Р.Мөнхтуяа: Өөрийн үнэлгээ нь хоёр их наяд давсан Монголын цор ганц компани БОЛ ХААН Банк
Манай энэ удаагийн ковер зочноор Монголын банкны холбооны Дэд ерөнхийлөгч, ХААН Банкны Гүйцэтгэх захирал, Монгол Улсын Гавьяат эдийн засагч Р.Мөнхтуяа уригдлаа. Тэрбээр банкны салбарт тасралтгүй 30 дахь жилдээ ажиллаж байна. Уншигч тантай уулзаж байгаа энэ хатагтай бол туршлагатай банкир, банкны системийн шилдэг менторуудын нэг юм.
-Урилга хүлээн авч ярилцаж байгаад баярлалаа. Та 23 жилийн өмнө буюу 2000 онд ХААН Банкинд хөл тавьжээ. Нэг газар ийм олон жил ажиллана гэдэг том тэвчээр, том үнэ цэн биз. Та яагаад хаашаа ч яваагүй юм бэ?
-ХААН Банк миний ажиллаж байгаа гурав дахь банк л даа. Би 1994 оноос хойш банкны системд ажиллаж байгаа. 1994 онд “Монгол даатгал”, дараа нь “Сэргээн босголт” банкинд, 2000 оноос хойш ХААН Банкинд ажиллаж байна. Би ажилдаа дуртай. Банкны системээс өөр газар ажиллаж үзээгүй. Эндээ ажиллаад дасчихсан. Хүн гэртээ дасдаг шиг л юм даа.
-Та Санхүү эдийн засгийн дээд сургууль төгссөн үү?
-Тийм. Санхүү эдийн засгийн дээд сургууль төгссөн. Энэ хүртэл ажиллах явцдаа хоёр удаа мастер хамгаалсан.
-Санхүүгийн салбар сэтгэл булаам салбар байх л даа?
-Хүмүүс банк гэхээр өөрийнхөө очдог салбараар төсөөлөөд байдаг боловч банк дотроо маш олон төрлийн үйл ажиллагаатай. Жишээ нь, манай төв банк л гэхэд 50 газартай, 50 чиглэл нэгжийн ажил хийж байна. Бүгдэд нь очиж ажиллахад сонирхолтой. Хамгийн удаан санхүү талдаа хийсэн ажил маань бол бүртгэл. 2005 оноос санхүү хариуцсан дэд захирал болоод, 2008 оноос хойш банкны орлогч захирал хийж байна. Тэр хооронд банкны бүх газар, нэгжүүдийг ээлжлэн хариуцаж ажилласан. Тэгэхээр яг нэг юм аа хийгээд л байсан гэсэн үг биш л дээ.
-Өөр өрсөлдөгч банкуудаас урилга ирж байсан л байх даа?
-Мэдээж, ирж байсан.
-ХААН Банкны гоо сайхан, таныг гэр шиг тань ингэж уяж чадсан зүйл юу вэ гэвэл та ямар хариулт өгөх бол?
-Манай байгууллагын соёл. Ер нь том, дунд, жижиг олон түвшний байгууллагууд байдаг. Жижиг байгууллагыг лидер нь аваад явчихна. Захирал нь ч юм уу. Дунд зэргийн байгууллагыг дүрэм журам нь аваад явна. Манайх шиг том, 550-аад салбар нэгжтэй, 6000 гаруй ажилтантай, Монгол Улсын өнцөг булан бүрт салбартай ийм газар байгууллагын соёл маш чухал. Энд нэг орсон хүмүүс гарч чадахгүй, гарсан хүмүүс нь байгууллагаа эргэн санаж, дотно сайхан харилцаа тээж явдаг гэсэн үг. Ийм олуулаа мөртлөө яг гэр бүл шиг байдаг. Тэр нь салгахгүй, үргэлж уяатай байлгаж чаддаг. Энэ зүйл манай том баялаг юм даа.
-Та анх Төв аймгийн салбарт нь орж байсан юм билээ...
-Би банкныхаа Төв аймгийн салбарт анх ажилд орохдоо төв салбарт ажилд орж байнагээд бодчихсон явж байсан. Тэгсэн чинь Төв аймгийн Зуун мод суманд ажилд орчихсон. Төв аймаг Улаанбаатар хотын ойр байдаг учраас тэндхийн салбарыг хотод авчирна гэж бодсон. Тэр үед Улаанбаатар хотод ганц ч салбар нэгжгүй болчихсон, байдал амар бишбайсан. Төв аймгийн салбарын төвийг Жуковын оффисын нэгдүгээр давхарт нүүлгэж ирээд Улаанбаатар хотод тооцооны төвүүдийг нээж эхэлсэн. Хамгийн анхны салбар маань Чингэлтэй дүүргийн салбар байсан. Чингэлтэйн салбарт нягтлангаар очоод ажилласан.Маш их хичээж ажилласан. 11 тооцооны төв нээсэн. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод гэхэд 90 гаруй салбартай болсон байна. Үүний эхлэл 2001 онд тавигдсан гэсэн үг.
-Төв аймгийн салбараас хот руу, төв банк руу орж ирэхийн өмнө 100 бодлого бүхий дөрвөн цагийн шалгалт өгч байсан гэсэн. Энэ их сонирхолтой үйл явдал санагдсан...
-Бүх салбарын ерөнхий нягтлан бодогчдод жилдээ 1-2 удаа сургалт, семинар хийлгэдэг байлаа. Тэгээд сургалт, семинар хийж байх тэр явцдаа түвшинг нь тогтооё гэж бодсон юм болов уу. Бүх салбарын ерөнхий нягтлан бодогч нар ирчихсэн сургалт хийж байсан л даа. Тэгээд анхан шатны бүртгэлээс эхлээд хамгийн эцсийн тайлан тооцоо, ногдол ашиг хуваах хүртэл бүх аж ахуйн нэгжийн процессын бодолтуудыг хийлгэсэн. Тэгээд бодоод л, хамгийн өндөр оноог авч байсан. Хамгийн өндөр оноо авсан гээд төв банкинд ажилд орж, жижигхэн хөөрхөн цом авсан маань мартагддаггүй. Би одоо хүртэл тэр цомоо хадгалдаг. Хамгийн анх ажил дээрээ үнэлэгдсэн үнэлэмж минь байсан болохоор нандигнан хадгалж явдаг.
-Банкны хувьд ч түүхэн хөгжлийнхөө гараан дээр,таны хувьд ч шинэ үе таарчээ...
