Салхи эргэлээ
Саяхныг болтол “Моод Монголоор дуусдаг” хэмээх хэлц байсан юм. Хэдийгээр монголчууд биднийг басамжилсан, элэг барьсан доромж үг хэдий ч тэр үнэн байсан юм аа.
Саяхныг болтол “Моод Монголоор дуусдаг” хэмээх хэлц байсан юм. Хэдийгээр монголчууд биднийг басамжилсан, элэг барьсан доромж үг хэдий ч тэр үнэн байсан юм аа. Нэг их олон хүүхэдтэй, амьдрал нь тун зутруу, бусдын эвийлсэн, хөөрхийлсөн харцан дор, илүүчилж хүртээснийг нь гар тосож аваад сурчихсан айл байдаг даа. Томчуулынхаа багадаж, хуучирсан гутал, хувцас, цүнх номыг багачуул нь цоолдож, битүүлээд, наагаад дамжуулан хэрэглэж, ёстой л тамтагт нь тулгаад, сая нэг хаядаг тийм амьдралын төрх, зөргөөр монголчууд бид замнаж байсан юм даг уу даа. Магадгүй ямар ч хэтрүүлэггүй үнэн түүх энэ билээ.
Дэлхийг нэг их том лангуу юм аа гэж бодвол уг лангуун дахь бараанд дугаарласан олны адаг сүүл хавьд Монгол “оочерлон” зогсдог байлаа. Бусдад дэлгээд барьчих, анхаарлыг нь татчих тийм бараа бүтээгдэхүүн ч бидэнд хомс учраас хэн ч биднийг төдийлэн анзаарч андлахыг хүсдэггүй байв.
Тэмээ, ямааны ноос, ноолуурхан төдийгөөр л бидний бараа шувтарчихаж байгаа юм. Хожимдоо Эрдэнэтийн зэс нэг хэсэгтэй дэлхийн анхаарлыг татсан ч Орос гэдэг ганц нөхөр дараалалгүй эзэгнэх болсноор Монголын зэс “моод” болж чадаагүй юм даа. Эдүгээ түүх эргэжээ. Яг одоо “моод-монголоор дуусдаг” хэмээн хэлсэн нэгэн тэнэгийн тэнэгт тооцогдоно гэдэгт огтхон ч эргэлзэх юмгүй ээ. Монголгүй юм гэж үгүй болсон юм шиг түүх тун сонирхолтой бичигдэж эхэллээ. Дэлхийд мартагдах шахсан, за бараг л
мартагдаад байсан Монгол хэмээх нэгэн нэр ёстой л ертөнцийн чихнээ дуурсгалтай сонсогдож байна. Канад, Австралид улстөрч, уул уурхайн салбарынхан нь “Эрдэнэс” хэмээх монгол үгийг хамгийн сайн мэддэг
болсон тухай, бүр энэ чигээр нь “Эрдэнэс” хэмээн бичиж, ярих болсныг тэдгээр улсын хэвлэл мэдээллээс харж, сонсож болно. Америк, Европ, Ази, Австрали тив тэр чигээрээ л Монголын тухай ярилцаж, Монголын талаар санал солилцож, чихээ дэлдийлгэн, нүдээ бүлтийлгэж анхаарал тавих болсон нь гайхалтай юм шүү.
“Эрдэнэсийн орон” хэмээн тэд Монголыг нэрлэх болжээ. Энэ бүхэн ердөө тав
зургаахан жилийн өмнөөс эхэлсэн юм. “Оюутолгой”-гоос хойш гэсэн үг.
Оюутолгойн гэрээг баталснаас хойш бол бүр ч “моод-монголоос” эхэлдэг хэмээх хэлцийг хүссэн хүсээгүй тэд хэлэх хэмжээнд ирлээ.
Орос, Хятад, Америк, Англи, Япон гээд Монголыг дурсахгүй, Монголыг
мөрөөдөхгүй улс үндэстэн гэж алга. Урьд өмнө Ройтер, ИТАР-ТАСС, Синьхуа гурав л сайн бол сардаа нэг, саар бол улиралд нэг Монголын тухай мэдээ гаргадаг байсан юм. Гэхдээ энэ нь Орос, Хятадад болж буй үйл явдлын хавсарга шинжтэй голдуу мэдээлэгддэг байсан. Одоо юун Орос, Хятад, Англи.
