КВАЛИА (3р хэсэг)
Дайвар үзэгдлийн тайлбар
Өмнөх хэсгийг унших.
Яагаад биетүүдийн бөөгнөрлөөс (мэдрэлийн эсүүдийн бөөгнөрлөөс) квалиа үүснэ вэ?
Бид бүхэн үүнийг рационаллагаар тайлбарлаж чадахгүй.
Гэсэн ч, “тархи ба квалиагийн хамаарлын” талаарх тархи судлалын өдий төдий туршилтын үр дүнгүүдээс “тархи байвал (нөхцөл А)→квалиа үүсдэг (үзэгдэл В)” гэсэн холбоо бий болохыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй бололтой юм (тархины тодорхой нэг хэсгийг гэмтээхээр тухайн нэг квалиа алга болдог хойно).
Тэрхүү холбоог зургаар дүрсэлбэл нэг иймэрхүү юм болно.
Энд, зүүн тал бол (тархи) атом молекул зэрэг материас бүрдэх физикийн ертөнцийн ухагдахуунууд бөгөөд, физикийн хуулинд захирагдаж “физикт харьяалагдах муж”.
Харин баруун тал бол (квалиа) ухамсар, субьектив мэдрэмж, сэтгэл гэх мэт биет бус ертөнц бөгөөд, одоохондоо өнөөгийн физикийн судлагдахуунд харьяалагддаггүй, физикээр судлах боломжтой эсэх нь ч тодорхойгүй муж юм.
Тэгвэл эндээс бас нэгэн эргэлзээ төрнө.
Тархи (зүүн тал) тодорхой нэгэн төлөвт шилжихэд, түүнээс тодорхой нэгэн квалиа (баруун тал) үүсчээ гэж бодъё.
Энэ үед тэрхүү квалиа нь тархинд ямар нэгэн физик нөлөө үзүүлэх явдал бий болов уу?
Бүр тодруулж хэлбэл, квалиа хэмээх оршихуй тархи хэмээх төхөөрөмжийн төлвийг өөрчлөх явдал байж болох уу?
Бүүр нарийн хэлбэл, квалиа нь “мэдрэлийн эсүүдийн атом молекулд нөлөөлж, түүний үйл ажиллагааг өөрчлөх” үзэгдэл байх боломжтой юу?
Үүнийг зургаар илэрхийлбэл нэг иймэрхүү гэсэн үг.
Нэг ёсондоо, "зүүн тийшээ чиглэх сум ← гэж байдаг болов уу?" гэсэн эргэлзээ.
Яагаад ийм зүйлд эргэлзэнэ вэ гэхээр, хэрвээ квалиа нь тархи хэмээх төхөөрөмжид ямар ч нөлөөлөл байхгүй гэчих юм бол, квалиа энээ тэрээ гээч юм байсан байгаагүй тархины үйл ажиллагаанд ямар ч өөрчлөлт орохгүй юм хойно, квалиа гээч нь ердөө л тархины ажиллагааг дагалдан үүсдгээс цаашгүй юуны ч хэрэггүй дайвар бүтээгдэхүүн болж, тийм юм байхгүй байсан ч болно, гэсэн дүгнэлтэд хүрэх учраас юм.
Чингүүт тэндээс ахиад
- Тийм бол тийм хэнд ч хэрэггүй, ямар ч ашиггүй илүүц юм ер нь яах гэж оршин байдаг юм бол оо?
гэсэн эргэлзээг дагуулж, тэрүүхэндээ хачирхалтай сэтгэгдэл төрүүлнэ.
Тэгвэл эсрэгээр нь, квалиа тархи хэмээх төхөөрөмжид ямар нэгэн байдлаар нөлөөлдөг гэж төсөөлбөл ямар вэ?
Хэрэв тэгж үзэх юм бол, шууд утгаараа ердийн хийгээд эрүүл сэтгэлгээ болох шинжлэх ухаанд зөрчилдсөн явдал болно.
Физикийн хувьд тархи гэдэг бол “атом молекул зэрэг биетүүд” болон “физикийн 4 хүчний харилцан үйлчлэл” дээр тогтох механик төхөөрөмжөөс өөр юу ч биш тул, тархины төлвийн өөрчлөлт нь зөвхөн физикийн ертөнцийн хүрээнд тайлбарлагдах учиртай.