-Байгууллагадаа бид хайртай байдаг. Бүх ажилтандаа анхаарал тавьж, бүх хүмүүст нээлттэйболомж олгодог. Тэр олон мянган хүнд анхан шатнаас нь эхлээд өсөн дэвжих бүхий л боломжийг нь олгож ажилладаг. Миний залуу ажилтнуудтай уулзаад ярих дуртай хэсгийн талаар та асуулаа.
-Өсөх зам нь яг таных шиг шударга байж чадаж байгаа юу?
-Одоо бол би байгууллагын бүх хүнтэй уулзаж чадахгүй. Манайх 6000 гаруй ажилтантай. Жилд дунджаар 600 хүн шинээр орж, гардаг. Тэр 600 хүн дотор хуучин ажиллаж байсан хүн ч, дөнгөж орж ирээд удаагүй шинэ хүн ч байгаа. Аль нь ч байсан манай хувьд шинэ хүмүүс. Манай соёл дотор анх ажиллаж эхэлж байгаа. Манай гэр бүлд орж ирж байгаа хүмүүс. Манайх том атлаа гэр бүлсэг хамт олон. Тэгэхээр бид нар тэр хүмүүсийг уриалгаханхүлээж авахыг хичээдэг. Манай гэр бүлийн гишүүн болоосой, бид нартай үргэлж хамт байгаасай гэж боддог. Шинэ ажилтнууд хамгийн анхан шатнаасаа л орно. Явцын дундаас өөрийн чадвартаа тохирсон ажлаа хийгээд л явна. Хамгийн анхан шатных нь салбарт теллерүүд ажиллаж байгаа. Тэр хүмүүс манай ирээдүйн гүйцэтгэх захирал шүү дээ. Яг л над шиг. Үе үеийн захирлууд, үе үеийн удирлагууд боломж олгосоор байгаад би энд хүрээд ирчихсэн байна. Мэдээж өөрөө хичээсэн. Бүх ажилтнууд хичээх юм бол манай байгууллагын бүх бодлого, дүрэм, журам тэд нарыг өсгөж, хөгжүүлэхэд зориулагдсан байдаг гэсэн үг. Одоо сүүлдээ юм төгөлдөршөөд карьер өсөлтийн төлөвлөгөөнүүд гарчихсан. Теллерээс ийшээ хүртэл хэдэн жил, ямар ур чадвар, юу шаардах вэ. Хаана юу юуг хийх ёстой ёстой вэ гэдэг карьерийн өсөлтийн төлөвлөгөө албан тушаал болгон дээр байж байдаг. Бид нар ч тогтвортой ажиллаж байгаа хүмүүсээ дэмжихийг хичээдэг. Гэхдээ мэдээж шинэ цус хэрэгтэй. Ийм том, олон салбар нэгжтэй байгууллагын хүрээнд байгууллагынхаа үйл ажиллагаа, тогтолцоог мэддэг байх ёстой. Ялангуяа төв банкинд ажиллаж байгаа хүмүүсийг сонгохдоо би жишээ нь, “Салбарт ажиллаж байсан хүмүүсээс ав, амьдрал дээр наалдахгүй шийдвэр гаргачихаад тэнд байгаа хүмүүсийг битгий зовоогоод бай” гэх шаардлага тавьдаг. Онолын хувьд супер мэдлэгтэй ажилтан байж болно. Гадна дотны олон номууд уншаад л, тэрийгээ шууд ажил дээр хэрэгжүүлэх гээд зүтгээд байдаг. Гэтэл манайххөдөө, хотод маш олон салбартай. Энэ улсын бүх хүмүүс үйлчлүүлдэг банк шүү дээ. Тэд нарт амьдралд хамгийн ойрхон хүрэлцээтэй, хэрэглэхэд хамгийн ойрхон байх ёстой бүтээгдэхүүн үйлчилгээг л бид санал болгох ёстой. Ингэж л зорьж ажилладаг.
-ХААН Банкны нэг онцлог нь гаднаас хамгийн олон гүйцэтгэх захирал урьж ажиллуулсан. Тэднээс хамгийн онцгой нь хэн байсан бэ. Би Питер Морроу захиралтай л ярилцаж байж...
-Миний хувьд бүгдтэй нь хамт ажилласан байна. 2000 оноос хойш тав дахь захирал нь би болж байна. 2000-2010 онд Питер Морроу захирал байсан. 2010-2014 он хүртэл Саймон Моррис, дараа нь Норихико Като захирал ажилласан. Дараа нь Жон Белл захирал ажилласан. Тэгээд би 2020 оноос хойш ажиллаж байна. Нэг бодлын би азтай. Өмнөх дөрвөн захиралтай хамт ажилласан. Бүгдийнх нь орлогч захирал байсан. Тэдний дотроос Питер Морроу захирлыг хамгийн онцлог хүн байсан гэж хэлнэ. Юмыг их өргөн цар хүрээнд том хардаг. Өөрийнх нь чадвар ч том. Санхүү хариуцсан дэд захирлаар нь хамтран ажиллаж байсан үеэ азтайд тооцохгүй байх аргагүй. Би 31 настай байхдаа дэд захирал болж байсан. Тэр сайхан хүний гарынх нь шавь болж бэлтгэгдсэн маань үнэхээр сайхан хувь зохиол. Бүх тайлан тооцоогоо гаргана. Тайлангийн нэгтгэлүүдээ хийгээд, санхүүгийн тооцоог хэрхэн бэлтгэдэг вэ гэдгийг, аль үг үсгийг тод бичиж, зураасаа хаагуур татах вэ гэдгийг хүртэл заалгаж байсан. Баргийн хүнд ийм зүйлийг даргаараа заалгах аз таарахгүй байх. Санхүүгийн тайлан яаж гаргадаг, хамгийн түрүүнд хүний нүдийг хаана тусгах ёстой вэ гэдгийг хүртэл тэр хүнээр заалгаж байсан. Тэр үед манайх 440 гаруй салбар нэгжтэй, 440 салбарын нэгтгэл тайланг гаргах гэж 12 өдрийн турш өдөр, шөнөгүй сууж гаргаж байсан ч удаатай. Мэдээж манай улсын эдийн засгийн хөгжилтэй холбоотой асуудлууд ч их байсан. Зарим суманд цахилгаан ч байхгүй. Утсаар тайлангаа авна. Шөнө, өдөргүй сууж байгаад тайлангаа нэгтгэж гаргадаг байсан. Тэр олон жижиг тайлангуудын алдаа оноог харж, нэгтгэж гаргана гэдэг анхаарал, асар өндөр хариуцлага шаардсан ажил л даа.
-Хөдөө аж ахуйн банкны суурин дээр боссон энэ банк нэрний томъёолол дээрээ ХААН болгон өөрчлөлт хийсэн нь имижийн хувьд үнэхээр гайхамшигтай шийдэл байсан. Энэ өөрчлөлтийг ер нь хэн санаачилсан бэ?
