Өнөөдөр манай казах түмний үндэсний баяр Наурыз болж байна. Наурызын баярын зочин маань та бүхний сайн танил, БСШУ-ы дэд сайд, хатагтай Ч.КУЛАНДА.

-Юуны өмнө танд Нау­рызын баярын мэнд хүргэе. Хэдийгээр та хамгийн либе­риал үзэлтэй, яс үндэс, жал­га довны ойлгол­туудаас хол эмэгтэй ч энэ өдрийн зоч­ноор таныг л урихаар шийдлээ?

-Баярлалаа.

-Хүмүүс хар бага наснаас эхлэн амьдралын зүй тогтлуудтай алхам алхмаар танилцдаг. Жишээ нь, бороо гэж ийм юм байдаг байна, цас гэж ийм юм байдаг юм байна, наадам гэж ийм юмыг хэлдэг юм  байна гэх мая­гаар хорвоотой танилцдаг даа. Тэрэн шиг та Наурызтай хамгийн  яаж танилцсан бэ?


-Намайг  дөрөвдүгээр ан­гид байхад манай аав Алтан­цөгц сумын нэгдлийн дарга байсан юм. Тэгэхэд л би анх удаа Наурызтай золгосон. Нэг их шөл их уудаг өдөр юм шиг санагдаж байсан. (инээв) Бас тэр өдөр манайд маш их хүн ирсэн. Тэгээд л дотроо энэ одоо ямар өдөр юм бол доо гэж бодож байснаа санадаг юм. Тэр бол Наурызын баяр байсан л даа. Ерөнхийдөө 1990 он хүртэл нэг их өргөн дэлгэр биш хаалттай маягтай энэ баярыг тэмдэглэдэг байсан. Аав маань нэгдлийн дарга учраас хүмүүс ялангуяа нутгийн малчид Наурызаар манайд их ирдэг байсан юм шиг байгаа юм. Аливаа үндэс­ний уламжлалт баяр наадам чинь малчдад их ойр байдаг шүү дээ. Хөдөө илүү их тэр зүйл нь  хадгалагддаг. Ямар ч үзэл суртлаар хааж байсан байсан нутгийн зон олон дунд хадгалагдаад л яваад байдаг. Наурыз тэгж л тэсч ирсэн баяр.
 
-Мэдээж тэр үеийн нэгд­лийн дарга гэдэг бол яруу алдарт МАХН-ын том зүт­гэлтэн байсан гэсэн үг. Гэтэл та..?

-Аав маань МАХН-ын ги­шүүн байсан л даа. Хамгийн сүүлд тэтгэвэрт гарах хүртэл хийсэн ажил нь аймгийн намын хорооны зааварлагч.
 
-Тэр үед  та улс төрийн сонголтоо хийчихсэн бай­сан уу?

-Хийлгүй яахав.

-Аав тань дургүй байсан байх даа?

-Эхлээд дургүй байсан. Сүүлдээ үр хүүхдээ бодсон уу, жам ёсоор на­майг дагасан. Аавыгаа нас барсны да­раа миний хамгийн их уйлсан нэг яв­­дал байдаг л даа. Аавынхаа юмнуу­даа хадгалдаг хайрцгийг уудалж үз­лээ. Тэрэндээ одонгоо, авсан шагна­лаа, ямар нэгэн өөртэйгөө холбоотой би­­чиг баримтуудаа, гаргаж байсан шийд­­вэрүүд гээд бүх л юмаа хийдэг бай­­сан. Тэрийг нь уудалж үзтэл аав маань нас баран бартлаа, өвдөж бай­сан үедээ хүртэл намынхаа татварыг үнэн­­чээр төлсөн байсан. Тэрийг үзээд би үнэхээр аавыгаа биширсэн. Тэгээд на­даас болж хичнээн их шаналж бай­сан бол гэж бодохоос аавыгаа өрөв­дөж маш их уйлсан. Гэр бүл дотор ми­ний нө­лөө их байсан л даа. Тэр нө­лөө­нөөс болж сүүлдээ бүгдээрээ л ард­чил­лыг дэм­жиж, миний намыг дэм­жиж яв­сан. Гэ­сэн ч аав маань цаа­наа өө­рийн на­саараа зүтгэсэн намын­хаа ги­шүүний  тат­варыг эцсийн мөчөө хүр­тэл төлсөөр бай­сан байдаг. Энэ бол тэр үеийн хү­мүү­сийн яс чанар л юм даа.

-Та эцэг эхээс хэдүүлээ вэ?

