Овоолог шороо & овоолог нүүрс
Монгол нүүрсээ баяжуулдаг болохыг, Сайншанд-Чойбалсанд 1000 км өргөн төмөр зам тавьж дуусахыг, Эрээнцаваар гарч эхлэхийг хүлээвэл илжгэнд эвэр, эмгэнд сахал ургана.
Таван толгой-Зүүн баянгийн 415 км төмөр замыг 2 сая иргэний ЭТТ-н 1072 хувьцааны ашиг 800 шахам тэрбумаар 2019 онд барьж дуусгах зөвлөмж гэх даруу нэртэй лүндэн буусан. Бүтээн байгуулалт өрнөж буй. Дахиад 415 км шороон далан үлдэнэ гэж ёрлоцгоов. Шороон далан үлдэхгүй. Төмөр зам тавих чадвар Монголд бэлэн байж. Харин Төрд сэтгэл байсангүй. Галт тэрэгний урт цуваагаар Таван толгойгоос нүүрсээ ачаад очно. Гагцхүү ачиж очсон нүүрсээ Зүүн баянд яах вэ? Тооцоо нь бүрхэг ч бус. Бүр мухардмал. Үүнийг л хөндөх гэв. Эцсийн үр дүн-төмөр зам тавихад бус нүүрсээ худалдаж зоос олох! 800 тэрбумын шинэ замаар галт тэрэг өдөрт хэд ч сүнгэнэсэн түгжрэлгүй. Мунадаг амжилт, өнгөцхөн харвал.
Харамсалтай нь Зүүн баянд овоолсон нүүрс уул шиг сүндэрлээд ч алган дээр ганц төгрөг унахгүй, харин тээврийн зардлаар хохирно. Сайншанд өртөөнд хүргэнэ. Сайншандад нүүрс мөнгө бус мөн л овоолог үүсэгнэ. Галт тэргээрээ нүүрс ачсан олон вагоноо чирээд газраар давхихгүй л бол урагшаа Эрээн, хойшоо Наушки гэх хоёрхон гарц бий. Сайншандаас нийслэл дундуураа нүүрс манарган Наушки хүрэхэд 1000 км. Сибирийн трансаар нурмаг ачаагаа савируулж 5000 км зам мялаасаар Восточный боомт хүрнэ. Нийт 6 мянган км замд асгаж, хөлдөөж, хатааж, шороожуулж очсон нүүрсний тээврийн зардал талийна. Түүхий нүүрсээ Солонгос Японд маш өндөр үнээр зарахгүй бол нөхөшгүй алдагдалд унана. Авахгүй гэвэл солонгос япончуудыг шанаадах уу? Самбодвол өөдөөс жүдодох шазруун гарууд. Япон Солонгос нутагтаа түүхий нүүрс оруулах хоригтой ч манай гурван Өндрийн зөвлөмжөөс сүрдээд хуулиа зөрчинө гэж тооцож, энэ төсөлд өчнөөн хөрөнгө цацсан гэх үү? Энэ бол тооцоогүй ажил бус Оросод тал зассан зулгуй. Тал засагч бий гэхэд Төр Засгийн гишүүд цөм дэмжсэн нь хачин.
Түүхий нунтаг нүүрс оруулахгүй хоригийг Эрээн бас дагана. Эрээнд гацсан нүүрсээ яах вэ? Хужаа нар манай нүүрсийг зориуд нэвтрүүлсэнгүй гэж сонгуулиар пиардаж, Хятад харшилтай харанхуй сонгогчдоосоо санал уутлах сайхан далим үүсэх авч Замын Үүдэд гацсан нүүрс түй ч үгүй түгжигдэнэ. Зүүн баянгийн 415 км төмөр зам сохор зоос олохгүй нь эхнээсээ андашгүй ийм ил байхад 800 тэрбумаа цацсан “хүрэн бөөрт”-нийг хазаарлах зориг Төрд гараагүй нь жидү, сонгуульд дахин нэр дэвших эсэхэд барьцаалагдсанаас үүдэлтэй гэх цуу үг чих дэлсдэг. Юутай ч “Ерөнхийлөгчийн төмөр зам” гэх гоншин хүртсэн төсөл хаалтгүй бярдсан.