-Монголын хөдөө аж ахуйн банк гэдэг нэртэй байсан л даа. Монголчууд бүгд мэднэ. Тэр үед ХАА-н банкны бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөг боловсруулж батлуулах ажил хийгдсэн. Яг энэ үед одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатар маркетинг ребрэндинг хариуцан ажиллаж байсан. Тэгээд лого, уриаг шинэчлэх, ХАА-н гэдэг нэрийг ХААН банк болгох санаачилга гаргаж, гадаад дотоодын зөвлөхүүдтэй хамтран ажиллаж энэ төслийг хэрэгжүүлсэн. Банкны логог маркетингийн компаниар олон янзаар зуруулж шинэчилсээр өнгө, код, дизайныг цогцоор нь өөрчилж байсан.
-Тэр үед жилд 100 салбар нээж байна гэх мэдээлэл цацагдаж байсан санагдана.
-Тэр үед бол хоёр жилийн турш зуу зуугаар нь нэмсэн. Найман сар ажилласан туршлагатай хүн шинэ нэгжид хуваарилагдах тохиолдол зөндөө гарч байсан гээд бод. 2001 он гэхэд хамгийн анхны тооцооны төв нь Чингэлтэйн салбар байсан гэхэд тэнд 50 нэгжийг хоёр жилийн дотор нээж байсан. Одоо бол салбар нэгжийн бодлогын хүрээнд Улаанбаатар хотод тэлж байна. Улаанбаатар хотод Монголын хүн амын 50 хувь нь амьдардаг. Энд шинээр баригдаж байгаа хотхон, хорооллуудад шинэ салбар, нэгж байгуулагдсаар байгаа. Сум суурин газруудад 440 салбаражиллаж байна. Орон нутагт бол одоо салбар нэмэхгүй. Банк дижитал банк болсон. Манай нийт санхүүгийн гүйлгээний 99 хувь нь цахимаар хийгдэж, 540 салбар нэгжид нийт гүйлгээний ганцхан хувь нь хийгддэг болсон.
-Танай төлөөлөн удирдах зөвлөл хэдэн гишүүнтэй вэ. Хоёр нь эмэгтэй гишүүн байдаг гэж сонссон?
-Манай ТУЗ есөн гишүүнтэй. Гурван хараат бус гишүүн, зургаан ердийн гишүүнтэй. Хоёр нь эмэгтэй гишүүн байна. Манай ТУЗ-ийн дарга нь Т.Дарьбум гэж хараат бус гишүүн байдаг.ТУЗ-ийн гишүүдийн дөрөв нь хувьцаа эзэмшдэг, бусад нь хувьцаа эзэмшдэггүй.
-Ер нь банкны хувьцаа эзэмшигчдийн талаар мэдээлэл тэр болгон ил яваад байдаггүй.
-Мэдээж манай талаар мэдээлэл зөндөө сонин хэвлэл дээр гардаг. Одоо харьцангуй Монголын банкууд хувьцаат компани болчихсон болохоор хүмүүс ойлгоход амархан болж байх шиг байна. Манайхыг IPO хийж хувьцаат компани болохоос өмнө нийт хувьцааны 60 хувийг Японы тал эзэмшиж байсан. 2021 онд 60 хувийг Японы тал, 40 хувийг Монголын “Таван богд” групп эзэмшиж байлаа. Тэрний өмнөх жилд Олон улсын санхүүгийн корпораци2004-2020 оныг дуустал манай хувьцаа эзэмшигч байсан.
-9.32 хувийг эзэмшдэг бил үү?
-9.2 хувьтай, гэхдээ тэднийх гарсан.
-Японы “Савада Холдингс” өндөр хувьцаа эзэмшдэг байх аа?
-Токиогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, 6000-7000 хувьцаа эзэмшигтэй, олон нийтэд нээлттэй компани л даа. Тэр компанийхаа 50 орчим хувийг иргэн Хидэо Савада эзэмшиж байсан гэсэн үг. Учрыг нь сайн мэдэхгүйгээр, таамгаар, хардлагаар олон янзын мэдээлэл цацагдсан. Энэ хаанаас эхтэй мэдээллүүд вэ гэхээр Хидэо Савада Токиогийн хөрөнгийн бирж дээр өөрийнхөө 53 хувийн хувьцааны 40 хувийг өөр компанид зарсан гэсэн үг. Тэр нь тэдний бирж дээр, тэдний дүрэм журмын дагуу л явагдсан. Эзэмшиж байсан компани нь хэвээрээ, гэхдээ хувьцаа эзэмшигчдийнх нь бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон. Хувьцааны 40 хувийг нь нэгэн япон хүн худалдаж авсан. Савада захирал тэр компанидаа хэвээрээ байгаа.
-Ер нь 49 хувь гадна байгаа хэвээрээ л гэсэн үг үү?
-Тэрнээс хойш 2021 онд ХААН Банкны ажилтнууд 4.7 хувийн хувьцаа эзэмшигч болсон. Манай ажилтнууд япон талаасаа хувьцаа худалдаж авсан. “Таван богд” 40 хувьтай байж байгаад сая 10 хувиараа IPO хийсэн. Одоогийн байдлаар япон талын хувьцаа эзэмшигч нар 49.8, “Таван богд трейд” ХХК,Д.Хулан захирал нийлээд 36 хувь, Монголын олон нийтээс 30-аад мянган иргэн, аж ахуйн нэгжүүд 10 хувь, манай 4.100 орчим ажилтан 4.2 хувийг эзэмшиж байна. Одоо ХААН Банк Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй, хамгийн том аж ахуйн нэгж болсон. Өөрийн үнэлгээ нь хоёр их наяд давсан Монголын ганц компани ХААН Банк болсон. Нийт 34 мянган хувьцаа эзэмшигчтэй. Монголын хүн амын нэг хувь нь ХААН Банкны хувьцаа эзэмшигч болсон. Сонин хэвлэл дээр гараад байсан юм нь Японы талын дотоод асуудал. Токиогийн хөрөнгийн бирж дээр болж байгаа хувьцаа эзэмшигчдийн хоорондын маргаан л байсан.
-Банкны нэр хүнд бол маш эмзэг зүйл. Улс төрийн зорилгоор, санаатай нэг нэгнийгээ холбож гүтгэсэн, үнэмшилтэй мэтээр зохиомжилсон дуулиан гаргаж цацах мэтийн дайрлагууд бол маш хорлонтой зүйл шүү дээ?