-Би эцэг эхээс арвуулаа.

-Танай арван хүүхэд дотроос тань шиг ардчиллын үйл хэрэгт оролц­сон хүүхэд бий юү?

-Яг одоо гар бие оролцож явж бай­гаа нь байхгүй ч гэсэн бүгдээрээ ха­луун ам бүлээрээ дэмжигчид байсан. Ялан­гуяа дүү нар маань. Одоо ч хэвээрээ.

-Таны ганц нэг ярилцлагыг ун­шиж байсан л даа. Зөндөө олон со­нин баримтууд байдаг. Таны ээж их сонирхолтой хүн шиг санагддаг юм. Тийм дэг жаягтай ертөнцөд өсч тор­нисон охин нь эмэгтэй хүний хувьд янз бүрийн цочмог алхмууд хийж шоконд оруулж байсан бай­даг. Казах охин гэхэд  дандаа өө­рийн­хөөрөө явсан шугам танаас ха­рагд­даг. Эсвэл ээж тань таны хувьд хамгийн сайн найз тань бай­сан юм уу ?


-Миний ээж бол Баян-Өлгий айм­гийн боловсролын гэх юм уу, Баян-Өл­гийчүүдийг гэгээрүүлэх үйлст их хувь нэмэр оруулсан хүн л дээ. Гуч дө­чин жил номын санч хийсэн хүн бай­гаа юм. Номын сангаар нь орж ном уншаагүй хүн гэж бараг байхгүй. Өнөөдрийн энэ УИХ-ын гишүүд хүр­тэл бүгд миний ээжийн гараас ном ун­шиж байсан хүмүүс. Номд их ойрхон өссөн болохоор тэр үү, бид бүгдээрээ л дээд сургууль төгссөн. Ээжийн маань нөлөө. Уншуулж өс­гөсөн номын л ач тус болов уу гэж бод­­дог юм. Олон хүү­хэдтэй айлд хүүх­дүүдээ Улаан­баа­тар оруулж сургана гэдэг бол амар­гүй шүү дээ. Хэдий тийм ч гэсэн тэр хоёр маань яаж ий­гээд л болгосон бай­гаа юм. Улаан­баа­тарт ирээд сур­гуульд орсны дараа бол ми­ний үзэл бо­дол их өөрч­лөгдсөн л дөө. Халхуу­дын амьдралын нөлөө на­дад үнэхээр их туссан. Төрж өссөн Баян-Өлгийн амьд­ралаас илүү Улаан­баатарчууд, нийслэлийнхний, халх үн­дэстнүүдийн амьдрал илүү өргөж­чих­сөн, илүү их хөгжчихсөн, нүд нь нээгд­чихсэн нь на­майг татсан. Тийм бо­­ло­хоор одоо ажиг­лахад миний най­зууд дотор ч гэсэн казах хүний орон зай их бага байдаг. Казах хүмүүстэй би их бага нөхөрлө­сөн байдаг. Одоо ч гэ­сэн надад казах найз ховор. Би төв мон­­­голчуудтайгаа илүү дотно амь­дарч ир­сэн. Тэр утгаа­раа өөрийн амьд­ралыг өө­­рийнхөө шийд­вэрээр шийдэж явсан. Бу­­сад казах охидоос тэс өөр за­маар би яв­сан. Мэдээж миний тэр үед хийж бай­­­сан алхмууд манай ээж аавд их хүнд тусч байсан. Ялангуяа аав бол маш их шоконд орж байсан. Тэр үе чинь со­­циа­лизмын хатуу чанга үе шүү дээ.

-Та халх залуутай гэрлэж хам­гийн анх тэднийг донсолгосон байх?

-Тийм. Би халх залуу сонгосон.

-Тэр үед бол аймаар хориглоно биз дээ?

-Хориглодог байсан. Яахав хууль байх­гүй ч гэсэн хүмүүсийн оюун са­наанд бол хэзээ ч “nо” шүү дээ. (инээв) Тэг­сэн ч байлаа гэсэн үхсэн ч үр ха­рам гэдэг үг бий. Намайг халх за­луутай гэрлээд хүүхдээ төрүүлээд очиход гэр бүл маань хүлээгээд л авч байсан.

-Зарим нэг кино энэ тэрд үзүүлд­­­гээр бол асар том эсэр­гүү­цэлтэй нүүр тулдаг байсан юм шиг. Танд арай ч тийм эсэргүүцэл бай­гаагүй биз дээ?

