Атрын IV аяны 400 тэрбумыг Хөгжлийн банкнаас л хол байлгаасай
Хамгийн зөв бөгөөд хялбар арга зам нь арилжааны банкуудаар дамжуулан олгох. Жилийн 7,5 хувийн ашиг гэдэг арилжааны банкуудад бараг л “тэнгэрийн умдаг”, уралдаад л гаргана.
Өнгөрөгч долоо хоногт болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаас Атрын IV аяныг эхлүүлэхээр зарлалаа. Аяныг санхүүжүүлэх хөнгөлөлттэй зээлийн дүн 400 тэрбум төгрөг.
Үнэн хэрэгтээ уг аяныг анх зарласан нь 2019 оны арван хоёрдугаар сар. Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байх үед буюу 2019 оны арванхоёрдугаар сарын 25-нд Засгийн газрын 476-р тортоолыг баталж, "Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян"-ыг 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн орон даяар зарлан хэрэгжүүлэх, аяныг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах зөвлөлийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулахаар тогтсон байдаг юм. Аяныг хэрэгжүүлэх төлөвлөгөөний төслийг мөн оны нэгдүгээр сард багтаан Засгийн газарт танилцуулах, үйл ажиллагааны зардлыг батлагдсан төсөвтөө багтаан хэрэгжүүлж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаанд үүрэг болгожээ.
Нэг талаас 2020 оны УИХ-ын сонгуулийг угтаж, нөгөө талаас дэлхий нийтээр аюулын харанга дэлдсэн ковид-19 халдварын дэгдэлттэй зэрэгцэж зарлагдсан Атрын IV аян тэгсгээд мартагдсан бололтой.
Ковидын хоёр жилд хойш тавигдаад байсан энэ сэдвийг Л.Оюун-Эрдэнийн засгийн газар дахин онилов. Нийт 400 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг хөдөө аж ахуйн салбарт оруулна. Газар тариалангийн салбарт 100 тэрбум, төмс, хүнсний ногоонд 50 тэрбумыг зарцуулна. Хөнгөлөлттэй зээлийн хүүгийн зөрүүг Засгийн газар төлнө гэв.
Түүхээс үзвэл Монгол Улс өнгөрсөн зуунтай нийлээд дөрөв дэх удаагаа атар эзэмших аяныг зохион байгуулж байна. Атар газар эзэмших анхны том аяныг 1959 оны гуравдугаар сард МАХН-ын Төв Хорооны III бүгд хурлаас зарлаж, хоёр дахь аяныг 1976 оноос өрнүүлжээ. Нэг намын системтэй байсан тэр үед атрын анхны аянуудыг тухайн үеийн МАХН-ын удирдлагаар МХЗЭ /Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэл/ гардан зохион байгуулж, залуучуудыг уриалан дуудаж, шинээр байгуулагдсан САА-нуудыг шефлэн ажиллаж байв.
Атрын хоёр дахь аянаас 30 гаруй жилийн дараа атрын III аяныг 2008 оны хавар С.Баярын Засгийн газар эхлүүлэв. Аяны зорилго нь хөрсний үржил шимийг хамгаалж, нөхөн сэргээх, үр сортын болон техник технологийн шинэчлэлийг эрчимжүүлж, импортыг орлох, экспортын чиг баримжаатай газар тариалангийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэж байв. Нэг ёсондоо социализмын жилүүдээс хойш хөсөр хаягдаад, хувийн хэвшлийн нуруун дээр чадан ядан явж ирсэн газар тариалангийн салбарт “апдейт” хийх, атаршиж хаягдсан талбайнуудыг нөхөн сэргээх, газар тариаланд техник технологийн шинэчлэл хийхийг зорилгоо болгосон хэрэг. Аян эхэлснээс хойш гурван жилийн дараа тариалалтын хэмжээ дөрөв дахин нэмэгдсэн тухай мэдээлж байв. Үр дүнд нь монголчууд ямартай ч гурил, төмснийхөө хэрэгцээг дотоодоосоо хангаад байдаг болсон юм. Үүнээс хойш дахиад арав гаруй жил өнгөрчээ
Ялангуяа сүүлийн хоёр жилд ковидын улмаас тавигдсан хилийн хориг, хорио цээрийн дэглэмээс болж үйлдвэрлэлийн бүхий л салбар уналтад орж, санхүүгийн хувьд тогтворгүй болсны дотор хөдөө аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл ч багтана. Угаасаа улирлын чанартай энэ салбарт төрөөс дэмжлэг үзүүлэхгүйгээр эргэж хөл дээрээ босоход бэрхшээлтэй болсон нь ойлгомжтой.
Гэвч аяны хүрээнд амлаад байгаа хөнгөлөлттэй зээлийг хөрөнгийг хэн хэрхэн хуваарилах, зарцуулах вэ? гэдэг дахиад л толгойн өвчин болж мэднэ. Өмнөх бэлээхэн туршлагууд ч бий. Тариалан эрхлэх сан, Мал хамгаалах сан, ЖДҮХС гээд төрийн нэртэй бүх сангууд авилга, ашиг сонирхлын зөрчлийн улмаас гэмт хэргийн үүр уурхай болон дампуурсан. Төр мөнгө захиран зарцуулж болдоггүйн хамгийн сүүлийн, хамгийн тод жишээ Хөгжлийн банк байна.
Хамгийн зөв бөгөөд хялбар арга зам нь зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгох. Жилийн 3 хувийн хүүтэй гаргах хөнгөлөлттэй зээлийн хүүгийн зөрүүг /7,5 хувь/ Засгийн газар төлнө гэснээс үзвэл анхны шийдлүүд нь хийгдээд явж байгаа юм шиг байна. Жилийн 7,5 хувийн ашиг гэдэг арилжааны банкуудад бараг л “тэнгэрийн умдаг”, уралдаад л гаргана. /Банкуудын гаргаж буй зээлийн хүү дунджаар 14,4 хувь, хадгаламжийн хүү 7,6 хувь. Хамгийн ихдээ 7.0 хувийн ашиг олдог гэсэн үг/.
Угаасаа газар тариалан, хүнсний ногоо, хүлэмжийн аж ахуй эрхэлж байгаа компаниуд дотор зээлийн түүхгүй компани гэж нэг ч байхгүй. Тийм болохоор өмнө зээл авч, харьцаж байсан банкуудаар нь дамжуулаад зээл олгоход ямар ч бэрхшээл гарахгүй. Зээлийн эрсдэл болоод эргэн төлөлтийг банк өрөө хариуцна гэсэн үг. Тэгэхгүйгээр төрийн нэртэй дахиад нэг сан байгуулаад, эсвэл төрийн оролцоотой банкаар зээлийг дамжуулна гэвэл урьд гаргасан алдаагаа давхин давтахаас өөр зүггүй. Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэг гэдэг дээ.
Өмнө хэлсэнчлэн өнгөрсөн үед зохион байгуулсан атрын аян болгон өөр өөрийн онцлог, өмнөө тавьсан зорилттой байсан. Тэгвэл Атрын IV аяны хамгийн гол зорилт нь магадгүй санхүүгийн сахилга бат буюу зээлийн зөв зарцуулалт. Бусдыг нь хувийн хэвшлийнхэн өөрсдөө хийчихнэ дээ.
2022.03.21
тариаланч