-Тийм. Олон улсын санхүүгийн корпораци 16 жилийн турш манай хувьцаа эзэмшигч байсан. Тэдний ХААН Банкинд нэвтрүүлсэн хамгийн чухал зүйл нь засаглалыг зөв болгох, нээлттэй ил тод байх, тайлагнах ёстой зүйлийг олон нийтэд нээлттэй тайлагнах, удирдлагуудыг эрх мэдлийнхээ хүрээнд үйл ажиллагааг тасралтгүй явуулах дэг ёсонд сургасан. Тэд нар жил болгон олон улсын байгууллагаар засаглалын үнэлгээ хийлгэж, үе үеийн удирдах ажилтнуудад сургалт хийж, ил тод үйл ажиллагаа явуулахад юуг анхаарах ёстой вэ гэдгийг манай бүх дүрэм, журам дотор суулгаж өгсөн. ХААН Банкинд баргийн юманд ганхахгүй том үнэт зүйл байдаг. Тэр бол дэг соёл нь юм.
-Хувийн хэвшлийнхэн нэг л үгийг үргэлж хэлдэг. Төрийг бизнесээс хол байж өгөөч гэж. Жишээ нь, манайд жижиг дунд үйлдвэрлэл хөгжихгүй байна. Энэ рүү чиглэсэн төрийн бодлогын очих замд завхрал гарчихсан. Одоо ЖДҮ-д зориулсан зээл бараг зогсонги байгаа. ХААН Банк энэ дээр ямар бодлого баримталж байгаа бол?
-Манай банкны хувьд өнөөдрийн байдлаар нийт 9.3 их наяд төгрөгийн зээлийн багц байна. Энэ бол нэлээн том тоо. Нийтдээ 680 мянган зээлдэгч байна. Нийт зээлдэгчийн тооны ард иргэдийн авсан зээл байна. Манай банкны бизнес модель нь өөрөө иргэд рүү, жижиг дунд бизнес эрхлэгчид рүү чиглэсэн байдаг.Зээлийн багцын бүтцээс харахад жижиг дунд бизнес эрхлэгчид 20 орчим хувь, том аж ахуйн нэгжүүд 20 орчим хувьтай байна. Бидний хувьд бизнесийн зээлээ тасралтгүй өгсөөр л байгаа. Энэ нь Засгийн газраас болон төрийн бусад бодлогоос үл хамааран явагдаж байдаг үйл ажиллагаа. Мэдээж бид эх үүсвэрээ иргэдээсээ буюу харилцах хадгаламжаасаа татаж, гадны банк санхүүгийн байгууллагаас авч байгаа. Энэ өртөг өндөр байна. Тийм учраас манай зээл 15-16 хувийн хүүтэй. Нөгөө дуулиан тарьсан, гажуудсан зээл бол 3-5 хувийн хүүтэй болохоор хүмүүс авах юм сан, ашигтай байна гээд хөөцөлддөг. Бидний хувьд банкны стандартаа барьж, зах зээлийн үнэлгээгээр олгож байгаа жижиг дунд бизнес эрхлэгчдийнхээ зээлийг тасралтгүй олгосоор л байгаа. Харин ч бүр дараагийн гурван жил энэ чиглэл рүү илүү их анхаарлаа хандуулж кластер байдлаар санхүүжүүлье гэж шийдээд бэлтгэл ажлуудаа хийж байгаа. Бид кашмерийг сонгож авсан. Кашмерийг анх бэлдэж байгаа хүмүүс нь малчны зээл авдаг малчид маань. Дараа нь кашмерийг цуглуулаад бэлтгэн нийлүүлэгч компаниуд авч байна. Тэд нар бас манай харилцагчид. Тэд буцаагаад үйлдвэрүүдэд өгч байна. Үйлдвэрүүд манай харилцагч нар. Үйлдвэр дотроо ялгаатай угаана, самнана, утас ээрнэ. Ингэж байж эцсийн бүтээгдэхүүн гарна. Энэ бүхний гинжин холбоог бүхэлд нь санхүүжүүлж, эрсдлийг нь хаавал зардал арай багасаж магадгүй гэх үүднээс судалгаанууд хийж байна.
-Түрүүн хоёулаа банкны нэр хүнд гэх ойлголтын талаар хөндсөн. Хөгжлийн банкинд тохиолдсон зүйлд бусад банкууд асар хүйтэн, хөндий хандах шиг харагдсан. Монголбанк том төслүүдийн санхүүжилт дээр алдаатай бодлого явуулсан гэж харах тал бас бий. Гэтэл энэ зүг рүү огт хандаагүй?
Би бол Монголбанкийг тэгтлээ их буруутгахгүй байна. Яагаад гэвэл анх Хөгжлийн банк байгуулагдсан цагаасаа эхлээд Монголбанкны хяналт шалгалтад хамруулдаггүй байсан. Бүх арилжааны банкны хяналт шалгалтыг Монголбанкны хяналт шалгалтын газрууд хийдэг байхад Хөгжлийн банк ганцаараа тусдаа байсан. Тэгэхээр эдний хяналт шалгалтад байгаагүй гэсэн үг. Дараа нь Монголбанкийг буруутгасан. Гэхдээ миний харж байгаагаар анхнаасаа арилжааны банкуудад тавигддаг шаардлага, дүрэм журам тэнд үйлчилдэггүй байсан. ТУЗ болон зээлийн гол шийдвэрүүд нь тэдний өөрийн ТУЗ дээр хийгддэг. ТУЗ ньМонголбанкнаас тусдаа байсан.Одоо л хүмүүс Монголбанкийг харахгүй яасан юм, орохгүй яасан юм бол гээд шүүмжлээд байгаа. Энэ нь хуулиар ч юм уу, Монгол Улсад мөрдөж байгаа дүрэм журмаар хүлээгдээгүй байсан үүргийг хүлээлгээд байна гэж би харж байна. Ер бол Хөгжлийн банк арилжааны бус хөрөнгө оруулалтын банк байсан шүү дээ.
-ХААН Банк том бүтээн байгуулалтын хийгээд улс орны хөрөнгө оруулалтын бодлогуудаас хэр ачаа үүрдэг вэ. Жаахан хол оршиж харагддаг л даа?