-Надтай адилхан халх хүнтэй гэр­лэсэн цөөхөн хүмүүс байсан л даа. Тэр хүмүүст тохиолдож байсан шиг чан­­га хатуу зүйлүүд надад бол бай­гаагүй. Мэ­­дээж нутгийн хүмүүс бол ми­ний явд­лыг дэмжиж ярихгүй. Сай­наар хэ­зээ ч ярихгүй, дандаа сөр­гөөр ярина. Тэр утгаараа бол намайг дан­даа алаг нүдээр харна.

-Та гэхдээ дараа нь тийм их үнээр олдсон хайр сэтгэлээсээ тат­галз­­­­сан шүү дээ. Үндэсний уламжл­лаа сө­рөн байж гэр­лэчи­хээд, тэр бүх ачааллаа даагаад тэ­сээд гарсан атлаа яагаад холдчих­сон юм бэ. Эс­вэл хэтэрхий таны ху­вийн асуу­дал руу орох гээд бай­на уу?

-Тийм ээ. Гэхдээ ийм юмыг дэл­гээд байх хэрэг байна уу даа…

-Тийм бол уучлаарай. Гэхдээ ийм явдал зөндөө л бүсгүй­чүү­дийн амьдралд тохиолддог шүү дээ?

-Хүний амьдралд янз бүрийн л юм бол­­­дог шүү дээ. Давж болдоггүй ч юм бай­­на, давж гардаг ч юм байдаг. Төө­рөг зураг нь таараагүй байж магадгүй юм.

-Та гэхдээ шашингүй үзэлтэн биз дээ?

-Үгүй. Ямар ч шашин байхгүй. Ёс­той  тэр тал руу бол явахгүй.

-Танай гэр бүлийнхэн ямар вэ. Өө­­рийнхөө үндэсний шашныг шүт­дэг биз дээ?


-Ээж аав хоёр л шүтдэг.

-Улаанбаатарын  төвд исла­мийн шаш­ны гоё сүм баригдаж бай­гаа. Тийшээ очих хүний нэг та биш байх нь?

-Шашин бол нэг талаас хүмүүс сэт­­­гэлээ ариусгах гэж ханддаг зүйл байх. Өөр ч бас янз янзын  утгаар ша­шин шүтдэг л байх. Их өндөр хөгж­чих­сөн орнуудад шашин бол өөрийгөө ариус­­гах, сэтгэлээ ариусгах, муу юмаа мар­тах, хүнд буян болох гэх мэ­тийн агуулга тээж хөгжсөн байдаг. Одоо­­гийн манайд байгаа шиг аврал эрэх, ямарваа нэгэн түшиг тулгуур хү­сэх, бүтэхгүй бай­гаа юмаа даатгах гэж, эсвэл цөхрөл му­хард­лын үедээ ханд­даг маягаар биш. Энэ талаараа гадны соёлоос ял­гаатай харагдаад бай­даг юм. Барууны ор­нуу­дад хүмүүс шашны­хаа номыг уншчи­хаад л, дуу дуул­­чихаад л ажлаа хийгээд явж бай­даг. Бид бо­лохоор бүтэхгүй л юм бол­бол шашин барааддаг. Тийм бо­­ло­хоор одоо­­хондоо би шашнаас юм гуй­маар­гүй санагддаг. Надад болохгүй байгаа юмаа гаднын хүчээр хийлгэх, ямар нэ­гэн далдын хүчинд итгэж даатгах зан байдаггүй.

-Таны Куланда гэдэг нэр яг ямар утгатай вэ?

-Кулан гэдэг какахаар хулан гэсэн үг. Да гэдэг бол  даага, тай гэсэн үг л дээ. Тэр тай нь явсаар байгаад да бо­лоод хэвшчихсэн. Тэгэхээр Куланда гэдэг үг бол  Хулангийн даага гэсэн үг юм уу даа.

-Нэрний тань утгыг тусгайлан тайлбарлаж өгөөгүй юм уу?

-Үгүй.

-Ховор нэр байх. Монголд Ку­лан­­да гэж нэр хэд байгаа бол?

-Казах хүмүүс дотор бол байгаа.

-Манай монголчууд бие биеэ хо­­шигнож их шоглодог. Увсынх­ныг яс чанар муутай, булагнуур, Бул­­ганынхныг будлиантай гэдэг. Тэ­­рэн шиг ардын дунд “Сайн хасаг са­рын найз” гэдэг үг бий. Казах хүнд итгэж болохгүй. Хэт найрсаг, бөө­рөнхий, хатуугаар хэлбэл зу­сарч гэдэг. Яагаад ингэж хэлээд бай­даг юм бол. Та сонсч байсан байлгүй?

