.  Энэ ялдамд  нэг зүйлийг таны чихэнд шивнэж аминчлан захъя. Хэрэв та гадаадын зочинтой хамт явж байгаа бол хорхог хийж эхлэхээсээ өмнө тэдэнд өөр нэг хөтөлбөр санал болгоорой. Үндэснийхээ хоолыг өөрсдөө хийж өвөг дээдсээсээ уламжлан хөгжүүлсэн монгол брендээр насан туршдаа бахархаж явах үүднээс ийнхүү зөвлөв.

Зөвлөмж

  • Нядалсан малын махыг жижиглэн эвдэж, цул махыг хэрчиж бэлтгэнэ. Харин гэдэс дотрыг арилган цэвэрлэж тусад нь чанана.
  • Хорхог болгох үйрэхгүй бөөрөнхий нягт мөлгөр чулуу сонгож авна. Голын чулуу  илүү тохиромжтой.
  • Ингэж сонгож бэлтгэсэн чулууг аргалтай хольж үелж өрөөд галлаж халаана.
  • Хэрчиж жижиглэсэн махыг тагтай бидон, эсвэл таг нь нягт хаагдаж түгжигддэг зориулалтын битүү саванд  хийж ялигүй ус хийгээд улайссан чулуунаас авч дээрээс нь үелэн хийнэ.
  • Мах, халуун чулууг ингэж ээлжлэн хийсээр бүх махыг хийж дуусаад савыг нягт таглана. Мөн давс, сонгино, саримс зэрэг халуун ногоог тохирох хэмжээгээр хийж амт тохируулна.
  • Энэ үед сав дотор уурын өндөр даралт үүсэх учир савны таглааг бөх бат хийхгүй бол буудаж халуун шөлөөр тургиж шалз түлж болзошгүй тул онцгой анхааралтай ажиллах ёстой. Савны тагийг завсраар нь ялигүй уур гарч байхаар хийхгүй бол аюул ихтэй байдаг.
  • Махыг жигд болгохын тулд савтай хорхогийг сэгсрэх, өнхрүүлэх зэргээр хөдөлгөнө. Үүний дараа цог дээр тавьж халуун нурмаар манаж нэг хэсэг хугацаанд байлгаад тагийг болгоомжтой онгойлгож мах чулууг гаргана.
  • Хорхогийн халуун чулууг гартаа атгах үнэрийг авах нь хий ядаргаанд  тустай гэдэг.
  • Гүзээ сархинагт хийх хорхогийн чулууг гадна талын гүзээнд хүргэж цоолохгүйгээр тал талаас нь шахаж хийгээд амсрыг нь үдэж битүүлэн эргүүлж тойруулах зэргээр болгодог.

Гүзээнд хорхоглосон толгой, шийр

Бог малын гүзээг зумлаж сайтар угааж цэвэрлэнэ.Ингэхдээ цоолж болохгүйг анхаарах хэрэгтэй. Дараа нь гүзээндээ урьдчилан хуйхалж хярваслан сайтар угаасан толгой, шийр, чихсэн гургалдай, мөчилсөн мах, сонгино, саримс, давс, ааг амттан, халуун ногоо, ус нэмж улайсгасан 4-5 ширхэг чулуу тараан хийж амыг нь шорлож тэвхдээд буцламгай халуун устай тогоонд үйж аргалын зөөлөн галаар 3-4 цаг чанаж болгоно. Нэг хонь, эсвэл ямааны гүзээнд хорхог бэлтгэхэд 2 литр ус ордог бол усыг нь ахиухан хийж цагаан, шар будаатай бэлтгэж болно. Гүзээний амыг боож тэвхдэхээс өмнө доторх хийг нь гүйцэд хөөж гаргасан байх шаардлагатай. Хорхогийг бэлэн болсны дараа хэсэг байлгаж амыг нь болгоомжтой задална.

Жинхэнэ монгол гриль

Хавчуурга
Шорлог бол яах аргагүй хээрийн сайхан хоол. Гагцхүү жинхэнэ шорлог хийе гэвэл зориулалтын зуух, хусны нүүрс хэрэгтэй.Тэгвэл үүнээс дутахгүй монгол уламжлалт хоол бий.  Монголчууд энэ хоолыг хавчуурга гэж нэрлэдэг. Эрдэмтэн зохиолч Л. Түдэв гуай энэ хоолны орос орчуулгыг “Пачиманка” хэмээн нэрлэсэн буй. Энэ хоолыг яаж хийдэг юм бол?