-Манай банк бол иргэдийн банк. Манай 60-аад хувь иргэдэд суурилдаг. Анхнаасаа бид түүхэн үйлчилгээ үзүүлж байсан. Тэрийгээ л улам төгөлдөржүүлээд явж байгаа. Гэхдээ одоо үндэсний хэмжээний хамгийн том аж ахуйн нэгж болсон. Тиймээс бид ачаа үүрэлцэх ёстой. Тэрийгээ мэдэж байгаа. Сүүлийн жилүүдэд жижиг дунд үйлдвэрлэгч нар, том аж ахуйн нэгж байгууллагуудын зээлийг ялгалгүй олгоод явж байгаа. Гэхдээ банк дотроо инкубатортой. Инкубатор маань өрхийн аж ахуй эрхлэгчээс авахуулаад бүх харилцагч нараа бойжуулаад, манай харилцагч нар томроод явдаг. Жижиг дунд бизнес эрхэлдэг хүмүүсийн зарим нь эхнээсээ корпорэйт чиглэлийн том аж ахуйн нэгж байгууллагууд болж байна. Бид харилцагч нартайгаа хамт өсөж байна. Тэдэнд санхүүгийн үйл ажиллагаа тасралтгүй үзүүлээд явж байна. Ялангуяа дараагийн дунд хугацааны бизнес төлөвлөгөөн дээрээ улсын хэмжээнд, гэхдээ хөдөө аж ахуйн чиглэлээр дөрвөн үндсэн кластерийг сонгож аваад кластераар нь санхүүжүүлнэ. Тэр дотор малчид, бизнес эрхлэгчид, дундын зуучлагч, үйлдвэрүүд, том жижиг бүх төрлийн үйлдвэрүүд нь орно.
-Манай банкны системд 10 гаруй банк үйл ажиллагаа явуулж байна. Гэхдээ гол ачаалал гурав дөрөвхөн банкин дээр төвлөрдөг. Гэвч жижиг банкууд байгаад л байдаг.
-Мөнгөний бодлогыг Монголбанк бие дааж, хараат бус гаргаж байгаа. Банкууд өөрсдийн холбоотой. Банкны холбоон дээр бид системийнхээ хувьд авч явах ёстой, ач холбогдолтой гэж үзсэн ажлуудаа хамтарч шийддэг. Гэхдээ зах зээл дээр хоорондоо өрсөлдөнө. Системийнхээ хувьд Монгол Улсын банк санхүүд ач холбогдолтой гэж үзсэн зүйлүүд дээрээ маш сайн нэгдэж чаддаг. Системээ хамгаалж чаддаг. Гэхдээ жижиг банкууд байгаад л байх юм гэх таны үгэнд хариулт өгөхөд банк санхүүгийн зах зээлд эко систем үйлчилдэг.
-“Эрэл” компанийн үйл ажиллагаа бараг зогссон байхад, тэдний “Ариг” банк байгаад байдаг. Сонирхолтой санагддаг юм л даа.
-Эко систем гэдэг том нь ч байна, жижиг нь ч байна гэсэн үг. Бүгдээрээ өөр өөрийн гэсэн сегменттэй, харилцагч нартай. Тэд нарынхаа санхүүгийн үйл ажиллагааг үзүүлээд, тэр нь ашигтай байвал бүгдээрээ л багтаж болно гэсэн үг.
-Гэтэл “Капитал” банкийг шууд улс төрийн оролцоотойгоор хүчээр дампууруулчихсан. Эко систем өөрийн тойрогтоо багтаагаагүй...
-Засаглал их чухал. Засаглал нь эрүүл байхад тэр банк том байна уу, жижиг байна уу хамаагүй. Бизнес нь ашигтай, харилцагч нартаа хангалттай байвал оршин тогтноно. Тэрнээс том жижиг нь чухал биш. Засаглал нь өөрөө буруу, хэт нэг талаас хамааралтай болоод явчихвал унана. Тэдний хувьд ийм л юм болсон. Тийм тохиолдолд шулуухан хэлэхэд банкууд холхон л байсан нь дээр.
-Төрийг банк байгуулаад эхлэхэд, жишээ нь би хувьдаа маш их эсэргүүцсэн. Төр байн байн эргэж банк байгуулж тоглодог жишиг нутагших ёсгүй гэж үздэг.
-Одоогийн Төрийн банк байгуулагдсан шалтгааныг бол би аргагүй нөхцөл байдлын улмаас гэж хардаг. Харилцагчийнхаа талаас харвал. Тухайн үед өмнөх алга болсон Хадгаламжийн банкин дээр харилцагч, хадгаламж эзэмшигч нар зөндөө байсан. Тэр хүмүүсийн мөнгийг зүгээр л устган алга болгох нь аюултай. Ер нь бол банк дампуурах, үйл ажиллагаа нь доголдох зэрэг нь зах зээлд болж л байдаг үйл явдал. Хувьцаа эзэмшигчдийн мөнгө бол тэр банкин дотор байгаа мөнгөний 10-15 хувь л байдаг. Үлдсэн нь Монголын ард түмний, харилцагч нарын мөнгө. Тэрийг юу ч үгүйгээр байхгүй болгоно гэдэг бол банкинд итгэх итгэлийг алга болгодог учраас маш эмзэг. Банкны эмзэг хэсэг нь энэ. Төрийн банкийг байгуулдаг үед Хадгаламжийн даатгалын корпораци байхгүй байсан. Хадгаламжийн даатгалын корпорацижишээ нь, “Капитал”-ийг дампуурах үед байсан бол Хадгаламжийн даатгалын корпорацид даатгагдсан даатгалын мөнгөөр учирсан эрсдлийг даагаад л гаргана. Тэгэхээр тэнд байсан бүх хадгаламж эзэгшигч нарын мөнгийг салхинд хийсгэж, Монголын банкны системд итгэх итгэлийг алга болгож болохгүй байхгүй юу даа.
-Засгийн газруудын явуулдаг халамжийн бодлогыг та хэрхэн авч үздэг вэ. Өнөөдөр ч халамжийн бодлого руу Засгийн газар мөнгө хийсээр л байна.
-Мэдээж улс юм чинь иргэдээ халамжлалгүй яахав. Халамжлах ёстой эмзэг давхаргын хүмүүс байгаа. Гэхдээ халамжийг хэтрүүлж, хавтгайруулах нь сөрөг үр дагавар ихтэй. Хамгийн энгийн санаа зовж байгаа зүйл гэвэл хүмүүс залхуу болж байна. Ажил хийх дургүй болж байна. Тэгэхээр бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гээд кластерийг дэмжихэд нэг санаа зовж байгаа юм ажиллах хүчний асуудал байна. Ажиллах чадвартай залуу хүмүүсийг ямар нэгэн байдлаар халамжийн бодлогод хамруулахгүй байгаасай гэж боддог. Түүнээс биш хийх юм аа хийчихсэн өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг улс нь халамжлах хэрэгтэй. Хөдөлмөрийн насны ажиллах чадвартай хүмүүсийг л битгий залхуурал руу чирээсэй. Ажил хийсэн хүний цалингийн орлого халамжийн орлогоос жоохон илүү байсан ч гэсэн тэр нь том үр дүн байдаг. Ажил хийгээд, өөрийнхөө хөдөлмөрөөр бий болгосон мөнгөний үнэ цэн, өөртөө итгэх итгэл, ирээдүйгээ төлөвлөх төлөвлөгөө нь өөрөө тухайн хүмүүсийг хөгжүүлж байдаг. Тэрийг л битгий алга болгоосой. Нэг талаасаа одоо манайд дотоодын үндэсний үйлдвэрлэгч нар цөөхөн байна. Гэхдээ ямар ч байсан эднийгээ дэмжээд, хамтарч ажиллая гээд манай хамт олон зүтгэж байгаа.