-Сонсолгүй яадаг юм. (инээв) Баа­тар ороод ирсэн чинь баатар дээшээ дээ­­шээ л гээд байснаа дарга ороод ир­сэн чинь  дарга дээшээ, баатар доо­шоо гэсэн гэдэг алдартай шог  яриа бай­­даг биз дээ. Би тэр яриаг нийт үн­дэст­ний зан төрхийг илэрхийлнэ гэж бо­д­охгүй байна л даа. Эерэг талаас нь харах юм бол удирдаж байгаа хүн­дээ хүндэтгэлтэй хандах үүднээс гар­сан яриа биз гэж боддог. Тэр нь нар­гиа яриа болоод дэлгэрсэн байж ма­гадгүй. Нэг хүний хувийн шинж ча­нарыг нийтэд тохож дүгнэх өөрөө өрөөс­гөл зүйл байх тийм үү. Ер нь бол ка­зах хүмүүс айхтар бялдууч улсууд биш. Үндэстэн болгонд нэг нийтлэг шинж байна ш дээ. Түүгээр үзэх юм бол зусарч бялдууч хүмүүс биш ха­рин ч хатуу, барагтай юмыг тоо­доггүй хү­мүүс юм болов уу. Надад л лав тэгж л ойлгогддог. Үнэнч хүндээ бол маш үнэнч хүмүүс. Ер нь казах хү­­мүүс бол үерхлээ сараар хэмжүүлэх хү­мүүс биш. Тэр бол наргиа, дайвар үг. Сая­хан би Баабарын бичсэн нийт­лэлийг уншиж байсан чинь мон­гол­чуудын дунд өөрийнхөө хамгийн муу хүнийг хужаа гээд харлуулаад хэлчих­дэг заншил тогтсон гэж бичсэн байсан. Тэ­рэн дотор Буриад, Казах хоёрыг л тэгж хэлж чаддаггүй. Бусад хэнийг ч гэсэн хужаа гэж гүтгээд л харлуулж чаддаг гэсэн байсан. Тэр утгаараа бол өөрийхөө ментолитотыг сайн хад­галдаг үндэстэн. Миний тухайд гэхэд мон­гол хүнтэй суусан, япон хүнтэй суу­сан гээд баримтууд бий. Нуух юм байх­гүй ш дээ. Тэгсэн ч энэ монголж­чих­сон хүүхэн, монгол хүүхэн гэж намайг хэн нь ч хэлдэггүй. Казахаараа л байж байгаа юм.

-Японы ард түмэнд хүнд гамшиг учир­лаа. Үнэхээр гайхамшигтай хат­тай ард түмэн юм аа. Дэлгүүр нь нурж байхад ажилтнууд нь лан­гуугаа түшээд л зогсч байх жи­шээ­тэй. Үнэхээр тэднийг хараад дэл­хийн нийтээрээ өмөрсөн байх. Ма­найд ч зөндөө хөдөлгөөн өрнөлөө. Харин сүүлдээ жаахан сэтгэлийн хөөрөл явчихав уу гэж харж байна. Та юу гэж бодож байна?

-Үнэхээр тэр зовлонг хараад хэ­ний ч гэсэн сэтгэл эмтэрч байна шүү дээ. Би ч гэсэн элэг эмтэрч уйлсан. Гэх­­дээ л Монголд бол үнэхээр сүр­жиг­нүүл­чихлээ гэж би бодож байна. Бус­дад учирсан зовлонг аваачиж айм­шиг болгож олон хоног цацлаа. Тэнд болж байгаа эмгэнэлтэй үйл явдлыг энд хү­мүүст сүр бадруулсан мэдээ­лэл бол­гож цацсан. Тэр хэмжээ тунгүй ажил­­лагаагаараа тэнд байгаа хүмүү­сийг авчрахад хэвлэл мэдээлэл асар их үүрэг гүйцэтгэсэн. Ер нь тэнд бай­гаа монголчуудаа манай хэвлэлийн­хэн л дуудчихлаа л даа. Хамгийн гол нь эцэг эхийг нь үймүүлчихсэн юм чинь. Энэн дээр монгол, япон хоёр хү­ний үндэсний сэтгэхүйн ялгаа бол аягүй их харагд­лаа. Хаа байсан тэр Кобигоос оюутан хүүхэд наашаа хү­рээд ирчихсэн байгаа юм чинь. Коби чинь Японы бүр урд зүг шүү дээ. Тэ­рийг хаяж ирэх ямар хэрэг байгаа юм. Яг тэр гамшгийн бүсээс бол ирдэг л юм байгаа биз. Тэгээд зовлон болж байгаа тохиолдолд бол хамтдаа л тэр зовлонгийг нь үүрэлцэх хэрэгтэй шүү дээ. Тэндэхийн хоолыг идэж, тэндэ­хийн мөнгөөр сурч байгаа хүмүүсээс гарч байгаа алхам болгоомжтой байх ёстой байсан гэж би хувьдаа жаахан харамссан. Японууд бол үгээр хэлж илэрхийлэхийн аргагүй мундаг гайхамшигтай улс л даа.