Энэтхэг, Чили, Аргентин бүр энэ ертөнцийн мухарт орших Виржина хэмээх
жижигхэн арал дээр хүртэл өдөр болгон “Эрдэнэсийн орон” Монголын тухай ярьж бичицгээж байна. “Дэлхийд хосгүй орон, жинхэнэ шавхагдашгүй эрдэнэс, баялгийн нөөцтэй орон, алт, мөнгө, зэс, нүүрс, нефть, уран, молбиден… гээд байхгүй юмгүй, Менделеевийн үелэх системийн бүхий л элемент Монголд байх байхдаа бүр бүх дэлхийг гайхашруулсан нөөцтэй байна гэцгээнэ.
Дэлхийн маш олон компани Монгол хэмээх нэрээр хөл дээрээ босч, хөрөнгөжих боломжтой болсон нь ч нууц биш юм. Нэр нь ч дуулдаж байгаагүй олон компани Монголтой холбогдон нэрд гарч эхэлсэн тухай “Financial Post” сонинд саяхан тун сонирхолтой нийтлэл гарсан байсан. “Монгол бол нүүрсний Саудын Араб” хэмээн ил тодоор зарим нь бичиж байна. Өнөө дэлхийгээр нэг
хэсээд, гуйгаад олддоггүй байсан хөрөнгө оруулалт хэрвээ бид өөрсдөө ухаалаг байж чадах аваас хэдэн зуун саяар бус, хэдэн зуун тэрбумаар Монголд цутгахад бэлэн болж. “Моод-монголоор дуусдаг” хэмээх доромж, элэглэлийн эрин төгсгөл болжээ. Яг одоо Монгол шиг “моодонд” орж байгаа улс орон дэлхийд алга. Энэ бол бидний бахархал, омогшил төдийгөөр шувтрах зүйл
биш. Харин бидний Монгол дэлхийн өмнө хэн бэ гэдгээ харуулах, нотлох жинхэнэ хариуцлагын цаг үе. Алтан дээр сандайлсан гуйлгачингийн үлгэрийг мартаж, алт, эрдэнэсээ эзэн хүн шиг атлаа ухаалаг, овжин ашигтайгаар
эргэлтэд оруулж, хөгжил, дэвшилд хүрсэн, Монгол хүний үнэ цэнийг дэлхийд өргөсөн түүх болгон сийлэх тийм цаг үе, боломж ирснийг биднээс бусад нь ойлгохын дээдээр ойлгож байгаа шиг бид ч бас ухаарах цаг үе ирсээн.
Оюутолгой бол эхлэл. Гараа сайн бол бариа сайн гэдэг. Эндээс л бидний ирээдүйн дүр төрх харагдах ёстой. Гаднынхны шуналыг хөдөлгөөд байгаа ашигт малтмалын орлогоо иргэддээ хүртээх ажил эндээс эхэлнэ. Өндөр хөгжилтэй орны хөрөнгө оруулагчидтай гар нийлснээр Монгол Улсын олон тулгуурт гадаад бодлого, гуравдагч хөршийн асуудалд бидний хүсээд буй
тэнцвэртэй харилцаа үүснэ. Монголын уудам нутагт дэд бүтэц хөгжиж, эдийн засаг, нийгмийн хөгжил эрчимжинэ. Нэгэн цагт “Бид Азийн бар” болно хэмээн ам алдсан П.Очирбат гуайн бэлгэшээлтэй хүсэл бар байтугай арслан болж
биелэх ирээдүй тун ойрхон харагдаж байна.
“Скорпионз” хамтлагийн “Салхи эргэлээ” хэмээх алдарт дуу байдаг даа. Монголын эдийн засагт гарсан, гарч болох эргэлт өөрийн эрхгүй тэр дууг санагдуулна.
Ш.ДАВААДОРЖ