Түүхий нүүрс авдаг их газрын гүн дэх орон нутгийн чанартай ганц гангийн үйлдвэр бол Бугат. Тийш нь Таван толгойн нүүрсийг зөөх 267 км төмөр замыг 10 гаруй жил бариулаагүйг хугацаа хожсон Орос геополитик гэж цуурдаг. Энэ геополитикийн Монгол дахь диспийчэр нь З.Энхболд гэх хардлага төрөх үндэстэй. Учир нь тэр бээр төмөр зам хэрэггүй, нүүрсээ машинаар зөөвөл олон жолооч ажилтай болж Монголд илүү ашиг өгнө гэж 10 гаруй жил зүтгэж санасандаа хүрсэн лидер. Түүнд хариу болгож нийтлэлч Баабар “Нүүрсээ төмпөнгөөр зөөвөл бүр олон хүн ажилтай болох юм биш үү” хэмээн ёжилж байв. Аварга даацын хорь орчим мянган самосвалиар олон жил онгон говио там болгож тээсэн нүүрснээсээ олсон орлогоос шатахуун, сэлбэг, зам засварт өм цөм залгиулдаг нь “танк их буу” гэх марзан зохиомжийн ид шид. Хамгийн эмгэнэлтэй нь осолдож үрэгдсэн 150 жолооч тэнэг онигооны гай. Энэ бүх нүгэл бурхны номоор бол З.Энхболдод үсрэх учиртай. Хөрөнгө оруулагчид дэд бүтэц, ялангуяа төмөр замтай эсэхийг эн түрүү сонирхдог. Таван толгой-Гашуун сухайтын төмөр зам бол гадны хөрөнгө оруулагчдыг татах гол хүч.
Таван толгой ордыг 200 жил экскаваторын шанагаар халбагадаад, 200 жил самосвалиар зөөхөд олборлолт тээвэрлэлтийн зардлаа нөхөөд, цаана нь асар их цэвэр ашиг унаснаар 200 жил хүн амаа ногдол ашгаар хахаах гэнэ нөгөө диспийчэр. (“Өдрийн сонин”). Энэ бол 267 км төмөр замыг гацаах З.Энхболдын ээлжит үлгэр. Оросуудад нүүрсээ ихээр борлуулах хугацаа олгож буй нялуурал. 200 байтугай 100 жил хүрэхгүй нөгөө нүүрсийг маань шинжлэх ухаан үнс болгочих гээд байдаг. Тиймээс цагийн зүүтэй уралдсан хурд, өндөр хүчин чадал бидэнд амин чухал. Экскаватор самосвалиас цааш үнэ хүрэх овор бага баяжуулсан нүүрс, ДЦС, төмөр зам мөрөөдөх нь богино хугацаанд ахиу ашиг олж, дав даруй дэд бүтэцтэй болох хэрэгцээ монголчуудыг яаруулж байна. Гацаад буй төмөр замаар Таван толгойн нүүрснээс гадна зэсийн баяжмал болон дорно өмнийн бүлэг ордуудын эрдэс баялгийг ихээр хямд тээвэрлэж далайд гаргах боломж бүрдэх юм. Тиймээс ад үзэгдэж буй зам.
Нүүрсний магнат-орос олигархиудын тулгалтыг маниас нуух гэж Төр Засаг хөглөхийг-буурай орны эмгэнэл гэж эерүүлье. Якутад баяжуулахаа барьчихаад олборлолтоо эхэлж буй “Колмар” мэт хувийн компаний ашиг сонирхол Монголд хэрхэн тусдаг гээч? Төрөөс баримтлах төмөр замын бодлого гэж том дуугараад байгаа нь орос олигархиудын тулгалтыг нууж буй царай нь чааваас. Үндэсний аюулгүй байдал тусгаар тогтнол гэж сүржигнэнэ. Өдгөө төмөр замаар бус пуужингаар эзлэх байлгүй. Цаатантай ижил хэдхэн нүүдэлчдийн юунд шунах вэ? Биднийг тоож довтлох гүрэн гарахгүй. Тэгж нэрээ баастах улс хаа ч байхгүй.
Байдгаа сэгсэрч эхлүүлсэн Зүүн баянгийн 415 км төмөр зам чинь бүтнэ. Харин нүүрсээ өндөр үнээр борлуулж мөнгө олох чинь эхнээсээ худал байсан нь хоног хоногоор тодорно. Энэ удаа овоолог шороо бус овоолог нүүрстэй л үлдэх вий. 280 сая долларын үнэтэй овоолог шороог зөвтгөсөн шигээ хоёр тэрбум долларын үнэтэй Зүүн баянгийн төмөр замыг магтахын тулд Ханги Бичигт Хөөт хүртэл 600-700 км төмөр зам тавьж, дорнын бүлэг ордынхоо эрдсийг донхойтол экспортолно гэж хаазлав. Донхойтол хонхойтол экспортлох нүүрс лав түүхий нүүрс биш байж таарна. 600-700 км төмөр зам хэзээ ч бүтээ билээ, мөнгө нь хаана ч байгаа юм. Ийм ойрхон залиар мэхэлж элбэг дөнгөөд байгаа нь масс-бидний тэнэгийнх. Өөр хэний ч буруу биш. Ард түмэн минь тэнэг духаа шаа. Би ч гэсэн юм ухаардаггүй маанаг духаа шаангаа энэ нийтлэлийг бичиж сууна.