Хавчуургыг хийхийн өмнө  хэмжээгээр ойролцоо хоёр том хавтгай чулуу бэлтгэнэ. Ингээд гал түлж чулуугаа улайсгаж халаана. Чулуу улайсах хооронд чулуу багтахаар нүх ухаж халаасан нэг чулуугаа ероолд нь тавиад дээр нь  гишүүний навч юмуу өвс дэвсэж түүнийхээ дээр нимгэн далбагар зүссэн махаа зулж, хэрчсэн  сонгино, гоньд, давс, халуун ногоо зэргийг жигд тараан цацаж амт тохируулна. Үүн дээрээ  нөгөө улайссан чулуугаа тавьж   нүхийг өвс ногоогоор сайтар чигжиж таглан нэг цаг орчим байлгахад мах жигд шарагдаж таны хээрийн амтат хоол бэлэн болно. Мах шарагдах хооронд ямар хачир бэлтгэхээ та мэднэ шүү дээ. Сайхан хооллоорой.

Мөөгтэй жигнэсэн төмс

  • Цэвэрлэсэн төмсийг  шоо дөрвөлжин хэрчинэ.
  • Цагариг хэлбэр дүрстэй  хэрчсэн сонгиныг тосонд хуурна.  
  • Угааж цэвэрлэсэн шинэхэн мөөгийг жижиглэн хэрчиж тусад нь тосонд хуурч шарна..
  • Төмс, мөөг, сонгиныг саванд хийж  багавтар ус нэмээд таглаж зөөлөн галаар  болтол нь  жигнэнэ

Мөнгөлөг цаас  авч яваарай

Та аян замд гарахаасаа өмнө зарим хүнсээ урьдчилан бэлтгэдэг. Аян замын хүнсээ сонгох, савлах, авч явах, хадгалах, хоол  бэлтгэхэд анхаарах зүйл бий.  Энэ бүхнийг сайтар бодож урьдчилан бэлтгэж чадвал таны аялал тав тухтай болно. Авч явах зүйлийнхээ жагсаалтыг нэгбүрчлэн гаргаж маш нягт нямбай бэлтгэх шаардлагатай. Санаандгүй мартаж орхисон зүйл жижиг гэлтгүй хээр очоод хэрэг болно. Гэхдээ авч явах хүнснийээ хадгалалтын хугацааг нь сайн шалгаж үзээрэй. Юунд хийж яаж авч явбал болохыг нягтлахад илүүдэхгүй биз. За энэ бүхнийг  нуршиж цаг гарздахгүйгээр хээрийн нөхцөлд элдэв сав, тогоо шанага хэрэглэхгүйгээр богино хугацаанд  хоол бэлтгэх нэгэн аргын талаар нэмж зөвлөе. “Хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш..” гэж үг бий. Хүнсний зориулалтын мөнгөлөг нимгэн цаасанд боогоод ил гал дээр битүү халааж  болгодог олон төрлийн хоол бий. Урьдчилан болгосон  бүхэл мах, бөөрөнхийлсөн мах, котлет мэтийн татшин хоол, болгосон  ногоо, хуушуур, бууз, жигнэсэн будаа, гурил, чанасан гоймон зэрэг дараа нь халааж хэрэглэх зүйлийг боож  хөргүүр, эсвэл цэвэр сав, хайрцагт савлан авч яваад хээр очиж түүдэг гал  ноцоон дээрх хүнс, хоолноосоо идэх хэмжээгээр мөнгөлөг цаасанд битүүлэн боож гал дээр барих буюу нурманд булж халаан хэрэглэж болно.  Ингэж хоолоо мөнгөлөг цаасанд боохдоо хэрчсэн сонгино, саримс зэргийг хамт хийвэл маш сайхан амт, үнэртэй болно.

Бороотой, сэрүүн өдөр...

Дом болсон долоон банштай цай

Хонины гуяны махнаас авч жижиглэн татаж сонгино, давсаар амт тохируулж жижгэвтэр банш хийнэ. Хар цай чанаж шаарнаас нь шүүж саванд юүлнэ. Халаасан тогоонд шар тос хийж хайлуулаад хуурай гурил цацаж хуурна. Үүн дээрээ шүүсэн цайгаа хийж хонины шаант чөмөг хаяад хэсэг буцалгасны дараа баншаа нэмж нэг буцалгасны дараа сүлнэ. Нэг аяганд долоон ширхэг банш орохоор бодож хийгээд цайгаа халуунаар нь аягална.

ЭРХЭМ ТАНЫ АЯНЫ ЖОЛОО ӨЛЗИЙТЭЙ БАЙХ БОЛТУГАЙ.
САЙХАН НААДААРАЙ.


Уншигчдын анхааралд

Доктор Ж.Октябрийн “Хүнсээ таньж, зөв боловсруулж, зохистой хэрэглэе” цуврал номын  II дэвтэр хэвлэгдэн гарч байна.  Хоол хүнс бэлтгэх, боловсруулах арга, төгс чанар, шим тэжээл, төгөлдөр сайхан амтыг бий болгоход анхаарах асуудлыг мэргэжлийн үүднээс хамгийн ойлгомжтой байдлаар  тайлбарлан бичсэн энэхүү номонд  урьд өмнө монгол хэлээр хэвлэгдэж гараагүй шинэ нэр төрлийн хоолны жор, технологи, түүнчлэн хоолны хачир, чимэглэл, таваглалтыг харуулсан өнгөт зургуудыг оруулжээ.