-Ажил амьдралд нь зарчим л үйл­чилдэг. Ямар ч сэтгэлийн хөө­рөл, стандарт бус алхмууд байх­гүй?

-Тэр талаар бол тэдэнтэй өрсөл­дөх улс байхгүй л дээ.

-Манай монголчуудаас ч гэсэн үргэлж хүнээс авч, гуйж байх биш бас бусдад өгье гэдэг сэтгэл бай­даг нь харагдлаа. Энэ бол нийг­мээс ирж байгаа нэг эерэг дохио биз дээ?                

-Тийм. Хүний сэтгэлийг бол хэм­жи­хийн аргагүй. Сэтгэл шиг үнэлэмж­тэй юм гэж байхгүй ш дээ. Мөнгө, эд барааг үнэлдэг мөртлөө сэтгэлийг бол хэзээ ч үнэлж чадахгүй. Би Японы Эл­чин сайдтай ярьсан л даа. Та нарт бид яаж туслах вэ. Одоо бид юу хийж, яах ёс­­той вэ гэж. Үнэндээ тэр хүмүүсийг өрөв­­­дөж, тэр хүмүүсийг дэмжих сэт­гэл л байхад болоо шүү дээ. Японы ард тү­мэн бол тэр нурангин дороос бо­соод л ирнэ. Дайны дараа ч гэсэн ямар их зов­лон үзсэн билээ. Тэсээд л гарч ир­сэн. Яа­­гаад Японы ард тү­мэнд ийм их зов­лон үзүүлэх зураг төөр­гийг өгсөн юм бол гэж хүртэл би дот­роо их бодсон. Дайн, тэр атомын бөмбөг, газар хөд­лөлт…Ингэж өөрс­дөө­сөө шалтгаа­лах­гүй­­­гээр их зовлон амс­сан ард түмэн хо­вор байхаа. Дот­роо бужигнаж байгаа хү­мүүс бол өөр хэрэг шүү дээ. Манай мон­­гол­чуудад сайхан сэтгэл байна аа. Байл­­гүй яа­хав. Элчин сайд хэлж байна лээ. Мон­голчуудын энэ сайхан сэтгэ­лийн ха­риуг барих цаг ирэх байх. Их баяр­­­­­ла­лаа гэж хэлэх цаг ирнэ байх аа гэж.

-Та бол манай хэвлэл мэдээл­лийн салбараас  улс төрд гарсан хү­мүүсийн нэг. Тэр утгаараа бид үр­гэлж хүндэтгэлтэй ханддаг.  Таны удир­даж байсан телевизийн (МҮОНТ ) ту­хай асуух гээд байна л даа. Энэ телевизтэй холбоотой шүүмж­лэлүүд нэлээн гарч байна. Үнэ­хээр Үндэсний телевиз улстөр­жөөд байдаг  юм уу. Яагаад ийм хард­лага дандаа тийшээ чиглээд бай­даг юм бэ. Өөрсдөд нь байна уу, эсвэл нийгэмд байна уу?