2012 онд барьж дуусах 267 км төмөр замыг оросууд зогсоосныг хулчгар бид биш тэдний нийтлэлчид эгдүүцэн бичдэг. Эрдэс түүхий эд шингээх ходоодоор дэлхийд нэгд эрэмбэлэгдэх манайдаа далайн гарц-аварга захын хажууд коксжих нүүрсээр энгүй арвин Таван толгой орд маань азаар оршиж байдаг. 267 км төмөр замаа 7 жилийн өмнө тавьсан бол машинаар тонныг нь 34 доллараар тээвэрлэдэг нүүрсээ галт тэргээр тонныг нь 8 доллараар, тонн нь 70 доллар дөнгөж хүрдэг нүүрс маань тонн нь 150 долларт хүрэхийг эдийн засагчид сануулсаар. 30 тэрбум доллар олох азхүү буурай Монголд нүүрлэснийг хаачихсан. Хайран мөнгө. Багахан хэсгээр нь бүх айлаа орон сууцаар хангах мөнгө гэнэ. 30 тэрбум долларыг хааж чадсан технологи нь ерөөсөө л танк их буу онигоо. Тувагийн Арцсуурь, Хөвсгөлийн Овоот, Зүүнбаян, Восточный гэх тэнэг үлгэрүүд. Тэнэг үлгэрүүдэд итгэдэг болтой. Дорвитой эсэргүүцэл гараагүй. Харин ч бүр Ерөнхийлөгчийн засаглалтай болж нэг жолоодогчийн гарт атгуулъя гэж орилолдсон гээч. Хохь нь дээ, дүнхүү мулгуу бол үүнээс ч илүү доромжлол эдлэх нигуртай.
Зүүн баянгийн 415 км төмөр замд баясахын хамт лавхан хар. Энэ замаар тээвэрлэсэн нүүрснээсээ цэвэр ашиг хэдийг хүртэв гэх эцсийн үр дүн Монголд наалдах хөгжил. Хэдэн жилийн дараа 50 мянган аварга даацын машинаар Гашуун сухайт руу зөөхөөс өөр экспортгүй, хэдэн зуун жолооч ослоор үрэгдсэнд өмөрч уйлаад сууж байв даа. Ийш тийш зам тавина гэж хуурталгүй эхлээд юун түрүү суурь бүтцийн ихэнхийг 280 сая доллароор овоолчихсон 267 км-ыг 2019 ондоо ЭТТ-н ашиг 800 тэрбумаар түрүүлж барьснаар багсайтал мөнгө олоод 2020 онд Зүүн баянгийн тухай яримаар. Эцсийн тооцоо мөнгө олж нүүрсээ угаавал гарын ая даахаар бэлжинэ. Үнэ өндөр, тээвэрлэхэд хөнгөн. Энэ хожил өөд 65 суудалтай МАН зүтгэх бүү хэл эрх мэдлийн төлөө харилцан бөгсөө ухалцаж бохиртойгоо холилдон балиартав. Горьдлого нэгэнт тасарсанд харамсаад урьд бичсэнээ дахин санууллаа. Монгол нүүрсээ баяжуулдаг болохыг, Сайншанд-Чойбалсанд 1000 км өргөн төмөр зам тавьж дуусахыг, Эрээнцаваар гарч эхлэхийг хүлээвэл илжгэнд эвэр, эмгэнд сахал ургана. Энэ урт хугацааны төлөө Ерөнхийлөгчийн төмөр зам алсран сунаж буй болохоос мөнгөнд шунаагүйг мэдрэв үү эрхэм уншигч минь?
2019-11-16
Chinbat D
badma
ИРГЭН
ИРГЭН
ИРГЭН
Зочин
irgen
Зочин
МОНГОЛ
Гана
Зочин
unshigch
Иргэн
Зочин
Зочин
Бат
Эгэл хүн
нүүрсний ченж эрлийз
оросын баатрууд
Зочин
Зочин
Зочин
зочин
Шарав
Зочин
onom
Зочин