Гэтэл түүн рүү нь “физик бус биет, учир битүүлэг ямар нэгэн юм гарч ирээд биетэд физик нөлөө үзүүлээд, тархины төлвийг өөрчилчлөө” маягийн төсөөлөл шургуулж орхивол, тэр нь “Хүний ухамсар, сэтгэл, квалиа гэсэн физик бус зүйлсийн нөлөөгөөр зүв зүгээр чиг өнхөрч явсан бөмбөг (атом) хазайж ч болно” гэж хэлж буйтай агаар нэг зүйл болох бөгөөд, физикийн шинжлэх ухаан нөгөө зөн билиг, бөө савдаг, телекинез мэтийн зүйлсийг хүлээн зөвшөөрсөнтэй адилхан болчих юм.
Албан ёсны физикийн ухааны байр сууринаас хандвал, тархи хэмээх физик төхөөрөмж нь материас бүрдэж байгаа л бол,түүний төлвийг өөрчлөх шалтгааннь физикт тодорхойлогдох “4 хүч”-ээс өөр юу ч байх боломжгүй.
Хэрвээ квалиа гэх үл мэдэх зүйл биетийн төлвийг өөрчилдөг гэх таамаглалыг хүлээн зөвшөөрье гэвэл, тэр нь өнөөгийн физикээр хараахан тодорхойлогдоогүй байгаа “үл мэдэх физик үзэгдэл” болж таарах бөгөөд, физикийн ухаанд шинээр “5 дахь хүч” гээч юмыг бодож олох ажил гарах биз.
Тийм зүйлийг шинжлэх ухаан хэрэг болгож идэвхитэйгээр урьж залах ямар ч шаардлагагүйгээс хойш, “квалиа биетэд нөлөөлсөн” гэсэн бодит факт нотолгоо олдоогүй л юм чинь, “Квалиа биетэд ямар ч нөлөө үзүүлдэггүй” гэсэн байр суурийг баримтлах нь өнөөдөртөө хамгийн зохистой юм.
Тиймээс ердийн физикчид квалиагийн тухайд
- Квалиа нь тархины төлвөөс зүгээр л дагалдан гарч ирдгээс цаашгүй, буцаагаад тархинд нөлөөлөх явдал огт байхгүй.
гэж үздэг бөгөөд, энэхүү байр суурийг Дайвар үзэгдлийн тайлбар (Epiphenomenalism) гэж нэрлэдэг.
Мэдээж хэрэг “квалиа нь биетэд ямар ч физик нөлөө үзүүлдэггүй” гэчихвэл, “тэгвэл тэр квалиа чинь ямар ч ашиггүй олгой шиг юм болчих гээд байна шд? Тэгэхээр чинь бас сонин биш үү?” гэх эхний асуулт босч ирэх учиртай боловч, түүнийг ч бас
- Тэгээд яах вэ дээ. Квалиа бол юуны ч ямар ч хэрэггүй илүүц зүйл л юм байгаа биз. Яагаад болохгүй гэж? Яагаад ч юм ертөнц тийм зүй тогтолтой л юм байна.
гээд хэлчихэд л дуусчих асуудал юм.
Үгүйдээ л, физикийн 5 дахь хүч мэтийн оккульт юм ярьж байснаас хамаагүй дээр биз.
Иймэрхүү нөхцөл байдлын улмаас физик үзлийг баримтлагчид квалиагийн тухайд “Дайвар үзэгдлийн тайлбар” хэмээх байр сууринд зогсдог бөгөөд, тэр нь ч туйлаас зүй ёсны явдал гэж санагдана.
- Ухамсар, сэтгэл, квалиа гэсэн физик бус оршихуйнууд материт физик нөлөө үзүүлж байна гэсэн бодит факт нотолгоо байхгүй л юм чинь, юу гэж тийм юмыг хүлээн зөвшөөрч байдаг юм?!?
- Юу?? Яах гэж тэгээд квалиа байдаг юм гэнэ ээ?? Тийм юм угаасаа байдаггүй юм за юу! Ямар ч хэрэггүй юм. Ямар ч шаардлагагүй юм. Байхгүй байсан ч асуудалгүй юм. Зүгээр л ертөнц тийм зүй тогтолтой юм. Тэгээл тэр, мэдэв үү?
“Дайвар үзэгдлийн тайлбар” – Энэ бол физикчдээс квалиад хандаж тулгасан “тусгаарлах мэдэгдэл” билээ...
Бид бүхэн квалиаг ойлгох өдөр ирэх болов уу?
Зочин
Амгаа
DR. PRADHAN.LT.COL
Болд
DR. PRADHAN.LT.COL
РАВДАН
РАВДАН
РАВДАН