-Та гүйцэтгэх захирал болоод “Дижитал стратеги” гэж бодлогын том баримт бичгийг баталсан. Танай банкны дижитал хөгжил аль түвшинд яваа вэ?
-2021-2023 онд “Дижитал стратеги”-аа батлаад том зорилт тавьсан. Тэр төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлж байна. Үүний үр дүнд нийт санхүүгийн гүйлгээний 99 хувь нь цахимжсан. 500 гаруй салбар нэгж ганцхан хувийн гүйлгээ хийж байна гэж би түрүүн онцолсон доо. Нийт хэрэглээний зээлийн багцын 60 гаруй хувь нь цахимжсан. 60 гаруй хувь буюу зээлдэгчийн тоогоор 440 мянган хүн заавал банкин дээр ирэхгүй зээл авах боломжтой болсон. Шинэ, шинэ техник технологи гарч ирж байна. Тэрийг судалж байна. Улам илүү хялбар аргаар иргэд банкны үйлчилгээг авдаг байхын төлөө ажиллаж байна. Ялангуяа Улаанбаатар хотын түгжрэлд салбар нэгж дээр ирэхэд хүндрэлтэй. Тиймээс зүгээр л гэрээсээ, гар утаснаасаа санхүүгийн үйлчилгээг авах боломжтой байгаасай гэж боддог. Хүмүүс ХААН Банкны харилцагч нь учраас гээд ирэх дуртайдаа ирдэг биш,ХААН Банкны үзүүлж байгаа үйлчилгээнд дуртай, санхүүгийн үйлчилгээ нь хэрэгтэй болохоор бидэнтэй хамт байдаг гэж ярьдаг.
-Бусад банкнаас танай дижитал үйлчилгээ юугаараа давуу талтай юм бэ?
-Бүх банкинд мобайл үйлчилгээ гэж байдаг боловч мобайл гэхээр хүмүүс ХААН Банкны мобайл үйлчилгээ л гэж ойлгодог хэмжээнд хүртлээ бид энэ зах зээлийн хамгийн том тоглогч болж чаджээ.
-ХААН Банк бол хөдөөний банк гэх, орон нутгийн ХААН гэх зэрэг гоочлол бас байдаг. Нийт зээлийн тань 80 орчим хувь хэрэглээний зээл байдаг учраас иймэрхүү хандлага явдаг байх?
-Тэр хүмүүсийн амьдралд хамгийн ойр байгаа нь л ХААН Банк байна гэж хар. Тэр хүмүүст хэн ч итгэж зээл өгөхгүй байхад, бизнесийн хамтрагчаа гэж хэн ч үнэлээгүй байхад бид нар “Та бол бидний харилцагч, бүгдээрээ хамтдаа өсөж дэвжинэ” гэж хамгийн найдвартай, хамгийн дотно харилцааг санал болгож чадсан юм.
-Википедиад ХААН Банкийг улс даяар 550 гаруй нэгжтэй гэсэн тоо байна. Энэ тоо нэмэгдсэн үү?
-Манай ТУЗ-ийн зарим гишүүд гайхаад байгаа. Чи бүх хөрөнгө оруулалтаа дижитал руу хийж, цахимжуулалтын том төсөл хийж байна. Тэгээд яагаад салбар нэгжүүдээ хаахгүй байна гээд... Одоо бол тэр түвшин рүү шилжих арай болоогүй. Гэхдээ харилцагчдад хамгийн ойр үйлчилгээ үзүүлдэг байгууллагын хувьд шууд салбаруудаа хаана гэж бас бодохгүй байгаа. Хүмүүс өрөөсгөлөөр харж тэтгэвэр авагчдыг, малчдыг шүүмжилдэг. Гэтэл тэд нарт “community” байх ёстой. Хоорондоо уулздаг, ярьдаг. ХААН Банкны салбар тийм газар нь байгаасай гэж бодож байгаа. Тэтгэвэр авагч нар маань гоёод, банкин дээрээ ирээд бусад хөгшчүүдтэйгээ уулздаг газар нь болсон байна. Тэр орчныг нь алга болгохгүй юм сан гэж би боддог. Малчид маань тал талаас ирээд манай зааланд хөөрхөн уулзаад сууж байдаг. Тэр орон нутгийн амьдралд нэг соёл түгээдэг цэг нь, амьдралынх нь нэг хэсэг болсон газар ньХААН Банкны салбар болчихсон учраас байлгаж байхыг хүсдэг.
-Нээрээ л сумын төвөөс ХААН Банк нь алга болчихвол гунигтай байх л даа...
-Бид өөрсдөө салбар нэгжийн стандартыг бий болгож хөгжүүлсэн. Яг хотын салбарт байгаа энэ бүх барилгын стандарт нөхцөл, хангамжийг бүх суманд байлгаж байгаа. Сумын хамгийн ганган байшин, соёлыг түгээдэг газар. Хамгийн цагаан барилгатай, цайвар ногоон өнгийн тавилгатай газар манайх л байгаа. Хүмүүс хөдөө энэ тавилга амархан муухай болчих юм биш үү гэдэг.Тийм биш. 2023 онд сумын тооцооны төвийн ажилтнууд харилцагч нар нь цахимаар үйлчилгээгээ авдаг болоод ажилтнуудын ажил багассан. Сумын тооцооны төвд өдөрт 20-30 гүйлгээ л хийдэг. Гурван хүн ажилладаг байсан. Одоо хоёр болгосон. Нэг хүн нь төв банкны арын албаны ажлыг хийж байгаа. Бид хангалттай дэд бүтэц, хангамжаа татчихсан болохоор орон нутгаас сумын тооцооны төвийнхөн төв банкны дундын болон арын оффисын ажлыг хийдэг болсон. Одоо дижитал банк болсон болохоор манай Үйлчилгээний нэгдсэн төвийн1800-1917 утсаар хүмүүс зөвлөгөө авдаг. 24 цагаар 250 хүн зэрэг ажилладаг. Өөрөөр хэлбэл 250 хүн зэрэг асуултад хариулдаг, маш том баг ажиллаж байгаа гэсэн үг.
