Ертөнцийн нөгөө бөөрөнд, элсэн цөлийн баянбүрдээ хот болгон цогцлоосон Катарт өндөрлөж буй энэ удаагийн хөлбөмбөгийн дэлхийн аваргын эхний шүгэл Улаабаатарт дуугарч, эхний гоол Монголын хөл бөмбөгийн холбооны хиймэл зүлэгтэй ногоон талбайд шигшээ багаа дэмжихээр ирсэн 1600 хөгжөөн дэмжигчийн нүдэн дээр Брунейн хаалганд орсон билээ. 

2019 оны зургадугаар сарын зургааны өдөр. Монгол Улсын нийслэлд Улаанбаатар хотод 22 дахь удаагийн хөлбөмбөгийн ДАШТ-ий эхний урьдчилсан тоглолт талбайн эзэн Монгол, Брунейн шигшээ багийн хооронд эхлээд есхөн минут болж байлаа. Монголын шигшээ багийн ахлагч Цэдэнбал хаалттай цохилтоос гоёмсог гоол оруулав. Энэ тоглолтонд монголын шигшээ 2:0-ийн харьцаатай хожсон юм. Харин Бруней улсын талбайд хийсэн хариу тоглолтонд Монголын шигшээ баг эхний хагаст 2-0 гэсэн харьцаатай хожигдсон. Гэвч хоёрдугаар үед хөх чононууд торгуулийн цохилт хийх нөхцөл үүсгэж, үүнийг нь Н.Цэдэнбал амжилттай гүйцэтгэснээр манайх дараагийн шатанд шалгарах эрхээ олж авсан билээ. Түүхэн мөчийг бүтээснийхээ төлөө Н.Цэдэнбал ОУХБХ-ний Ерөнхийлөгч Жианни Инфантиногийн урилгаар Катарыг зорьж, хөлбөмбөгийн домгуудтай хөл зэрэгцэн нөхөрсөг тоглолтонд тоглолоо.

Хэдий өнгөрсөн дөрвөн жилд ФИФА-гийн чансаа олигтой урагшлаагүй ч, Монголын хөлбөмбөгийн хөгжил түвшин ахисныг дурьдах хэрэгтэй. Хөлбөмбөгийн холбоо ч “Нэг баг - Нэг зорилго” уриатайгаар үйл ажиллагаа явуулж байна. Лигийн үйл ажиллагаа тогтворжиж, хөгжөөн дэмжигчид ч хүрээлэх болжээ. Гэхдээ Монголд хөлбөмбөгийг хөгжүүлэхийн тулд үзэгчдэд эргэлзээ төрүүлсэн зарим зүйлсийг тодорхой болгох шаардлага байна. 

Яагаад түүх бүтээсэн шигшээ багийн ахлагч маань тамирчдынхаа эрх ашгийг хамгаалан холбооныхоо удирдлагад зарчмын шаардлага тавиад зодог тайлав? Хөлбөмбөгийн холбоо хөлбөмбөгчдийнхөө эрх ашгийг хамгаалж чадаж байна уу?

Яагаад манай шигшээ баг жижиг арлын орнуудтай хамт чансаа ахилгүй гацчихав. ОУХБХ-ноос хувиарлаад, монголд яаж зарцуулсан тодорхойгүй байдаг хөрөнгө яг хөлбөмбөгийн төлөө зарцуулагдаж байна уу?

Энэ хоёр асуултанд холбоо нь итгэд дүүрэн хариулж чадвал Монголд хөлбөмбөг өөрийн чадамжийн хүрээнд хөгжиж байгаа гэдэгт итгэж болох юм. 


ҮНДЭСТНИЙ ТОЙМ сэтгүүлийн редакцийн зурвас.

"Шүгэл дуугарахаас өмнө мэдвэл зохих бүх зүйлс" тусгай дугаар