-Миний ажиллаж байсан үед үн­дэс­ний телевиз бол Засгийн газрын харь­яа байгууллага байсан. Тийм бо­лохоор Засгийн газрын үйл ажил­лагааг дэмждэг, тэдний үйл ажиллагааг илүү сур­талчилдаг байсан. Ер нь үндэсний те­ле­виз тэр утгаараа бол дандаа улс тө­рийн үзэл суртлын зэвсэг болж бай­сан шүү дээ. Хэн эрх барьж байна тэр на­мын л гарт ордог байсан. Тэгээд тэр­­нээс нь чөлөөлсөн юм ш дээ. Чө­лөөл­сөн ч гэсэн бүрэн арилаагүй л дээ. Хамгийн гол нь удирдлагаасаа шалт­гаална. Бид тухайн үед ажилт­нууд­даа тэрийг хий, энийг гарга гэж үү­рэг өгдөг байсан. Ийм асуудал бай­сан. Тэд бол үүрэг гүйцэтгэгчид. Тэгэ­хээр тэдэнд буруу байхгүй. Бодлогыг нь барьж байгаа хүмүүсээс их юм шалтгаална л даа. Одоо ч гэсэн тэр өнгө аяс цу­халддаг л юм. Өнөөдөр яа­гаад хүмүүс тэр телевизийг онцолж шүүмжилж байна вэ гэвэл ард түмний тат­вараар санхүүжиж байгаад нь л байгаа юм. Тийм учраас ч хөндлөнгийн хүмүүс шүүмжлэх эрхтэй байгаа юм. Олон нийтийн л төлөө  ажиллах ёстой бо­лохоос биш элдэв үзэл суртал, улс төр, хэн нэгэн эрх тушаалтан, Засгийн га­зарт үйлчлэх ёсгүй шүү дээ. Тэр бод­­лого нь алдагдсан гэж үзээд нэг та­лаас шүүмжлэлтэй хандаж байгаа байх. Бас зарим хүн зохион байгуу­лалт­тайгаар өөрсдийн буруу үйлдлийг хаа­­цайлах гэж үндэсний телевиз рүү дай­рах явдал ч гарч байгаа байх. Хэв­лэлээр хүн гүтгэж гүжирдэх, нэр хүн­дийг нь гутаах явдал бол ер нь гэмт хэ­рэг шүү дээ. Хэвлэл хүссэн бол­го­ноо гүтгэдэг талбар биш. Тэр үнэний талд зогссон гэдэг шалтгаанаар үндэс­ний телевиз рүү дайрч байгаа бол зо­хисгүй явдал. Үнэний талд зогсо­хоо­соо телевиз сонин айх ёсгүй. Саяын то­­хиолдолд МҮОНТ-ийг тийм алхам хий­­сэн гэж бодож байна. Увайгүй үйл­дэл хийчихээд тэрийг нь хаацайл­сан­гүй гэж телевиз рүү дайрч болохгүй л дээ. 

-Манай сонинуудын тухайд ч за­римдаа арай ч дэндлээ дээ гэмээр  хэ­вийлт харагддаг л даа. Сүүлийн үед бол манай хэвлэл мэдээл­лийн­хэн Засгийн газартай хэт найрсаг аж төрдөг болсон. Хэвлэл аливаа Засгийн газрын найз байх ёсгүй шүү дээ. Одоогийн хэм хэмжээ танд хэ­тийдсэн харагддаг уу?

-Хэвлэл мэдээлэл хамгийн задгай гэж хэлэхээр хөгжсөн газар бол Монгол шүү дээ. Хүнийх нь тоог хэвлэлтэй нь харьцуулах юм бол хэтэрсэн согог харагдна. Үнэхээр заримдаа бол ичиж байна. Нэг бол хэтэрхий үгүйсгэнэ. Нэг бол хэтэрхий зусардаж магтана. Энэ бол хэвлэл мэдээлэлд байж болш­гүй зүйл. Хэвлэл мэдээлэл бол бодит байдлыг л хүргэх ёстой. Хэвлэл мэдээлэл бол хэнээс ч хараат бус чө­лөөтэй үйл ажиллагаагаа явуулах ёс­той. Гагцхүү юуг баримтлах ёстой вэ гэ­вэл бодит байдлыг, үнэн юмыг л мэдээ­лэх. Сүүлийн үед яагаад ингэ­тэл их Засгийн газарт зусарддаг болс­ныг би ч гайхаж байна. Мэдээж дандаа бас хийсэн болгоныг нь үгүйсгээд байж болохгүй. Хэрэв энэ хэм хэмжээ хэтэрвэл Засгийн газар, эрх баригч­дыг ард түмнээс холдуулна. Нийгэмд хүйтэн таагүй уур амьсгал дэгдээнэ. Заримдаа бол төрийн бодлогын эсрэг, Засгийн газрын эсрэг ард түмний дур­гүйцлийг бий болгодог гол хөшүүргийг хэвлэл мэдээлэл хийгээд байдаг нь үнэн. Хэтэрхий өдөөдөг. Бидний аран­шин өөрөө хэтэрхий чөлөөтэй, дээр нь хэвлэл маань хэтэрхий зарчимгүй болохоор хэцүү юм даа.