-ХААН Банкны хувьд хамгийн сүүлд болсон том түүхэн явдал бол IPO-гоо танилцуулсан явдал. Нийт хувьцааны 10 хувьтай тэнцэх хэмжээний хувьцааг гаргаж, нэгж хувьцааг 959 төгрөгөөр олон нийтэд санал болголоо...
-Амжилттай, хамгийн том, хамгийн хүртээмжтэй оролцогчидтой IPO болсон. IPO-г хийхдээ бид нэг стратеги баримталсан. Эхлээд бид зах зээлээ судалсан. Дотоодод байх уу, гадаадад гарах уу, аль нь банкны ирээдүйн өсөлт, хөгжлийг хангах вэ гэж. Тэгээд манай хуулийн дагуу дотооддоо гаргахаас өөр аргагүй болсон. Ингээд Монголын хөрөнгийн бирж дээр гарахаар болоод ажилласан.IPO гарах юм чинь хэнд зарах уу, манай гол хөрөнгө оруулагч нар хэн байх вэ гэдэг сонголтоо хийж таарна. Манай ХААН Банкийг ард түмний банк гэдэг. Тийм болохоор ард түмэндээ зориулж гаргая гэж бид шийдсэн. 440 салбар нэгж хөдөө орон нутагт байдаг, гол санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага нь манайх юм чинь хөдөөний харилцагч нарт ч хөрөнгийн зах гэж байдаг. Хөрөнгө оруулаад ирээдүйд тэрнийхээ ногдол ашиг, үр шимээр нь орлого олж амьдарч болдог гэдгийг мэдүүлцгээе гээд асар том зорилго тавиад л зүтгэсэн. Том зорилгынхоо хүрээнд 440 тооцооны төвийн эрхлэгч нараа Улаанбаатар хотод авчраад андеррайтер компанитайгаа, санхүүгийн зохицуулах хороотой хамтраад хөрөнгийн зах гэж юу байдаг, хөрөнгийн захад яаж оролцдог, ашгаа яаж хүртдэг, ямар эрсдэлтэй юм гээд бүгдийг зааж танилцуулсан. Дандаа ашиг хүртдэг биш. Ямар эрсдэл учирдаг, яаж оролцдог гээд бүх талаас нь сургалт хийсэн. Сургалтад бүх тооцооны төвийн эрхлэгч нар хамрагдсан. Тооцооны төвийн эрхлэгч нар очоод сумандаа харилцагч нартаа тайлбарлаж өгсөн. Энэ маш том нүсэр ажил болсон. Энэ ажлын хүрээнд МҮОНРТ-тэй хамтарч “Ногоон сум” аяныг бүх аймгуудаар хийсэн. Төв банкны захирлууд аймгаа хувааж аваад явж ажилласан. Заримд нь хоёр аймаг оногдож байгаа юм. Ингэж бид ард түмэндээ танилцуулсан. Үр дүнд нь нийт оролцогчдын 38 хувьд нь 11,700 оролцогч оролцоод тодорхой хэмжээний хувьцаа авсан. Үр дүнд нь маш том байгууллага болж чадсан. Тогтвортой байж чадаж байна. Нийтдээ 183.4 тэрбум төгрөг татан төвлөрүүлнэ гэж байхад 336 тэрбум төгрөг цугларсан. 183 хувиар давж биелсэн. Энэ манайд цугларсан мөнгө бол манай банкинд итгэж байгаа ард түмний итгэл гэсэн үг. Манай зах зээл дээр багтах юм уу гэдэг байсан бол мөнгө байдаг юм байна гэж харуулсан. Энэ нь хөрөнгийн зах зээлийг сэргэхэд нөлөөлсөн.
-ХААН Банктай холбоотой сөрөг мэдээлэл юу байдаг юм бэ гэж наашаа гарахынхаа өмнө хайлаа. ХААН Банкны данснаас иргэдийн мөнгө алга болоод байгаа тухай гомдлууд байна.
-Данснаас мөнгө алга болно гэдэг харилцагч маань өөрөө санаатай болон санаандгүй байдлаар дансныхаа мэдээллээ алдчихсан гэсэн үг. Дижитал банк болж байгаагийн зөндөө давуу тал бий боловч нөгөө талд сөрөг тал ч байгаа. Өөрийнхөө нууцыг өөрөө хамгаалах ёстой. Яагаад гэвэл өөрийнхөө нууц үгийг, дугаарыг бусдад задруулаад хэлчихсэн бол өөрөө орж байна уу, хүн орж байна уу гэдгийг систем мэдэхгүй. Мэдээж бид аюулгүй байдлыг хангах гээд олон улсын стандартыг бүгдийг нь мөрддөг. Гэхдээ тухайн хүн өөрөө нууцаа алдчихдаг.Ихэвчлэн яаж алддаг вэ гэхээр цахимаар, онлайн худалдан авалт хийж байхдаа утасны дугаар, овог нэр, дансны дугаараа хаа хамаагүй чангаар хэлээд байдаг. Залилагч нар ухаантай болчихсон болохоор найз нь юм шиг ярьж байгаад нууц үгийг нь авчихдаг. Манай харилцагч нар одоо харьцангуй гайгүй болсон. Бид нар зөндөө сургалт хийсэн. Дэлгүүрт ороод юм уу, хоолны газар ороод картаа өгч явуулаад пин код нь хэд вэ гэхээр тэд гээд тэр хавиар нэг хашхирдаг. Тэр тоог нь тэнд байгаа хүмүүс мэдчихдэг. Би Мөнхтуяа байна гэдгийг батлах дөрвөн тоог тэгээд хаа хамаагүй хэлчихээр хэн ч Мөнхтуяа болох боломжтой болно гэсэн үг.
-Систем дотроо ч үнэтэй, гүйлгээ болгоноос шимтгэл авдаг. Шимтгэл нь өндөр гэх шүүмжлэл бас байна?
-Бид дотооддоо банк дотор гүйлгээ хийхэд 100 төгрөг авдаг байснаа 50 төгрөг болгосон. 7-р сарын 1-нээс эхлээд 50 төгрөг авч байгаа. Өөрөөр хэлбэл, хураамжаа 50 хувиар бууруулсан. Явцын дунд бид өөрөө санхүүжүүлж дөнгөж байна уу, үгүй юу. Яагаад гэхээр маш их хөрөнгө оруулалт хийсэн. Зардал зөндөө байгаа. Хүмүүс тэрийг тооцохгүй байна. Үнэгүй юм ашигладаг ард түмэн байж болохгүй. Гэхдээ бид тодорхой хугацааы дараа үнэгүй болгож болох байх.
