Монголчууд яагаад хятадуудад итгэдэггүй вэ? Яагаад гэвэл хятадууд Монголын оршихуйг үгүйсгэдэг юм. Мэдээж албан ёсоор биш л дээ. Өндөр дээд хэмжээнд дарга нар нь Монголын тусгаар тогтнол бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэдэг гэж тувт давтдаг. Гэсэн хэрнээ хэвлэл мэдээлэл, сайтууд дээр нь байсгээд л Монгол бол алдагдсан газар нутаг маань юм шүү дээ гэсэн агуулгатай мэдээ, мэдээлэл, блог заавал гардаг. Тэр бүү хэл хичээлийн танхимдаа ч заадаг. Хойч үеэ ард иргэдээ ингэж л хүмүүжүүлдэг.

Саяхан нэг блог сайт дээр хятадын эргүүлж авах ёстой 10 газар нутаг гээд нэрлэснээс хоёрт нь Монголыг оруулчихсан байх жишээтэй. Хятадуудад үүнийг хэлбэл энэ чинь зүгээр л хувь хүний нэг үзэл, албан ёсны байр суурь биш гэж хэлнэ. Гэвч энэ чинь л Монгол Хятадын “итгэлцэл үгүй стратегийн түншлэл” гэсэн авцалдаагүй нөхцөл байдал үүсгээд байгаа маш том шалтгаан, цаашид ч тээг садаа болсоор байх гол хүчин зүйл гэдгийг ойлгодоггүй. Ийм агуулга, үзэл санаа арилаагүй цагт монголчууд хятадаас жийрхсээр л байх болно. Үүнийг хятад хүний нүдээр, хятад хүний өнцгөөс бол яагаад ч ойлгохгүй л дээ, албан ёсны байр суурь тодорхой байхад юунаас эмээсэн юм бэ л гэнэ. Тэгсэн хэрнээ яагаад монголд хятадын аюул үзэл дэлгэрээд байдаг юм бол, яагаад эдийн засгийн том төслүүд унаад байдаг юм бэ, яагаад хуулиар хориг саад тавиад байдаг юм бэ гээд өөдөөс асуугаад байхыг нь яана. Тов тодорхой, яг энэ үзэл санаанаас л болоод байдаг юм.

Хувь хүнээр бол эрхэмсэг оршихуй минь болсон “БИ”-ийг үгүйсгээд байгаа юм чинь хүн яаж итгэх юм бэ.

Өнгөрсөн жил huanqiu.com сайтаас хятадууд хөрш орнуудынхаа талаар хамгийн түрүүн ямар ойлголттой явдаг тухай санал асуулгаар монголыг “урьд нь хятадын газар нутаг байсан, одоо хятадыг эсэргүүцдэг орон” гэж дийлэнх нь хариулсан байдаг. Энэ үзэл бодлыг гудамжинд таарсан таксины жолоочоос авахуулаад их сургуулийн танхимд ч сонсож болно. Хятадуудад хандаад, ядаж хэвлэл мэдээллээр ийм агуулга явуулахаа больчихоочээ, та нар интернэтийг яаж хянадаг билээ, хорьчихож чадна шдээ гэхэд өөдөөс арай ч “хэвлэлийн эрх чөлөө” ярихгүй боловч огт дэмждэггүй юмдаг.

Хэрэв үнэхээр иргэд хооронд итгэлцэл үүсгэе гэж байгаа бол танай зөөлөн хүчний бодлого чинь нэмэр болохгүй байна аа, бүтэн тусгаар улсын оршихуйг үгүйсгэдэг хүмүүсийнхээ санаа бодлыг өөрчил өө, хэвлэлийн агуулга чинь хоёр орны харилцаанд сэв суулгах хэмжээнд хүрээд байдаг юм аа, тийм болохоор Монголд хятадын шошготой том тендэр, төсөл унадаг, бүтэлгүйтдэг, бүтсэн нэг нь асар их хахууль авлигын үр дүн байдаг юм аа гэдгийг яаж нэг ойлгуулая даа ...

Ядаж манай төрийн томчуул айлчлахдаа энэ тухай дурдаад авдаг болоосой. Миний мэдэхээр Н.Багабанди ерөнхийлөгч нэг айлчлалын үеэрээ түүхийн агуулгын талаар хэлээд авсан санагдана. Уг нь энэ жижиг асуудал биш л юмсан. Даамжирсаар бүх салбарын харилцаанд нөлөөлөөд эхэлчихсэнийг бодоход.