-Одоо бол та боловсролын сал­барт алба хашиж байна.  Бо­ловс­ролын салбарт сүүлийн жи­лүү­дэд асар их хөрөнгө оруулалт хийгдэж байна. Үүнийг дагаад олон шинэч­лэлүүд явагдаж байгаа. Өнгөрсөн жилийн хамгийн том ахиц гэвэл та юуг онцлох вэ?

-Боловсролтой иргэдтэй байж байж л нийгэм хөгжинө шүү дээ. Бид­ний энэ хөгжлийн удаашрал маань ерөө­сөө гүйцэд боловсроогүйтэй л холбоотой. Хамгийн наад зах нь ний­гэмд хэрэгтэй, улс оронд хэрэгтэй, өөр­төө хэрэгтэй мэргэжил боловс­ро­лыг сонгох бо­ломжийг ард иргэд маань олж чадаагүй байна. Тэрнээсээ бо­лоод дээд боловсролын бодлого алдагд­сан. Хүн болгон би одоо юу хийж амьдрах вэ, яах вэ гэдгийгээ мэдэх­гүй. Дээд сур­гууль л төгсвөл боллоо гэ­сэн аянд мордсон. Ерөнхий боловс­ро­лын дунд сургууль төгссөн хүний бараг 80-90 хувь нь дээд сургуульд орж байна ш дээ. Монгол шиг ийм гайхамшигтай орон байхгүй. Ер нь бид олон юмаараа хачирхалтай  гайхамш­гийн эзэд л дээ. Өнгөрсөн жилд хийсэн хамгийн том дэвшил гэх юм бол тэр олон задгай явсан их дээд сур­гуулиудыг хумих нэгтгэх ажиллагаа хийгдэж эхэлсэн явдал. Сургуулийн тоо багассан. Иргэдэд мэргэжлийн чиг баримжааг хэлж эхэлсэн. Энэ бол бас нэг том алхам. Битгий хуульч болох гэж зүтгэ. Гарч ирээд чамд ажил ол­дохгүй шүү. Учир нь ажилгүй хуульч­дын тоо газар авчихсан байна. Битгий сэтгүүлч болох гэж зүтгэ. Сэтгүүлчид пиг болсон шүү, гадуур сэтгүүлч нэр­тэй охид олон байна. Чамд тусгай авь­яас чадвар заяагаагүй л бол ийшээ бүү хошуур. Англи хэлний багш битгий болох гэж хуйлар. Гадуур хальт мульт хэлтэй за­луус дүүрэн байна. Бүгд ажлын байр­гүй. Тийм болохоор өнөө­дөр бидэнд юу хэрэгтэй байна  вэ гэд­гийг нийгэмдээ хэлж  чадсан. Гэхдээ Монголын нийг­мийн хөгжлийг бол үнэ­хээр гүйцэхгүй байна. Маш их хувь­саж өөрчлөгдөж байгаа учраас бид бэлэн биш байна. Маш олон асуудал хуримтлагдаж байсан байна. Тэрийгээ эхлээд цэг­цэлж авмаар байна. Одоо монголын хөгжлийн чиг хандлагыг уул уурхай тодорхойлж эхэллээ. Энэ рүү маш олон мөнгө төгрөгийн урсгал явж байна. Дагаад  боловсон хүчний бод­лого явагдах ёстой байтал бэлэн биш. Тэнд ажиллах хүн маань дутагддаг. Тэгээд дутагдсан тэр цэг дээрээ хэнийг авчир­даг вэ гэхээр хятадуудыг авчир­даг. Тэгэнгүүт ард түмний дур­гүй хүрдэг. Ганцхан жишээ хэлчихье. Оюу­толгой ажилд авна гээд зар өгдөг юм байна л даа. Нэг сая 300 мянгаас, нэг сая 500 мянган төгрөгийн цалин­тай. Гурван сар дадлагажуулах шаард­лагатайгаар. Тэгэхэд л залуу­чууд өө, гурван сар сургана, бас дад­ла­га­ж­уулна гэж байна шүү дээ. Яасан зал­хуутай юм бэ, шал утгагүй юм гээд Со­лонгос явах бүрт­гэлд очоод дугаар­лаад зогсчихдог. Тэнд очиж ажлаад авч байгаа цалинг нь өөрийнхөө эх оронд, өөрийнхөө гэр бү­лийнхээ дэр­гэдээс авах боломж нь бай­гаад байдаг. Солонгост очоод авах цалин нь нэг сая 500 мянга хүрэхгүй. Сард 700 доллар. Тийм хөлсөөр л манай за­луус боолын ажил хийж байна ш дээ. Тэгэхээр монгол хүмүүсийн сэт­­гэл зүйг өөрчлөх тал дээр хэвлэл мэ­­дээ­лэл туслах хэрэгтэй байна. Хэв­лэл мэдээлэл ийм л үүрэг гүйцэтгэ­мээр байна. Ордонд ороод хэдэн хү­ний мөрийг мөшгөөд муугаар хэлээд гүй­гээд байх л ажил хийгээд байна ш дээ. Ийм ийм зүйлсээ хамтарч хийвэл манай улс бол хөгжинө. Ерөөсөө л монголд хэдэн улстөрчдийг л ард түмний амны зугаа болгодог хэвлэл мэдээлэл байна.  Ард түмэндээ дан­даа ийм мэдээлэл өгөөд байх юм бол бид өөдлөхгүй. Хэвлэлийн хуулийг ч гэсэн янзалмаар байна. Болдогсон бол телевизүүдэд сонгуулийн сур­талчил­гаа хийх эрхийг нь хасах ёстой юм шиг са­нагддаг. Японд ганцхан NHK л зөвхөн намуудын сурталчилгааг тэгш хийдэг. Өөр хувийн телевизүүд бол хүн сур­талчилдаггүй. Энэ мэтээ ч гэсэн цэг­цэл­мээр байна л даа. Байн­гын хорооны хурал сурвалжлуулахгүй гэ­хэд л юу болов. Ямар хэрэг байгаа юм бэ байн­гын хорооны хурлыг үзээд. Тэрний оронд зах дээр ажиллаад хүн яаж амьдарч байна, өөдрөг  сайхан юмны төлөө хүн үхтэлээ зүтгэж яаж амь­дарч байгааг үзүүл л дээ. Тийм  хү­мүүс зөндөө байна ш дээ. Боловс­ро­лын сал­барт хийсэн ажлын үр дүн бол нэг өдрийн дотор гардаггүй. Яваан­даа ха­рагдах байх аа.  Гэхдээ бас нэг ан­хаар­маар юм бол гаднын зээл туслам­жийг үр дүнгүй ашиглаж байгаа юм үнэн­дээ их байна.  