-Та их залуудаа ээж болсон гэж нэг ярилцлагын үеэр хэлсэн байсан. Гэтэл карьер тань тасралтгүй өсөлттэй явжээ.
-Би хувийн мэдээллээ нэг их яриад байдаггүй. Манай аав Монголын радиод насаараа ажилласан техникч оператор хүн. Дээр үеийн хүмүүс нэг л байгууллагад насаараа ажилладаг байсан. Миний энэ төлөвшил ч эцэг, эхээсээ юм шиг байна.Манай ээж бол цэргийн хүн. Бас л насаараа цэргийн байгууллагад ажилласан. Одоо манай аав ээж хоёулаа тэтгэвэрт, гэртээ суудаг. Нөхөр бид хоёр оюутан ахуй цагаасаа хөтлөлцөж гүйж байгаад гэр бүл болсон хүмүүс. Нэг ангийн хоёр. Манайх гурван хүүтэй.
-Танай нөхөр мэргэжлээрээ ажиллаж байгаа юу ?
-Хоёулаа нэг системд багтахгүй болохоор мэргэжлээрээ бараг ажиллаагүй.
-Би Питер Морроу захирлыг хувьдаа зураг цуглуулдаг гэж боддог байлаа. Тэгсэн тийм биш байсан.
-Одоо доор манай ХААН Банкны галлерейд байдаг.
-Таныг бас уран зураг сонирхдог гэж сонсож байсан.
-Анх би уран зургийг сайн мэддэггүй байсан. Уран зурагтай яаж холбогдсон бэ гэхээр нягтлан байх үед банк хэцүү байхад ч захирал зураг аваад байдаг. Би бүртгэлийг нь хөтөлдөг байсан. Хаана бүртгэхээ мэдэхгүй үндсэн хөрөнгөн дээр бүртгээд явчихна. Дараа нь захирал зурагны үнэ асуухаар үндсэн хөрөнгөн дээр бүртгэсэн болохоор зурагны анхны үнэ тэд, элэгдэл, үлдэгдэл өртөг тэд гээд хариулна. Захирал гайхаад, үнэ нь өсдөг юмыг чи элэгдүүлж байдаг гээд инээж байж билээ.
-Нэртэй зураачдын үнэтэй зурагнууд танай галерейд олон байгаа байх...
-Тийм. Тэгж л анх уран зурагтай холбогдож эхэлсэн. Дараа нь захирал галерей байгуулаад, зургийн үзэсгэлэн гаргаад Монголын том зураач нар ирдэг болсон. Биднийг очиж юм сур, мэд гээд зураач нартай танилцуулж байсан. Зурагных нь үнэ цэнийг тэгж анх мэддэг болсон. Сүүлд 2015 онд зургийн дахин үнэлгээг хийлгэж үзсэн. Монголын урчуудын эвлэлийн хороо, үнэлгээний компаниар зургуудаа үнэлүүлсэн. Үнэ нь өсөөд л байдаг юм байна билээ. Тухайн үедээ хөрөнгийн үнэлгээтэй харьцуулахад мөнгөн дүн нь жижиг юм байна гээд нэг их тоохгүй явсан. Одоогийн байдлаар банк 590-ээд уран бүтээлтэй болсон. Жилд манай галерейд 12 удаа сар болгон шинэ уран бүтээлчид үзэсгэлэнгээ гаргадаг.
-Таны өрөө их даруухан юм байна...
-Манай өрөөнүүд ерөөсөө нийтлэг ийм энгийн өрөөнүүд байдаг.
-Банкир хүн нэг талдаа улс төрийн сайн бодлого тээгчид байдаг. Таны хувьд энэ талын сонирхол хэр бол?
-Улс төрөөс хамаг боломжоороо л хол байхыг эрмэлздэг. Гэхдээ улс орны хэмжээг хамарсан сүлжээ бүхий систем хариуцаж байгаа болохоор хүссэн хүсээгүй холбогдож байна. Гэхдээ шийдвэр гаргалтан дээрээ дандаа харилцагчдадаа ээлтэй байх тал дээр тооцож төрийн бодлого шийдвэрт ханддаг. Ялангуяа тэтгэврийн зээл тэглэх зэрэг асуудал дээр. Тэтгэвэр авагчдын амьдрал хүнд гэдгийг бүгд л мэдэж байгаа. Гэхдээ л тэр хүмүүст мөнгөний хэрэгцээ байгаа учраас зээл авч байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй байх.
-Ингэхэд малчид хэр хариуцлагатай хэрэглэгчид вэ?
-Би бол дажгүй гэж хэлнэ. Ногоон зээлийн хүрээнд тогтвортой хөдөө аж ахуйн салбарын хүрээнд кластерийг санхүүжүүлнэ гэдэг нь өөрөө малчдыг хоршоолол маягаар хамтарч нэгдэж, амьдарч сурахыг дэмжиж байгаа төсөл гэсэн үг. Ноос ноолуурын холбоотой хамтраад малчдыг хоршоо байдлаар нэгдэж, хамтран ажиллаж амьдарч сургах тал дээр дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Сүүний ферм маягаар малчдыг нэгдэж ойрхон байж, борлуулалт, тээврийн зардлаа шэйрлэх байдлаар хөгжих боломжийг мөн дэмжиж байгаа. Мэдээж малчдын хамгийн ойрхон мэддэг байгууллагынхаа хувьд тэд нарт тохирсон санхүүгийн үйлчилгээ,амьдралыг нь хөнгөвчлөх санхүүгийн үйлчилгээ үзүүлэхийг зорьж байгаа. Ялангуяа сүүлийн үед санаа зовж байгаа зүйл бол сумд цөөхөн хүн амтай болж буй байдал.Хоёроос гурван мянган хүнтэй сумын тоо гаргаж байхад 1350 хүнтэй сум Монголд байж байх жишээтэй. Манай энэ төв банкинд 1700 хүн ажиллаж байхад тэр том нутаг дэвсгэр дээр 1300 хүн яаж эдийн засгийн үр өгөөжтэй амьдардаг юм бол. Тэнд байгаа салбарыг соёлыг түгээх төв чиглэлээр байлгана гэж байгаа ч тэрийг яаж ашигтай ажиллуулах вэ гэдэг өөрөө асуудал болж байх жишээтэй.
-Цаг гаргаж дэлгэрэнгүй сайхан ярилцсанд баярлалаа. Банкны захирал гэхээр яагаад ч юм халдашгүй, харьцахад хэцүү хүн байх вий гэж сэтгэлзүйгээ арай өөрөөр бэлдэж байлаа. Та төсөөлснөөс өөр хүн байсанд би олзуурхаж байна. Та бүхэнд амжилт хүсье.