-Нийтдээ юү?

-Өөр яамд дээр яадаг юм. Ма­най яа­ман дээр бол байна. Заримдаа га­даадынхан ч өөрсдийнхөө юмыг тул­гах юм, тэгээд болсон болоогүй авч хэ­рэгжүүлэх юм. Ер нь бол асар их үрэл­гэн байна. Маш их олон сая төг­рөг­­ний төсөл яригдаад байгаа мөртлөө үр дүн муутай байна. Тэрийг яг  эрэлт­тэй, хэрэгцээтэй юманд нь зарах ёс­той байхгүй юу.

-Сурах бичиг тойрсон тендер дээр хэрүүл зодоон яваад байдаг. Тэр цэгцэрч байна уу?

-Цэгцрэгдэхгүй л байна ш дээ. Тийм маргаан яваад л байдаг юм.

 -Ерөнхий боловсролын шал­галтыг тойрсон хэл үг бас их бий. Энэ жил шинэ ахиц гарав уу?

-Ахиц гарсан. Хүүхдүүд богинохон хуга­цаанд авч чадахгүй байна гэж бай­на. Тэгэхээр нь хугацааг нь уртас­га­сан. Тестүүдийн талаар аягүй их хэл ам­ гар­даг. Тэрийг цэгцлэх гээд л байна. 100 хувь бүрэн арилгаж чадаагүй байна.

-Ноднин гэхэд англи хэлний тест нь өөрөө буруу байсан гэсэн шүүмжлэл гараад л байсан ?

-Юм болгоныг нэг өдөр бүгдийг нь хийнэ гэдэг бол худлаа. Дээр нь манай ард түмэн улам нарийн ухаантай болж байна ш дээ. Нэг алхам урагшаа юм хийх юм бол тэрийг сөрж яаж нарийн залилж, юу хийх вэ гэдгийг бодоод олчихоод байна.

-Техник мэргэжлийн сургуу­лийн орон зайг сэргээх талаар ямар бодлого явж байгаа вэ?


-Тэр бүр маш сайн явж байгаа. Хуу­чин ТМС гэж муу сурлагатай хүүх­дүүдийг явуулдаг сургууль байсан. (инээв) Гэтэл тэр маань байхгүй бо­лоод Монголд ажил хийдэг хүнгүй болчихсон. Тэрийгээ сэргээх гээд ажиллаж байна. Тусгай агентлагтай болсон. Гадна дотнын хүмүүс ч гэсэн тусалж байгаа.